Энэ цагаас эхлэн
Идуган зайрангууд сонстугай
Дээд тэнгэрээс заяатай
Дэвжид лусаас хөллөөтөй
Долоо дордовч найм сэхдэг
Догшин монголын удам
Дотроо уйлавч гаднаа инээдэг
Долоон голтны удам гэдгийг
Доройтож муудсан үрсдээ
Домог болсон улсдаа
Дор бүрт нь таниулж
Дотор бүрт нь сэхээрүүлье хэмээн
Эрхэм язгуурыг таниулж
Эртний цагийг нь өртөөлье хэмээн
Өндер тэнгэрээс нь июэж
Өршөөл журмыг мэдүүлье хэмээн
Дээдэс тэнгэртэй нь уулзуулж
Дэмий буруугаас зайлуулья хэмээн
Бузар мууг нь зайлуулж
Буян хишигийг нь өгье хэмээн
Хөх толботныг хөдөлгөж
Хөсрийн заяанаас нь салгая хэмээн
Өөдлех заяаг нь өртөөлөн
Өнийн цагийг нь мэдүүлье хэмээн
Эзэн тэнгэрийн сүрийг
Эхлэн таниулахын учир
Хөх тэнгэрээс эрхшээн
Хөх цэргээ илгээв
Эзэн тэнгэрээс эрхшээн
Эцэг өвгөдийг нь илгээв
Огторгуй тэнгэрээс огшоон
Олон тэнгэрийг буулгав
Хаан эзнээс зарлиглан
Харсан тэнгэрийг нь буулгав
Улаач болох үрсэд нь
Уг удмыг нь залгуулав
Улаач болсон үрс нь
Учир ёсыг ухан сана
Дээд тэнгэрийн хүслийг
Дээд биендээ дээдлэн сана
Энэ цагийн улаач нар
Эрдэм шидийг хөөцөлдөн
Элдэвхэнийг хийн суух нь
Эрхэмлэн явах үйл нь биш
Эхээс өгсөн хоол нь биш
Хаан эзэн залрах цагт
Хасбуу тамга нь харагдах цагт
Хаа байгаа газраасаа
Хамжиж дэмжих л үүрэгтэй
Буй бүхий газраасаа
Булчин хүчээ өргөх л зарлигтай
Өндөр тэнгэрийн хүслийн
Өмөг түшиг нь болохоо
Хөх тэнгэрийн хүслийн
Хөл гар нь болохоо
Мөнх тэнгэрийн хүслийн
Мөчир салаа нь болохоо
Хаан тэнгэрийн хүслийн
Харуул манаа нь болохоо
Эзэн тэнгэрийн хүслийн
Элч улаач нь болохоо
Удамт монголын хойчисууд минь
Угсаа залгасан үрсууд минь
Ухаж сайн ойлгогтун
Учир ёсоон мэдэгтүн
Эрхэм язгуураа бариг хэмээн
Эзэнт тордоон элбэг хэмээн
Энэ цагт төрүүлсэн атал
Энүүнийг үл тоовоос
Эзэн тэнгэрээс ялтай
Мэргэ төлөг тавих төдий нь
Мөнх тэнгэрийн зарлиг биш
Арга засал хийх төдий нь
Авралт дээдсийн айлдвар биш
Энэ цагаас эхлэн
Идуган зайрангууд сонсогтун
Дугуй дугуйгаараа нийлж
Дур зоргоороо аашлагсад
Дээд тэнгэрийн хүчийг
Дэмий юманд зарагсад
Дэвжид найман лусыг
Дурын мэт санагсад
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөглөнд орохоор яарагсадын
Хийсэн үйлийг нь хэлэлцэж
Хэцүүгашууныг нь ялгана
Хэрцгий явсныг нь хэрчинэ
Хомхой явсныг нь хуйхлана
Хүүрээр идэш хийснийг нь
Хөвчлөн дарж хүүлнэ
Хөх тэнгэрийн зарлигаар
Хөл хучигсад үлдээхгүй
Мөнх тэнгэрийн зарлигаар
Мөчир салаа үлдээхгүй
Очирт тамд тулж
Орших газаргүй болгоно
Оломгүй далайд уйж
Олиггүйн идэш болгон
Арга заль хийн
Амин хувиа хичээснийг
Аргын зэвээр сүлбэж
Алсын дайдад дарна
Ард олондоо тусалж
Ачит төрдөөзүтгэснийг нь
Арчлан тэтгэнэ
Авран нигүүлсэнэ
Угаас хийх үйлэнд чинь
Угсаа дээдэс чинь халдах гэсэнгүй
Өөрийн хийх үйлэнд чинь
Өндер тэнгэр чинь халдах гэсэнгүй
Өнгөтөд илээх жам дор чинь
Өнгөгэрэл нэмсэн төдий
Нартад эдлэх заяан дор чинь
Нарнаас элч нэмсэн төдий
Зайран гээд займарч байгаагүй
Зарлиг юуг дагаж л явсныг
Удган гээд уухилж зогсоогүй
Угийн үйлээ хийж л явсныг
Угсаа залгасан үрс минь
Угаас тэтгэсэн улаачид минь
Уужуу ухаандаа дээдэлж
Учир ёсоо ухагтун