ДЯЯ-ны сайдын тушаал заавар зөрчсөн буюу биелүүлээгүй хүмүүсийг шууд цаазаар хороож байх тухай онцгой тушаалыг Х.Чойбалсан 1937 оны эхээр гаргасан бөгөөд түүндээ дулдуйдан ямар ч гэм зэмгүй хүмүүсийг тагнуул, туршуул, хувьсгалын эсэргүү хэмээн олноор нь баривчилж байлаа. Тухайлбал, 1937 оны зун Цэргийн яамны тагнуулын хэлтсийн дарга Б.Очирбатыг баривчилж хорьсон бөгөөд яг тэр үед ЗХУ-д нутаг заагдан сууж байсан П.Гэндэн, М.Гомбожав, Ж.Цэвээн зэрэг хүмүүсийг баривчилжээ. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссарын газар П.Гэндэн, Ц.Өлзий нарыг байцааж, тэднийг Ж.Лхүмбийн хэрэгт оролцож байсан ба түүнийг баривчлагдсанаас хойш Г.Дэмид, П.Гэндэн нар уул хэргийг үргэлжүүлж байсан гэдэг мэдүүлэг гаргуулж авсан байна.

Яг энэ үед 1937 оны 8 сарын 23-нд маршал Г.Дэмжид ЗХУ-д албан хэргээр одох замдаа хорлогдон нас баржээ. Түүнээс ганцхан хоногийн дараа ЗХУ-ын ДХАК-ын газрын орлогч сайд М.П.Фриновский БХЯ-ны орлогч сайд Смирнов, ЗХУ-аас БНМАУ-д суух бүрэн эрхт элчин төлөөлөгч С.Н.Миронов нар Улаанбаатарт ирж, Японоос БНМАУ-ыг эзлэх төлөвлөгөө гэгчийг Монголын удирдагчдад танилцуулж “хуйвалдаан” гэгч гэмт хэрэгт холбогдсон 115 хүний нэрсийн жагсаалтыг ДЯЯ-ны сайд Х.Чойбалсанд гардуулсан байна. Энэхүү 115 хүний нэрсийн дотор БНМАУ-ын яам, тусгай газар, цэргийн яамны удирдах ажилтнаас эхлээд төв, орон нутгийн байгууллагын албан хаагчид, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд байлаа. Мөн эсэргүү П.Гэндэнгийн мөрдөн байцаалтын мэдүүлэг гэгчийг бас авчирсан байлаа.
М.П.Фриновский ирсний дараахан 1937 оны 9 сарын 2-нд Х.Чойбалсанг Цэргийн Яамны сайд, Бүх цэргийн жанжнаар томилов. Ингээд 1937 оны 9 сарын 10-ны шөнө ЗХУ-ын ДХАК-ын газраас ирүүлсэн нэрсийн жагсаалтын дагуу цэрэг, төр захиргаа соёлын салбарын ажилтан 69 хүнийг нэг зэрэг баривчилснаар Монгол орныг нийтэд нь хамарсан ил залхаан цээрлүүлэлт, нийтээр нь хоморголон хэлмэгдүүлэх ажиллагаа гараагаа эхэлсэн байна. “Онцгой бүрэн эрхт комисс” гэгчийг Х.Чойбалсангаар даргалуулж, гишүүдэд нь Улсын Бага Хурлын гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав, Шүүх яамны сайд Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хамтарсан хурлаас гаргажээ. Цөөхөн хоногийн дотор олон мянган хүнийг хувьсгалын эсэргүү хэрэгт баривчилснаар шорон гяндан хүрэлцэхээ больсон учир 1937 оны 10 сарын 7-нд Ёнзон хамба Ц.Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин, Манзушир хутагт хэмээх С.Цэрэндорж тэргүүтэй 20 гаруй хүнийг яллах шүүх хурал зохион байгуулж, 16 хүнийг цаазаар авах, 5 хүнийг янз бүрийн хугацаагаар гянданд хорих, нэг хүнийг 3 жил тэнсэн харгалзахаар шийдвэрлэжээ.
Үүнээс хойш төдвий л удалгүй мөн сарын 18-21-нд Улсын дээд шүүх таслах газрын хурал эхэлж, хувьсгалын эсэргүү тагнуулын байгууллагын хэрэгт оролцсон хэмээх нэрийдлээр БНМАУ-ын Ерөнхий сайдын хоёрдугаар орлогч Г.Самбуу, Бүх цэргийн жанжны орлогч Л.Дарьзав, Цэргийн яамны жанжин штабын дарга Ж.Малж, улсын прокурор М.Ядамсүрэн, Улсын Бага хурлын Тэргүүлэгч гишүүн Б.Ламжав, Засгийн газрын нарийн бичгийн дарга Ч.Өлзий-Очир, Ардыг гэгээрүүлэх яаны сайд Ц.Баттөмөр, Хуягт бригадын дарга Д.Жамъянжав, Бүх цэргийн эмнэлгийн газрын дарга Л.Дэндэв, Жанжин штабын гуравдугаар газрын дарга Б.Очирбат, Хоршоодын холбооны орлогч дарга Ё.Жигжид, Тээх газрын дарга Д.Яндаг, их бууны хурандаа Ц.Өлзий, Дорнод аймгийн яамны дарга О.Шагдар зэрэг 14 хүний хэргийг олны өмнө таслан шийтгэжээ.
Японы тагнуулын бүлэг Монголд ажиллаж байсныг Дотоод явдлын яам соргогоор илрүүлж чадлаа гэдгийг өргөн олонд итгүүлэх явдал энэхүү шүүх хурлын зорилго байлаа.
1937 оны намраас 1940 он хүртэлх хугацаанл Дотоод Явдлын Яамнаас зохион байгуулсан хилс хэргийн дотор “Гэндэн, Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллага”, “Ёнзон хамба, Дэд хамба нарын эсэргүү байгууллага” гэгч болон тэдэнтэй холбоотой байсан гэгдэх “Улаан Пүрэвийн хэрэг”, “14-ийн хэрэг”, “Дамба, Найдан нарын хэрэг”, “Амар, Довчингийн хэрэг”, “Лувсаншарав, Лосол, Догсом нарын хэрэг”, “Баасанжав, Сэнгэдоржийн хэрэг”, “Эсэргүү нарын гэр бүлийнхний бүлэг хэрэг” гэгчид 30 000 шахам хүнийг хамруулж, 20 000 гаруй хүнийг цаазаар авч, 5700 гаруй хүнийг янз бүрийн хугацаагаар хорих ял ногдуулжээ. Нийт цаазлуулсан хүмүүсийн дотор 17 000 орчим лам хуврага байлаа1.
1 “Ардын эрх” 1998.09.18. № 214,, МАХН-ын түүхэн замнал.УБ. 1996 он, тал 74.
1937-1940 онд Монголын төрийн тэргүүнээр сонгогдож байсан Пэлжидийн Гэндэн /1895-1937/, Жанцангийн Дамдинсүрэн /1898-1938/, Лосолын Лааган /1887-1940/, Агданбуугийн Амар /1886-1941/, Дансранбилигийн Догсом /1884-1941/ зэрэг таван хүн ба ерөнхий сайд асан хэд хэдэн хүн их хэлмэгдүүлэлтэд өртөж, амь насаа алдсан юм. 1937-1940 онд Цэргийн Яамны дарга, ар тал, техникийн албаны болон улс төрийн ажилтан 70 гаруй хүн, хугацаат цэргийн албан хаагч 140 гаруй хүн хэлмэгдсэн байна. Ийнхүү 1936 онд Монголын цэрэг армид алба хашиж байсан 1706 дарга нарын тал илүү хувийг “эсэргүү дайсан” хэмээн баривчилсан ба 760 гаруй дарга Х.Чойбалсангийн 221 тоот тушаалын дагуу өөрсдийгөө тагнуулын хэрэгт холбоотой хэмээн илчилж, ялтны ширээнд шилжсэн буюу ажлаасаа халагджээ.
Эцсийн эцэст Монголд болсон улс төрийн хэлмэгдүүлэлт нь их гүрнүүдийн хоорондын ашиг сонирхлын мөргөлдөөн, геополитикийн хаялга байсан юм.

 

Бусад мэдээ

Sep 07, 2020 70

БОГД ХАН УУЛ

Sep 02, 2020 68

АЛТАН ОВОО

Sep 02, 2020 36

Яруу найраг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/