Уншиж байна...
Манжийн эсрэг цогтой тэмцэгч Ойрадын Амарсанаа баатар хэдийгээр Манжид ялагдаж, Орос руу зугтаж гараад амь үрэгдсэн бараан тавилантай ч сайхан сайхан хатдаар өөрийгөө чимэглэж явсан хийморьлиг эр байжээ. Амарсанаа 1750-иад оны үед Галданцэрэн хааны ач хөвгүүн буюу өөрийн үеэл Даваачтай эвсэж Галдан бошготын угсааны сүүлчийн хан Ламдаржааг зайлуулах гэж оролдсон ч амжсангүй. Удалгүй тэр уг хуйвалдаанаа дахин үргэлжлүүлж өшөөт болсон ханыгаа харваж алаад Зүүнгарын хаан ширээг Даваачид өгчээ. Гэвч тэр эрх мэдэл, газар нутгийн асуудлаас болж Даваачтайгаа зөрчилдөн гурван удаа байлдаад бүгдэд нь ялагдаж, эцэст нь Хотгойдын шадар ван Чингүнжав, Хорчины эфү Сэвдэнбалжир нартай Манж улсын хүчийг ашиглан Даваачийг дарж авсан ч эргээд Манжийн эсрэг босч тусгаар тогтносон Монголын хаант улсыг сэргээн байгуулахаар амь хайргүй тэмцэлдсэн түүхтэй. Үнэндээ тэр амин хувьдаа бол маш их зөрчилтэй бие хүн бөгөөд дөрвөн сайхан хатны дөлгөөн харцанд талимаарч явсан жаатай эр юмсанж. Анхны хатан нь язгууртан гаралтай Ишсоном гэж байгаад залуудаа нас баржээ. Үүний дараа Хасагийн Аблай хааны охин Гульнарыг гэргий болгож авсан байна.
Дараа нь Дүрвэдийн Далайдаш хааны охин Дэлэгдоржтой дэр нэгтгэж, эцэст нь Зүүнгарын Галданцэрэн хааны охин Битэй хэмээх үзэсгэлэнт бүсгүйг хатан болгон авчээ. Энэ хатан Амарсанааг Орос руу зугтаж одсоны дараа хүү Пунцагийнхаа хамт хойноос нь очиж Ойрадын баатрыг сүүлчийн замд нь үдсэн гэдэг. Битэй ухаан орсон цагаасаа эхлэн Зүүнгарын тусгаар байдлыг бэхжүүлэх гэсэн эцгийнхээ бодлогыг дэмжсээр ирсэн бөгөөд “Миний гоо үзэсгэлэн инээмсэглэлдээ байдаг” хэмээсэн түүний брэнд үг Монголын түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Ерөөс хаад, жанжидын хатад үзэсгэлэнгүй байхын ч аргагүй. “Хаана сайхан хүүхэн байна, тэр эзний өвөрт” гэсэн бичигдээгүй хууль үйлчилж байсан болохоор хамгийн сайхан нүдэнд торсон хүүхэн болгон л хаан, ван, гүн, жанжидын эхнэр болж байсан түүхтэй. Дандаа л хаадын гүнж нартай амраглаж явсан Амарсанааг Манжийн хаан бас охиноороо татах гэж үзсэн байдаг. Гэхдээ Амарсанаа “Надад энэ гүнжийг хатан болгож өгөх гэж үү. Юу гэсэн үг вэ, би эхнэр, гурван хүүхэдтэй хүн” гэж татгалзсан хариу барьдаг бөгөөд хааны үзэсгэлэнт гүнж нулимс цийлэгнэсэн том алаг нүдээр Ойрадын баатар эрийг гомдонгуй хараад, торгомсог урт банзалаа чиргүүлэн үүд рүү зүглэхдээ ширээн дээр байсан шаазан аягыг татаж унагаад гарч оддог. Дөрвийн дөрвөн сайхан хатантай амраглан цэнгэж асан Амарсанаа харь улсын гүнжийг хараад тэгтэлээ унаж тусаагүй нь “Хүүхний сайхныг зөвхөн Монголдоо” эдлээд үзчихсэн сайн эрийн мөн чанар гэлтэй. Амарсанаа “Би эхнэр, гурван хүүхэдтэй” гэсэн нь Дэлэгдорж хатныг онцолсон хэрэг бөгөөд түүний дөрвөн хатнаас хамгийн их зовлон туулсан нь, бас хамгийн хайртай бүсгүй нь Дэлэгдорж хатан юмсанж.
Тэрбээр Амарсанааг Манжийн эсрэг ид тэмцэлдэж байх үед гурван хүүхдийнхээ хамт ах Базар вангийнхаа ивээлд түшиглэн Завхан голд суурьшиж байжээ. Тухайн үед Дэлэгдорж хатан Амарсанаагийн явуулсан хүмүүстэй учирсан боловч оргож нүүх эсэхээ шийдэхгүй удааширч байгаад 1755 оны 10-р сард Манжийн цэргийн жанжин Арантайд баригдаж долоон настай хүү Гэцэл, дөрвөн настай охин Дэжид, гурван настай хүү Коокүш нарын хамт Манжийн хааны Халуун гол дахь зусланд хүргэгджээ. Тэнгэрийг тэтгэсэн хаан “Хууль дор уучилж хэрхэвч болохгүй” гэсэн зарлиг буулган Дэлэгдорж хатанд ял оноож, Амарсанаагийн долоон настай хүү Гэцэлийг цаазаар аваачсан гэдэг билээ. Би бээр “Төрт ёс-хаадын сан”-гаас зарласан түүхэн зохиолын уралдаанд Дэлэгдорж хатны тухай “Зүүн гарын мөхөл” хэмээх туужаараа оролцож, уг бүтээлээ шилдэг зохиолын тоонд шигтгэж чадсанаа энд онцолсу. Амарсанаа, Дэлэгдорж нарын халуун хайр дурлал, зовлон жаргал, үхэл хагацал, дайн тэмцэл, ялалт, ялагдал хосолсон ээдрээт ертөнцийг гаргаж ирсэн “Зүүн гарын мөхөл” туужийг маань зохиолч, сэтгүүлч, судлаач олон арван хүн “Сайн зохиол болжээ” гэж үнэлсэн билээ.
ЗУЛЫН ГОЛ БОЛЖ МАНДСАН “ХЯЛАР” ХАТАН
Монголын түүх, судар бичигт “Хялар хатны домог” гэж тэмдэглэгдэн үлдсэн байх бөгөөд энэ тухай яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хялар хатан” хэмээх найраглал бичсэн бол яруу найрагч Дамбын Төрбат “Могойн чуулган” роман, “Харц хатан” дуулалт жүжиг тус тус бичсэн байдаг. Ийнхүү Монголын утга зохиолд мөнхөрч үлдэхийг бодоход Хялар хатан нь ихээхэн түүх намтартай нэгэн байсан нь илт. Хялар хатны домог хэд хэдэн хувилбартай байдаг. Дээхэн үед Дундговь аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумыг хамарсан Говь түшээ гүний хошуу гэж байжээ. Хошуу ноён нь Гадинзасаг. Гадинзасагийн хүү нь Чагдаржав гэж ноён байсан бөгөөд энэ хүнд тохиолдсон явдлаас үлдсэн домог юмсанж. Чагдаржав ноён нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалд Сайн ноён хан Намнансүрэн, Чинван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нартай мөр зэрэгцэн зүтгэж, Богдын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан түүхт хүн билээ. Тэрбээр баруун замын өртөөг засах гэж Түшээт ханы чуулгын дэд даргын хувьд баруун замд явж байгаад нэгэн ядуу ардын охинтой танилцжээ.
Тэр нь Сэржмядаг гэж охин байж. Чагдаржав ноён түүнийг нутагтаа дагуулан ирж өөрийн хатнаа болгосон ч мань хоёрын амьдрал бүтсэнгүй. Човонбо хэмээх лам залуу хосын төөрөг заяаг мэргэлж үзээд “Энэ бүсгүйг одоохон салгаж хөө. Түүнээс шулмын шар туяа цацарлаа. Энэ эмэгтэйг хөөхгүй бол хүн, амьтан үй олноороо үхнэ” хэмээн олон түмнийг сүрдүүлэн айлгаж гэнэ. Гэвч Чагдаржав эхнэрээ хөөж явуулахыг хүссэнгүй. Залуу хатан ааш зөөлөн, олон түмэнд тусч нэгэн байсан тул Говь түшээ гүний хошууны ядуу ардуудын сэтгэлд ихэд нийцсэн байна. Гэвч ихэс дээдэс нь түүнд дургүй. Тиймээс тэд бүсгүйг “Хялар хатан”, “Долир хатан” гэх зэргээр шоолж муулах жишээтэй. Удалгүй бүсгүйг хөл хүндтэй болоход Човонбо лам “Чөтгөрийн хүү төрөх гэж байна. Энэ хүү төрж гэмээнэ хүрэл соёогоороо ертөнцийг хадрах болно” хэмээн аги ноёны эцэгт мэдээ хүргэж гэнэ. Тиймээс эцэг нь хүүгээ “Хялар хатан”-аас салгахын тулд Манжид алба бариулахаар Бээжин рүү явуулжээ. Чагдаржав ноён Бээжин явахдаа залуу хатандаа хандаж “Эд нар чамайг элдвээр хэлж, зовоож мэднэ. Чи юу ч болж байсан тэвчээртэй байж намайг хүлээгээрэй” гэж захисан байна. Гэвч түүнийг явсан хойгуур Чагдаржавын эцэг эх “Манай хүү Бээжингээс эхнэр авна, чи одоо зайл” гэх зэргээр Хялар хатныг хөөж туугаад амар заяа үзүүлсэнгүй. Эцэст нь Човонбо лам “Тарчлааж зовоогоод байхад зайлдаггүй, айхтар шулам шүглэсэн байна.
Ерөөсөө жинсрэг цутган дарж тонилгоно” хэмээжээ. Жинсрэг цутгана гэдэг нь шатааж алахын нэр юм. Ингээд өвгөн ноён жинсрэг цутгахад нууцаар бэлтгэж эхэлсэн байна. Гэвч хошууны ядуу ардууд энэ тухай мэдсэнээр Хялар хатанд “Ямар л амьтан шатаж үхье гэж ертөнцөд байх уу даа, охин минь зугтаж үз” гэж аминчлан сануулаад түүнийг оргуулахаар болжээ. Төдөлгүй бүсгүйг оргосныг мэдээд Човонбо лам түүний араас маш хатуу сэтгэлтэй Лувсандамба гэж бөх хүнийг явуулж гэнэ. Энэ хооронд бүсгүй зүүн аймагт очоод хоёр ихэр хүүхэд төрүүлж, нэгийг нь айлд үлдээж, нөгөөхийг нь өөрөө авч явсан ч төдөлгүй Лувсандамбын гарт оржээ. Эцэст нь Човонбо лам жинсрэг цутгахаар болж, бүсгүйг хоёр шургааг модны голд нүцгэнээр хүлж баглаад шатаажээ. Ийнхүү бүсгүйгээр сор залсаныхаа дараа Эрдэнэ далай хийд рүү жороо морь унаад галигуулж гарчээ. Гэтэл түүний морь оготны нүхэнд бүдэрч унасанаар Човонбо лам тэр газраасаа босолгүйгээр нугас нь тасарч үхсэн гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас урагшаа арваад км газарт Авдрантын хөтөл гэж байдаг бөгөөд энд Хялар хатныг сор залж алсан гэдэг яриа ч байдаг аж. 1960-аад оны үед нэрт судлаач О.Намнандорж агсан энэхүү газрыг нутгийн өвгөд хөгшидөөр заалгаж аваад судалж үзэхэд газар дороос элдэв яс, үсний үлдэгдэл, амсраар нь нийлүүлээд булсан хоёр ширмэн тогоо гарч ирсэн тухай яруу найрагч Дамбын Төрбат өгүүлж билээ. Бурангуй цагийн хошуу ноёны хүү, ядуу ардын охин хоёрын хайр сэтгэл ийнхүү хагацал, харууслаар төгсгөл болжээ.
ЧИН ВАН ХАНДДОРЖИЙН БАТ ЖУРАМТ СЭВЖИДМАА ХАТАН
“Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ
Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
Урд уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь хө
Угтаад очсон чинь үгүй л байна аа, хө
Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа, хө” “Ай Нанаа” хэмээх энэ сайхан дууг монголчууд бид янаг амрагийн дуу гэж ойлгосоор ирсэн. Гэтэл энэ нь хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслын дуу болохыг бид саяханаас л ойлгож ухаараад байгаа. Манжийн дарангуйллын эсрэг цогтой тэмцэгч, Үндэсний эрх чөлөөний баатар Чин ван Ханддорж энэхүү дууг анх зохиож дуулсанаар монголчуудын зүрх сэтгэлд бүтэн зуун жил эгшиглэж буй. Чин ван Ханддорж эрдэм номтой ганц сайхан хүүгээ Ай Нанаа гэж өхөөрдөн дууддаг байж. Тэрбээр хүүгээ мэдээ ормогц Далай ламыг дагуулаад Баруун зууд ном сургахаар явуулжээ. Далай лам замдаа Манжийн хаанд бараалхсан байна. Тэр үед Манжийн хаанд бараалхах “Шар зам” гэж байдаг байж. Энэхүү зам дээр бараалхаж буй хүнээс өөр хүн гишгэхийг хориглодог байсан бөгөөд Далай ламыг дагаж явсан Ай Нанаа хүү санамсаргүйгээр мөнөөх “Шар зам” дээр нь гишгэчихэж.
Тухайн үед Чин ван Ханддорж манж нартай эв түнжин муутай, харин оросуудтай найрамдах бодлого баримталж байсан болохоор Манжийн хааны занаанд орчихоод байж л дээ. Ингээд манж нар Чин ван Ханддоржоос өш хонзон авахын тулд Ай Нанаа хүүг нь эзэн хааны “Шар зам” дээр гишгэсэн гэдгээр цаазалчихжээ. Тэгээд “Хүүгийн чинь бие муу байна” гэж Чин ван Ханддоржийг Бээжинд дуудаж авчраад Ай Нанаа хүүгийн толгойг цар тавган дээр тавин хадгаар бүтээж эцэгт нь барьж байсан гэдэг. Энэхүү доромжлол, басамжлалын хариуд Чин ван Ханддорж отго жинстэй малгайгаа авч шидээд “Манж, хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Халхын нутагт гишгүүлэхгүй” гэсэн тангараг тавиад хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Тэрбээр нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ тайтгаруулахын тулд “Ай Нанаа” дууг зохиож дуулсан гэдэг. Тэгэхдээ хүүгийнхээ тухай хайрт хатан Сэвжидмаа болон нутаг усныхандаа хэлэлгүй ганцаараа гиюүрэн гансарч явдаг байж. Манай түүхч, зохиолч нарын өгүүлсэнээр бол Сэвжидмаа хатан нь төгс төгөлдөр, бат журамт, авир ялдам, аргагүй сайхан монгол эмэгтэй байжээ.
Тэрбээр өнөөгийн Булган аймгийн Бүрэгхангай сум хавьцаа амьдарч асан нэгэн тайжийн охин юмсанж. Чин ван Ханддорж ч Булган нутгийн хүн. Сэвжидмаа хатныг төгс төгөлдөр, бат журамт хатан байсныг нь 8-р Богд Жибзундамба хутагт ихэд үнэлж 1915 онд “Ухуулах өргөмжлөл” олгож байсан байна. Тэрхүү өргөмжлөлд “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст Богд эзэн хааны зарлиг. Гадаад яамны тэргүүн сайд, Түшээт хан аймгийн Ханын зэрэг, сайныг удирдагч Эрдэнэ дайчин засаг хошуучийн ван Ханддоржийн аблай хошой хатан Сэвжидмаа болбоос анх хадамласнаас нааш гэрийн ёсыг бат журмаар болгоож, цэвэр ичимтгийгээр хэлхээ журмыг сахиж явсан тул өргөмжлөл олгов” хэмээжээ. Түүнчлэн Чин ван Ханддоржийн эх, монгол бүсгүйн эрхэмсэг намба төрх бүрдсэн “Хошой хатан” Сосорт Богд хаан мөн ийм өргөмжлөл олгож байжээ. Сосор хатан нутаг усандаа ахай ижий гэж алдаршсан авир ялдам эмэгтэй байсан бөгөөд тайж, ард, баян, ядуу цөм л Сосор хатантай зовлон жаргалаа хуваалцаж зөвлөгөө авдаг байжээ. Дашрамд өгүүлэхэд Чин ван Ханддоржийг улсын их дагина Дондогдуламтай янаг амрагийн харьцаатай байсан тухай ном зохиолд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Академич П.Хорлоо гуай “Эдүгээ нийслэл хотын төвд байгаа Чин ван Ханддоржийн байшин тухайн үедээ тэр үеийн хамгийн өндөр өргөө байсан юм. Ноёны хатан Сэвжидмаа нөхрийгөө Богдын ногоон сүм рүү явсан үед тагтан дээрээ гарч тэр зүг рүү дуранддаг байж. Ханд чин ванд хүүхнүүд ихэд талтай байсан гэдэг. Сүүн хашааны цэцэрлэгт улсын их дагина Дондогдулам Ханд чин вантай салхинд гарахыг Сэвжидмаа хатан дурандаж харчихаад орой ирэхэд нь сануулга өгдөг байсан гэнэ лээ” гэж хуучилсан байдаг билээ.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
Жич: Галдан бошигтод булаагдаж явсан Боржигон хошууны Цагцаахай, Дарьгангын Орлой мэргэн Цагааны эхнэр "Эрх цагаан" Зэндэм, Өндөр Гэгээний хайрт бүсгүй Амина, Ховог сайран бэр болсон Хосгүй үзэсгэлэнт Дантийхүү гэх мэт арав гаруй хатны домог түүх энд багтсангүй.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/