Уншиж байна...

Хар туг-сүлдийн нууц шүтээн. Сүлдийн дархадын хууч яриа, үзэл итгэлээр бол хараа ихт хар сүлдийн уг оршуулж амилуулсан нууц шүтээн нь эрт нэгэн цагт татарчуудад баригдан Алтан Улсад хөнөөгдсөн Амбагай хааны сүнс мөн гэж үздэг. Рашид ад Дины “Судрын чуулган”-д нэгэнт татарууд түүний ах Охин бархаг, эцгийнх нь үеэл ах Чархай лянхуагийн ач Амбагай хааныг баривчилж, Алтан хаанд хүргүүлсэн, тэр нь тэднийг дээр өгүүлснээр хороосон болохоор Хотол хаан цэдэг авч довтлон Алтан хааны түрэг аймгуудтай байлдаж түүний мужуудын хэсгийг талан дээрэмдсэн билээ.

 

Чингис хаан Алтан хааны эсрэг дайтахаар Умард Хятад руу довтлохдоо тэрбээр Мөнх тэнгэрт сөгдөж, аврал ивээл эрэн өгүүлсэн нь “Хятадын эзэнтэнгүүд нь миний төрөл ахас даадас Амбагай хаан, Охин бархаг ба Хадан баатар нарыг хэрцгийгээр хөнөөсөн тул би тэднийхээ өшөөг авахаар явна. Аугаа их Мөнх тэнгэр минь та аврал ивээлээ хайрлана уу хэмээн мэхийж байна” гэж даатгаад мориндоо мордон явлаа” /Рашид ад Дин, 1, 2002, 192-193/ гэжээ.

Чухам Монголын түүхэнд болсон энэ эмгэнэлт явдлаас хойш эцэг нь охиноо хадам төрхөмд нь хүргэж өгдөгийг цээрлүүлэн зогсоож, “эцэг эргэлтэд, эх хүргэлтэд” гэдэг зан заншил, мэргэн үг гарсан юм. Өөрөөр хэлбэл, энэ цагаас эхлээд эх нь охиноо хадамд нь хүргэж өгдөг, эцэг нь хожим эргэлтээр очдог болжээ. Мөн Татаруудад хууртаж, Алтан Улсын хаанд модон илжгэнд тэлүүлэн тэнгэрт хальсан Амбагай хааны сүнс онгодыг хараа ихт хар сүлдэндээ догшуулан шингээж тайж тахидаг болсон байна.

Тэгэхлээр бидний бодлоор дан ганц Амбагай хааны сүнс биш Охин бархаг, Хадан баатар нарын гурамсан сүнс энэ сүлдэнд оршиж буй учраас тийм их хүчирхэг догшин ямар ч дайн тулаанд үл гартуулах сүр хүчийг олсон гэсэн санаа болно. Хараа ихт хар сүлдийн догшуулгын өчиг, тайлгын даатгал зэрэгт ч үүнийг санагдуулах дурьдлагууд олон буй. “Чингис хааны хар сүлдийн догшуулах тайлгын даатгалдаа”:

Арван сарын арван дөрвөнөө
Гадаад далайн тэртээ
Гарах нарны зүгт
Эрээн шилбэт
Эргүүл улаан уруулт
Шар сормууст
Цагаан шаахайт
Харь дайсны толгой руу
Шилгээ орхигсодыг орхив
Ха ха, ха ха, ха ха гэхчлэн тамлан өчиж байдаг нь бидний бодлоор Алтан улсын үеийн зүрчид манж угсаатныг хэлсэн бололтой. Энэ нь өвөг дээдсийн олон үеийн өс хонзонт, заналт дайсныг догшин хар сүлдэндээ зүслэн таниулах учир зорилгоор дурдсан зүйл мөн.

Энд гарч байгаа “шилгээ орхидос”, “шилгээ-шилээ орхигсод” гэдэг нь халх аялгууны “шившиг шилээ”, “бузар буртаг” гэсэн үг, дөрвөд, захчин, торгууд, өөлд, урианхай баяд, хотон зэрэг ойрад аялгууны /шилээ/ буюу “золиг, чөтгөр” гэсэн үгтэй ойроолцоо утгатай бололтой.

Хар туг-сүлдийн тайлага тахилга. Чингис хааны хараа ихт хар сүлдийн тайлга тахилгыг он удаан жил уг ёсоор нь бүрэн бүтнээр уламжлуулан өвлөж ирсэн монгол угсаатан бол Орос дахь сүлдийн дархадууд юм. Сүлдийн дархадын есөн хишиг хар сүлдийг тайж тахихдаа хар сүлдийн энгийн тайлга /өдрийн тайлга/, бага тайлга /сарын тайлга/, зуслангийн тайлга, их тайлга /тасман тайлга/, догшуулах тайлга /хөхөл шүүх тайлга/, сүсгийн мөргөл хэмээх хэдэн зүйлийн ялгамжаатай байдаг ажээ. Цагийн бэлгэдлийн хувьд сар бүрийн шинийн нэгэн, улирал бүрийн эхэн сарын шинийн гурваныг эрхэмлэж байгаа нь буюу монгол угсаатны бөө мөргөлийн онгодын тайлгадтай /уйгар, дархадын гэх мэт/ адил төстэй байна.

Бага тайлгын журмаас үзэхэд хар сүлдэд зайсангийн тушаалаар залгамж тайж няндар /хадаг сэлт/ өргөж, ерөөлч чинсан няндарын даатгал хийдэг, мянгат зул өргөж, ерөөлч зулын даатгал хийдэг, туулийн тушаалаар засуулч ерөөл ерөөдөг, мянгатаас эхлэн сүлдийн санг олноороо уншдаг, зайсангийн тушаалаар залгамж тайж тавиг /сархад/ өргөж, царгигч царги дэлдэн “их буу” дуулдаг, засуулч, мянгат нэг рашаан өргөдөг ийм бүрэн төгс ёс ёслол юм байна. Их тайлгын онцлог нь тайлга эхэлмэгц “ямаа шүүх” ёслол явуулдаг. Нэг онгон хар ямааг хар эсгий дээр унагаж, бошго хөлийг нь чангааж, түшмэл амыг нь атгаж, “дархан баатар” өрцөлж, голыг нь тасалмагц бас нэг бошго арьсыг нь өвчиж, дөрвөн шийртэй арьсыг нь сангийн өрөөндөө тэлж өлгөнө. Махаар нь өтөг бэлтгэж зул өргөөд түшмэл түрүүлэн энэ арьсандаа мөргөж тахилга хийдэг.

Энэ ёслол бол үнэндээ язгуурын хар тугаа тахиж байгаа учир болно. Хар сүлдийн догшуулах тайлга гэдэг бол Луу жил тохиолдох бүр хар сүлдийг тайж тавигладаг зан үйл. Үүнийг ба хар сүлдийг “хөхөл шүүх тайлга” гэдэг. Монголчууд луу жилийг 12 жилийн цорын ганц тэнгэрийн амьтны жил гэдэг болохоор энэ жил бол тэнгэрийн жил гэж хар сүлдээ догшуулан тахидаг. Заримдаа луу жил биш ч цаг төрийн үймээн ихдэх, дээрэм хулгай арвидах, ган гачиг болох, өвчин дэлгэрэх зэрэг элдэв шалтгаанаас болж сүлдийг догшуулж тахиж байсныг бичиг баримтад тэмдэглэжээ.

Тайлгаас хоёр өдрийн өмнө 2 бошиг хошууч баатар, хавсуурчин гэх цолтой 2 хүнийг дагуулж, хошуу айлын малаас “бэлгэгүй /тас/ хар ямаа”, “хүрэн эвэртэй, шар сормуустай, шар халзан хонь”-ийг морин дээрээс шүүрэн барьж довтлон буцдаг. Үүнийг “шүүрэлгэ хийх” гэдэг. Энэ ямаа буюу хонио догшуулах тайлгад зардаг.

Дархан баатар гэдэг нь эртний монгол цэргийн “цог хийморийн жагсаал”-д явдаг хүн юм. Уул нь дархан баатар дайсан этгээдийн зүг довтлон дайрч нэг хүнийг шүүрэн дүүрч авчраад өвчүүг нь хадаж, булгилан байгаа зүрхээр нь хар сүлдээ тахиж, халуун цусыг нь уудаг байжээ. Тайлга ёслолд үүнийг ямаа хонь шүүрэхээр орлуулжээ. Энэ ёслолын бусдаас ялгарах нэгэн зүйл нь цусан тахил арвин их ордгоороо сүрдэм бөгөөд аюумшиг төрүүлэм юм. Шар халзан хохин төөлэйг тэвштэй цусанд дүрж, сүлд рүү хандуулан хавсах гэх мэт.

Хар сүлдийн тайлгын цээр ёсон. Хар сүлдэд тайлгын үйлийг гүйцэтгэгч тусгай албаттай бөгөөд аль олон цээр ёсон байдаг. Хар сүлд бол монголчуудын цэрэг эрийн туг байж цэрэг эр л тахидаг болохоор эмэгтэйчүүдийг хар сүлд огшуулах тайлга оролцуулдаггүй. Бас сүлд догшуулах тайлгадаа цус, нөж сацаж алж нядлах үйлтэн учир эмэгтэй хүн бүхэн “эх бологсод” болохоор өр зөөлөн сэтгэлтэй, уярч гутарна. Гэрт нь хүн өнгөрсөн буюу өнгөрсөн хүнтэй ойртоод 45 хоноогүй хүн тайлга үйлдэж болохгүй, мөн сүлдэд мөргөл хийж болохгүй.

Халуун хижиг дэлгэрч хөл хорьсон нутгийн домог /бургас, шороо буюу чулуугаар босгосон тэмдэг/-ийн дотор мөр гаргасан хүн тайлгад орж болохгүй. Зэмдэг хүн тайлга үйлдэж болохгүй, мөргөж болно. Ураглаад нэг насаараа эс хөнгөжсөн бүсгүй хүнийг хар сүлдийн аль ч тайлгад оролцуулдаггүй. Харь ястныг сүлдийн тайлгад оролцуулахгүй. Зарга заальхайд унаж амин хэрэгт чирэгдсэн хүн 3 жил тайлгад орж болохгүй”. Энэ бүх зан заншил нь өдгөө хүртэл Бурхан Халдуныг тахихад халх монголчуудын баримталж ирсэн ёс заншилтай яг ижилхэн байгаа юм. /С.Дулам/.

 

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/