Уншиж байна...

Чингис хааны ертөнцийг үзэх үзлээс та бүхэнтэй хуваалцаж ярья. Яагаад гэвэл өнөөгийн бидний ертөнцийг үзэх
үзлийн эхлэл нь чухам түүнд байгаа юм аа. Эзэн богд Чингис хаан маань ямар үзэл бодолтой, юу сэтгэж, юу бүтээсэн хүн юм бэ? Та бүхэн Чингисийг ямар үзэл бодолтой хүн байсан гэж боддог вэ? Тэгэхээр Чингисийг хөдсөн дээл өмссөн, сэлэм далайсан, морь унасан зэрлэг бүдүүлэг овгийн баатар гэж гадаадынхан төсөөлөн бичиж, дотоодынхон нь ч энэ төсөөллийг нь хуваалцаж иржээ.

Чингис ертөнцийг үзэх өөрийн үзэлтэй байжээ. Чингис хааны ертөнцийг үзэх үзлээс зөвхөн төрийг үзэх үзлийн талаар л ярья. “Бие хэврэг, билиг мөнх” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь хүний оюун ухаан, оюун ухаанаар бүтсэн юм, хүний сэтгэлгээ мөнх юм гэсэн үг. Харин бие бол ертөнцийн жам ёсоор мөнх бусыг үзүүлээд байгаль дэлхийдээ шингэдэг. Хүн бодож сэтгэж байгаа юмаа бүтээж үлдээж чадвал тэр нь мөнх гэсэн үг. Ингэж чадсан хүн бол Чингис хаан.

“Вашингтон пост” гээд Америкийн том сонин бий. Тэр сонин дэлхийн “Мянганы хүн”-ийг тодруулсан. Энэ мянганд хамгийн суут хүн Чингис хаан байсан. Гэхдээ яаж, ямар шалгуураар энэ хүнийг тодруулсан бэ? Зүгээр л энэ Чингис чинь мянганы хүн байна гээд хэлчих үү? Дэлхийг хэн агшаав? Агшаана гэдэг маань энэ дэлхий гэдэг чинь их жижигхэн юм байна шүү гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг нэг хэмжүүр, энэ дэлхийн ард түмний арга технологийг хэн урагшаа ахиулав гэдэг хоёрдугаар хэмжүүр, энэ дэлхийг хүн эзэгнэж байдаг юм гэдгийг хэн мэдрүүлэв гэдэг гурван хэмжүүрээр дэлхийн бүх алдартнуудын нэрийг оруулаад цахим тооцоолуураар шалгасан байна. Тэнд Шекспир, Колумб, Напалеон, Македоны Александр гэх мэтчилэнгээр дэлхийд хамгийн алдартай хүмүүсийн нэр орсон. Тэгээд цахим тооцоолуураар шинжлэх ухааны үүднээс тооцоолоход дээрх гурван хэмжүүрийг хангасан хүн ганцхан Чингис хаан байсан. Америкчууд бас үүнд итгээгүй ээ. Дараа нь Нью-Йорк Таймс сонин бас энэ гурван хэмжүүрээр оруулсан. Дахиад л Чингис хаан тодорсон.

Ийнхүү Чингис хаан үнэхээр аугаа хүн гэдгийг дэлхий өнөөдөр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Чингис хаан энэ Монголоо нэгтгэхгүй бол ерөөсөө сүйрэх нь гэдгийг ойлгосон байсан. Тийнхүү хамгийн түрүүнд Монгол овогтноо нэгтгэх бодлого явуулсан. Чингисийн ухаантай, авъяастай, дайчин гэх мэт бүх чанарууд нь олон Монгол овогтны удирдагчид дотроос товойгоод ирэхээр тэдгээр овог аймгуудын ахлагчид атаархаж эхэлсэн. Ер нь манайхны нэг зовлонтой зүйл нь жаахан товойгоод гараад ирснийгээ заавал татаж унагах гээд байдаг шүү дээ. Яг тэр зүйл 13-р зуунд ч байсан байна. Чингисийг унагах гэсэн олон дайсан байсан. “Монголын нууц товчоо”-г уншихад Чингис тэдний нэг рүү нь ч довтолдоггүй, бүгд л Чингисийг довтолсон байдаг. Харин Чингис хариу бариад л байсан. Тэгсээр байгаад Их Монгол Улсыг байгуулсан.
Онон мөрний хөвөөн дээр, Ононы цэгээн нуур гэж бий. Түүний хойд эрэг дээр есөн хөлт цагаан тугаа босгоод Их Монгол Улсаа байгуулахдаа Чингис хаан, “Мунгинан явж, намайг зовон зүдэж зонхилон хурахуй мунлаж зоволдон жаргалдан хүчээ үлэмж өгсөн молор эрдэнэ мэт энэ бүх Бэтэ улс минь мүнээ үзтэл зовбоос бээр ерөнхийгийн гол болсноор хөдлөхийн дээд Хөх Монгол гэж хэмээгдэжүхүй” гэж хэлжээ.” Хөх Монгол гэдэг нэр эндээс үүдэлтэй. Энэ бол Саган цэцний “Эрдэнийн товч”-д бичээстэй байгаа. Их Монгол Улс аугаа их хаантай, аугаа их хаанаа сонгодог их хуралдайтай байсан. Хуралдай гэдэг нь одоогийн парламент шүү дээ. Монгол бичиг гэдэг төрийн бичигтэй, улсын шүүгчтэй, шүүгч нь Шихихутаг, улсын зурхайчтай, тэр нь Үсүн гэдэг хүн байсан. Дөрвөн түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, аравтын тогтолцоонд хуваасан цэргийн зохион байгуулалттай. Төрийн алтан аргамжааны бодлоготой.
Энэ нь дипломат бодлого шүү дээ. Төр улс ямар байх ёстой, тэр бүхнийг цогцлуулсан улсыг Чингис хаан анх байгуулжээ. Хуралдайгаар сонгогдоод хаан болчихлоо. Төрийг яаж барих вэ? Чингис хааны төр барих бодлогыг “Төрийн алтан хайрцагны бодлого” гэдэг байсан. Энэ бодлогод Их Монгол Улсын хуралдайгаар сонгогдсон хаан авч явах ёстой гэж үзэж байсан нь Би гадас болж өрийг бэхлэн сахиж Аргамж болж Улсыг барин хатуужсу гэж хэлснээс нь илт юм. Шударга, харцаа дэмждэг, хамгийн мэргэн ухаантай хүнийг авч ажиллуулж чаддаг, ард түмнээ жаргааж, төрийнхөө эв нэгдлийг баталгаажуулж чаддаг гэх мэт олон сайн шинж чанарыг агуулсан хүн л хаан болж чадна.
Энэ нь Чингисийн үр хүүхэд, жанжин цэрэг нартаа сургасан сургаал, захисан захиасаас нь тодорхой байдаг. Тухайлбал, “Хаан хүний явдал үсний төдий ч хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал...” гэх буюу “Өчигдөр сая сууриндаа сууж хаан болмогц энэ өдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс эдүгээ их төрд харшин, хойтод үр ач нарт муу суртал болмуй: Дэлхий дахины ямарваа үйлс зүтгэхээс бүтмүй. Алжуугаас бүрэлмүй” гэж айлдаж байлаа. Мөн “Өргөмжлөх цолыг миний үр ач нар бүү хэрэглэ. Өөрийгөө ихэмсэглэн магтах, магтуулах хэрэггүй. Өөрийнхөө нэр дээр “хаан” гэдэг ганц үгийг л нэмэхэд болно” гэж захиж байлаа. Тэгвэл төр нь ямар байх ёстой вэ?

“Хаан хүний төр харанхуйд үл төөрөлдьюү. Ханьд үл эндэгдьюү” хэмээн нэгэнтээ Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь элдэв хүмүүсийн ятгалга, элдэв санаанд автахгүй, нэгдмэл нягтармал, эв нэгтэй төр байх ёстой гэсэн үг юм.
“Төрийн бат бэх байх нь бодлогын сайнаас, хуулийн чангаас болмуй”, “Сэтгэл хэмээгч биеийн эзэн. Сэтгэл мунхарваас бие даруй хэвтэнэ. Эзэн хэмээгч улсын хаан, эзэн ташаарваас улс даруй мөхнө” хэмээн мөн айлджээ. Тэгэхээр хаан хүн гэдэг бол хэзээ ч алдаж болохгүй. Энэ бол манай эзэн хаанаас 800 жилийн өмнө өнөөдрийн төрийг барьж байгаа хүмүүст үлдээсэн захиас гэж хэлж болно. Өнөөдөр улс төрчид алдаад л байвал улс орон маань доройтоод л байна. Хамгийн ухаан билигтэй хүн төрийг атгалцахад оролцоно гэж Чингис хаан үзэж байсан. “Онгоц үйлдэн сэлүүрийг нь зохиохуй нь гол мөрнийг гатлахын тулд болой. Эрдэмтэн ухаантныг сонгон авах нь төрийн жолоог атгалцахын тулд болой” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Төрийн жолоог мэргэн билигтэй, ухаантай түшээд атгалцах ёстой гэж үздэг байжээ.
Тэгж ч чадсан. Мухулай, Боорчи, Сүбэдэй, Зэлмэ гээд есөн өрлөг, мөн гадны ухаантай эрдэмтэй хүмүүсийг орчуулагч зэргээр авч ажиллуулдаг байсан. Хятадын “Чингис хаан” гэдэг кинонд Елүй чуцай гээд хүн Чингисийг бараг хамраас нь хөтлөх шахаад яваад байна аа даа. Монголын ганц ч сурвалж бичигт Елүй чуцайгийн тухай байхгүй. Юань улсын түүхэнд нэг ганц хоёр хуудас байдаг юм. Гэхдээ тэр бол Хятад түүхчийн бичсэн зүйл. Монгол төрийг байгуулахад Елүй чуцай огт оролцоогүй шүү дээ. Тэр чинь бүр сүүлд Алтан улстай байлдаж явахдаа олзолж авсан хүн. Тэр кинон дээр Чингист заагаад сургаад л, төрийн бодлогод оролцоод яваад байх шиг гардаг. Үгүй шүү дээ. Монгол төрийн бодлогыг монголчууд өөрсдөө явуулж байсан. Чингисийг жаахан алдаа, ташаарал гаргавал есөн өрлөг нь засаж зааж хэлдэг байсан. “Алтан товч”-д ч байна. “Нууц товчоон”-д ч тодорхой бичээстэй байна. Хамаг Монгол, Их Монгол Улс бол жинхэнэ монгол ухаанаар, өөрөөр хэлбэл Чингис хааны ухаанаар үүсч хөгжсөн юм.

Төр ард түмнээ жаргаах бодлого явуулах хэрэгтэй гэдгийг хаантан дэндүү ухаарч байлаа. Нэг удаа Чингис хаан Алтай уулан дээр гараад хатад, охид, жанжид цэргүүд, ард иргэддээ хандаж, “Миний мэргэн харваач, цэрэг дайчид маань ойн гоолин нарс мэт жигдрэн нүүгэлтээд л, хатад, бэрс, бүсгүйчүүлийн маань хацар гал сарнай мэт улаа бутраад л байх юм. Миний сэтгэлдээ эрхэмлэж хатангитан санах нь, эднийхээ аманд амтат чихэр хүлхүүлж, биеийг нь алтан саат хоргойгоор өвч чимж, эдэндээ харгам сайн аргамаг хөлөглүүлж, эднийгээ усны тунгалаг, амттайгаас ундлуулж, мал сүргийг нь соргог сэрмүүн бэлчээрт идээшлүүлж, их замаар урагшлуулахад хотол зоны хөлд тээглэж байгаа чөдөр өвс, сөрдгөр узуур зэрэг тээртэй бүхнийг арилгаж өгөх болой” гэж хэлсэн байна. Тэрчилэн “Эзэнт гүрний харъяат хэн ч бай, монгол хүнийг боол буюу зарц болгож болохгүй” гэж хуульчилан заасан байна. Боолын худалдаа цэцэглэж байсан тэр аймшигт үед монгол хүн хаана ч цээж түхэгэр, толгой гэдгэр, омог бардам явж байж шүү.

Хүүхдүүд ээ, та нар бол монгол ээжийн ангир уургийг хөхөж, монгол эхийн бүүвэйн эгшгээр манцуйнаасаа гарч, өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаа гоц авъяастнууд юм байна шүү дээ. Би их баярлаж байна. Монголчууд дотор олон гоц авъяастан, болдогсон бол бүгдээрээ гоц авъяастан байгаасай. Тиймээс та бүхэн Чингис гэдэг энэ аугаа хүнээ, Чингисийн энэ аугаа бодлогыг судлах хэрэгтэй. Чингисийг манай эзэн хаан гэж мухар сохроор шүтэхээсээ өмнө ертөнцийг үзэх үзэл, дотоод оюун сэтгэлгээгээрээ ямар хүн байсныг мэдэх хэрэгтэй. Тэгвэл бид түүн дээрээ дөрөөлж урагш хөгжинө. Та аль 800, 900 жилийн өмнөх Чингис хаан гээд улирсан баларсан юм яриад байх юм гэж зарим хүн хэлдэг. Энэ буруу. Яагаад гэвэл өнгөрсөн үе дээрээ суурилж байж өнөө үеэ бүтээн байгуулдаг учраас өнгөрснөө мэдэж байж ирээдүйгээ тодорхойлно. Та ирээдүйн тухай ярь л даа гээд байдаг. Би ирээдүйг харж чадахгүй. Би үзмэрч биш. Ирээдүйг харж болохгүй. Харин төлөвлөж болдог. Ирээдүйд тийм юм хийнэ гэж төлөвлөж болно. Бүтэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэрнийг бүтээхийн тулд бид өнгөрсөн түүх дээрээ суурилах ёстой.
Би “Монголын нууц товчоо”-г хүүхэд байхаасаа л уншиж эхэлсэн. Хэд дахин уншсаныг мэдэхгүй. Энэ ертөнцийг үзэх үзлийн талаар 1996 оноос судалж эхэлсэн юм. “Нууц товчоо”, “Алтан товч”-ийг үзээд байхад Чингисийн гоё гоё сургаал гарч ирдэг. Энэ сургаалиудаар жижигхэн ном хийе гэж бодоод “Чингисийн оюун билгийн соёрхол” гээд өврийн ном бичсэн. 1999 оноос хойш 100 гаруй номыг Англи, Орос, Монгол хэл дээр уншиж байж энэ бүх сургаалиудыг цуглуулж авсан. Тэгээд “Хөрстөд ганц Чингис хаан буюу хөх Монголчуудын өлзий учрал” гэдэг ном бичсэн юм.

“Алтан товч” -д Чингис хаан бол хаан хүний 35 эрдмийг эзэмшсэн байсан” гэж гардаг. Чингис хаан яагаад энэ Бурхан халдун дээр гарч бясалгал хийдэг байсан юм бол гэж би боддог. Чингис хааны үзэл суртлын гол баримтлал нь Мөнх Тэнгэр гэж байлаа шүү дээ. Тэр үзэл баримтлалаар бол Мөнх Тэнгэрээс ирж байгаа эрч хүч, дэлхийгээс цацарч байгаа эрчим хүч хоёрын солбицол дээр Чингис хаан бясалгал хийдэг байсан. Тэнд гурван хоног сууж бясалгал хийгээд, “Бид дайнд ялах юм байна” гээд л морддог байж шүү дээ. Хятад руу аян дайнд мордохдоо ч тэгсэн. Сартуул руу ч мөн адил. Хүнээс байнга энерги, эрчим хүч цацарч байдаг. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдоод баттай болчихсон зүйл. Чингис хаанд өөрт нь онцгой эрчим хүч байсан. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс ирж байгаа дохио, газраас ирж байгаа эрчим хүч хоёрыг солбицол дээр суугаад юмыг онцгой мэдрэх чадвартай байсан. Дээр нь хаан хүний 35 эрдэм нийлээд энэ хүн дэлхийн мянганы суут хүн болж чадсан.

Ер нь хүн амжилтад хүрье гэвэл авъяас билгээс гадна оролдлого, зүтгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд барилдаан, зодоон биш оюун ухааныг шүтэх хэрэгтэй. Бид үзэлцвэл оюунаараа үзэлцье л дээ. Үүнийг л Монголын хүүхэд залууст захина. Би үүнийг телевизээр ярих болгондоо хэлдэг. Өнөөдөр ч би үүнийгээ давтаад л хэлж байна. Оюун ухаан мандах болтугай.

Соёлын гавъяат зүтгэлтэн, доктор, профессор Г.АКИМ

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/