Уншиж байна...

Хүн бүхэн өөр өөрийн хувь тавилангийн зараалаар хүний хорвоод залардаг байлгүй яав гэж. Миний танилцуулж бүхий энэ хүний туулсан зам, үлдээсэн мөрийг мөшгөн байцаах аваас манай Замбуулинд өөрөө жаргахаасаа илүү бусдыг жаргаах гэж иржээ. Ард түмнээ дарангуйлах биш дагуулан хөтлөх гэж төржээ. Монголчуудыг бутаргах гэж биш эвлэрүүлэн нэгтгэх гэж заяажээ. Оюуны мэлмийг нь бүдгэрүүлэх бус, гэгээрүүлэх гэж мэндэлжээ.

Нийтлэлийн баатар ийм л төрхтэй нэгэн. Хэлсэн ч хэлээгүй ч алдар нэрийг нь ард түмэн мэднэ. Андуурах аргагүй онц гарамгай гавьяа түүнийх учраас будилж төөрөх аргагүй. Тэр хүнийг Дамдины Сүхбаатар гэдэг. Ямархан чухал хүн байсныг баараггүй үнэнээр мэдье гэвэл ард олны өнцгөөс тэр хүнийг харах учиртай.
Монгол түмэн түүнд алдар нэр хайрлахдаа чухамхүү дүр төрхийг нь хөрөг зураг мэт урлан бүтээсэн байдаг. Жишээлбэл “Цагаан нэхий дээлт Дамдины хүү” гэх. Ядуу харц ард гаралтайг нь ингэж тодорхойлжээ. “Гоймон баатар" гэх нэр бас буй. Аймшиггүй чин зоригт үндэсний баатар хүн байсныг үүгээр тодотгосон байна. “Ухаа хонгор морьтой улсын их жанжин” гэх нэрийг бид илүү олон дуулсан.
Жанжин хэмээхүй нь олон улсын жишгээр маршал гэдэгтэй утга дүйнэ. “Их” гэдэг тодотгол нь фельд гэсэн үг мөн байж болно. Их жанжин хэмээхүй нь ингээд бодвол фельдмаршал гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байна. Юутай ч гэсэн Монголын ардын нам, ардын төр засаг, цэрэг армийг үүсгэн байгуулагч анхны жанжин мөн байсныг энэ алдар цол хойч үеийнхэнд нь ойлгуулж байна.
Тэгтэл бас “учир бүгдийг ухуулсан улсын их жанжин” гэсэн нэршил хориод оны эхний нэгэн алдартай дуунд байдаг. Ардын монголын анхны томоохон соён гэгээрүүлэгч мөн байсныг үүгээр үнэмшүүлж байна. Монголынхоо ард түмнээс ийм олон сайхан алдар нэр хүртсэн энэ хүн үнэхээр гайхамшгийн гайхамшигт нэгэн байжээ.
Учир гэвэл төр, арми, бичиг соёл гэсэн тэргүүлэх гурван салбарт нэгэн зэрэг од шиг тодорч, оч шиг бадрагч тэр хүмүнийг үүнээс доогуур үнэлэх арга байхгүй юм.
Д.Сүхбаатар жанжин төр нийгмийн дээд төвшинд чухам хэн байсан юм бэ. 1921 онд Оросын албан ёсны төлөөлөгч Борис Захарович Шумяцкийгээс Оросын гадаад хэргийн ардын комиссар (одоогийнхоор бол гадаад хэргийн сайд) алдарт дипломат Г.В.Чичеринээр уламжлан Зөвлөлт засгийн тэргүүн В.И.Ленинд хүргэсэн танилцуулгад чухам л нүдийг нь олж хэлсэн дүгнэлт байдаг.
Тэнд “Сүхбаатар Бүх цэргийн жанжин болон Цэргийн сайд. Үндэсний хувьсгалт хөдөлгөөнд Данзан, Бодоо нарын хамтаар Ардын хувьсгалт намыг байгуулагдсан цагаас нь эхлэн оролцсон (1919 оны сүүлч)... Тэрээр харьцангуй залуу хүн юм. 29-30 настай. Ер бишийн эрэлхэг зоригтой бөгөөд туйлбартай. Ард олонтой харилцаж чаддаг, тэднийхээ дунд үндэсний баатар гэсэн эргэлзэхийн аргагүй алдар нэртэй, харин цэргүүдийнхээ дунд хатуу боловч үлгэр жишээ цэргийн даргад тооцогдоно... Ард гаралтай. Данзангийн нэгэн адил оросоор бага зэрэг ярина” гэжээ.
Энэ үг оросын нэрт сэтгүүлч Л.Шинкаревийн “Ю.Цэдэнбал, түүний цаг үе” номын хоёр дугаар ботид байгаа. Ленин хэмээх тэр хүнд хүргэсэн өндөр дээд хэмжээний танилцуулгад гадаад монголын үндэсний баатар бөгөөд үлгэр жишээ цэргийн дарга мөн байсныг шуудхан ингэж тодруулан өргөмжилжээ. Ийм хариуцлагатай агаад маргашгүй үнэлгээ бэлэн байхад миний мэтийн хүний аахар шаахар магтаал үг энд жижигдэнэ.
Хөх тэнгэрийн үзэлт бидний өнцгөөс харвал энэ хүн Монголыг мөхөл сүйрлээс шалав түргэн аврах тэнгэрийн яаралтай томилолтоор ирж даалгавраа гялс биелүүлээд манай энэ замлин хорвоод дөнгөж үзэгдээд л буцсан. Ердөө гучхан насандаа явчихсан. Буцахынхаа өмнөх хэдхэн жилийн дотор төр, арми, соёлын салбарт нэг гуч байтугай хэдэн гучин жилд бүтээж дийлэмгүй их үйл хэрэг бүтээж өгөөд буцсан нь сохор хүнд ч харагдахаар тод байна.
Ердөө л гуч шүү, гучхан нас! Гучин нас гэдэг юу юм бэ гэвэл юу ч биш. Өнөөгийн УИХ-ын болон засгийн газрын гишүүдийн дотор гэхэд гуч түүнээс дотогш настай хүн үзэгдэх нь бараг нүдний гэм. Миний хувьд ийм насандаа их жанжныхаа нэрэмжит НДС-ийн хөгшин оюутан явсансан.
Эдүгээ Монголын ардын хувьсгалын 95 жилийн их ой тохиож байна. Ийм тэмдэглэлт үед заавал нэр цохон үнэлэгдэх ёстой гол хүн бол Сүхбаатар жанжин яалт ч үгүй мөн учраас энэ удаа энд ийнхүү дурсаж байна.
Миний бие Сүх жанжны тухайд урд өмнө төдийлөн ярьж бичдэггүй байсан боловч түмний сонорт заавал хүртээж мэдүүлэх учиртай онцгой нэгэн авьяас чадварынх нь талаар эл нийтлэлд тодосгохыг хүсэв.
Миний олж мэдсэнээр нөхөр Д.Сүхбаатар бол Монголын их бичгийн хүн мөн байжээ. Монгол ухаанаар сэтгэж боддог, тэрхүү бодлоо бусдын хэлээгүй үгээр олны зүрх сэтгэлд наалдуулан бичиж чаддаг ер бусын авьяас түүнд заяасан байж. Бүтэн үхрийн махыг ганц үнхэлцэгт нь багтаан үүцэлдэгтэй нэгэн адил нуур далай шиг халгиж цалгих үгсийн их чуулганыг чухам л товч шиг товчлон, бяслаг шиг шахаж бичдэг хүний нэг нь тэр хүн байжээ.
Тийм учраас түүнийг их бичгийн хүн хэмээн өргөмжилж байна. Их бичгийн хүн гэхээр заавал олон боть ном судар зохиосон байх албагүй. Ямар ч атугай давтагдашгүй, няцаагдашгүй, арилж бүдгэршгүй түүхэн их үнэнийг нээн олж бичгийн хэлээр түмэн олныг гэгээрүүлсэн байхыг гол шалгуур болгох учиртай.
Монгол хүн нэгнийгээ тавхан үгэндээ танигддаг гэлцдэг. Тийм үгтэй ардын дуу хүртэл бий. Манай жанжин бол үнэхээр таван үгэндээ танигддаг хүн. Илүүч үгүй дутуу ч үгүй ердөө тавхан үгтэй нэгэн цэцэн үгийг нь энд эшилье: “Нэг үгнээс түмэн утга цацарна”. Ам дамжин жаахан товчлогдсон ч утга санаа нь огт гажаагүй үг юм байна.
Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Д.Гонгоржавын эмхтгэж, С. Жамбалдорж редакторлаж 1984 онд хэвлүүлсэн “Д.Сүхбаатар” хэмээх номд жинхэнэ бичгээр үйлдсэн эх хувь орсон байна билээ.
Тухайлбал “Бичиг зохиолын ганц хоёр үг хэдийгээр бага ялимгүй боловч тэр үгнээс түмэн утга цацарч болно” гэж хэлсэн байдаг юм байна. Энэхүү арван таван үг нь энгийн ярианд “Нэг үгнээс түмэн утта цацарна” хэмээн товчлогдон улмаар ардын зүйр цэцэн үг болжээ. Хэл зохиолын салбарт “хэлээгүй үг “ (оросоор подтекст) гэх томьёолол байдаг. Үүнийг Дандины “Зохист аялгууны тольд" “тодорхой утгатын дүрэм” гэж нэрлэсэн юм гэсэн. Тиймээс Д.Сүхбаатар бээр “Нэг үгнээс түмэн утга цацарна” гэсэн үгээрээ бас “Түмэн утгыг ганц үгээр зангидаж болно” гэж “хэлээгүй үг"-ээрээ хэлсэн болсон байна.
Ялангуяа “Жанжин Сүхбаатараас харьяат цэргүүддээ ухуулан сэнхрүүлэх бичиг" хэмээх нэртэй нэгэн содон бүтээлийн оршил хэсэгт байдаг Монголыг "Тэгш журамт баян хүчирхэг улс“ болгоно гэснийг жишээ болгон онцолж байна. Энэхүү таван үгийг “Нэг үгнээс түмэн утга цацарч болно” хэмээх утгаар ухаарч болохын хамт “Түмэн утгыг нэг үгээр зангидаж болно” хэмээх хэлээгүй үгийнх нь утгаар уншиж бас болно.
Энэ өгүүлбэр дотор үндэсний дэвшилт ардчилсан хөгжлийн тухай дэлхийн хэмжээний хамаарал бүхий түгээмэл зүй тогтлыг Монголын хөрсөн дээр буулгахдаа ердөө энэ тавхан үгэнд багтааж чадсан. Энэ бол яалт ч үгүй их бичгийн хүний оюун сэтгэлгээнээс төрсөн гайхамшигт бүтээл мөн.
Монгол Улсын хувьд хэчнээн олон жил мөрдсөн ч элэгдэж хуучрахын зовлон үзэхээргүй алдарт бүтээл хэмээн ойлгож байна. Өнөөдрөөс даруй ерэн дөрвөн жилийн тэртээ 1922 онд тунхагласан энэ үзэл санаа нь өнөөдрийн Монгол Улсын хувьд ягштал баримтлахаар хүсэмжилж бүхий хөгжлийн бодлоготой яв цав тохирч байгаа нь бүр ч бахархалтай.
Энэ цагийн манай ард түмэн Монголыг чухам л “Тэгш журамт баян хүчирхэг улс” болгохыг хүсэж түүний төлөө зорьж байна.Үүнийг энгийн ярианы хэлээр задалбал тэгш шударга ардчилалтай, баян чинээлэг иргэдтэй, хүчирхэг төр засагтай улс болгоно гэсэн утгатай үг. Бараг зуун жилийн тэртээ Сүхбаатар жанжны сэнхрүүлж байсан улс төрийн бодлогыг өнөөдрийн Монгол Улс мөн нэгэн адил хүсч тэмүүлж байна.
Бичгийн их хүний оюун сэтгэхүйгээс зуун зууны ачаа даахуйц иймэрхүү л жинтэй үг унадаг байна. Тиймээс жанжин Сүхбаатарын энэхүү бүтээлийг өөрийн мэдэх чинээгээр тайлбарлах гэж оролдъё.
Энэ таван үгт томьёоллын эхэнд онцолсон “Тэгш журамт” гэдэг нь аливаа ялгаварлан гадуурхах явдлыг эрс үгүйсгэсэн жинхэнэ чин шударга ардчилсан төрийн тогтолцоотой байх учиртайг илэрхийлсэн үг. Хүмүүсийг эрхэм, доорд гэж ялгаварлахгүй байхыг тэгш журам хэмээн Сүхбаатар жанжин үзэж байсан нь энэхүү бичгийн дотор бичээтэй байдаг юм.
Тэгш журамт амьдралыг үндсээр нь баллуурдаж, туйлын тэгш бус байдлыг бий болгож зовлон эдлүүлдэг салбар бол эдийн засаг. Тэнд энерги хадгалагдах хууль, харилцах савны хууль гэдэг шиг давагдашгүй бодит хууль үйлчилж байдаг. Үүнийг эрдэмтэн судлаачид магадлан тогтоосон юм билээ.
“Тэгтэй тэнцүүгийн хууль”. гэж нэрлэсэн нэг сонирхолтой онолыг санамсаргүй учралаар олж уншсан. Залуу байсан болохоор тусгайлан анзаараагүй. Гэвч ерөнхийд нь санаж байна. Энэ онол бол АНУ-ын нэрт эрдэмтэн, Конгрессийн нэгдсэн эдийн засгийн комиссын зөвлөх байсан Мистер Туроугийн бичсэн онолын судалгааны ном байсан.
Нэг нь тавыг хожсон бол нөгөө нь тавыг алдана. Нэг нь баяжаад л байгаа бол нөгөө нь хоосроод л байна. Нэгэн зэрэг хожиж бас нэгэн зэрэг алдаж болдоггүй. Тиймийн тул төр хажуугаас нь тэнцвэржүүлэх ёстой гэсэн утгатай онол байдаг юм. Ард нийтээрээ баян чинээлэг байхыг хүсэмжлэн зорьсон Сүхбаатар жанжны эл алдарт сургаал нь эцсийн бүлэгт энэхүү тэгтэй тэнцүү нийгмийн онол руу хөтлөн уулзуулж байна.
Тиймээс аваа өгөөний тэнцвэрийг төр засаг хажуугаас нь оролцож тэнцвэржүүлэхгүй бол Монгол Улс цаашдаа ч баян хоосны ялгаагаар хоёр тийш улам туйлширна. Ажилгүйдэл, ядуурал шийдэгдэхгүй улам бүр хурцдаж эдийнзасгийн хямрал хүндэрнэ.
Чөлөөт зах зээл гэгч нь орлогоо хуваах аргаар дагнан хөөцөлдөж байдаг. Үүнийг үнэ хөөрөгдөх, амьд хөдөлмөрийн мөлжлөгийг хүчтэй болгох, цалин тэтгэвэр хасах, авилга хээл хахууль, шахааны бизнес дэлгэрэх зэрэг олон арга хэлбэрээр хэрэгжүүлдгийг манайхан сайн мэднэ. Ийм нөхцөлд төр засаг “алдагдал хуваах” хэмээх бодлогоор тэнцвэржүүлж зохицуулах шаардлагатай болдог.
Шударга бус аргаар олсон орлогын зохих хувийг татварлан авч татаас, нөхөн төлбөр, цалин, тэтгэвэр тэтгэмжээр дамжуулан дахин хуваарилахыг алдагдал хуваах арга гэнэ. Үнэ нэмэгдсэн бол цалин татаас нэмэгдэж байх нь тэгш шударгаар амьдрахын зайлшгүй нэгэн шаардлага. Хэрэглэгч түмэнд маргаашийн өөх биш өнөөдрийн уушиг хэрэгтэй.
Гэтэл манайхан өнөөдөргүй маргаашийг ярьж олон түмнийг хоосон горьдоодгоо зогсохгүй бол эдийн засгийн салбарт тэгш журам хэрэгжихгүй. Чингэхлээр бийлэг дундчууд зонхилсон иргэдтэй налгар аядуу, эрх чөлөөт нийгмийг байгуулах арга байхгүй. Сүхбаатар жанжны багцалж хэлсэн "тэгш журамт” хэмээх үгний дотроос цацарч бүхий түмэн утгын ганц хоёрхныг зөвхөн өнгөц хийсвэр тэмтрэх төдийд нэг иймэрхүү.
Тэгш журамт гэдгийн ар талд байгаа “баян” хэмээх үг нь давхар сэтгэх ухаарлын цонхоор харваас зохих ганц үгэнд түмэн утгыг нэгтгэсэн үнэхээр их багтаамжтай үг. Дөрөвхөн үсэг бүхий баян хэмээх эл үгний цодгорхон ходоод гэдсэнд манай гаригийн найман тэрбум хүний баян цатгалан амьдрах гэсэн мөнхийн тэмүүлэл багтаж байгаа.
Гэвч амьдралд тийм байж огт чаддаггүй. Ийм учраас түмэн хүний зовлон, цөөн хүний жаргалыг агуулсан энэхүү урт чацтай богино мөчтэй үг үнэхээр түмэн утгаар солонгордог нь ойлгомжтой. “Иргэн баян бол улс баян” гэсэн дүгнэлтийг далдуур өөртөө багтааж “баяжигтун” хэмээх үзэл санаагаар солонгорч байна.
Малчнаар жишээлэхэд нэг өрх айл гэхэд барагцаалбал мянгаас хол илүүгүй тооны малтай байх жишээний ойлголт. Олон улсын жишгээр бол чинээлэг дундчууд гэдэг юм байна. Айл өрх бүрийг цалин, тэтгэвэр хийгээд бусад орлогоороо өөрийгөө тэтгэж тэжээх хувийн өмч хөрөнгөтэй болгох агуулга бүхий нь тодорхой байна.
Ерөнхийдөө бол АНУ, Япон, Швед, Норвег, Дани зэрэг зүүн хойд Европын орны иргэд шиг болох гэсэн үг. Монгол шиг ийм их баялагтай, хүн ам нь боловсролтой, оюуны өндөр чадамжтай орны хувьд олиггойхон төр засагтайсан бол баян чинээлэг иргэнтэй улс болох нь бэрх асуудал огтхон ч биш.
Баян хэмээх үгнээс цацарч байгаа түмэн утгын ерөнхий төрх ийм л ажгуу. Баян гэдгийн дараа байгаа “Хүчирхэг” гэдэг нь юуны урьд өндөр хөгжилтэй орнуудынх шиг хүчирхэг төр засагтай болох, өөрөөр хэлбэл Монголыг чухамхүү жинхэнэ төр шиг төртэй болгох шинэлэг асуудал мөн. Төр хүчирхэг байхыг хүсвээс давын өмнө төсөв нь хүрэлцээтэй байх учиртай.
Хүрэлцээтэй төсөв бүхий хүчирхэг засаг төртэй болсон тохиолдолд л жирийн багш эмч, мэргэжилтнүүд цалингаасаа хувийн өмч бий болгох боломжтой болж таарна. Тэгэхдээ одоогийн орон сууцны зээл шиг биш харин гадаадад ажилласан хүмүүс цөөн хэдхэн жилийн дотор байр худалдаж авах хэмжээний мөнгөтэй болоод ирдэг шиг өдөр тугмынхаа цалингаас хуримтлал үүсгэх замаар хувийн өмчтэй болгах хэмжээний цалин хөлс авдаг, олгодог болгоно гэсэн утгаар бүдүүвчилж болно. Тэгэхдээ энд улсын төсвийн хөрөнгөөр цалинждаг ажилтнуудын, тухайд л ярьж байна.
Иргэн бүрийг өмч хөрөнгөтэй болгон юмжуулах бодлогын нөгөө талруу нь лавхан өнгийж харваас хүчирхэг төрийн албан тушаалтнууд авлига авах хэрэгцээ шаардлага алга болсныг харж болно.
Сард дөрвөөс таван мянган долларын (наймаас арван сая төгрөгийн) цалинтай багш, эмч нарт заавал авлига хөөцөлдөх, нөгөө талаар үнэ ханшийг хөөсрүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй болно. Ийм боломж бодитой оршин байвч төрийн эдийн засгийн бодлогыг буруу явуулснаас болж Монголын эдийн засаг өөрөө өөрийгөө сүйтгэж байна.
Үргэлжлэл бий...
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/