Дэлхийн II дайны гол аюул хүнд хүчрийг Зөвлөлтийн ард түмэн нуруундаа үүрч аугаа их эх орны дайнд түүхэн ялалт байгуулснаар Германы фашизмын аюулаас хүн төрөлхтнийг аварсан юм. Чухамхүү энэ их ялалт, түүний сүр хүч нь Зөвлөлт Холбоот Улсыг, оросуудыг дэлхийн түүхийн тавцан дээр гаргаж, хамгийн хүчирхэг гүрний зиндаанд хүргэжээ. Тухайн цагийнхаа хамгийн хүчирхэг Германы армийн улайрсан дайралт довтолгооныг эхний бөгөөд эцсийн удаа зогсоож, тэднийг үүрэнд нь бүрмөсөн бут ниргэхэд Зөвлөлтийн цэргийн олон арван нэрт жанжнууд тодрон гарсны дотроос Дээд ерөнхий командлалын газрын төлөөлөгч, Дээд ерөнхий командлагчийн орлогч, фронт командлагчаар энэ дайнд оролцож, Зөвлөлтийн улаан армийг оройлон удирдсан хүний нэг, ЗХУ-ын цорын ганц дөрвөн удаагийн баатар, ЗХУ-ын маршалГеоргий Константинович Жуковтой эн зэрэгцэх алдарт жанжинХХ зуунд байгаагүй.
Оросуудын ярьдгаар, Жуков бол эх орны их дайны гол сахиус (бог) нь байлаа. Москвагийн дэргэд немцүүдийн галзуурсан довтолгооныг анх зогсоон бут цохиж, Ленинградыг хамгаалж, 900 хоног үргэлжилсэн бүслэлтийг нь сэт цохин, Сталинградын тулалдаанд ялснаар дайны явцад үндсэн эргэлт гаргаж, Курскийн тулалдаан, Украина, Белорусыг чөлөөлөх, 1945 онд Берлинийг буулгах операцийг зохион байгуулахад Жуковын стратеги тактикийн ухаан,ур чадвар, эр зориг, шийдэмгий зан чанар нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс гадна маршал Жуков монголчуудад элэгсэг дотно хандаж, Монгол оронтой холбогдсон хувь тавиландаа талархаж явсныг бахархмаар. Тэр агуу их жанжны дайн тулалдааны ялалтын гараа Монгол орноос эхлэлтэй гэж түүхэнд тэмдэглэгджээ.
ХАЛХ ГОЛ БА ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЭХЛЭЛ
1939 оны 5-р сараас Монголын зүүн хил дорнод тал, Халх голын орчмоор Япон баргын цэрэг түрэмгийлэн довтлоход, Зөвлөлт, Монголын цэргийн ажиллагаа эхэн үедээ хүчин мөхөсдөж байсанд Сталины сэтгэл түгшиж, Батлан хамгаалах ардын комиссариатын санал болгосноор армид хаант засгийн үеэс эхлэн 24 жил алба хаасан, морин цэргийн туршлагатай дарга, Белорусын цэргийн тойргын командлагчийн орлогч, дивиз командлан захирагч Жуковыг Москвад яаралтай дуудаж, Монгол руу шууд илгээсэн юм билээ. Ингээд Жуков 1939 оны 6-р сарын 12-ноос Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн тусгай корпусын командлан захирагч, улмаар Зөвлөлт, Монголын 1-р Армийн группын командлагчаар томилогдож, 1939 оны 5-8 дугаар сард Халхын голд Японы цэргийн 6-р армийн томоохон бүлэглэлийг бүслэн бүрмөсөн бут цохих операцийг гарамгай удирдаж ЗХУ-ын баатар цолыг анх удаагаа хүртсэн юм.
Ийнхүү Халх голын зарлаагүй дайн нь Зөвлөлт, Монголын цэргийн ялалтаар дууссан нь Ази тивийн үйл явдал мэт боловч тэр нь дэлхийн II дайны эхлэл, анхны том сорилт, туршилт байсан гэж нотолдог судлаачдын тоо нэмэгдсээр байна.
Халхын голын ялалт Жуков жанжны баатарлаг түүх намтрын эхлэл байлаа. Энд тэр анх удаа томоохон тулалдаан удирдсан. Зөв мэргэн тактик боловсруулан хэрэгжүүлж түүхэн том ялалт байгуулсан. Эндээс л түүний алдар суу, цэргийн агуу их жанжны гараа эхэлсэн гэж дүгнэхэд нэг их ташаа дүгнэлт болохгүй бизээ. Урьд нь олонд танигдаагүй, Сталин барааг нь ч хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй корпус командлагч Жуковалс холын Монголын тал нутгаас , их Чингис хааны төрж өссөнтэр өлгий нутгаас анх тодорсон нь түүний асар их ирээдүйн эхлэл байжээ. Их Чингис хааны ялан дийлэх ухаан билгийн өлзий хутаг Жуков жанжинд дамжин уламжлагдсан байж ч болох юм гэж бодогддог удаа цөөнгүй.
Жуков жанжин хожим нь Монгол орныг, Халхын голыг, монголчуудыг хамгийн их талархалтайгаар эргэн дурссаар, эх орны дайны фронт дээр зөвхөн ЗХУ-ын баатрын анхны тэмдэг, Халх голын байлдааны “Бид ялав” медалиа зүүж явдаг байсан гэж дурсан ярьсан байдаг.
Халх голын ялалтындараа Г.К.Жуковыг Монголд 1940 оны 4-р сар хүртэл байлгаж, Монголын ардын армийн ерөнхий зөвлөхөөр ажиллуулсан нь тохиолдлын шийдвэр биш ч байж мэднэ. Зөвлөлтийн Улаан армийн олон шилдэг дарга нарыг хоморголон баривчилж байсан улс төрийн их хэлмэгдүүлэлтээс Жуковыг Монгол орон аварч, хадгалж үлдээсэн байж ч болох талтай. Г.К.Жуков болон К.К.Рокоссовский, И.С.Конев, В.А.Судец зэрэг зөвлөлтийн таван маршал, И.И.Федюненский, И.А.Плиев зэрэг армийн генералууд, Зөвлөлтийн цэргийн олон нэрт зүтгэлтнүүд манай Монголд алба хааж, Халх голд байлдаж явсан хүмүүс дараа нь Эх орны дайны фронт дээр гарамгай гавьяа байгуулцгааж, нэр алдар нь түүхэнд мөнхлөгджээ. Эх орны дайны үеийн фронтын домогт сурвалжлагч, нэрт зохиолч Константин Симонов Халх голын тулалдааныг биечлэн сурвалжилжээ.
Халх голд хүчтэй дайсантай тулгарсан хатуу ширүүн энэ тулалдаанд баатарлаг тулалдаж, гарамгай гавьяа байгуулсан Зөвлөлтийн дайчдаас 70 хүнд ЗХУ-ын баатар цол олгож, эрэлхэг нисгэгч С.И.Грицевец, Г.В.Кравченко, Я.В.Смушкевич нарт ЗХУ-ын анхны хошой баатар цолыг олгожээ.
Монгол цэрэг эрс энэ дайнд хүч хамтран оролцож Эх орноо хамгаалахын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан билээ. Жуковоос Сталинд албан ёсоор танилцуулахдаа Монголын цэрэг сайн байлдсан, багагүй хохирол амссан гэж тэмдэглэсэн байдаг. Улаан армийн удирдах ажилтны нэг зөвлөлгөөний үед монгол цэрэг байлдааны бэлтгэл, зэвсэг техникийн хангалтаар тааруухан байсныг дурдсан нь бий. Хамгийн хатуу ширүүн довтолгоонд оросуудл ордог байсан гэж манай ахмад дайчид дурссан баримт олон байдаг. Магадгүй, 1939 онд бидний эцэг өвгөд Халх голын дайнаас амар мэнд буцаж ирсэн нь оросууд, Жуков жанжин тэдний минь амийг дэмий үрэхгүй гэж өөрсдөө түрүүлэн давшиж, дайсны сумыг цээжээрээ хааж ялж дийлж байсан их эр зориг, Монголыг хайрлах нинжин сэтгэл, гэгээн ухаан байсан юм биш үү. Гэхдээ Жуковын хувьд монгол цэрэг дарга нарын нийтийн баатарлаг үйлсийг олонтоо биеэр үзсэнээ, морин цэргийн домогт дарга, гарамгай баатар Л.Дандарын удирдсан 6-р дивиз хэрхэн эрэлхэг зоригтой тулалдаж, залуу жанжин Ж.Лхагвасүрэн монгол цэргийнхээ анги нэгтгэлийн давшилтыг чадамгай удирдаж байсныг талархалтайгаар дурсдаг байжээ.
Ямар ч байсан Сталин хувь заяаны тохиолдлоор Дэлхийн 2-р дайны ялалтын жолоог Г.К.Жуковын гарт Халх голоос эхэлж атгуулжээ. Зөвлөлт Монголын цэрэг Халх голд Японы цэргийг бут ниргэсний үр дүнд 1939 оны 8-р сард Герман улс ЗХУ-тай харилцан үл довтлолцох гэрээг яаравчлан байгуулж, Япон урьд нь Германтай тохиролцсон холбоотныхоо үүргийн дагуу 1941 онд ЗХУ руу хоёр талаас нь нэгэн зэрэг хавсран довтлох стратеги төлөвлөгөөнөөсөө бүрмөсөн татгалзжээ. Үүний дунд Зөвлөлтийн дорнодхилийг Японы довтолгооноос хамгаалахаар байрлуулсан 40 дивизийг 1941 оны намраас Москвагийн дэргэд Германы цэргийн довтолгооныг зогсоон бут цохиход татан оролцуулах боломж гарч, Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө нурахад хүргэсэн түүхэн ач холбогдолтой болсон юм. Үүнтэй холбогдуулж Японы цэргийн нэг томоохон зүтгэлтэн ”Бид Хасан нууртцэрэг дайны анхны, Халхын голд дунд шатны сургамж авсан бол дээд шатныхыг авах гэх хэрэггүй юм” гэж тэмдэглэж байжээ. Квантуны арми Халх голд бут цохигдсондоо удтал хорсож, Гитлерт алтан цар (поднос) илгээж, Жуковыг олзолж, толгойг нь түүн дээр тавьж илгээхийг гуйсангэсэн яриа ч байдаг.
Халх голын дайн бол Зөвлөлтийн эх орны дайны оршил, эхлэл (генеральная репетиция) байлаа. ЗХУ нь орчин үеийн томоохон дайнд хэрэглэх танк, онгоц, агаарын пуужин зэрэг бүх зэвсгээ туршин, эх орны дайны өмнө амжиж сайжруулах арга хэмжээ авч, цэрэг армийнхаа зохион байгуулалтад өөрчлөлт оруулж,байлдааны бүх дүрмээ шинэчилжээ. 1939 оны 8-р сарын 31-нд Халхголд дууссан дайн тулалдааны сургамжийн тухай асуудлыг 9-р сарын 2-нд Москвад анх авч хэлэлцсэн байдаг.
АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН МАРШАЛ
Эх орныдайнд аль ч хэсэгт Жуковгүйгээр шийдвэрлэгдсэн асуудал, ялалт байгаагүй гэж санагддаг. Тэр Халх голын ялалтын дараа анх удаа Сталинтай нүүр учрах боломж гарч, ЗХУ-ын баатар цолоор шагнагдаж, армийн генерал цол хүртэн Улаан армийн дээд удирдлагад багтан оров. Улаан армийн жанжин штабын дарга, авьяаслаг жанжны хувьдболох гэж байсан дайны талаар хамгийн их мэдэрч, төсөөлж, санаа зовсон хүний нэг нь Жуков байжээ.
Нэгэн зүйл. Европын бүх улсуудын цэрэг эдийн засгийн чадавхийг шавхан дайчилж, дэлхийн томоохон империалист гүрнүүдийн ил далд дэмжлэгт дулдуйдан шүдээ хүртэл зэвсэглэсэн Германы фашист арми улангасан довтолсоор Кремльд 25-хан км-т дөхөн ирж, немцүүд ялалтын баяртаа бэлтгэж, шагналынхаа одон медалийг вагон вагоноор ойртуулж байхад, Зөвлөлт Засгийн газар, гадаадын бүх элчин сайдын яамдыг Куйбышев хотод шилжүүлэн, Сталин хүртэл Ярославскийн вокзал дээрээс Москваг орхих эсэхээ шийдэж ядан хойш урагш алхан тэвдэж явахад Москваг немцүүдэд алдахгүй гэдгийг хэлж чадсан төдийгүй хэрэгжүүлж чадсан гавьяатан бол Жуков. Гитлерийн ялагдашгүй гэгдсэн цахилгаан дайны төлөвлөгөөг анх замхруулж, Москвагийн дэргэд Улаан армийн анхны ялалтыг байгуулснаар Георгий Жуков Зөвлөлтийн ард түмний үндэсний баатар болж, дэлхийд алдаршиж, нэртжанжны зэрэгт хүрчээ.
Алдар нэрийн оргилд гарах, дэлхийн хүн төрөлхтнийг фашизмын булаан эзлэлтээс аврах ялалтын зам нь хэзээ ч шулуун дардан байгаагүй, алхам тутамдаа ялах, ялагдахын хутганы ирэн дээр дэнжигнэж байжээ. Жуковт байгалиас заяасан цэргийн жанжны агуу их авьяас билэг, тэсвэр хатуужил, эгнэшгүй хатуу чанга шаардлага нь өөртнь нэг биш удаа гай болохдоо болдог байсан ч, хүн хүнээс илүү ширүүн дориун ааш зан нь чухамхүү хамгийн аймшигт дайсантай үхэх сэхэхээ үзэж, амь өрсөлдөн тэмцсэн тэр хэцүү цагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Жуковыг улам бүр тодруулан ялгаруулж байсан хэрэг.Дээд ерөнхий командлал дээр асуудал шийдвэрлэх үед Сталины өөдөөс ам нээж, бодол саналаа хамгаалах Жуковоос өөр цөстэй зоригтой эр хэзээ ч гарч байсангүй. Тиймдээ ч Сталины зөрүүд, дээрэлхүү зан хөдөлж “Бид Ленингүйгээр болсон юм, тангүйгээр болох л байлгүй” гээд түүнийг Жанжин штабын даргаас чөлөөлж, фронт командлагчаар явуулсан удаатай. Гэхдээ Жуковын цэргийн жанжны эгнэшгүй авьяас чадвар, эрэлхэг зан чанарыг эцсийн эцэст зөв үнэлж, шийдвэрлэх том тулалдаан болгоныг бэлтгэж, зохион байгуулахдаа түүнд асар их найдвар хүлээлгэж, Дээд ерөнхий командлагчийн орлогч, батлан хамгаалах ардын комиссарын 1-р орлогч болгосон нь Сталин удирдагч хүний хувьд гол хүнээ зөв таньж түшиглэж чадсан гавьяа нь оршино. Түүгээр ч үл барам Жуковыг элдэв хэл ам, атаархагчдын дайралт, хардлага сэрдлэгээс хамгаалдаг, Жуковыг би мэднэ, Жуков хэзээ ч Намын Төв Хорооны эсрэг явах хүн биш гэдэг байжээ.
Нэгэн зүйл. Сталинградын дэргэд Зөвлөлтийн улаан арми немцүүдэд шийдвэрлэх цохилт өгч, дэлхийн 2-р дайны явцад эцсийн эргэлт гаргасныг тохиолдуулж, цэргийн дээд жанжингуудад олгох Суворовын одонгийн хамгийн эхний нэгдүгээр үнэмлэхтэйг нь Жуковт гардуулж, дайны жилүүдэд ЗХУ-ын маршал цолыг хамгийн анх Жуков толгох тухай Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн газарт шууд удирддаг даргынх нь хувьд Сталин тодорхойлохдоо ”Жуков Москваг аварсан юм” гэж товчхон бичсэнээ “хангалттай гэж бодож байна” гэжээ.
Нэгэн зүйл. Германы булаан эзлэлтээс Зөвлөлтийн газар нутгийг бүрэн чөлөөлөх нүсэр тулалдааны явцад 1944 оны 4-р сард Украиныг чөлөөлсний төлөө аугаа их эх орны дайны үеийн цэргийн хамгийн том шагнал Ялалтын одонгийн анхныхыг Жуковт гардуулж,1944 оны 7 сард Белорусыг чөлөөлсний төлөө ЗХУ-ын баатар цолоор хоёр дахь удаагаа шагнасныг Сталин, Калинин хоёр гардуулжээ. Ер нь Ялалтын одонгоор 9 удаа шагнасан бөгөөд ганцхан Жуковт нэг жилийн дотор 2 удаа олгосон нь түүнийг ЗХУ-ын төр, ард түмэн хэрхэн өндөр үнэлж байсныг илэрхийлнэ.
Нэгэн зүйл. Эх орны аугаа их дайныг дуусгах, Европын орнуудыг чөлөөлөх, тэр дундаа Берлинийг буулган авах операцийг зохион байгуулж, дайсныг үүрэнд нь бүр мөсөн устгах тэмцэл хамгийн хүнд байсан. Гитлер Берлинийг эцсээ хүртэл хамгаалахыг тушааж, хүн амын дунд 12-60 насны бүх эрчүүдийн цэрэг татлага явуулж, байшин барилга бүрийг алхам тутамд нь цайз мэт хамгаалан тэмцэцгээсэн. Хамгийн сүүлд нь зөвхөн Рейхстагийн орой дээр Ялалтын туг хатгахаар ойртсон бүгдийг буудаж олон хүний амь үрэгдсэн юм. Г.Жуков, К.Рокоссовский, И.Конев нарын командалсан Зөвлөлтийн цэргийн гурван фронтууд Берлинийг эзлэхэд немцүүд “гурван монголд эзлэгдлээ” гэсэн яриа гаргаж байсан нь эдгээр маршалууд Монголд алба хааж байсныг давхар дурдсан хэрэг биз ээ.
Жуков жанжинд 1945 оны 5-р сарын 08-нд Берлинд фашист Германы зэвсэгт хүчин үг дуугүй бууж өгөхөөр гарын үсэг зурсан актыг Зөвлөлтийн цэргийн ерөнхий дээд командлалын нэрийн өмнөөс хүлээн авах, 1945 оны 6-р сарын 24-нд Москвагийн Улаан талбайд явуулсанаугаа их эх орны дайны Ялалтын парадыг хүлээж авах зүй ёсны хувь зохиол, хамгийн их итгэл хүндэтгэл оногджээ. Жуковт Берлинийг буулган авсны төлөө 1945 оны 6-р сард ЗХУ-ын баатар цолыг гурав дахь удаагаа олгож, 1945 оны 8 сард Ялалтын одонгоор хоёр дахь удаа нь шагнажээ.
Нэгэн зүйл. Дайны дараа алдарт жанжны амьдрал, хувь заяа тийм ч амар тайван байгаагүй. Жуковтой эн зэрэгцэх тийм өндөр алдар хүнд өөр хэнд ч байсангүй. Сталин ч эмээж байсан байж магадгүй. Жуковын хатуу ширүүн зан чанар нь тайван цагт тохироогүй, өөрийн дайснууддаа ашиглагдсан байх ч талтай.Жуков гэж бодоход дэндүү дорд үзсэн мэт албан тушаалуудад томилогдож байсан ч, Сталин амьд сэрүүн байхдаа дахиад дайн гарвал яана гэсэн бодолтойгоор Жуковт шууд халдах боломжийг олгоогүй.
Харин 1955-1957 онд ЗХУ-ын БХЯ-ны сайдаар ажиллаж байжээ. Дайны дараа ч эр зориг, байр суурь шалгасан хүнд хэцүү сорилтын үед чтөр, засаг нь Жуковыг нэг биш удаа хайр найргүй ашиглахад хүрч байв. Сталиныг нас барсны дараа Зөвлөлтийн төр засгийн дээд эрхийг эзлэх өрсөлдөөний үед Аюулаас хамгаалах яамны сайд, нэр нөлөөтэй хүчирхэг Л.П.Берияг баривчлах ажлыг зөвхөн Москвагийн гарнизоны дарга байсан Жуковт даалгахаас өөр аргагүйд хүрцгээж байжээ. 1955 онд Сталинг залгамжлагч Н.С.Хрущевыг нам төрийн дээд удирдлагаас зайлуулах хуйвалдаан гарах үед Намын төв хорооны бүгд хурал дээрзалирхаг, овжин Хрущевыг Жуков цээжээрээ хамгаалж, “Миний тушаалгүйгээр нэг ч танк хөдлөхгүй” гэсэн үг нь хожим өөрт нь гай болж, насныхаа эцэст гэрийн хориондсуусаар 1974 онд өөд болсон ажээ. Энэ аугааих жанжин ямар ч хүнд хэцүү цаг үед эх орон, ард түмэндээ өөрийгөө бүрэн зориулсан, үнэнч шударга хүн байсныг түүх гэрчилнэ.
МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАХАРХАН ХҮНДЭТГЭДЭГ ХАЙРТАЙ ЖАНЖИН НЬ
Г.К.Жуков хэдийгээр дэлхийд алдаршсан цэргийн суут жанжин, Оросын ард түмний хамгийн агуу их хүмүүний нэг байсан боловч бүхий л амьдралынхаа туршид Монгол орон, монголчууд, Халх голынхоо тухай хайрлан дурсаж, дайчин нөхдөдөө онцгой хүндэтгэлтэй хандаж, Орос Монголын найрамдалд үнэхээр их хувь нэмрээ оруулсан манай үнэнч их анд нөхөр минь байлаа .
Тэрээр: “Монгол хүний цайлган сэтгэл, ЗХУ-д үнэн сэтгэлээсээ итгэдгийг санахад сэтгэлд сайхан байдаг. Гэр байшин, албангазар, цэргийн анги, хаана ч очсон В.И.Лениний зургийг хамгийн хүндтэй байрандаа тавьж, монгол хүн бүр түүнийг халуун сэтгэлээр хайрлан хүндэтгэдэг юм” гэж дурссантай нь адилаар монголчууд өөрийг нь ч эрхэмлэн хүндэтгэсээр байдаг билээ.
Ялангуяа Жуков жанжны алдар гавьяаг мөнх жүүлэхэд их анхаарч түүний ажил, амьдралынх нь ямар ч үед байнгын холбоотой байж, эргэж тойрч явсан хүн бол Монголын удирдагч Ю.Цэдэнбал дарга байсан юм билээ. Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх, манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хэрэгт түүний оруулсан гарамгай гавьяаг үнэлж, БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнаж, Улаанбаатар хотын хүндэт иргэн болгон, дурсгалын хөшөөг нь босгож, Халх голын дайны дараагаар Жуков эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байсан байшинг өргөтгөн засварлаж, музейг нь байгуулжээ. Гэр орныхон нь, охидууд нь Монголд ирж очдог байсан цаг ч бий.
ОХУ-аас төр засгийннь дээд удирдлагууд Монгол оронд ирэх бүртээ Жуков жанжны хөшөөнд заавал цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлнэ. Тэр хавьдаа цэргийн баяр, ялалтын баяраар олны хөл тасрахгүй. Олны танил Г.В.Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн салбарыг хол, ойроос зорьсон хүмүүс Жуковын хөшөөгөөр баримжаалж ирцгээнэ. Ялалтын баярыг монголчууд оросуудаас дутахааргүй тэмдэглэдэг уламжлалтай. Монголчуудын сэтгэлд ардын дуунаас ялгаагүй шингэсэн “День Победы”-г сонсоход дуулсан, сонссон бүгд нүд дүүрэн мэлмэрцгээнэ.
Жуков жанжныг 1971 онд цус харваж, хэвтэрт орсон үед нь өөрийнх нь хүсэлтээр манай Цэдэнбал дарга үүрэг өгч, Монголоос нэрт бариач, ардын эмч Рагчаагийн Биханз гэдэг буянтныг Москва рууявуулж, гэрт нь эмчилж хөл дээр нь босгосон сонин түүх бий. Биханз гуай зөвхөн Жуковыг илааршуулсан төдийгүй, Зөвлөлтийн удирдлагуудын гэр оронд нь залагдсаар Москвад зунжиж, намартаа л буцаж ирсэн бөгөөд насныхаа эцсийг хүртэл өвдөж зовсон олонд тусалсаар, түүний дотор оросуудыг ч хүлээн авсаар 2014 оны эхээр тэр эгэл биш сонин содон авьяас билэгтэн чимээгүйхэн таалал төгссөн дөө.Би өвгөнөөсЖуков монголчуудын талаар юу ярьж байв гэж их асууна, хариуд нь олигтой юм ярихгүй, зайлуул тийм тангарагтай байсан биз. Ганцхан удаа: Монголчуудад буу зэвсгийг нэг удаа л задалж, угсарч харуулахад шууд тогтоодог ой тогтоолт сайтай байсан гэж хэлсэн шүү гэж билээ. Орос Монголын харилцааны амьд домог болж үлдсэн Биханзын гэр бүл болон Улаан армид бэлэг хүргэж явсан хүмүүсээс ганцаар үлдсэн Дундговийн фронт Цэгмид, 1945 оны намар орос эмчамь насаараа дэнчин тавьж аварсны хүчинд дахин төрсөн Өвгөн бүргэд Соболев мэтийн хуруу дарам хэдхэн содон хүмүүсийг ядаж амьд сэрүүн байхад нь битгий мартаасай билээ.
Жуков жанжныг Монголын ард түмэн үргэлж хайрлаж бахархдаг наад захын жишээ баримт өдий төдий байдаг. Монголчууд хүүхдэдээ Ленин, Сталин гэж нэр өгдөг байснаа бас Жуков гэж нэрлэх болсон. Манай Дундговийн Эрдэнэдалай суманд л гэхэд Жуковын мандаж, бадарч явах үед мэндэлсэн Тогооборын Жуков гэж ахмад багш одоо ч байгаа. Говь талын малчны хүү миний төрсөн гэрийн хойморт байх ойр дотнын олон хүний зурагны хамгийн дээд талд залаатай байсан их жанжин Жуковын жавхаалаг зургийг харж, биширч өссөн болохоороо үргэлж л сонирхож, үзэж харсаар өдийг хүрч явна.
Монголын тусгаар тогтнолыг, Орос Монголын найрамдлыг Жуков шиг олон их хүмүүс дархалсныг мартаж болохгүй.
Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбарын захирлынүүрэг гүйцэтгэгч, Доктор (Sc.D) Л.ДУГАРЖАВ
Г.В.Плехановын нэрэмжит
ОЭЗИС-ийн профессор С.А.ФИЛИ
 

Бусад мэдээ

Nov 08, 2019 3

Халх малгай

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/