Дайчин жонон ван Цогбадрахын хатан эрх дарь Дэндэвдулам эх дагинын төрсөн дүү агаад гучаад оны дундуур өвчнөөр нас баржээ.
Дайчин жонон вангийн хошууныхан Богд Жавзандамбад хатан өргөмжилсөн хадам хошууны хувьд тус хошууг алба гувчуураас зарим талаар хөнгөвчилж, отгийн зохион байгуулалтад оруулсан байж болохоор байна” хэмээн түүхийн шинжлэх ухааны доктор Д.Гомбосүрэн дүгнэсэн байна лээ. Эх дагинын нутаг хошууныхан Богдын шавь тамгатай хутагт нарын шавь нарын адил отгийн захиргаатай байсан бөгөөд ард олон нь төрийн албанаас чөлөөлөгддөг байсныг бодоход нэлээд эрх дархтай хатан байсан бололтой.
Наймдугаар Богд Жавзандамбыг Амарбаясгалант хийдэд 1900-гаад оны эхээр залрахад Сэцэн хан аймгаас Засаг Түмэнтогтох гүн хатантайгаа бараа болж явжээ. Замын уртад залуу Богд, хатны аягач Ц.Дондогдулам нар танилцан дотноссон гэдэг. Түүнийг зарим эх сурвалжид Богдын дотны нөхөр бэйс Цанлигдоржийн бага эхнэр байсан гэх нь ч бий. 1902 оны зуны сүүл сард Богд гэгээн Дондогдуламтай хуримлаж, түүнд эрх цагаан дарь цол өргөмжилжээ. 1903 онд Эх дагинын аймгийг байгуулж, 4700 гаруй лан мөнгөөр дугана хашаа байшин бариулжээ. Богд хаан ширээнд суусан үеэс Дондогдулам цагаан дарь хатныг Улсын эх дагина болгон өргөмжилсөн юм.
Дондогдулам Богд гэгээнтэй 21 жил амьдраад 1923 онд 49 насандаа таалал төгссөн гэдэг. Дайчин жонон ван Цогбадрахын хатан эрх дарь Дэндэвдулам эх дагинын төрсөн дүү агаад гучаад оны дундуур өвчнөөр нас баржээ.
Н.Цогбадрах “Би Богд Жавзандамба хутагтын эх дагинын дүүг эхнэр болгож авсан учир Дондогдулам хатан шүр сувд гэх мэтийн элдэв зүйл хайрлаж байсныг нарийн тодорхойлж чадахгүй боловч барагцаагаар 400 гаруй хувийн юм (1 хувь нь 30 төгрөгийн үл хөдлөх ба нэг адуу, нэг үхэр, 0.6 тэмээ, таван хоньтой тэнцэх хөдлөх хөрөнгөтэй тэнцдэг байжээ) болсон ба үүнээс цааш үрэгдсэн зүйл багагүй” хэмээн мэдүүлсэн нь үлджээ.
Дондогдулам хатан төрүүлсэн хүүхэдгүй учраас дүү Дэндэвдуламынхаа хүүхдүүдэд ойр дотно байсан юм билээ гэж бидний зорьж очсон Т.Навчаа хэлсэн юм. Тэрбээр Хөвчийн жонон ван Цогбадрахын том охин Ашид Шийтэрийн төрүүлсэн ганц охин юм.“Хөвчийн жонон вангийн гурван Шийтэр гэж байжээ. Миний ээж Ашид Шийтэр, дунд эрэгтэй дүүг нь Лувсан- Шийтэр, бага охин дүүг нь Отгон-Шийтэр гэдэг байжээ.
Хөвчийн жонон ван Цогбадрах манай өвөө, харин бидний эмээ Дэндэвдулам гэгч нь Богд хааны хатан Дондогдуламын төрсөн дүү охин юм. Эмэг эх Дэндэвдулам 13 хүүхэд төрүүлснээс эндэх нь эндээд гурав нь л насанд хүрч насалцгаасан юм билээ” гэж тэр хуучлав. Дондогдулам хатан эрхнийхээ тоогоор 108 хүүхэд үрчилж авсан гэдэг юм хэмээн тэр бас сонирхуулав. Энэ талаар Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай сайн мэднэ. Тэр Дарханд ирэхдээ манайд зочилдог байлаа хэмээн Т.Навчаа эмээ хэлсэн.
Гучаад оны хэлмэгдүүлэлт Богдод ойр байсан хүмүүст хүндхэн тусчээ. Богдын шадар сайд, Цэргийн хэргийг бүгд таслан шийтгэх яамны тэргүүн сайд байсан Н.Цогбадрахыг гурван удаа баривчилж, суллаж хот хөдөөд байсан хөрөнгийг нь хоёр удаа хурааж, эцэст нь буудан хороожээ.
Цогбадрахын дүү бүсгүйн хөвүүн С.Навааны дурссанаар хотын гэрээс нь 20 гаруй тэрэг, хөдөөгийн гэрээс нь 10 орчим бүгд 40 тэмээн тэрэг хөрөнгө хураасан ажээ. Тухайн үед даншиг наадамд түрүүлсэн хээр азаргыг Цогбадрах ноён 40 хомтой тэмээгээр худалдан авсан гэдэг. Ноёны буянаас үлдсэн хээр азаргыг Хэнтий сумын даргаар олон жил ажилласан Д.Жамъяанжав коммунаас салгаж үлдээгээд олон сайхан хурдан хүлэгтэй болжээ хэмээн түүхч Д.Гомбосүрэн “Хөвчийн жонон ван Цогбадрах” номондоо өгүүлжээ. Харин морины эзэнд аз тохиосонгүй.Хожим 1996 онд Н.Цогбадрахыг цагаатгасан байдаг.
Н.Цогбадрах ноёны ганц хүү Лувсаншийтэрийн охин Нарантуяа ийн дурсчээ.“Өвөг эцгийнд маань хүү тогтдоггүй байжээ. Аавыг маань төрмөгц хүрээний сайн зурхайч айлд гэрийн хатавчаараа өгч өсгүүлээд, гурван нас хүрэхэд нь буцааж авч хүүтэй болсон гэдэг.
Аавыг маань улаан нялзрай байхад өсгөсөн зурхайчийн эхнэр Удвал эмээ маань төрүүлсэн үр хүүхэдгүй учраас аавд маш хайртай, үргэлж санаа тавьдаг байжээ. Өвөг эцэг Цогбадрах төрийн өндөр алба хашдаг учраас цаг зав муутай, аав маань өсгөсөн ээж Удвалын асрамжинд байсан бололтой.
Аавыг 16-17 настай байхад Удвал эмээ үеийн хүүхнүүддээ “Хүүгийн маань аав баригдаад хоригдож байгаа гэнэ” хэмээн ярихыг аав сонсчээ. Удвал эмээ аавыг дагуулаад өвөг эцгийг маань эргэж шоронд хэд хэд очсон гэдэг. Гэсэн ч бараг уулзуулдаггүй байжээ. Аав маань өвөөтэй уулзахын хүслэн болж, өдөр болгон шоронгийн үүдээр эргэлддэг болжээ.
Гэтэл нэг өдөр нөмгөн дээлтэй өвөг эцгийг маань хоёр, гурван буутай цагдаа туугаад гарч ирж гэнэ. Аав маань холоос барааг нь алдалгүй дагаж явсаар Тасганы овоон дээр ухсан нүхний хажууд авчрахыг холоос харжээ. Буутай хүмүүс бичиг гаргаж уншаад, аавыг нь буудчихаж гэнэ. Энэ бүхнийг нүдээр харсан хүү нь цагаан цамцаа дэрвүүлээд, хоёр гараараа чихээ дараад буцаж гүйжээ. Маш их цочролд орж, чихэнд нь үргэлж буун дуу сонсогддог байсан гэж аав маань надад ярьсан юм. Аав маань амьд ахуйдаа “Энэ төр засагт би их гомддог” гэж ярьдаг байж билээ” ...
Охиных нь хэлснээр бол Цогбадрах ноёны ганц хүү сургууль соёлын мөр хөөгөөгүй ч хурц сэргэлэн ухаантай хүн байжээ. Хэвлэх үйлдвэрийн үсэг өрөгчөөс цехийн мастер, тоноглолын фабрикийн дарга байгаад 1957 онд Зүүн хараад шилжин амьдарч мод боловсруулах үйлдвэрт бригадын дарга хийж байгаад 1972 онд өвчнөөр өөд болжээ. Дөрвөн хүү, дөрвөн охинтой хүн байжээ.
Харин Цогбадрах ноёны Их Шийтэр буюу том охин нь (1915-1994) бага залуугаасаа хуулийн байгууллагад бичээч, нарийн бичгийн дарга хийж байжээ. Түүний төрүүлсэн ганц охин Т.Навчаа өдгөө Дарханд амьдардаг өндөр настан. Хөвчийн жонон вангийн Бага Шийтэр буюу отгон охин нь (1923-1997) бичиг үсгийн багшаар олон жил ажилласан гэнэ. Өргөмөл ганц хүү нь Зүүнхараад амьдардаг ажээ.
 Т.Навчаа эмээ залуудаа сайхан байсан болов уу гэмээр толиотой эмэгтэй байлаа. Богдын хатны өнгө зүс удамшсан юм болов уу гэж бодогдсон ч тэр өөрийгөө “Аавтайгаа адилхан” гэсэн л дээ. Түүний ээж, Цогбадрах ноёны том охин Ашид Шийтэрийг 1939 онд Шүүх яаманд нарийн бичиг, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байхад нь “Феодалын хүүхэд” гээд ажлаас нь хална гэхээр нь овгоо хасч Цог болгоод нэрээ товчлон Шийтэр болгосон гэнэ лээ.“Дараа нь Цогбадрах өвөөг баривчлагдахаар нь ээж маань миний эцэг Төмөртогоотой суугаад, аавын томилогдсон Нисэх рүү шилжсэн гэнэ билээ. Миний аав Б.Төмөртогоо 1962 онд Дарханд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх товчооны даргаар ирсэн. Тэр үед би 18 настай байлаа. Ээж маань худалдагч, дэлгүүрийн дарга байгаад тэтгэвэртээ гарсан.
Би тэр үеийнхний нэрлэдгээр Орос сургуулийн комбинатад цахилгаан мотор ороомгийн курст суугаад мотор ороогчоор ажиллах болсон.Цехдээ дандаа орос мэргэжилтнүүдтэй ажилладаг байлаа. Оросуудтай олон жил хамт ажиллаад ах дүүгээс ялгаагүй болсон. Хоол хүнсээ сонгох, тохируулах, ялангуяа эмийн ургамал хатааж ашиглах талаар тэднээс их юм мэдэж авсан” гэж эмээ ярилаа. Тэрбээр жил бүр Тарнийн амралтанд амрангаа эмийн ургамлуудаа түүж авдаг ажээ. Эмээ нохойн хошуу, боролзгонын шар цэцэг, долоогонотой цайгаар дайлсан. Гүзээлзгэнийн навчийг түүж сүүдэр газар хатаагаад, усанд буцалгаж уухад даралт их бол 120-д буулгадаг, даралт бага үед 80 дээр аваачдаг гэж тэр сонирхууллаа. Эмийн ургамал хатаагаад зах дээр зардаг хүмүүст эмээ сүжиггүй. “Сүүдэр газар хатаах ёстой юмыг наранд хатаагаад, нарны хордлого болгочихдог” гэсэн.
Эмээ өдгөө дал гарч байгаа ч шашин шүтлэггүй гэнэ. “Цогбадрах өвөө хэд дахин баригдсан болохоор ижий лам үздэггүй байсан” гэсэн л дээ.Навчаа эмээгийн орос мэргэжилтнүүдээс сурсан өөр нэг эрдэм нь хутга урлах аж. “Сайн хутга хийгээд, Мах комбинатад очиж тууварчдад хониноос өгдөг байсан” гэнэ.“Зөөлөн нь хатуугаа иддэг гэдэг. Хутгаараа гурил, талх зүсч мохоогоод байдаг. Талх зүсдэг хөрөө гэж байдаг” хүүхдүүддээ их үглэдэг юм гэж эмээ хуучиллаа. Эмэгтэй хүнд ахдахаар мотор төмөртэй ноцолддог ажилтай байсан тэрбээр мэргэжлийн өвчний тухай ч хуучилж амжлаа. “Нэг өглөө босоод ирэхэд шүднүүд угаараа хөхөрчихсөн нь зэсийн хордлогын шинж” гэнэ. Хуучны түлээний гар хөрөөгөөр хутга хийхэд насны юм болдог л гэнэ.
Тэднийд хуучны эд зүйлс байдаг эсэхийг сонирхвол “Ээжийг маань мэндлээд гурав хонож байхад Цогбадрах өвөө маань урт наслахын бэлгэдэлтэй хаш тэмээг өлгийд нь зүүж өгсөн юм гэнэ билээ” хэмээн сонирхуулсан. Навчаа эмээ дөрвөн хүүхэдтэй. Дөрвөн ач, зургаан зээтэй болжээ. Богдын хатан Дондогдулам үр хүүхдийн мөрөөсөл болсон эмэгтэй байсан талаар зарим судлаачид өгүүлдэг. Хэдийгээр тэр эрх мэдэлтэй хатан байсан ч хүүхэд төрүүлж, эх болох эгэл мөрөөдлөө хэзээ ч биелүүлэх тавилангүй байлаа.
Богдыг удам залгамжлах үр хүүхэд нь бус хойд дүрээр нь тодруулдаг уламжлалтай байсан учраас нэгэн эмэгтэйн жирийн хүсэл биелэх боломжгүй байж. Хүрээний лам нар Дондогдуламыг хүүхэдтэй болгуулахгүй гэж хараал хийдэг байсан гэж зарим судлаач өгүүлсэн байдаг. Харин Богдын хатны төрсөн дүүгийн удам судрын түүх иймэрхүү. Хатан үнэхээр хүүхэд төрүүлсэн бол ээдрээтэй хувь тавилантай хүнийг хорвоод үлдээх байсан бус уу.
Б.Янжмаа
 

Бусад мэдээ

Nov 26, 2019 37

Атилла хаан

Nov 08, 2019 72

Халх малгай

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/