Уншиж байна...
Хүннү гүрний түүх, соёлын шастир болсон “Алтан хүний бичээс”-ийг тайлан уншсан, хэл шинжлэл, түүх, соёл судлаач, доктор, профессор Б.Сумъяабаатар энэ удаа дахин гайхалтай нээлт хийсэн талаараа мэдээлэв. Тэрбээр сансраас татсан зургаас улбаалан Их эзэн Чингисийн онгон байж болзошгүй газрыг тогтоохоор таамаг дэвшүүлэн, үүнийхээ дагуу хоёр жил гаруй судалснаа ийнхүү олон нийтэд мэдээлсэн юм. Түүний судалгааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хурлаар хэлэлцэн, эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан гарцаагүй нээлт мөн гэдгийг баталж, тухайн газрыг төрийн хамгаалалтад авахаар болжээ. Б.Сумъяабаатар гуай сэтгүүлчдэд сансраас авсан нэгэн зураг үзүүлээд “Энэ зураг интернэтэд байгаа учир олон орны эрдэмтэн мэргэд аль хэдийнэ судлан, шинжилж, үр дүнд хүрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ зурагт буусан дүрс хэт өндрөөс харагдахгүй. Мөн тухайн газарт зогсоод ч олж харж, мэдэх боломжгүй. 700 метр өндрөөс маш тодорхой харагддаг” хэмээн онцлон тайлбарлав. Нэг км гаруй урт, олон арван метр өргөн газрыг хамарсан, дөрвөн эгнээ бүхий нэгэн бичээс Хэнтий аймгийн нутагт тодруулбал, түүхийн хуудаснаа тэмдэглэснээр Их хааныг нутаглуулан, дархалсан хэмээдэг “Их хориг” хэмээх газарт байгааг тэрбээр хэдэн жилийн өмнө “Google”-ийн сансрын зургаас олж, илрүүлэн, учир начрыг нь судалж, шинжилжээ. Түүний тайлснаар уг бичээс нь “Хаан тэнгэрийн хөвүүд” гэсэн үг бөгөөд үүнийг монгол бичиг мэддэг хэн ч харсан ойлгомжтой аж. Эрдэмтний анхаарлыг татсан өөр нэг зүйл нь бичээсийн доод талд, гол руу заасан сум зурсан нь илт анзаарагдаж байна. Тэгэхээр тэр зүгт Их хааны онгон байх магадлалтай гэсэн үг. Тиймээс тэрбээр “Онгонд хөтлөх бичээс” хэмээн онцолсон.
Түүний таамаглал түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээсэнтэй таарч байгаа нь нэг зүйл хэлээд байх шиг. Тэрбээр “Эрдэмтэн хүн асуудлыг шийддэггүй, дэвшүүлдэг юм. Түүний нэг нь мөхөс хүмүүн би” гээд хэдэн жилийн турш нойрыг нь хугасласан судалгааныхаа талаар “Энэ бичээсийг тольдож унших буюу номын бар, тамганы үсгийг сийлдэг аргаар бүтээжээ. Буруу харуулж сийлсэн номын бар, тамгыг дарахаар зөв харж, уншигддаг. Тэгэхээр энэхүү бичээсийг чухам юуны учир буруу харуулах болов гэсэн асуулт гарна. Хэмжээний хувьд том ч, дэргэд нь очоод олж харж чадахгүй эл бичээсийг газрын хүмүүст зориулаагүй байх. Олон зууны турш эртний монголчуудын нууцыг хадгалсан бичээс сансрын эрин зуунд тайлагдах учиртай байсан болов уу. Эндээс өвөг дээдсийн минь гайхалтай ухаан, алсын хараа мэдрэгдэж байна. Энэхүү нууцлаг зүйлийг бичээс гэж үзээд, тайлан унших нэг хэрэг. Хамгийн гол нь нэг бодлын эмзэглэмээр, болгоомжилмоор асуудал цаана нь бий. Тэр бол өвөг дээдсийн онгоны асуудал. Тиймийн учир ил гарган хэлж болох, эсэх талаар тунгаан, олон сар, жил дарлаа. Нас минь дээр гарчээ. Одоо санаа бодолдоо салхи үзүүлэх цаг нь гэж үзлээ” хэмээв.
Хэвлэлийн хуралд гавьяат багш, доктор, профессор С.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо нарын эрхэм хүмүүс морилсон нь энэхүү үйл явдлыг улам сонирхолтой болгосон. С.Галсан багшаас энэ нээлтийн талаар тодрууллаа. -Б.Сумъяабаатар гуайн дэвшүүлсэн таамгийг хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ? -Үүнийг би нээлт гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуралд ШУАийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, академич Б.Чадраа нарын олон эрдэмтэн оролцож Б.Сумъяабаатарын олж, илрүүлэн, тайлж уншсан эл бичээсийн тухай хэлэлцээд шинжлэх ухааны нээлт байна гэж үзсэн. Би тэр үед мөн байсан. Ер нь энэ хүн түүхийн хуудаснаа шинээр бичигдэх нээлт хийдэг хүн. Зүгээр нэг таамаг дэвшүүлдэг хуумгай хүн биш. Би Б.Сумъяабаатартай 100 хувь санал нийлж байгаа. Г.Мэнд-Ооёо гуай ч их эрдэмтний үгийг батлан “Сумъяабаатар бол гарцаагүй, баталгаатай тохиолдолд л ам нээх хүн. Үнэхээр монголчуудад хэрэгтэй, сайхан нээлт хийснийх нь төлөө талархах ёстой” гэлээ.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/