http://www.zoofirma.ru/

Саадаг хайрхан хэмээх догшин савдагтай уулын арын ойд ганц ч сүхний иш хүрээгүй гэдэг. Нэг удаа хэдэн хятадууд уугуул нутгийхан онгон догшин хэмээн айгаад ойртож чаддаггүй Саадаг уулын ар хормойн модонд халдаж хоёр тэрэг дүүрэн зулзган шургааг бэлдэж сүйдлэсэн гэдэг билээ.

Тэр үед нутгийн хашир өвгөн Гонгор тэдэн дээр очиж энэ уул их догшин ой модонд нь хамаагүй халдаж болохгуй гэсэн боловч цаадуул нь Монгол хэлэнд маруухан байсан ч юмуу хэл амаа ойлголцоогүй гэдэг. Аргаа барсан өвгөн хуруугаараа хоолойгоо хэрчиж буй маяг хэд хэдэн удаа үзүүлээд буцсан юмсанж. Харин гэртээ ирээд энэ тухай ярихад тэр хавийн авгай нар ээ бурхан минь энэ хэдэн буруу номтон юу гээчийг хийж лус савдаг хилэгнүүлэх гэж байгаа бол доо. Мань мэтдээл лай ланчиг нь битгий ирээсэй. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгуй гэдэг. Харь нутгийн хазгай хэлтэй улс гайгүй л байх гэлцэн цай сүүнийхээ дээжийг өргөн залбирч байж. Гэтэл ч тэр өдрийн оройхон тэнгэрийн баруун хаяанд гэнэт өтгөн хар үүл гарч ирж хуримтлагджээ. Тэр хавийнхан сэтгэл түгшин харсаар байтал зангирсан хар үүл нар халхлан эрчилсээр саадаг уулын оройг бүрхэн манантаад холоос мөндөр шуугих чимээ сонсогдож эхэлсэн байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь ганц ч ширхэг мөндөр ороогүй бөгөөд усархаг нягт зөөлөн бороо шивэрч эхэлсэн гэдэг. Уг нь үүлний байдлаас их салхитай ширүүн аадар цутгах нь уу гэлтэй эрчлэн мушгираад л хилэнтэй нь аргагуй харагдаж байсан гэдэг. Гэхдээ удалгүй нөгөө намираа бороон дундуур гэнэтхэн хурц цахилгаан зурс хийгээд араас нь тэнгэрийн дуу хоёр ч удаа дараалан тасхийж Саадаг уулын бэл рүү чигтэй газар доргиоод явчихсан аж. Яг энэ үе нөгөө хачин намуухан бороо гэнэт тасалдан нам чимээгүй болсоноо энд тэнд тог тогхийх чимээ дуулдан худлаа хүнд зангидсан нудрагын чинээ мөсөн мөндөр унаж эхэлсэн гэдэг. Мөндөр нэг хэсэг шуугиад өнгөрхөд эргэн тойрон цас орчихсон юм шиг цэвцийсэн цагаан мөндөрт хучигдсан байжээ. Хүмүүс мөндөрөөс айн гэртээ бүгж байгаад тэнгэр үл ялиг онгойсон хойно гэрээсээ гарч ширүүн борооноор холдож алга болсон малынхаа хойноос мордоцгоож зарим нь гэрийн хаяа дарсан мөндөрийг хусан мөн гэртээ орж ирсэн усыг шавхаж бөөн ажил ундарч байтал гэнэтхэн Саадаг хайрханы зүгээс нэг морьтой хүн хар эрчээрээ давхиж ирээд хайрханы араас мод ачиж байсан өнөөх хятадууд сүйд болжээ гэсэн зар тараан тэр сураг голоор нэг тарсан аж. Хүн болгон л тэгнээ тэр ингэх гээд байсан юм. Аянга буучихаж дээ хэмээн шууд таамгаласан гэдэг. Нээрээ ч мод ачсан тэрэг нь яг голоороо сүхээр тас цавчсан юм шиг хуваагдсан байсан гэдэг. Нэг чиргүүлтэй мод нь зогсч байсан газраасаа хориод метрийн зайтай хол шидэгдэж тэр үеийн хөх төмөр чиргүүл зад үсэрч дугуйнууд нь жалгын нэг тарчихсан байсан гэдэг. Ингэж Саадаг уулын хөх савдаг харь заншилтай хазгай хэлтэй ч байсан ялгаагүй өөрийнхөө модонд хүрсэн хүмүүсийг гэсгээн цээрлүүлдэг болохоо бодитой баталсан юм. Үүнээс хойш Саадагийн арын модонд ямар ч хүн гар хүрээгүй гэж болно. Ажиглаад байхад Саадагийн арын цөөхөн мод л бусад уулын модноос эрт ногоорч орой гандаж байх шиг санагддаг байж билээ.

Дүнхээ гуай гэх нутгийн өвгөн удахгуй намайг эрлэгийн элч ирж авна хэмээн ярьж хүүхдүүдээ уйлууллаг болсоноос хойш өвгөний хэлсэг үг болгоныг ихэд сонирхох болсон гэдэг юм. Дүнхээ гуай ч хэрэгт дуралсан хүмүүст тун удахгуй эрлэгийн элч ирж намайг аваачна. Нар яг сайхан мандаж байхад хамгийн түрүүнд нэг айлд бууж манайхыг асуух байхдаа гэж ярьж байсан гэдэг юм. Сүүлдээ мань өвгөн нөгөө хүн нь ямар морьтой ямар хувцастай хэдийд ирэхийг хүртэл хэлдэг болсон гэдэг. Тиймээс тэр хавиар нэг Дүнхээ гуайг есөн сарын арван тавны үдээс хойш эрлэгийн элч ирээд авч явах юм гэнэ гэсэн яриа хүртэл тархаж байв. Намрын ид ажлын үе эхэлж өдөр хоног харавсан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд арван сар гарчихсан байж билээ. Гэтэл нөгөө эрлэгт залрана гэж айл амьтаны архийг шавхаж авгай нарын нулимсыг барж явсан Дүнхээ гуай маань амьд сэрүүн шогшиж явдаг байгаа. Харин тэр үед нутгийн олон дунд эрлэгийн элч ирсэн боловч Дүнхээ гуай Саадагийн савдагаар айлгаад явуулчихсан гэдэг гэсэн хачин яриа тарсан юм. Тэр нь ч үнэн байж мэднэ. Учир нь худлаа хэлэхээргүй хүмүүс 9н сарын 15ны өглөө эрт Борголжингийн хөвөөнд намаржиж байсан Содовын гэрт хөлс болсон загал морьтой улаан хүрэн цэмбэн дээлтэй цаас шиг цагаан царайтай тас хар ширвээ сахал бүхий нэгэн хижээл эр бууж Дүнхээ гуайн гэрийг асуугаад мордсон гэдэг. Тэр хүнийг Дүнхээ гуайнд ирхэд өвгөн гэртээ байсангүй. Саадагийн ар луу мордоод явчихсан гэж хүүхдүүд нь хэлжээ. Өвгөн өөрөө ийм хүн ирэхээр ингэж хэлээрэй гэж заасан юмсанж. Саадагийн арын модон дотор өөр хаана ч ургадаггүй цорын ганцхан ташуурын яргай шиг мод ургадгийг өвгөнөөс өөр хүн мэддэгүй юмсанж. Дүнхээ өвгөн яг тэр сухай улаан яргай модны хажууд очоод хүлээж байтал загал морьтой хүрэн цэмбэн дээлтэй хүн шогшоод очсон аж. Өвгөн түүнийг ирэхээс урьтаад сухай улаан яргай модыг төөлж хэмжээд сууж байж. Уг яргайнаас огтолвол Саадаг уулын савдаг өөрийн биеээр гарч ирж уг яргайг огтолсон хүнийг шийтгэдэг гэсэн домог яриа байжил дээ. Үл таних хүн ирж амар мэндээ мэдээд өвгөнийг авч явах гэж ирсэнээ хэлэхэд өвгөн за би таньтай явалгүй яахав. Гэртээ очоод биеэ бэлдэе дээ. Харин энэ улаан яргайнаас нэг төөг аваад харих гэсэн чинь миний тамир тэнхээ хүрдэггүй. Та надад туслахгуй юу гэсэн байна. Ширвээ сахалт эр ч зөвшөөрч яргайг өвгөний заасан хэмжээгээр огтлоод аваад өгсөн байна. Гэтэл яг тэр үед үл таних эрийн доороос толгойдоо зургаан урт могой арвагануулсан титэм бүхий урт саарал хүн босоод ирсэн аж. Үл таних ширвээ сахалт нөгөө могой толгойтыг хармагцаа учиргүй сандарч би биш энэ хүн надаар ийм үйл хийлгэлээ гэж тайлбарлахыг оролдсон ч урт саарал хүн хачин архирах шиг болоод хүхэр юму дарь үнэртээл явчихсан аж. Чухам юу болсоныг Дүнхээ гуай ч ойлгосонгүй нэг л мэдэхэд гав ганцаараа сууж байжээ. Харин энэ үед Саадагийн доод талаас хонио эргүүлж явсан Гансүх гэгч залуугын хажуугаар дээлийн нь тал нь шатаад хярвас болчихсон загал морьтой үл таних хүн хар эрчээрээ давхиж өнгөрсөн гэж байж билээ. Ийнхүү эрлэг тамын илгээсэн элчийг эх нутгийнхаа догшин савдагтай учруулж айлгаад нэг удаа буцаасан Дүнхээ өвгөн 105 нас сүүдэр зооглоод хорвоогоос одсон гэдэг.