Уншиж байна...
1935 оны 12 сарын 11-нээс 1936 оны 1 сарын 9-нд айлчилсан БНМАУ-ын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЦЯЯ-ны сайд Г.Дэмид, ДХГ-ын дарга Д.Намсрай нар орсон бөгөөд И.В.Сталин, К.Е.Ворошилов, В.М.Молотов нартай уулзаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагаа хийгээд харилцан туслалцах талаар бэлтгэгдэж байгаа протоколын тухай ярилцсан байна. Манай төлөөлөгчид зэр зэвсэг, цэргийн мэргэжилтнээр туслахыг хүсэж байжээ. Харин Сталин улаан армийн “моторчилсон хоёр бригад бүхий хүчийг Монголд оруулахаа мэдэгдсэн” байна. Төлөөлөгчдийг буцаж ирсний дараахан хуралдсан МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар Гэндэн, Дэмид, Намсрай нарын тайланг хэлэлцээд, ЗХУ-аас цэргийн тусламж хүсэхээр шийдвэрлэжээ. Манжуурын бага хурал мухардалд орж, ЗХУ, Японы харилцаа хурцдах өнгө аястай болсон энэ үеэр Ерөнхий сайд А.Амар тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д айлчилж, Зөвлөлтийн удирдлагуудтай уулзаж, нэлээд хэмжээний тусламж зээл, цэрэг армийн санхүүжилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэжээ. Дэлхий нийт 731 дүгээр отряд хэмээн алдаршсан тусгай анги 1939 оны 7 сард ирж, улмаар ихээхэн хэмжэний янз бүрийн бактери голын усанд хаяжээ. МАХН-ын X их хурлаар намын шинэ программ, дүрэм хэлэлцэж баталжээ. Намын программд ардын хувьсгалын жилүүдэд тус орны нийгэм, эдийн засгийн хөгжилд гарсан үндсэн өөрчлөлтүүдийг дүгнээд, ардын хувьсгал нь монголын ард түмэнд “капиталын ёсны бус” замыг нээсэн гэжээ. БНМАУ-ын ойрын жилүүдэд тавих үндсэн бөгөөд шийдвэрлэх зорилгуудыг программд заахдаа: “тус орны улс ардын аж ахуйг бүхий л аргаар хөгжүүлэн, ардын хөдөлмөрийн аж ахуйг өргөнөөр хөгжүүлэхэд улсаас дэмжих, хөдөлмөрчин ардуудаас сайн дураар хамтран нэгтгэхэд улсаас туслах, машинаар өвс хадах морин станцуудыг өргөнөөр хөгжүүлэх, тус оронд аж үйлдвэр тээврийг хөгжүүлэх, түүнээс капиталын ба мөлжигч этгүүдийг хязгаарлан зайлуулах, хөдөлмөрчин олны аж байдлыг ухралтгүй дээшлүүлэх, түүнчлэн тус оронд шинжлэх ухаан ба техникийг бүхий л аргаар хөгжүүлэх, хүн ардын үсэг бичиг ба боловсролыг дээшлүүлэхэд оршино”1 гэжээ. Намын программд тус улсын эдийн засгийг хөгжүүлэхдээ улс, хоршоолол болон хувийн жижиг аж ахуйг өөрөөр хэлбэл олон хэвшлийг түшиглэх, ингэхдээ “... мөлжигч этгээдийг хязгаарлах ба зайлуулах тийм бодлогыг тус намаас тавимой”2 хэмээжээ. Программд бас намын удирдах роль, түүний аж ахуй, соёлын салбаруудыг зохион байгуулах чадварыг дээшлүүлэхийн хамт марксист-ленинист онолын бэлтгэлийг эрс сайжруулах зорилтыг өндөр хэмжээнд тавьжээ. “МАХН Маркс-Энгельс-Лениний сургаалыг ганцхан зөв шинжлэх ухаан гэж батлан үзэж, өөрийн ажилд удирдлага болгон явуулж, монголын ард түмний тэмцлийг чиглүүлнэ”3 гэж программд онцлон заасан байна. Хэдий тийм боловч, намын программ, дүрмийн тухай илтгэлийг хэлэлцэх явцад МАХН бол коммунист нам биш, чухамхүү ардын хувьсгалт нам мөн хэмээн үзэж байлаа. Их хурал Намын Төв Хороог байгуулж, тэргүүлэгчдээр Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Д.Дамба, Д.Доржпүрэв, Ж.Лхагвасүрэн, Ч.Сүрэнжав, С.Янжмааг, орлогчид Б.Дамдин, С.Магсар нарыг сонгож, Ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх тушаалыг шинээр буй болгож, түүнд 24 настай залуу Юмжаагийн Цэдэнбалыг сонгожээ. 1 МАХН-ын их, бага хурал, Төв Хорооны бүгд хурлуудын тогтоол шийдвэр. 2 хэсэг. /1940-1966/ УБ. 1956. Тал 49. 2 МАХН-ын 10-р их хурал. УБ.1970. тал 174. 3 Мөн тэнд. Үндсэн хуульд анх удаа МАХН бол улс, нийгмийн бүх байгууллагуудыг удирдан чиглүүлэгч үүрэгтэй гэж намын удирдан чиглүүлэх үүргийг хуульчлан тогтоожээ. Үндсэн хуулийн энэхүү заалт нэг нам-Монгол Ардын Хувьсгалт Намын ноёрхлыг бэхжүүлэх, хэмжээ хязгааргүй болгохын үндэс болжээ.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/