http://www.zoofirma.ru/

Хэнгэрэгийн хүрээ мод-Монголын харын бөөгийн дугуй хэнгэрэгийн хүрээ модыг өглөөний наран ээж ээвэр газар ургадаг аянганд ниргүүлсэн шинэс /хар/ модны хавиас, шинэ бөөтэй ивээл жилтэй эрэгтэй хүн авч үйлдэх ёстой.

Ойгоос хэнгэрэгийн хүрээ модонд тохирох модыг сонгож олсны дараа тэр модны хожуул болох хэсэгт цагаан даавууны цуудир буюу хадаг өргөж орчин тойронд нь сүүн сацал сацаж, арц уугиулан сан тавиад хормой дэвсэн сөхрөн сууж мөргөл үйлдэнэ. Энэ нь лус савдагаас тэр модны буян хишгийг гуйж байгаа хэрэг болно. Ийнхүү ёслол үйлдсэний дараа модоо заавал сүхээр хоёр таллан цавчиж унагаад үзүүрийн яр гишүүгүй хэсгээс хэнгэрэгийн хүрээ модны хэмжээгээр цавчин аваад цагаан зүгийн өсгөнд тээж гэрийнхээ наран ургах зүгээс авчирна.

Модоо тэхий дундуур нь сүхээр цуулж, хоёр талаас нь хавтгайлан цавчиж барагцаалбал 2 цун /6 см/ орчим зузаан болгоно. Дараа нь нимгэн цавчиж /1 см/ орчим болгоод тэгш талбайд нэг гадас шааж түүд төвтэйгээр хэнгэрэгийн том жижгийг тохируулан тойрог зурна. Тэгээд тойргийн хүрээг тойруулан хавтгай дөрвөлжин байдлаар цавчин хийсэн гадасуудыг хүрээний гадны дотор талд хос хосоор нь зэрэгцүүлэн шаана. Гадас шааж бэлэн болмогц дэргэд нь задгай гал түлж харуулдаж бэлдсэн модоо галын дөлөнд шарж уг чийгийг нь ууршуулан уяруулмагц тэр даруйдаа гадасуудын завсраар банзаа хийж матаж дугуйлаад хоёр үзүүрийг нь мухар сөөм /14 см/ орчим нар зөв зөрүүлэн энд тэнд нь модон шаатгаар бэхэлсний эцэст бугын суран үдээсээр үдэж бэхэлнэ. Ингэж татахдаа модны ургаж байх үеийн сүүдэр талыг нь гадагш, наран талыг нь дотогш харуулна.

Энэ бол нэгдүгээрт матахад хугарахаас сэргийлнэ. Хоёрдугаарт модны дулаан илч эзэн бөө болон онгоддоо ээлтэй байх сайн талтай гэлцдэг. Мөн хэнгэрэгийн хүрээ мод татах ажлыг өдрийн сайныг сонгон байж ногоон мэнгэтэй, лусын гүйдэлтэй өдөр буюу хэнгэрэг бүрэхээс 21 хоногийн өмнө хийж гүйцэтгэх ёстой.

Хэнгэрэгийн хялгас-Монгол харын бөөгийн ёсонд хэнгэрэгийн булдруунуудын толио талын үеүдийг жороо морины сүүлний хялгасыг 9 давхарлан даруулдаг байв. Энэ нь онгод тэнгэрийн унаа болох амьтдыг хатирал сайтай, жороо явдалтай болгох гэсэн бэлэгдэл утгатай зүйл гэдэг.

Хэнгэрэгийн шөрмөс-Монгол харын бөөгийн ёсонд хэнгэрэгийн өвөр тал руу харсан булдруунуудын үеийг бугын зооны томсон шөрмөсөөр даруулсныг онгод тэнгэрийн унаа амьтны амь насыг уртасган бэхжүүлсэн хэрэг гэж үздэг.