Монгол бөө нь нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл ба гүн ухааны сонгомол үзэл болдог бөгөөд гүн ухааныг бүрэн шингээсэн байдаг.
Бөөгийн дуудлага нь мөнх тэнгэр, газар дэлхий уул, ус, онгод шүтээн зэрэгт зориулагдсан уриа дуудлагыг гайхам сайхнаар дуулан магтсан дуудлага олон байдаг. Бөө мөргөлийн зохиол нь бөө, удганууд тэнгэр нар болон онгон шүтээний дунд зууч болж овог аймгийнхаа хүн ард, мал сүрэг, нутаг усыг ивээн тэтгэгчийн үүрэг гүйцэтгэж буй мэт өвөрмөц онцлогтой байна. Бөө хүн “Хан тэнгэрийг харигтал, Хатан дэлхийг доригтол нь онгод тэнгэрээ дуудах ёстой” гэдэг. Бөөгийн дуудлагыг аман сурвалжаас гадна бичгээр үлдээсэн зүйл их бөгөөд тэр бүү хэл есөн эрдэнээр бүтээж бичсэн дуудлага татлага ч байжээ. Энэ тухай Б.Ринчен “Монгол бөөгийн судалгааны хэрэглэгдэхүүн” номондоо тэмдэглэсэн байна. Судлаач доктор, профессор Д.Бум-Очир “Бөө мөргөлийн аман яруу найраг нь 1.Багшаас шавьд, 2.Залран буусан онгод, дээдсийн сүнч улаачдаа /уг барьсан бөөдөө/ дамжуулан уламжлуулдаг” хэмээн тэмдэглэсэн байна. Ингэхдээ дийлэнх хувийг нь онгод дээдэс нь бөөд мэдээлж, суурь болох өнгөц хэсгийг нь багш нь заан сургадаг бололтой” хэмээн дүгнэсэн байна. Монголчуудын шүтлэгийн тухай түүх зохиолд нилээд дээр үеэс тэмдэглэгдэн иржээ. Гэхдээ эдгээр бичиг зохиолд голдуу товч төдий буюу бусад зүйлийг тоочихын далимд цухас дурдсан дуудлагууд байдаг нь эрдэм шинжилгээний бүтээл болох нь ховор юм. Бөө мөргөлийн аман зохиол нь тухайн орон зай, цаг хугацаанд тохирсон уянга шүлгийн айзам, дуу хөгжмийн ая, шүлэглэх урлаг нь ихэд боловсорсон онцлогтой байдаг. Жишээ нь: Гал могойг ташууртангууд Галзуу чонон хөлөгтөнгүүд Хүний махан хүнстэнгүүд Хүрэл чулуун зүрхтэнгүүд гэх мэт. Бөө мөргөлийн аман яруу найраг нь уран сайхны шинжээсээ илүү зан үйл, хэрэглээний зориулалттай байна. “Бөөгийн дуудлага нь зүгээр нэг шүлэг ерөөлийг дуулан уншихтай адил бус бөгөөд аргадах, залбирах, засах үйлийг гүйцэтгэхэд хэрэглэж буй бие хэл сэтгэл гурвын хүчийг зангидан ашиглаж буй шашны зан үйл юм” хэмээн бөө судлаач Ш.Сүхбат хэлсэн байдаг. Монгол бөө нарын дуудлагад утга агуулгын өөрчлөлт цаг тухайн үед орж байсан явдал бол түүний дуудлагыг олон янзын хувилбартай болгох нөхцөлийн нэг нь болсон байна. Монголчуудын дунд бурханы шашин XVII зууны үеэс хүчтэй дэлгэрч, бөөгийн мөргөлтэй харшилдан мөргөлджээ. Энэ тухай бөө удгануудын дуудлаганд тод үлдсэн. Тухайлбал: Дархадын Сүнчиг удган шарын шашныг үзэн ядаж зүхэл хараал хийдэг нь: Бурханд чинь мөргөх юм бол Булчингаа тас цавчуулна би Шашинд чинь сүсэглэх юм бол Шандасаа ховх татуулна би Хүрдийг чинь эргүүлэх юм бол Хүзүүгээ тас цавчуулна би... гэж бөөлж лам хуврагуудтай арцалдаж байр сууриа алдахгүйн төлөө үзэлцэж байжээ. 16-17 дугаар зууны үеэс бөө мөргөлийн шашинд шарын шашны нөлөө халдаж дан цэвэр шинжээ алдаж, шарын шашны холимогт шинжтэй болон бие даасан шинжээ алдсан байна. Хайрхаан Ариун Умаа Хум Ар тайгаас түүсэн Ариун ганга арц ууги Амьтай бүхнийг даатгаад Бэгз, Жамсран, Махагал Хайрхаан ариун умаа хум Бурхан багш заларсан Будлангийн уул минь Эхний хэсэг нь бурханы шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Мөн дуудлагыг лам нар монгол хэл дээр зохиохдоо агуулгыг өөрчилж, уг шүлгийн журмыг дуурайлган ном судраа бичсэн байдаг. Мөн шинэ зохиосон дуудлагын завсар, завсарт нь Түвд хэлний уншлагыг ч оруулж чадсан байна. Энэ дуудлагыг хэрэглэх бөө нарыг шарын зүгийн бөө гэж нэрлэсэн, гэхдээ зарим нутагт цагаан зүгийн бөө ч гэнэ Монголын бөөгийн яруу найраг бол олон зуун жилийн турш ард түмний бүтээсэн уран зохиолын шилдэг өвийг биедээ шингээсэн учраас бурхны шажны ширүүн тэмцэлд тийм амархан ялагдахгүй, амь бөхтэй зууралдаж чадсан байна. Монгол бөө нар дуудлагаа голдуу аман яриагаар цээжилж байсан учраас үг, үсгийн илүү, дутуу зөрөө гарсан онцын их өөрчлөлт болж чадсангүй. Гэвч бас бөөгийн олон янзын дуудлагыг нэгтгэж бичсэн ном байсан бололтой байдаг. “Миний багшид “Онгодын гарчиг” гэдэг нэртэй, гурван хуруу хэртэй зузаан ном байсан. Багшийг нас барсны дараа үрэгдэв бололтой” гэж Булган аймгийн Дагва гуай 1956 онд Б.Содном гуайд ярьсан байна. Үүнийг тодруулж үзэхэд үнэн байсан гэдэг. Бөө мөргөлийн шүтлэгт уул ус, байгаль дэлхийгээ аргадан тахих, онго тэнгэрийг дуудах, аргадах, магтах гэх мэт уран сайхан хэл, аялгуу бүхий дуудлага яруу найраг, зан үйл, зан заншил багтдаг. Бөөгийн мөргөлийн яруу найраг цөм монгол шүлгээр байдаг бөгөөд зөвхөн зан суртахуун буюу ёс журмын тухай тайлбар тэднийг нь зүгээр үргэлжилсэн үгээр хийсэн байх юм. Монголын алдарт зохиолч Д.Нацагдорж монгол бөөгийн дуудлагын шүлгийг судалж байгаад “Миний нутаг” гэдэг гайхамшигт шүлгээ бичсэн. Уг шүлгэндээ бөөгийн дуудлагын шүлгийн хэлбэрийг авч бичсэн нь уншигчдад хүрч чадсан. Бөөгийн дуудлагын шүлгийн хэмжээ нь хэц цохиж, аялан дуудахад тохирч байдаг учраас үгийн толгой буюу адгийг холбоод зогсохгүй, мөр мөрөөр нь туушид нэвт шувт эгшиг, гийгүүлэгч нийлүүлсэн нь олон. Жишээ нь: “...Хонгор сайхан чуулгантангууд минь Хотгорынхон хэцтэнгүүд минь Есөн ес наян нэгэн тамлагыг чинь тамлаж Есөн ес наян нэгэн сацлыг чинь өргөж Хэнд чинь хэнэггүй Алинд чинь алаггүй Бултын тань өмнө Бүгдийн тань дунд Даатгалыг хийж байна Шог, шог, шог...” гэжээ. Үүн дээр уг шүлгийн мөрийг туушид нь шүлэглэсэнээр барахгүй, үгийн толгой, адаг хоёрыг адилхан холбожээ. Үгийн эхэнд “Хонгор, хотгор” гэж Н, Т гийгүүлэгч үсэг оруулсан нь хоорондоо авиа харшгүй. Мөн үгийн эхэнд “Хэнд, алинд” гэсэн ойролцоо сонсогдох үгийн үеэр шүлэглэсэн нь сайхан дуулдаж, хэлэх, цээжлэхэд амархан болсон бөгөөд шүлгийн мөрний эцсийн үгийг бүхэлд нь хэнэггүй, алаггүй гэж холбосон нь аятай дуулдаж байна. Б.Ренчин гуай “Монгол бөөгийн дуудлага нь авиан зүйн хамгийн хялбар аргаар бичигдсэнээрээ Азийн төдийгүй дэлхийн соёлд онцгой байр эзэлнэ” гэсэн. Ингээд үзэхэд Монгол бөөгийн дуудлага нь монгол шүлгийн маш баялаг учир Монгол бөөгийн яруу найргийг сан цуглуулж, нарийвчлан судалбал, бидэнд олж ашиглах зүйл олон бий. Б.Мөнхдалай