Уншиж байна...
Бослогод урьд нийлсэн олонхи ноёд Манжийн цэрэг ирж явааг сонсоод цочин айж, тус тусын цэргийг авч салж одсон учир Чингүнжавын цэргийн тоо ихээхэн цөөрөөд байжээ. Чингүнжав Манжийн цэргийн эсрэг шууд тулах хүчингүй болж, даруй Шишгид голын зүг ухарчээ. Гэтэл бас нэг хэсэг ноёд цэргээ авч буцахаар завдсанд, 1756 оны 12-р сарын 13-14-ний өдөр Чингүнжав тэднийг цохижээ. Түүний дараа Чингүнжав үлдсэн 100-аад цэргийн хамт Оросын зүг зугатаж, 1757 оны эхээр Монгол-Оросын хилд шахан очжээ.
 Манжийн төр Чингүнжавын эсрэг их цэрэг хөдөлгөхийн хажуугаар Хутуринга, Дорж тэргүүтэй залхаан цээрлүүлэх цэргийн ангийг Их хүрээнд ирүүлж, улмаар орон нутагт тархсан бослогыг цэргийн ангиудыг цувруулан цохиулж, бослогод оролцсон хүмүүсийг бариулж, элдэв янзаар тарчилган зовоож, цаазаар авахуулаад, толгойг нь олны явах газар модон шонд өлгүүлж, нийтийг айлган сүрдүүлэх аймшигт үзмэр болгох зэргээр харгислан байж, Халхын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийг цуслан дарсан байна.
 Зүүнгар, Халхын ард түмний тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдаж байх үед Амарсанаа Орост очиж тусламж гуйж байгаад, 1757 оны 9-р сарын 21-ний өдөр цэцэг өвчнөөр нас барсан, Чингүнжав Оросын зүг зугатан яваад Манжийн цэрэгт баригдаж, Бээжинд гэр бүл, эхнэр хүүхдийн хамт хүргэгдэн, 1757 оны 3-р сарын 11-ний өдөр цаазаар авагдсан байна.Түүнээс гадна 1757-58 оны үест II Богд болон Түшээт хан Ямпилдорж, Засагт хан Балдир, Сэцэн хан Манибадар нарыг манж нар сэм хорлож алаад, Дамиран гүн нарын бусад ноёдыг барьж цаазаар аваачсан байна. Энэ бүхэн нь зөвхөн 1757-1758 оны хөдөлгөөнийг дараад зогссонгүй, Халхын ард түмнийг дахин босох бололцоог хааж, Монголын ард түмний тусгаар тогтнолын тэмцлийн үр хөрөнгийг таслан үгүй хийх гэсэн зорилго байжээ.
 Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл хэдийгээр дарагдаж, түүний удирдагч Амарсанаа, Чингүнжав нар амь үрэгдсэн боловч монголчууд тэр их тэмцэл, түүний удирдагч нарыг хэзээ ч марталгүй үргэлж дурсан дуулсаар ирсэн юм. Монголчууд Амарсанаа, Чингүнжав нарт харь Манжийн харгис ноёрхлын эсрэг зүрх зоригтой тэмцсэн эрэлхэг баатрууд гэж магтан дуулахын хамт тэднийг асар удалгүй дахин гарч ирээд Манжийн талхидалыг түлхэн унагаж, ард түмнээ авран жаргаана гэж мөрөөдөн, зөгнөж ярьдаг байжээ.
 Монголчуудын 1755-1758 оны хөдөлгөөн бол манжийн талхидалын эсрэг хандсан тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл, том бослого байв. Амарсанаа, Чингүнжав нар эх орноо Манжийн талхидалаас чөлөөлж, өөрийн нийслэл, өөрийн цэрэг мөн өөрийн албан татварын журамтай тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахаар зорьж байжээ.
 Энэ нь Монголын ард түмний 1755-1758 оны туршид явуулсан их тэмцлийн гол зорилго болж байв.
 1755-1758 оны хөдөлгөөн Монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан бөгөөд жирийн ард, дорд лам болон нилээд олон ноёд түүнд оролцжээ. Гэвч тэдгээр ноёдын олонхи нь тууштай тэмцэгч байсангүй, шийдвэрлэх чухал үед гуйван дайвж, зарим нь шууд урван дайсны талд орж байжээ.
Амарсанаа бол XVIII зууны дунд үеийн Зүүнгар улсын хамгийн нөлөө бүхий язгууртнуудын нэг юм. Тэр Манжийн цэргийн хүчийг ашиглан, өрсөлдөгч этгээдээ Зүүнгар улсын хаан ширээнээс зайлуулж, ширээг нь эзлэн авах гэжээ. Гэтэл хэрэг явдал санасны эсрэг чиглэлээр эргэж, Амарсанаа манж нарыг ашиглаж чадсангүй, харин манж нар түрэмгий бодлогоо биелүүлэхэд түүнийг чадамгай ашиглажээ. Энэ бол Амарсанаагийн гаргасан ноцтой алдаа, түүний үлдсэн харгис явдал мөн. Гэвч Амарсанаа удалгүй өөрийн хийсэн  осол эндэгдлийг ойлгож, маллагдсанаа мэдмэгц Манжийн эсрэг эргэлтгүй хандаж, эх орныхоо тусгаар тогтнолын тэмцлийг толгойлон босоод, харийн дайсан болон урвасан ноёдын эсрэг баатарлаг тэмцсэн байна. Дайсны давуу хүчинд цохигдон дарагдсаны дараа ч гэсэн зориг мохож санаагаар унан хөрш Орос улсад очиж, тусламж гуйж байгаад нас барсан юм. Чухам ийм учир Амарсанааг эцсийн эцэст эх орныхоо тусгаар тогтнолын төлөө эрэлхэг цогтой тэмцсэн эх оронч баатар байсан гэж үзнэ.
 Чингүнжав нь угаас Манжийн талхидалыг дургйцэж, алба ажилд нь огтхон ч идэвхтэй зүтгэдэггүй, харин байнга битүүгээр эсэргүүцэж байдаг дэвшилттэй хүн байсан бөгөөд цаашдаа нийт Ар монгол, Халхын ард түмнийг толгойлон босож тусгаар тогтносон Монгол улсыг сэргээн мандуулахын төлөө Манжийн ноёрхлын эсрэг цусны эцсийн дуслыг хүртэл зүрх зоригтой тууштай тэмцэн жинхэнэ эх оронч баатар мөн.
 Монголын ард түмний 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл дарагдсан гол шалтгаан нь тус оронд ноёлж байсан улс төрийн тархай бутархай байдлын гүнд оршиж байжээ. Улс төрийн бутралын учир бослого эмх замбараагүй  дарвин дэгдэх шинжтэй эхэлж, цаашдаа мөн нэгдмэл зохион байгуулалт, төвлөрсөн удирдлагагүй, урсгалын байдалтай үргэлжилсэн нь түүний дарагдахын нэг гол шалтгаан болжээ. Бослого дарагдсан нөгөө нэг шалтгаан нь бослогын удирдагч ноёд, тайж нар эв нэгдэлгүй, зарим үед шууд хоорондоо байлдахад хүрч байсанд оршино. Гуравдахь шалтгаан нь нөлөө бүхий ноёд урваж манж нарт тусалсан явдал болно. Манжийн цэргийн зэвсэг хурц, зохион байгуулалт нарийн чанд, босогчдын зэвсэг дорой, удирдагч .нар нь ухран тусаж, хориглон хамгаалах тактикийг голлон баримталсан явдал хөдөлгөөн дарагдахын нэрмээс нөхцөл болсон юм.
 1755-1758 оны тусгаар тогтнолын зэвсэгт тэмцэл тийнхүү дарагдаж, монголчууд Манж чин улсын ноёрхлыг түлхэн унагаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулах гэсэн оролдлого дарагдаж бүтэмжгүй болсон нь Монгол орныг туйлын хүнд байдалд оруулж, түүний цаашдын хөгжилд хортой нөлөө үзүүлсэн юм. 1755-1758 оны хөдөлгөөнийг дарснаар манж нар монголчуудын дундаас тусгаар тогтнолоо хамгаалж үлдсэн сүүлчийн ганц улс болон Зүүнгарын хаант улсыг мөхөөж, нийт Монгол орныг эрхшээлдээ оруулж эзлэн авах зорилтыг биелүүлж, Монгол орон бүхэлдээ Манж чин улсад эзлэгдсэн байна.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 91

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/