http://www.zoofirma.ru/
Монголын бөөгийн хамт олон Чингис зочид буудлын ногоон танхимд хуран цугларсан нь Монголын бөөг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойгоо тэмдэглэсэн баярын хурал байлаа. Хурлын эхэнд “Тэнгэрийн сүлдэр” холбооны сүлд, тугийг хуралдааны танхимд залах ажиллагаа болов. Баярын хурлыг “Тэнгэрийн сүлдэр” холбооны тэргүүн Оюунбаатар нээж, тус холбооны гүйцэтгэх захирал Энхбаатар баярын хурлын илтгэл тавив.
 “Тэнгэрийн сүлдэр” холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гишүүд дэмжигчидээ дурсгалын медаль, дурсамж, баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнасныг гардуулах ёслолын ажиллагаа болов.
 Баярын ажиллагаанд оролцсон бөөгийн байгуулагууд болон хувь хүмүүс баяр хүргэж үг хэлэв. “Тэнгэрийн сүлдэр” холбооны байгуулагдсаны 10 жилийн баярын ажиллагаанд оролцсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан баяр хүргэж үг хэлсэн байна. Түүнийхэлсэн үгийг товчлон хүргэж байна.
“Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд болон Дээд цэцийн гишүүд, Бага хуралдайн гишүүд, МБНЭ-ийн нийт гишүүдийнхээ өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж байгааг хүлээн авна уу.
Монголын бөөгийн түүхэнд Их зайран Баавайн гүйцэтгэсэн үүрэг их бөгөөд Мөнх хөх тэнгэрээс өөрийн бүтээсэн их үйлийг залгамжлан авч яваа Та бүхнийг  бахархан харж суугаа гэхэд эргэлзэхгүй байна.
Монгол хүн бөөгийн шүтлэгтэйгээ хамт олон зууны турш түүхийн хатуу замыг туулан өнөөтэй золгосон бөгөөд бөө шүтлэгийг Хүннүгийн үеээс төрийн хэмжээнд зан үйл болгон хөгжүүлсэн билээ. Чингис хааны үед бөөг монголчуудын төрийн үндэсний язгуур шүтлэг болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөг төрийн хэмжээнд шүтэж байсан ганц үндэстэн бол Монголчууд, тиймээс Монголчуудад нэн ховор, өвөрмөц хувь аз заяагдсан нь учиртай. Монголчуудын үндэсний үзэл, бахархал, омогшил, Мөнхтэнгэрийн Бөө шүтлэг, амьдарч ирсэн байгаль дэлхий-Өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн  Их монгол гүрэн, үндэсний үзэл бүгд уялдаа холбоотой.
Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудын язгуур шүтлэгээс салгахаас эхэлсэн байдаг. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашин өөртөө шингээжээ. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдсан бөгөөд өнөөдөр  бид түүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхагласан байна. Гадаад хэлнээс орчуулсан шашиныг ийнхүү шүтсээр гурван зууны нүүрийг үзлээ. ГадныбодлогоМөнхтэнгэрийнбөөшүтлэгттунхатууханддагбайлаа.
Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг олон шашин сүүлийн 20 жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж иржээ.
Түүхийн ийм хариуцлагатай үед Монголчууд бид мөнх тэнгэрээ шүтэх, Монгол бөөг хөгжүүлэх тэнгэрийн үүргийг биелүүлэх түүхэн нөхцөл шаардлага бии болсон бөгөөд энэ түүхэн үүргийг гүйцэтгэх байгууллага, хүмүүс хэрэгтэй байлаа. Чухам энэ түүхэн  захиалгыг биелүүлэхээр 1996 онд Монгол бөөгийн “Голомт” төв, 2003 онд Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбоо байгуулагджээ. Энэ хоёр байгууллага Монголын бөөг хөгжүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Бөөгийн байгууллага гэдгийн цаана тодорхой хувь хүмүүс байдаг билээ. Тиймээс Монгол бөөгийн хөгжлийн сүүлийн 50 жилийг авч үзэхэд гүйцэтгэсэн үүргээрээ 1950-60 онуудад Хөвсгөлийн зайран Дамдин, нэрт эрдэмтэн Ренчин, 1990-2000-ээд онд Зайран Цэрэн, Удган Д.Энхжаргал, эрдэмтэн судлаач О.Пүрэв, судлаач Ш.Сүхбат нарын гүйцэтгэсэн түүхэн үүргийг ярих шаардлага гарна.
Монгол бөөгийн түүхэнд хоёрдахь бөөгийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулж, язгуур мөргөл, мөн чанар, түүхэн уламжлал, зан үйл, байгаль орчинтой холбогдох, хайрлан хамгаалах, Буриад бөөг сэвтээгүй ариун нандин байлгах, бөөг олон түмэн, сүсэгтэнүүдэд сурталчлах, Бүриад бөөгийн зан үйлийг хийдэг чанар, чандруу хийх өргөөг байгуулсан, уг бариад зогсохгүй увидас хайрлах шаталсан сургалтын систем боловсруулсан, бөөгийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх журам, дэглэмийг бий болгох, Монгол баримтад кинонд Монгол бөөг анх удаа бүрэн зан үйлийн хэмжээнд мөнхөлж үлдээх зэрэгт Их Зайран Цэрэн байваа ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Мөн энэ үйлсийг залгамжлан нэр төртэй авч яваа Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” холбооны хамт олон та бүхнээр Монгол бөөгийн нэр дор нэгдсэн бусад хамтлагууд бахархаж талархаж байгааг Монгол бөөгийн “Тэнгэрийн сүлдэр” байгуулагдсаны 10 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдөр тэмдэглэн хэлж байгаадаа нэн таатай байна. 
Өнөөдөр бид түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм.
 Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна.
 Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм. 
 Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
 Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь Аугаа их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм бэ, Байгаль эх дэлхий, онгон дагшин эх нутгаа хамгаалах тэмцэл бидний үндсэн үүрэг мөн.
Монгол Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургааль, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг Та бидний өмнө байна.
Монгол Бөөгийнхөө төлөө хамтран ажиллах цаг иржээ. Одоо би гэдэг үгнээс татгалзаж бид гэж ярьж суръя, бид гэж хамтарч ажиллаж суръя.
Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяршилын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах болжээ.
МБНЭ-ийн бага хуралдай таван удаа, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүдийн хуралдайг арван удаа хийж, цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Бид ойрын жилүүдэд Монгол бөөгөө хөгжүүлэх хэтийн зорилттой, жилийн төлөвлөгөөтэй, нэгдсэн тахилга тайлга хийх төлөвлөгөө, хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй болжээ. Бид бусдын өмнө хэлэх үг, зорилготой болжээ. Бид хамтарч ярилцаж, ажиллаж сурч байна. Цаашид ч энэ чиглэлээр хийх ажил их бий.
Энэ жилийн хувьд нэгдсэн тахилгыг гурван удаа хийх бөгөөд эхний тахилгаа  Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймагт байдаг, Жаргалт хан хайрханы их тахилга юм. Хоёр дахь их тахилга бол Монгол туурагтаны Их тахилга байлаа. Энэ намар хийгдсэн гурав дахь тахилга бол Монголын тулгуур хөл уул, Хөх уулын  Их тахилга юм.
Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно.
Бидний хамгийн эрхэм зорилт бол өвөг дээдсээс уламжлагдан хадгалж ирсэн онгон байгалиа хамгаалах явдал мөн. 
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэл бол Бөөгөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө үзэл бодол нэгтнүүдийн хамтран ажиллах, далд ертөнцийн тухай ойлголтыг хүмүүст зөвөөр таниулах байгууллага.
Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнхтэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөөзорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя.
  Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.” Гэв. Хуралд оролцогчид түүний хэлсэн үгийг сонсож баяр хүргэж алга ташиж байв. Үг хэлсэний дараа МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Д.Бадарч, МБНЭ-ийн хүндэт Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Зайран Бямбадорж, МБНЭ-ийн Булган аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Удган О.Туул нар “Тэнгэрийн сүлдэр” холбооны удирдлагад дурсгалын зураг гардуулж, тус холбооны тэргүүн Ц.Оюунбаатарт “Алтан шонхор”, Н.Энхбаатарт ”мөнгөн шонхор”, удган М.Туяад ”хүрэл шонхор” медаль тус тус шагнасныг гардуулсан байна. Баярын хуралд оролцогчдод зориулж концерт тоглож, дараа нь хүндэтгэлийн зоог барив.
       Я.Мөнгөнөө