http://www.zoofirma.ru/
 
 Бөөгийн дуудлагад бөө өөрийн онгодын буудал, суудал, булган төрх, цол хэргэм, алдар суу, авъяас чадал зэрэг онгодод хамаатай зүйлсийг нь оруулан аялгуулан дууддаг.
 Онгодын тайлгын үед болон хэцүү бэрх үйлээ бүтээлгэхийн тулд тусгайлан магтаалын дуудлага дууддаг. Онгод нь биежсэн сүнс учир хүн адил хөөрч баярланх, хүсч байгаа хүслийг биелүүлэхэд бэлэн байдаг. Сайхан магтаал хөөрч, эрдсэн онгодууд ямар ч бэрх үйлийг бүтээхэд бүхий л байдалд бэлэн болж гавшгай шаламгай болдог хэмээн бөө нар ярьдаг.
 Хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай Хангайгаа магтаж уул ус, ов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн дүртэнгүүдийг урин залж хөгжөөж байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн үеийн дуудах онгоддоо ханддаг байна.
 Бөө мөргөлийн аман яруу найраг дахь магтаалыг агуулга, холбогдох зан үйл, магтаж байгаа онгод тэнгэр, эд өлөг, тахил тавиг зэргээр үндэслэж дотор нь сэдэвчилэн хоёр анги болгон үздэг байна. Үүнд: 1. Бөөгийн онгодын магтаал, 2.Бөөгийн эдлэл хэрэглэл тахил тавигийн магтаал гэсэн хоёр зүйл болно.
 Бөөгийн онгодын тайлга нь онгод тэнгэр нэр, хий хивс дүртэнгүүдийн магтаалаар эхэлдэг байна. Харин бөө судлаач О.Пүрэв бидний бөөгийн онгодын магтаал хэмээн нэрлэж байгаатай адил төстэй шүлэглэлийг ишлэн үзэж тамлага дуудлага хэмээн нэрлэсэн байна.
 Тухайлбал: Цэдэв удганы тамлага дуудлага:
Бар бар хийсэн хайрхадууд
Бар шиг дуутай хайрхадууд
Бараа сүр ихтэй хайрхадууд
Баруун талд багларсан хайрхадууд гэх мэт.
Ж.Чандар зайрангийн тамлага дуудлагад:
Мянган мэлмийтэнгүүд
Түмэн сонортонгууд
Хийсвэр үүлэн дамжлагатангууд
Хий хивс бийтэнгүүд
Асар тэнгэр нөмрөгтөнгүүд
Аваа их хүчтэнгүүд гэх мэт.
Тэрээр бөөгийн дуудлагыг ерөнхийд нь тамлага дуудлага, дурсамж дуудлага, төгсгөлийн дуудлага гэхчилэн дараалан 3 ангилжээ. Энэ ангиллаас үзвэл түүний нэрлэсэн “тамлага дуудлага” хэмээгч нь бидний “онгодын магтаал” хэмээгчтэй байрлалын хувьд дүйцэж байна. Мөн эндээс харахад хайрхадууд, мэлмийтэнгүүд гэх мэт олон тоонд хандан өгүүлж байгаа нь аман зохиолын бусад төрөл зүйлтэй харьцуулбал монгол ардын туульс эхлэхдээ заавал Алтай Хангайгаа магтаж уул ус, дов толгод, булаг шандны эзэд болсон олон хий биетэй хийсгэлэн  дүртэнгүүдийг урин залж хөгжөөж  байгаад дараа нь жинхэнэ тууль хайлдгийн үлгэрээр бөө нар ч гэсэн өөрийн онгодуудаа урихдаа эхлээд бүх онгод тэнгэр нэр, газар усны эздийг магтан залаад дараа нь өөрийнхөө тухайн үеийн дуудах онгоддоо ханддаг байна.