Уншиж байна...
№46 Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн Галдан бошигтын тэмцэл
 
Галдан Хөх нуурын монголчуудаар хүчээ зузаатгаж, тэднийг манжийн эсрэг тэмцэлд босгохыг басхүү зорьж байв. Ер нь Энх-Амгалан хаан Галдангийн эсрэг тэмцэлд бэлтгэхдээ, Галданг хавь ойрын холбоотноос нь салгаж, ганцаардуулан цохих бодлогыг тууштай явуулж байсан юм. Тийм ч учраас Энх-Амгалан хаан Зүүнгарын хаант улсын хөрш зэргэлдээх улс орнуудтай харилцаа холбоо тогтоох талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, их зүйлийг хийсэн юм.

 Хаант Оросоос Зүүнгар улстай харилцах харилцан 1680-аад оны эцэас 1690-ээд оны эхээр өөрчлөгдөж иржээ. 1680-аад оны эцсээр Ойрад-Халхын харилцаа хурцдан, улмаар Манж нартай нүүр тулан учрах явдал гарцаагүй тулгарч ирэхэд, Галдан Оросын засгийн газраас цэрэг, зэвсгийн тусламж хүсчээ.
 Галдан гурван тамга дарсан тусламж гуйх бичгийг Оросын засгийн газарт илгээж, хариуг сэтгэл дэнслэн хүлээж байжээ. Гэвч Орос, Манж Чин улстай найртай хөршийн харилцаатай байж, Амур, Сунгар мөрний чиглэлд явуулж буй бодлогоо амжилттай хэрэгжүүлэх сонирхолтой байсан учир Галданд хэсэг хугацаанд тодорхой хариу өгөхгүй байв.
  1647-1652 онд Амурын орчим нутаг албан ёсоор бус боловч хэрэг дээрээ бараг бүхэлдээ Оросын мэдэлд орсон байв. 1685 онд тэр хавийн нутгийн засаг захиргааны төвийг Нерчүү хэмээн зарлажээ. Энэ явдалд дургүйцсэн Манж улсын эрх баригчид Амурын хоёр эргээс оросуудыг шахан гаргахыг чармайж, Оросын суурин руу удаа дараа довтолж байжээ. Хэдийгээр Манж нар тооны хувьд давуу байсан боловч Оросын албаны болон үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүст хохирол учруулсанаас бус, оросуудын Амурын хавиас шахан гаргаж чадсангүй.
Манж нар дахин их цэрэг бөөгнөрүүлж, 1685, 1686 онд Амур хавийн орос суурин уруу довтолж, тэр нутгаас оросуудыг хүчээр суугчдыг хүчээр буцаан, Манжуурын нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлэлт хийж байв.
 Оросууд Амурт суурьшлаа бэхжүүлж, цайз бэхлэлт нэмэн байгуулсан төдийгүй хүн хүчээ нэмэгдүүлэн, Албазины цэргийн тойргийг нэгэнт байгуулжээ.
 Оростой энэ асуудлаар тохиролцож чадахгүй бол Орос нь Манжийн гол өрсөлдөгч Галданд цэрэг, зэвсгийн үлэмж тусламж үзүүлж, Төв Азид ноёрхолоо тогтоох гэсэн Манжийн төрийн бодлогод сөрөг нөлөөлөх байсан нөхцөлийг аргагүй харгалзсан байна.
 Тиймээс хоёр тал бие биеийн ашиг сонирхолын үүднээс зарим зүйл дээр харилцан буулт хийж, 1689 онд Нерчүүд Манж-Орос улсын найрамдлын гэрээ байгуулагдсан бөгөөд энэ гэрээ нь хоёр улсын харилцаа албан ёсны болсны баталгаа болов.
 Үүний дараа Орос улс саяхан байгуулагдсан Нерчүгийн гэрээг зөрчихгүй, Чин улстай сайн хөршийн харилцаатай байх сонирхолын үүднээс Зүүнгар хаант улсад туслах бололцоогүй, уг гэрээнд үнэнч байх ёстойгоо Галдан бошигтод албан ёсоор мэдэгджээ.
 Манжийн хаан Галдан, Орос хоёрын найртай харилцааг таслан зогсоохын тулд их чармайлт гаргаж, Галданг Оросоос тусламж авах замыг хаах зорилгоор Нерчүгийн гэрээ яаравчлан байгуулж, Оросоос түүнд туслах явдлыг зогсоож чадсан нь Галданд хүчтэй цохилт болсон юм.
Мөн үүний зэрэгцээгээр Галданг зүүн тийш Халх руу явсан хойгуур түүний ах Сэнгийн хөвгүүн Цэвээнравдан Зүүнгар хаант улсын нэлээд хэсгийг оруулан авч, өөрийгөө Зүүнгар улсын хаан хэмэаэн өргөмжилсөн нь Галданд давхар цохилт болж, түүний ар талын гол бааз хүчнээс нь таслав.
 Галдан Халхын нутагт  хүч хэрэглэн, цэрэглэн орж ирсэн болохоор Халхын олон нийт Галданг булаан эзлэгчийн ёсоор үзэж, хоол хүнс, унаа мал, цэрэг зэвсгийн дэмжлэг  үзүүлээгүйгээр барахгүй, манжийн нутагт  дүрвэн. Очигсод нь хүний нутагт зовж зүдэрч байгаагийн гол буруутан нь Галдан гэж үзэж, түүнийг Халхын нутгаас түргэн хөөн зайлуулж, хуучин нутаг усандаа буцахыг хүсч байсан учир, Галданы эсрэг манжийн тэмцэлд туслахад бэлэн байжээ. Тухайн нөхцөл байдлыг сайн мэдэж байсан Энх-Амгалан хаан Халхыг бүрмөсөн оруулан авах үйл ажиллагаагаа Галдангийн түрэмгийлэлээс Халхыг чөлөөлнө хэмээх уриалгаар халхавчилсан нь амжилтанд хүрч, Халхын олон нийтийн үлэмж хэсгийг Манжийн талд татан оруулж, Галданы эсрэг тэмцэлд босгосон юм. Энэ нь хүнд байдалд ороод байсан Галданг гарцгүй болгов. Галдан тэр үед манж нартай шууд байлдах хүч, бэлтгэл хараахан хүрэлцэхгүйгээ мэдэж байсан тул хүчээ сэлбэх, нөхөр хань олж авахын тулд цаг хожим зорилгоор эхний үед Манжтай найрамдалын журмаар харилцаж, Түшээт хан, Занабазар нарын асуудлаар хэлэлцээр хийх санал тавьж байжээ. Манж нар Өндөр гэгээн, Түшээт хан нарыг өгөхгүйг тэр сайн мэдэж байсан боловч ингэж цаг хожим нь түүнд ашигтай байжээ.
 Тэр үед Дрисрид Санзайжамц, Далай ламын нэрээр Шамбалин хутагт гэгчийг элч болгон, Манжийн хаанд илгээж, Галданы шаардаж байгаа ёсоор Өндөр гэгээн, Түшээт хан хоёрыг түүнд тавьж өгвөл, хамаг хэрэг барагдаж, шажин амьтанд тус болно гэх зэргээр хэлүүлж, Галданд туслахыг оролдсон боловч Энх-Амгалан хаан түүнийг эрс буруушаан, Далай ламыг ихэд зэмлэсэн хариу бичиг явуулжээ.
 Ингээд Бошигт хааны их цэрэг Үзэмчин зүүн хошууны зүүн хойд хилд ойрхон орших Соёлз уулын баруунтай Улхуй голын зүүн эрэг Улаан гэдэг газар буудаллажээ.
 Галдан өөрийн жанжин Дугарравданы хүү Хандад хоёр мянган цэрэг өгч, Үзэмчин хошууны хязгаарт ухуулах ажлыг хийлгэжээ.
 Галдан бошигтыг Халхыг дайлах явдлаа зогсоохыг ятгуулахаар Энх-Амгалан хаан Ялгуугсан хутагтыг өөрийн төлөөний элч болгон, Галданд илгээсэн байв. Гэтэл Ялгуугсан хутагт нь өнгөн дээрээ Манжийн хааны зааврыг биелүүлэгч мэт байсан боловч, дотроо Манжийн дарлалыг эсэргүүцэж байсан болон өөрөө Ойрад хүн байсан зэрэг учраас Галданг ятган болиулах нь битгий хэл, түүний тэмцлийг дэмжиж, Дисрид Санзайжамцын Далай ламн нэрийн өмнөөс дайтахыг зогсоолгохоор Галданд илгээсэн Ирүн хутагттай хамтран, Өвөр Монголын олныг Галданы талд татан оруулах явууллага хийхэд нь туслаж, мөн Галданы дайн эхлэх өдөр, цагийг нь үзэж, тогтоож өгч байжээ.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/