XVII-XVIII зууны Монголын тусгаар тогтнолын тэмцлийн дотроос хамгийн дорвитой нь 1755-1758 онд гарсан ардын том бослого мөн. Тэр бослогыг зохион байгуулж удирдах ажлыг дээр дурдсан Зүүнгарын Амарсанаа, Халхын Засагт хан аймгийн туслах жанжин, Хотгойдын шадар ван Чингүнжав нар гүйцэтгэсэн бөгөөд Хорчин ван эфү Сэвдэнбалжир тэргүүтэй Өвөр монголын хэсэг ноёд бослогын бэлтгэл ажилд идэвхтэй оролцон, Амарсанаа, Чингүнжав нартай нягт холбоотой ажиллаж байжээ. Ингэж Баруун Монгол, Халх Монгол болон Өвөр Монголын нөлөө бүхий том ноёд тусгаар тогтнолын тэмцлийг бэлтгэж зохион байгуулах, удирдан явуулахад идэвхийлэн оролцох болсон нь манжийн ноёрхолыг монголчууд хичнээн дургүйцэн жигшиж, эх орныхоо тусгаар тогтнолын үйл хэргийг хичнээн их эрхэмлэн үзэж байсныг тодорхой харуулж байгаа юм.

1755 оны хавар, зуны цаг Амарсанаа, Чингүнжав, Сэвдэнбалжир нар Зүүнгар хаант улсыг байлдан дагуулахаар мордсон Манжийн цэргийн дотор хамт явах үедээ мөн оны намар Халх, Зүүнгар ба Өвөр Монголд манжийн эсрэг хандсан зэвсэгт бослого нэгэн зэрэг гарган тэмцэж, Манжийн ноёрхлыг түлхэн унагаад, нийслэл, өөрийн цэрэг, албан татварын журам бүхий тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн байгуулахаар хэлэлцэн тохиролцсон байна. Тэнгэрийг Тэтгэсэн хаан бас Сэвдэнбалжирыг хэрэг зөвлөнө гэж, Бээжинд дуудаж аваачаад, зэрэг хэргэмийг эвдэж, гэр хашаанаас гаргахгүй болгон хорьжээ. Энэ нь бололцоо муухан байсан Өвөр Монголд бослого гарах явдлыг улам бүтэмжгүй болгосон юм. Манжийн ноёрхлыг Амарсанаа зөвшөөрөн хүлээхгүй байсан учир бослогыг даруй эхлэхээр шийдсэн байна. Манжийн хаан түүнийг гэнэдүүлэн барьж авахын тулд “хэрэг зөвлөнө” гэж, Бээжин рүү яаралтай дуудуулжээ. Амарсанаа учрыг нь мэдэж, аргад арга хэрэглэн, “Эзэн хаанд бараалхана” гэж гараад Алтайн чанад дахь Өрөнгө голд хүрч ирмэгц шадар 300 цэргээ удирдан босож, хамт явсан Манжид итгэлтэй түшмэд, цэргийг цохин зугтуулаад, бослогыг өрнүүлэхээр нутгийг зүг буцан оджээ. Энэ бол 1755 оны 9 сарын 24-ний өдөр болсон хэрэг бөгөөд 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцлийн эх үүсэл мөн байлаа. 1755 оны 10 сарын 4-ний өдөр Амарсанаагийн туслагч Зүүнгарын зайсан Дондогмаанж нар цэргэг авч хөдлөн, Илид байсан Манжийн цэргийн жанжин Банди, Уянгу, Саарал нарыг бүслэн авчээ. Дайсны цэрэг хүчлэн тулж чадахгүй болохын хамт Саарал нь тугаа хээр хаяж, жинст малгай, жанжны тамгыг авч нуугаад, хэсэг цэргийн дунд хутгалдан орж зугатан гарсан, Банди, Уянгу нар амьд баригдахгүйн тулд амиа хорлож үхсэн байна. Амарсанаа цэрэг элсүүлсэн хүчээ нилээн зузаатгаж байгаад, 1756 оны 1 сарын 16-17-ны өдрүүдэд Саарал, Шигэширгэ нарын цэрэгтэй маш ширүүн байлдаж, хиартал цохисон нь ардын аман зохиолд тусгай сэдэв болон орж уламжлагдсан байна. Баруун Монголд тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл өрнөсөн явдал Манжийн төрийн эрх баригчдыг ихэд сандаргажээ. Тэнгэрийг Тэтгэсэн хаан бослогыг дарж, Зүүнгарыг дахин өөрийн эрхшээлд оруулж авах зорилгоор нэгэн талаас Зүүнгарыг дөрвөн бага ханд хувааж захирах гэсэн нууц шийдвэрээ нэн даруй хэрэгжүүлж, Амарсанаад цохилт өгөхөөр Зүүнгарын ноёлог аймаг болох Шоросын ханаар Галсандоржийг, Хойдын ханаар Баярыг, Дөрвөдийн ханаар Цэрэнг, Хошуудын ханаар Шагдарманжийг тус тус томилж, нөгөөтэйгүүр дахин хоёр замын их цэрэг татаж, умард замыг Хадаха, баруун замыг Жалафунгагаар захируулан хөдөлгөжээ. Энэ удаа хоёр замын их цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар Жалафунгааг, туслах жанжнаар Халхын Сайн ноён аймгийн эфү Цэрэнг, зөвлөлийн сайдаар Юй Баог тавьсан юм. Удалгүй Манжийн баруун замын их цэрэг Илид ойртон очжээ. Гэтэл дайсны цэрэг тулгаран ирэхэд Амарсанаа, Дондогмаанж нар тэргүүтэй бослогын удирдагчид хүчээ нэгтгэн тэмцэж чадсангүй, харин өөр хоорондоо зөрөлдөж цус урсган байлдаж, Амарсанаа ялагдаад, Хасагийн зүг зугатан гарчээ. Дондогмаанж үлдсэн цэргийн хамт Манжийн цэрэгт цохигдож, бослогын эхний их гараа дайсанд автсан байна. Манжийн хаан өөрийн жанжин Жалфунга, Цэрэн, Юй Бао нарын тийнхүү Амарсанаад хууртаж, түүнийг барьж чадалгүй алдсан явдалд хорсон гурвууланг нь тушаалаас огцруулж, оронд нь их замын цэргийн жанжнаар Жаохуйг, туслагч жанжнаар Далдангааг, зөвлөлийн сайдаар Фүдэг тус тус тохоон томилсон байна. Умард замын цэргийн жанжин Хадаха, баруун замын цэргийн туслагч жанжин Далданга нарт зүүн Хасагийн султай Аблайгаас Амарсанааг даруй нэхэж авчрахыг тушаах, тэр хэрэв Амарсанааг эс гаргаж өгвөл, шууд дайран орж булаан авах тушаал өгч хөдөлгөжээ. Амарсанааг Манжид барьж өгөхийг Аблай зөвшөөрөхгүй, харин түүнтэй хүч хавсран Хадаха, Далданга нарыг эсрэг байлдахаар шийдсэн байна. 1756 оны 8 сард Амарсанаа Хасагийн ноён Хожибэргэний хамт Далдангаагийн цэрэгтэй бүтэн долоо хоног ширүүн байлдаан хийсэн боловч дийлсэнгүй. Аблай Хадахагийн цэрэгтэй байлдаж, хүнд шарх олоод, цэргээ авч нутгийн зүг зугтан оджээ. Манжийн цэрэг Амарсанаа, Аблай нарыг нэхэж байлдалгүй буцжээ. Амарсанааг Хасагт очсон хойно 1756 оны 10-р сарын үеэр Оросын зүгээс элч ирж, захиа өгөн, тусламж дэмжлэг үзүүлж болохыг мэдэгдэхийн хамт, өөрийг нь бас Оренбург хотод морилон ирнэ үү гэж урьсан байна. Тэр зуурт Зүүнгарт тусгаар тогтнолын тэмцлийн гал дахин бадарчээ. 1756 оны эцсээр Цоросын хан Галсандорж, Хойдын хан Баяр, зайсан Занагарбу, Ням нар цэргийн хамт босож, Манжийн цэргийг хэдэн удаа сүрхий цохижээ. Манжийн цэргийн жанжин Жаохуй цэргийнхээ үлдмэрийг авч зугтан гараад, 1757 оны 2 сард Үрүмчи хотод хүрэлцэн очжээ. Галсандорж манжийн цэргийг цохин утгаад, биеэ Зүнгарын хаан өргөмжлөхөөр шийдэж байжээ. Гэтэл Занагарбу, Ням нар хаан ширээ булаацалдан, түүнийг барьж алжээ. 1757 оны 3-р сарын үед Амарсанаа нутагтаа буцан ирсэн юм. Гэвч Амарсанаа, Занагарбу, Ням нар хүчээ нэгтгэн дайсантай тэмцсэнгүй, хэн хэн нь Манжийн эсрэг дан ганц өөрийн хүчээр тэмцэхээр шийдсэн байна. Манжийн төр энэ удаа хоёр замын их цэргийн жанжнаар Халхын Сайн ноён аймгийн туслах жанжин, Манжийн хааны хүргэн, эфү Цэрэнгийн хүү чин ван Цэнгүнжавыг томилж, Жаохуйг түүний туслахаар тавиад, Баруун монголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийг цуслан дарж, Зүүнгарын газар нутгийг бүрмөсөн эзлэн авах үүрэг өгч, хөдөлгөсөн байна. 1757 оны 6-р сарын 30-нд Шарбэл гэдэг газарт Амарсанаа өөрийн тугийн дор явсан 3000 цэргийн хамт Халхын урвагч ноён Цэнгүнжавын түм гаруй цэрэгтэй учирч тулалджээ. Тулалдаан хагас сарын турш туйлын ширүүн үргэлжилсний дараа Амарсанаа дайсны давуу хүчинд автаж, 2500 гаруй цэргээ алуулж, хэдэн зуун цэргээ шархлуулж олзлуулаад цөөн хүний хамт Оросын зүг зугатан оджэ. Шарбэлийн тулалдаан бол Зүүнгарын босогчдын зүгээс Манжтай хийсэн хамгийн сүүлчийн, шийдвэрлэх том тулалдаан байсан юм.

Бусад мэдээ

Oct 09, 2019 11

Исгэрээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/