http://www.zoofirma.ru/

Өмнөговь аймгийн удган МБНЭ-ийн 2014 оны

ШИЛДЭГ УДГАН С.Энхмаатай ярилцлаа.
-Юун түрүүн энэ өдрийн мэнд хүргэхийн ялдамд, 2014 оны МБНЭ-ийн Шилдэг удган болсонд нь баяр хүргэж байна.
-Баярлалаа.
-Эхнийхээ асуултыг Таны удган болсон тухай эхэлмээр байна л даа.
- Уг авсан маань 2002 онд авч байлаа. Мэлмий нээгдсэн нь гэвэл хар бага байхдаа л их юм хардаг байлаа. Болох гэж байгаа сайн, муу зүйлсийг л гээд л. Хүүхэд болохоор мэдэхгүй сайн мэдэхгүй тэрнээсээ болоод их ичдэг байлаа. Тэгээд энэ мэдрэмжээ их нуудаг болсон. Хүүхэд байхад би их эршүүд охин байлаа, хөвгүүдтэй их нийлнэ. Тэгээд нэг өдөр хүүхэдтэй зодолдоод өнөөх нь миний үсээс зулгаагаад үс нилээд их унасан байсан тэр үед би “Би чинь бөө болох хүн тэгэхэд чи миний үсийг зулгаалаа” гээд их уурлаж байснаа санадаг юм.

Дөнгөж л нэг хоёр дугаар ангийн балчирхан охин юугаа мэдэж тэгж хэлж байсан юм болдоо. /Инээмсэглэв/ Гэхдээ энэ Сугарын охин юм үзнэ гэж юу байхав гэдэг л байсан, нууж үздэг байлаа 1990-ээд оны үед нилээн задгай үзэж эхэлсэн дээ.
-Удган бөө нар анх бөөгийн өвчин гэдэг зүйлээр өвдсөн гээд л ярьдаг. Энэ байдал Тань хэрхэн илэрч байсан бэ?
-Их л халуурдаг байлаа. Тэрнээс унаж татдаг зүйл байсангүй ээ. Гудамжинд явж байсан хүний сайн сайхан зүйл нь мэдрэгдэж, ирээдүйд болох сайн болон муу зүйлийг мэдэрдэг.
-Та анх ямар язгуураар босч удган болж байсан бэ?
-Би халхаар боссон удган. Миний багш буриад, Дорнодын Дуламжав, Балбар гэж хүмүүс байдаг.
-Та удган болоод 12 жилийг ардаа орхижээ. Энэ бол тийм ч бага хугацаа биш шүү дээ. Зовж, зүдэрсэн хүмүүс их л ирдэг байсан байхдаа? Бидэнд нэг жишээ хэлж болох уу?
-За тийм зүйл зөндөө л байна. Хүн болгон л зүгээр, сайхан байхдаа юу гэж л лам, бөө нараар явахав дээ? Манай нутгийн нэг хүн хотод элэгний хорт хавдар гээд найдваргүй гэж байсан. Тэгээд би нутгаасаа тэр хүнийхээ голомт дээр очиж бөөлсөн. Тэгээд тэр хүн хөл дээрээ босоод ирсэн. Тэр үед их л сайхан санагдаж байсан. Энэ далдын, шидийн зүйлс гэж сонин шүү дээ. Одоо ч гайхахаа ч больсон доо. Одоо энэ хүн маань Налайхын Гордокд амьдарч байна. Ер нь хүнд байсан хүмүүс нь л сэтгэлд их тод байх юм даа.
-Та 13 жил бөөлжээ. Өнөөдрийн байдлаар та хэдэн шавьтай байна, сүүлийн жилд олноороо гарч байгаа тэнгэрийн улаач нарыг юу гэж бодож явдаг вэ?
- Арван хэдэн жил болоход би 1 зайран, 2 удган гээд 3 шавьтай л болсон байна даа. Энэ олон арван шавьтай байгаа хүмүүсийг их гайхдаг шүү. Тэр их хүний арыг дааж гэр бүлийг нь авч явна гэдэг бол хэцүү шүү дээ. Би их гайхах л юм. Шавь авна гэдэг тийм сайхан үйл биш болов уу? гэж боддог. Өнөөгийн нийгэмд би бөө мөн үү? уг байна уу? гэж асуух хүмүүс их ирж байна. Энэ бүхнээс үзэхэд бөө маань сүлжээ, бизнес чиглэл рүү орсон юмуу даа гэж хардаг. Намайг удган болж байх үед бүх юм их ховор, хувцас хуягаа ч яаж хийлгэхэв? Гээд л бүх юм үнэ цэнэтэй байсан. Гэтэл захаар байгаа бөөгийн хэрэглэл, худалдаалж байгаа лангуун нь хамгийн их ашиг орлоготой болчоод байна. Замбараагүй олон шавь босгоод нөгөө шавь нар нь яг адилхан дуудлага, яг адилхан хувцас хуягтай байна гэдэг бол болохгүй зүйл шүү дээ. Нэгэн бодлын энэ тэнгэрийн улаач болж байгаа хүмүүс их мэдлэг муу байна. Яг юу уруу яах гэж ороод байна вэ? гэдэг зүйлээ сайн мэдэхгүй бас нэг талдаа хохиогч болчоод байгаа тал байна. Нэг талд нь олон шавь босгож, нөгөө талд нь хувцас хэрэглэл хийдэг бизнесийн нүдээр хараад байгаа хэсэг бүлэг хүмүүсээс болж жинхэнэ мөнх хөх тэнгэрийн улаач нарын нэр хүнд унаж байгаад их сэтгэл өвддөг. Хүмүүс мэдээж зовж зүдрээд л бөө хүн дээр ирж байгаа гэтэл хүний зовлон дээр дөрөөлж тулган шаардалт хийж байна. Энэ бол буруу юмаа. Цаг хугацаа бүх зүйлийг харуулаад өгөх л байх л даа. Энэ бүхнийг зөв зам руу нь оруулж өгч, зөв залаасай гэж л хүсч байна даа.
-Та МБНЭ-ийн тухай саналаа хуваалцана уу?
-МБНЭвлэл гэж байгуулагдаад гурван жил болж байна. Энэ байгууллага байгуулагдсанаар тархай бутархай гэр гэртээ би гэж суудаг олон тэнгэрийн улаач нарыг нэгтэж, гэгээрүүлж байгаад нь их талархалтай ханддаг. МБНЭ-д орсоноороо хүн бүр өөрсдийгөө үнэлж дүгнэж байна. Өөрөөсөө чадал хүч ихтэйгээс нь суралцаж, өрөөлийн мэдэхгүй нэг ч болтугай зүйлийг хэлж өгч байгаа даа их баяртай байгаа шүү.
-2014 Оны шилдэг удган болсонд нь дахин баяр хүргэе!
-Баярлалаа. Энэ нэр хүндтэй цолыг би ганцаараа сайндаа аваагүй байх гэж бодож байна. Миний сайхан хамт олон, шүтэн бишрэгчидийнхээ туслалцаатай авсан шагнал гэж бодож байна. Цаашид хийх их ажлын төлөө олгосон гэж бодож байна. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөж байна.
-Баярлалаа. Таны их үйлд тань мөн сайн сайхан бүхнийг хүсье, зовж зүдэрч замаа олохгүй байгаа сүсэгтэн нарыг зөв замд нь залах үйлд нь амжилт хүсье!

7
7
6
6
Previous Next Play Pause
7 6