Уншиж байна...
Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний уламжлалтай бөгөөд Архангай аймгийн Чулуутын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхэсүүдийн зураг 5 мянган жилийн өмнө дүрэслэгдсэн байдаг.Монголын ард түмэн өвөг дээдэс, удмаасаа ухаантан мэргэд олныг төрүүлжээ.Агуу их эрдэмтэн Авиценна угтаа хүннү удмын хүн, сод математикч Улугбек доголон Төмөр хааны ач байсан, алдарт математикч, гарамгай усан техникч М.И.Сердюков буюу Эмгэний Борной нар нь жинхэнэ монгол хүн байв. Ингэж монголчууд бусад ард түмний ээгэн адил хүн төрөлхтний соёлын санд өөрийн хувь нэмрийг оруулж, олон мянган жилийн ажиглалт туршлагадаа тулгуурлан төрөл бүрийн эрдэм ухааны үлэмж сан хөмрөг хуримтлуулжээ.Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлтийг од гаригийн хөдөлгөөнтэй холбон ажиглаж, ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн нь монголчуудын төрөлхийн шинжих цогц нэгэн баримт юм. Улсын хаад жишээлбэл Мөнх хаан ч од зүйн ба хэмжил зүйн ухааны чамгүй мэдлэгтэн байсан ба 1256 оны үед тригонометрийг од зүйгээс салган, бие даасан ухаан болгосон "Гүйцэд дөрвөн тал" номыг монголчууд туурвисан нь европ дахинд тригонометрийн үндсийг тавьсан Региомонтагаас 200 орчим жилийн өмнө орос хэлэнд орчуулагджээ. Монголчууд од зүйг ихэд сонирхон хөгжүүлж байсан баримт нь 1428 онд Самарканд хотын орчим од зүйн судлах оргил, 1779 онд Өргөөд од зүйн судлах тусгай сургууль байгуулж байсан явдал зэргээс харахад тодорхой. 13-р зуунаас бидний өвөг дээдэс газар дэлхийгээ бөөрөнхий хэмээн лавтай хүлээн зөвшөөрч байсан төдийгүй 7/10 хувь нь ус, үлдэх 3 хувийг нь хуурай газар эзэлдэг гэж үзэж байсан нь мэдлэгийн өндөр төвшинд хүрсэн байсныг илтгэнэ.Ийнхүү монголчуудын математик сэтгэлгээг өндөр төвшинд хүргэсэн алдартай эрдэмтдийн нэгэн төлөөлөгч бол Шарайн Мянгат юмаа.
 
     Манж чин улсын хориннэгдүгээр он буюу халхын дөрвөн аймгийн ноёд Долнуурын чуулган дээр чин улсад даган ороод ганц жилийн нүүр үзэж амжаагүй байсан 1692 оны орчим тэр үеийн цахар найман хошууны нэг одоогийн өвөрмонголын Шилийн гол аймгийн нутагт эхээс мэндэлж, хөдсөн өлгийд боолгосон бяцхан амьтны дуудах нэрийг лам багш Мянгат хэмээн чихэнд шивнэж, харин дуурсах нэрийг дорнын их тооч, одон зурхайч Мянгат хэмээн түүний гайхамшигт нээлт бүтээлүүд дэлхийн чихэнд мөнхлөн шивнэснээс хойш гурван зуун элээжээ. Ухааны одонд төрсөн их хүмүүс намтар цадигаа бичиж суудаггүй, хийж бүтээхээ урьтал болгодог жамаар түүний агуу бүтээлүүд нь мөнхөрсөн хэдий ч түүх намтрынх нь хувьд баримт сэлт ховор юм.Математикийн шинжлэх ухаанд ийнхүү монголчуудын нэр төрийг өндөрт өргөсөн суутан Шарайн Мянгат /1685-1770/ тухайн цаг үеийн монголын нутгийн төв хэсэгт манжийн булаан эзлэгчдийн түрэмгийллээр өвөрмонголын цахарын Шулуун Цагаан хошуунд нүүн очиж суурьшсан монгол үндэстэн байв.
 
    Бага балчир наснаасаа Мянгатын авьяас билэг тодорч, хошуу нутагтаа алдаршсан тулд манжийн хааны ордны дэргэдээс "Математик сурах тэнхим"-д хүргэгдэн суралцаж, гарамгай сайнаар төгсөөд, улмаар хааны Тэнгэрийг сүсэглэх яаманд одон орны явдлыг тооцоолон бодох ажлыг эрхэлсэн түшмэлээр томилогдсон цорын ганц эрдэмтэн болж, даяар олондоо Их Мянгат хэмээн алдаршжээ. Ямар ч атугай манжийн хааны ордны дэргэдэх "Тоон ухаан сурах газар"-т шилэгдэн ирсэн хүүхдүүдээс авьяас чадвараар илт тасарч, цаашлан холдсоор их тоон ухаан, одон зурхай, сав шимийн ертөнцийн ухаанд шимтэн боловсорч, хааны харьяа албаны судлаач түшмэлийн албыг бараг хагас зуун жил хашихдаа, асар их судалгаа шинжилгээ хийж, бүтээл туурвилыг гаргажээ. Тухайлан цаг улирлын тооны бичиг зохиох, хянах, нар сар хэдийд хиртэхийг тооцоолон бодох зэрэг ажил үйлийг идэвхтэй сайн гүйцэтгэж байсан баримт тодорхой үлджээ.Итгэлтэй сайн гэдгийн хувьд их эрдэмтэн математикч маань манжийн хаан ширээнээ дараалан заларсан гурван хаан болох Энх Амгалан хааны үед арваад жил, Найралт төв хааны үед арван хоёр жил, Тэнгэр тэтгэгч хааны үед бараг гучаад жил дээрх албыг тасралтгүй хашсан байна. Их Мянгат Чин гүрний үед манжийн хааны албанд зүтгэж байсан нь нэг хэрэг, харин энэ ялдамд орчин цагийн математикийн ухаанд жинтэй хувь нэмэр болох гайхамшигт бүтээл туурвиж, одон зурхайг хөгжүүлж, улмаар газрын зураг хэмжих тооцооны нарийн арга боловсруулан хэрэглэж байсан нь өнөөгийн шинжлэх ухааны түвшинтэй жишихүйц байгаа нь түүний агуу том эрдэмтэн болохын хөдлөшгүй нотолгоо юмаа.
 
    Мянгатын математикийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нээлтүүд нь дэлхий дахины ач холбогдолтой болсоныг судлаачид үнэлсэн байдаг. Ялангуяа 1712 онд түүний зохиосон "Математикийн хуулийн нарийн хуримтлал" бүтээлд тоог олох хялбар арга, мөн тригонометрийн ба тригонометрийн урвуу функцүүдийг зэрэгт цуваанд задлах аргачлал, пифагорын теором, хавтгайн ба огторгуйн геометрийн сургаал, логарифм, комплекс тоо зэрэг тухайн цаг үеийнхээ математикийн бүх мэдлэгийг бүрэн дүүрэн багтаасан нийт 53 боть бүтээл нь 1722 онд ном болон бичигдсэн байдаг. Их Мянгатын энэхүү бүтээлийн ачаар хятад, япон зэрэг азийн орнуудад логарифмын сургаал нэвтрэн тархсан гэж үнэлэгддэг билээ.Түүний бүтээлүүдээр өрнө дахины математикийн ололт амжилт дорно дахинд зохих "хэмжээнд нэвтэрсэн гэж үздэг. Н. Коперникийн нар төвт сургаалыг талархан авч, дорно дахины сонорт анхлан хүргэсэн соён гийгүүлэгч хүн нь Мянгат болохыг түүх шаштирт тэмдэглэн үлдээсэн байна. Тухайлбал, Мянгатын бүтээл туурвилд ертөнцийг үзэх үзэл нь туссан байдаг нэг онцлогтой. Үүнд онцолвол "Нар дэлхийг бус, дэлхий нарыг тойрдог" гэсэн Н.Коперникийн сургаалыг зохиолдоо бүтээлчээр хэрэглэж энэ тухай "Цаг улирлын үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан нь" гэдэг алдарт бүтээлдээ, ....нарны хэлбийлтээс нартай дэлхий ойртсоноор нэг жил болно. Нарыг сар халхлахад сар хиртэнэ, нар сар хоёр өөд өөдөөсөө харах үед дундуур нь дэлхий ороход сар хиртэнэ.Дэлхий нь өндгөн хэлбэртэй, зууван дугуй, хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн... гэж нар сарны хиртэлт, манай гаригийн хэлбэр дүрсийн талаар тодорхойлон бичсэн нь орчин үеийн ойлголттой таарч байгаа юм.
 
     Хожим их эрдэмтэн Мянгатын хүү болоод шавь нар иь ухаант эцэг, билгүүн ухаанд газарчлах номт мэргэн багшийнхаа захиас гэрээсийг биелүүлж, түүний бүтээлүүдийг нэгтгэн "Тойргийн нийт хэмжээний дөт арга" хэмээн нэрийдсэн бүтээлийг нь гаргажээ.Судлаач мэргэдийн үнэлснээр дорнын гайхамшигт математикчийн тэр үеийн математик сэтгэлгээ дэндүү хол тасарсан байв.Тригонометрийн зэрэгт цувааны дэлгэмэл илэрхийллийн ёсөн томьёог их Мянгат 250 гаруй жилийн өмнө гаргажээ. "Нумын уртаас ерөнхий хөвчийг олох", "Нумын уртаас сумыг олох", "Ерөнхий хөвчөөс нумын уртыг олох" зэрэг томьёонуудыг гарган батлахдаа тригонометрийн хувиргалтын аргаар бодлогын явцийг хялбарчлах аргыг анх хэрэглэсэн байна. Энэ бол өрнө дахинд ч тухайн үед нээгдээгүй, хэрэглэж байгаагүй арга байв.Түүний хөвчийн функцын төгсгөлгүй цувааны задаргаа, дэлгэмэл илэрхийллийг гаргасан шийдэл, улмаар түүнийг тооцоолон бодсон нь үнэхээр гайхамшигтай гэдгийг орчин цагийн эрдэмтэд тогтоожээ.Хөвчийн функцын хязгааргүй алслагдах тоон утгыг бодож, Их асрахуй буюу 52 оронтой тоо гаргаж байсныг өнөө цагийн хүчирхэг компьютероор бодуулснаас зөрөхгүй байгаад бишрэхгүй хэн байх билээ.Математик хэсэглэлийн онолд чухал байр эзэлдэг каталон тоог 18 дугаар зууны дунд хирд өрнийн их математикчид нээснээр түүхэнд хадагдсан байх авч тэднээс хэдэн зууны өмнө дорнын эрдэмтэн их Мянгат ийнхүү нээсэн болохыг хятад японы судлаачид баталдаг байна.
 
     "Нум хөвч болбоос хоёулаа эс адил төрөл буюу .... хэрэв төгсгөлгүй хуваахад хүрвээс   энэ нь ч бас нийлж болохгүй зүйл биш" гэсэн гайхамшигт дүгнэлт бол чухамдаа орчин үеийн дээд математикийн дифференциал, интеграл тооллын онолын тавилгаас хазайх юм байхгүй нь ил юм. Гарамгай математикч Леонерд Эйлер /1707-1783/, Брук Тейлор /1685-1731/, Жеймс Стирлинг /1692-1770/, Шарайд Мянгат /1692- 1764/ нар математикийн бүтээл нээлтээрээ нэг цаг үеийн, нэг зиндааны суутнууд байжээ.Харин математик одон орны ухааны ном сурах бичигт дорнын энэ их эрдэмтний нэр зохих байраа эзлээгүй нь нэн харамсалтай.Их Мянгат басхүү алдартай одон оронч байжээ. Тэрбээр орчин үеийн бөмбөрцөг одон орны бодлогуудыг бодох хөрс дэвсгэр нь болох бөмбөгөр гурвалжны тригонометрийг хөгжүүлж, дэлхийн хоногийн болон жилийн эргэлт, нар сарны явдал болоод хиртэлт, зун ба өвлийн туйлын цэг, хавар намрын өдрийн тэнцэл зэргийг маш нарийн тооцоолон бодож байсан зэрэг нь, түүний бүтээлээс тод харагдана. Тэрбээр газар хэмжих ухаан гаргуун эзэмшсэн тул Чин улсын нутаг дэвсгэр дээр шинжилгээний анги удирдан, хэмжилт судалгаа хийж, газрын зургийг нь нарийн тооцоолон гаргаж байв.Бөмбөгөр гурвалжны тригонометрийг мэддэг одон орончид бөмбөрцөг дэлхийн бөөрөнд хэмжээ хязгаартай нутаг дэвсгэрийг эзлэн орших Чин улсын газрын зураг хийх асуудал сахлын будаа байсан бизээ.
 
     Ийнхүү их эрдэмтэн маань хагас зуун жил манжийн төрийн хаан ширээ дамжсан гурвын гурван хааны үед тэдний "Эрдэм ухааны хүрээлэн"-д алба хашихдаа "Цаг тогтоох үүсгэвэр" нэрийн доор "Зурхайн шинжлэл" 42 боть, "Тооны ухааны хураамж бичиг" 53 боть, "Хөгзүй 5 боть гээд нийт 100 боть цуврал болон "Зурхайн шинжлэлийн хойнох найруулал" 10 боть, "Хэмжигч багажийн шинжлэл" 32 боть, "Нар сарны эргэлтийн хүснэгт" зэрэг олон бүтээл номыг хянан тохиолдуулахад бие сэтгэлийг дайчлан оролцож байжээ. Монгол угсааны гарамгай математикч, одон оронч, газарзүйч, зурхайч гээд эрдэм ухааны оргилд гарсан энэ их эрдэмтний нээлт бүтээлийг хятад, япон зэрэг улсад сайн мэдэх боловч манайд энэ талаар тун хомс мэдцэг болой.Далан нэгнийх нь жил орсон агуу өвгөний бие чилээрхэн чилээрхсээр 1764 оны хөх бичин жилтэй золгоод тэнгэрт хальжээ.
2012-10-11 14:54:25
Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/