Уншиж байна...

Одоогоос 750 орчим жилийн өмнө буюу 1260 оны 9 дүгээр сард эх нутагт нь намрын налгар шар нар төөнөж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири, Израилын хил дээрх Голаны өндөрлөг гэх хүний нутгийн тэнгэрт монголын цэргийг муу ёрын сүудэр дайрч байлаа. Энэ цэргүүд бол Лалын ертөнцөд эр зоригийн тууль болон үлдсэн монгол жанжин Хэт Буха ноёны удирдсан цэргүүд байсан юм.

1260 онд Хүлэгүхаан Лалын ертөнцийгэзлэн дуусгаж, ИхХаан Мөнхийн тушаалыг биел үүл ээд Газар дундын тэнгисийн эрэг дээрээс морио усалж лалын ертөнцийг бүрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа. Гэтэл яг энэ үед Мөнх хаан өвчний учир таалал төгсөж хаан ахаа алдсан Хүлэгү хаан дайнаа зогсоож, хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха ноёноор удирдуулан орхиж гол хүчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын хаан Бэрхтэй кавказын нуруу орчмын орнууд түүн дотроо Армян, Азербейжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха ноён бол Хүлэгү хааны шадар жанжин бөгөөд түүний хамт Багдадыг эзэлж, халифыг даран сөнөөж, Иранд исмайлитуудын улсыг мөхөөсөн туршлагатай жанжин байсны дээр хааныхаа адил христос мөргөлтөн байв. Хүлэг хаан буцмагц Хэт Буха ноён өөрийн элчийг 40 нөхрийн хамт Египет рүү илгээж "Мөнх хөх тэнгэрийн зарлигаар хөхрөгчид хөх тэнгэр, хөрстөд монголчууд эзэн суух таалалтайг сануулж, үүний эсрэг зогссон хэн бүхэн, тэдний гэр бүл бүхэлдээ хүйс тэмтрэгдэх бөгөөд бидний хүч чадал Истандарийн Рустамаас илүү болно. Ийм учир бийд та нар бууж өгч элчээ ирүүлж, хүндлэл үзүүл, эс бөгөөс байлдахад бэлтгэ" гэжээ.


Энэ үед Египетд байсан Мамлюкын улс бол монголын эрхшээлд ороогүй лалын сүүлчийн улс байсан бөгөөд түрэгүүд Египет, Сири, Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск төвтэй улс байлаа. Хаан нь Кутуз гэх түрэг хүн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард түмний талархлыг хүлээсэн байж. Түүний цэргийн гол хэсэг нь Хорезмын сүүлчийн хан хүү Желал Аддины цэргийн үлдэгдэл, тэдний үр сад байсан гэдэг. Дээр явуулсан монголын элч мөн нэмж ингэж хэлжээ: "Хүлэгү хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч халиф, султан, малик түүнийг сөрөн зогсож чадаагүй бөгөөд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд түүний ах их хаан Мөнх нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч түүний арслангийн зоригт, луугийн хүчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал түүнийг хэн ч зогсоож чадахгүй бөгөөд та нар үтэр түргэн бууж өг" гэж шаарджээ. Харин Мамлюкын хаан өөрийн шадар түшмэдүүдийн хамт зөвлөж: "Бид бууж өгсөн ч байлдсан ч биднийг зөвхөн үхэл хүлээж байна, иймд байлдая, ухрах газар бидэнд үгүй, ар талд Хойд Африкийн элсэн цөлөөс өөр ухрах газаргүй" гэж ярилцаад монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхүү зоригтой шийдвэрт нөлөөлсөн бас нэгэн хүчин зүйл бол Хүлэгү хаантай муудалцсан Алтан Ордны хаан Бэрх энэ үед элч илгээж Мамлюктай цуг Хүлэгүг дайлж лалын шашны сүр хүчийг сэргээе гэжээ.

Бэрх лал шашинтан гэж өөрийгөө нэрийдэж байсан боловч үнэндээ түүнд Хүлэгтэй муудах гол шалтгаан бол Чингисхааны үеэс Зүчийн үр садад хүртээсэн Кавказын нурууны өмнөд хэсгийн бэлчээр сайт нутгийг Хүлэггэй булаацалдсан явдал бөгөөд энэ нь ч бас зөвтгөх талтай байсан юм. Даарин дээр давс гэж Хүлэгү хааны цэрэгт хүч өгч, Багдадыг эзэлж явсан Зүчийн удмын 3 ханхүү учир битүүлэгээр түүний ордонд нас барж, тэдний албат нар "ханхүү нар хор ууж үхсэн" гэж баталсан аж. Бэрх хаан лал шашинд талтай байсан нь үнэн боловч үндсэн шалтгаан нь дээрх явдал гэж үзэх бүрэн үндэстэй байв. Үүгээр ч зогсохгүй чухамдаа Өгөдэйн удмаас хаан ширээг Тулуйн удмын Мөнх хаанд авч өгсөн гол хүн бол Батын заавраар гардан гүйцэтгэсэн Бэрх байсан бөгөөд "тэжээсэн бяруу тэрэг эвдлээ" гэж хэлэхээр байдал үүсжээ.

Мамлюкууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгүйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгүйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай. Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин элч зарж Мамлюкын цэргийн хөдөлгөөнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгүй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха өөрийн ухарч няцаж байгаагүй хүчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ. Дайснууд нь монголчуудаас үнэхээр айн сүрдэж байсан агаад тэдний дайралт ч няцаагдашгүй байсан тул олон дахин давуу хүчтэй мамлюкийн арми цохигдож ухрав. Гэвч Кутузын цэргийн голлох жанжин Бэйбарс байрлалаа өөрчилж нууц отолтонд хэсэг хүчээ оруулан улмаар мөрдөж байсан дайснуудаа бүсэлж цохисон нь монгол цэргийн аргаар өөрийг нь давшуулж болгоомж сэрэмжийг нь алдагдуулаад цохисон хэрэг болжээ.

Энэ үед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан: "Хүлэгү хаандаа ялагдлын мэдээ дуулгаж, түүний урмыг хугалснаас баатар зоригийг үзүүлэн байлдаж дуусъя. Бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар хааны цэргийн эхнэрүүд бэлэвсэрнэ, үнасан азарга маань үрэгдвэл хааны адуун сүргийн гүү нэгэн жил унагалахгүй, гэвч хаан биднээр бахархаж бидний өшөөг авах болно" гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргүүд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггүйгээр байлдсаар улмаар зугтан ухрах аргагүйд болж амьдаараа олзлогдсон байна.

Мамлюкын цэрэг ойд орж бүгсэн монгол цэргийг ойг шатаан шахаж хядаад, улмаар монгол цэргийн хүрээг эзэлж тэнд байсан хүүхэд, эмэгтэйчүүд түүний дотор Хэт Буха ноёны хатанг олзлон, бусад хүмүүсийг бүгдийг нь буруу номтныг өмгөөлж хамгаалсан хэмээн тарчилган цаазалжээ. Хэт Буха Ноёныг мамлюкын хаан Кутузын өргөөндөө авчирч "Худал үг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хүүхдийг хөнөөсний төлөө буруу номтон чамайг цаазаар авна" гэжээ. Үүний хариуд хүлээтэй байсан Хэт Буха эгц өндийн босож ирээд оггхон ч айсан шинжгүйгээр: "Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би үүнийг чиний биш бурхны таалал гэж үзнэ. Чиний өнөөдрийн ялалт бол хэсэг зуурын юм, энэ мэдээ Хүлэгү хаанд хүрмэгц түүний хилэн бадарч Азербейжанаас Египет хүртэл өшөө хорслын тэнгис буцалж, Мамлюкын нутаг монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна. Хүлэгү хаанд над шиг цэрэг эр гучин түм бий бөгөөд түүний зөвхөн нэг нь би" гэжээ.

Түүний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кутузыг цочроож түүнийг үгэр цаазалж толгой rap хөлийг салган Мамлюкын нутгаар шонд тараан өлгөж дайсандаа сүрдүүлэг өгөхийг зорьсон гэнэ. Үнэхээр Кутуз султан түрхэн зуур баярласан бөгөөд хэдхэн хоногийн дараа өөрийн цэргийн жанжин Бэйбарсын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хүлэгү хаан ихэд харамсан гуниглаж, түүний нэрийг мөнхлөн, үлдэж хоцорсон гэр бүлийхнийг нь тэтгэж халамжилсан байна. Харамсалтай нь, Алтан Ордны Бэрх хаан, Мамлюкын шинэ хаан Бэйбарс нартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцүү болсноос Хүлэгү хаан баатар эрийнхээ өшөөг авч чадаагүй ажээ.Энэхүү тулалдааны ач холбогдолыг лалын түүхчид өндрөөр үнэлдэг боловч энэ тулалдаан лалын ертөнцийг ноёрхох монголын санаархалд саад болоогүй билээ. Үүнтэй ижил төстэй нэгэн жишээ бол, 1380 онд Куликовын талд Монгол цэргийг цохисон хэмээдэг оросын түүхчдийн жишээ билээ. Ил Хааны улс Мамлюкгай 1269, 1277,1280,1299, 1300, 1302 онуудад олон удаа байлдсанаас 1299 онд Ил хааныхан Дамаскийг эзэлж Хэт Буха жанжныхаа өшөөг авсан байда. 1399 онд Доголон Төмөр Хаан бас нэгэн удаа Дамаскийг эзлэн түрэмгийлж галдан шатаасан юм.

Энэхүү удаан үргэлжилсэн амжилтгүй дайныг судалсан эрдэмтэд олон хүчин зүйлийн нөлөөг авч үзэхийг санал болгосон байдаг. Сирийн нутаг бэлчээрийн даацгуй байсан, мамлюкын удирдагчид монгол цэргийн бүрэлдхүүнд байлдаж явсан, монгол цэргийн тактикийг мэдцэг байсан, Ромын Паптай холбоо тогтоосон Ил хааныхан түүнийгээ ашиглаж чадаагүй, нөгөө фронтод Алтан Ордны хаадтай давхар байлдаж байсан, зэрэг олон хүчин зүйл нөлөөлсөн байдаг.Хэдийгээр монголчууд Мамлюкын улсыг бүрэн мөхөөж чадаагүй ч лалын ертөнцийг бүхэлд нь эрхшээлдээ байлгасан болно. Ил хааны улсын хаад өөрсдөө лалын шашинд 1295 онд албан ёсоор орсон бөгөөд лалын ертөнцийг удирдан чиглүүлэгч гол хүчин болон хувирсан бөгөөд түүний халааг авсан Доголон Төмөр хаан ба монгол угсааны Жалайрид улсууд нийтдээ 200 гаран жил 1460 оныг хүртэл энэхүү үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүхийг өөр өөрийн өнцгөөс харан тайлбарлах нь үндэстэн бүрийн эрх бөгөөд монголын залуу хүн болгон ийм нэгэн тулалдаан болсныг мэдэж, монгол баатар эрсийг сэтгэлдээ хүндэлж явахад илүүдэхгүй болов уу.
Мэдээ оруулсан: undesten

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/