Уншиж байна...

Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгчдийн нэг, Богд хаант Монгол Улсын цэргийн жанжин, Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Эл түүхэн үйл явдалтай уялдуулан ШУА-ийн Түүх, угсаатан судлалын хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуутай ярилцлаа.


Бид яагаад Манлайбаатар Ж.Дамдинсүрэн гэдэг хүнийг Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тууштай тэмцэгчдийн нэг хэмээн нэрлэх болов ?
-Монгол Улсын тусгаар тогтнолыг авчрахад олон шилдэг удирдагч нөлөө үзүүлсэн гэдгийг хүн бүр мэднэ. Тэгэхдээ Манлайбаатар Ж.Дамдинсүрэн тэдгээр удирдагчдаас тусгаар тогтнолын үнэ цэнийг илүү өндөрт өргөж чадсан төрмөл жанжин байсныг түүх гэрчилнэ. Тэрээр 1871 онд Хөлөнбуйрын Шинэ Барга Зүүн гар Шулуун цагаан хошууны нутаг “Цагаан хошуу” хэмээх газар (өнөөгийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга Зүүн хошуу)-ын Хүйцэлэг овгийн Өлзийн Жамсрангийн гурав дахь хөвгүүн болон мэндэлсэн. Эцэг, эх нь түүнийг 7-8 настайд нь гэрийн багшаар монгол, манж бичиг заалгасан бөгөөд тэрээр 14 настайдаа Шинэ Барга Зүүн гарын Бүгдийн даргын яамны монгол, манж үсгийн туслах бичээчээр ажиллах болжээ. Улмаар 18 настайдаа хуяг цэрэг болж, цэргийн эрдэмд суралцсан бол 20 настайдаа Бүгдийн даргын яамны орлон бичээч, жинхэнэ бичээч, тэргүүн бичээчийн албанд тус тус дэвшин ажиллаж байгаад 39 насандаа сумын занги болжээ. Тэр цагийн хууль ёсны дагуу сумын занги болмогц Манжийн эзэн хаанд бараалхдаг байж.
Тэр уламжлалаар Ж.Дамдинсүрэн Бээжин хотод очих үеэрээ Халхын Түшээт хан аймгийн Чин ван Ханддоржтой танилцан монгол үндэстэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх цаг болж байгаа тухай ярилцан, санаа сэтгэл нэгдсэн талаар түүхийн сурвалжид бий. Монголчууд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Манжийн ноёрхлыг устган, Богд Жавзандамбыг хаанд өргөмжилж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаар монгол үндэстнүүд эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэлд босов. Дараахан нь буюу 1912 оны 1 дүгээр сарын 15-нд Хөлөнбуйрын монголчууд манж, хятад түшмэд, цэргийг нутгаасаа хөөн гаргаж, газар орноо эзлэн авсан. Энэ тэмцэлд идэвхтэй оролцон, удирдсан хүний нэг нь сумын занги Ж.Дамдинсүрэн байв.
Баргын ноёдын хурлаас тусгаар тогтносон Монгол Улстайгаа нэгдэхээр шийдвэрлэж, сумын занги Ж.Дамдинсүрэн, түшмэл Пунцаг, бичээч Гайхасу нарын долоон хүнийг хүсэлт бичгийн хамт Нийслэл Хүрээ рүү илгээсэн байна. Тухайн үед Богд хаан Хөлөнбуйрын монголчуудын хүсэлтийг ёсоор болгон, тулгар төрд хүчин зүтгэхээр ирсэн занги Ж.Дамдинсүрэнд Улсад туслагч гүнгийн зэрэг олгож, Гадаад Хэргийг Бүгд Эрхлэн Шийтгэгч Яамны дэд сайдаар томилжээ. Энэ үеэс Ж.Дамдинсүрэнгийн улс төр, цэргийн үйл ажиллагаа эрчимжиж, Баргын эрх чөлөөний төлөө тэмцэгчээс нийт монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан тэмцэгч болох их үйл хэрэг эхэлсэн гэж үздэг.
Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн Монголын түүхэнд оруулсан гол хувь нэмэр юу вэ?
-Монголын түүхэнд оруулсан түүний хувь нэмрийг гурван хэсэгт хувааж үзье. Нэгдүгээрт, Манлайбаатар Ж.Дамдинсүрэн бол жинхэнэ монгол цэргийн домогт жанжны замналаар амьдарсан. Учир нь тэрээр ХХ зууны монгол цэргийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг хоёр том байлдааныг удирдсаны эхнийх нь Ховд хотыг Манж-Хятадын цэргээс чөлөөлсөн 1912 оны байлдаан юм. Тус байлдаанд харийн түрэмгийллээс чөлөөлөх уриалга гаргахад 3000 орчим монгол цэрэг нэгдэж, улмаар Ховд хотыг чөлөөлсөн байдаг. Энэ байлдаан бол Монгол орон Манжийн эрхшээлд орсноос хойш 200 гаруй жилийн дараа болсон анхны томоохон байлдаан бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан чухал үйл явдал болсон. Богд хааны зарлигаар Ховдыг чөлөөлөх байлдааныг удирдсан С.Магсаржавт Хатанбаатар цол, үе улиран залгамжлах бэйсийн хэргэм, хоёр нүдний тогосын отго, хүрэн жолоо, Ж.Дамдинсүрэнд үе улиран залгамжлах засаг төрийн бэйлийн хэргэм, хоёр нүдний тогосын отго, Манлайбаатар буюу анхны Цэргийн жанжин цолоор шагнажээ.
Хоёр дахь нь Өвөр Монголыг чөлөөлөх “Таван замын байлдаан” юм. 1913 оны 7 дугаар сарын 1-нд Манлайбаатар Ж.Дамдинсүрэнг өмнө зүгийн хязгаарыг захирагч жанжнаар томилж тэр үеэс эхлэн Өвөр Монголыг чөлөөлөх байлдааныг удирдсан. Энэ байлдаан цаг хугацааны хувьд жил шахам үргэлжилсэн, газар нутгийн хувьд Өвөр Монголын өргөн уудам тал нутгийг хамарсан учир байлдаан гэхээсээ илүү дайн байсан хэмээн сүүлийн үед судлаачид үзэж байна. Энэ үйл явдлын гол үр дүн нь Монголын тусгаар тогтнол, монгол цэрэг эрсийн байлдах чадвар, хүч чадлыг үл тоон басамжилж байсан Бээжингийн эрх баригчдад томоохон цохилт, сануулга өгч, Монголыг цэргийн хүчээр эзлэн захирах боломжгүйг харуулан, тэднийг аргагүйн эрхэнд хэлэлцээр хийхэд хүргэсэн юм. Тиймээс Манлайбаатар Ж.Дамдинсүрэн яахын аргагүй домогт цэргийн жанжин мөн.
Хоёрдугаарт, тэр бээр Монгол төрийн гадаад харилцааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан ХХ зууны Монголын анхны дипломатчидын нэг гэдгээрээ алдартай. Тэрээр 1913 онд байгуулагдсан Монгол, Төвөдийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцож, 1914 оны Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээрт Монгол Улсын төлөөлөгчдийн зөвлөхөөр оролцож байсан. Монгол, Төвөдийн гэрээ бол шинээр тусгаар тогтносон хоёр улс бие биеэ хүлээн зөвшөөрч, аливаа аюул занал тохиолдвоос харилцан туслалцах үүрэг хүлээн, холбоотны харилцаа тогтоосон олон улсын эрх зүйн баримт бичиг байсан юм. Монгол Улсаас гадаад улстай байгуулсан анхны олон улсын эрх зүйн баримт бичигт Ж.Дамдинсүрэнгийн гарын үсэг мөнхрөн үлдсэн нь Монгол Улсын гадаад харилцааны түүхэнд түүний гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийг илэрхийлэн харуулах баримт болж үлдсэн.
Гуравдугаарт, тэр бээр монгол цэргийн шинэчлэлийн үзэл санааны анхдагч байсан. Манлайбаатар Ж.Дамдинсүрэн нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, цэрэг, аж ахуй, хууль цаазыг шинэчлэн хөгжүүлэх тухай бодрол бичгийг 1912, 1913 онд Богд хаанд өргөн барьж, улс төр, эдийн засаг, эрдэм боловсрол, гадаад харилцааг хөгжүүлэх, цэргийн болон хууль эрх зүйн шинэчлэл хийх, орон нутгийг засан тохинуулж, ард олны амьдрал ахуйг сайжруулах талаар тодорхой саналууд дэвшүүлсэн байдаг нь сонирхол татдаг.
Манлайбаатар цэргүүдээ удирдан зохион байгуулах талд ямар тактик ашигладаг байсан бэ? Тулааны стратеги нь өрсөлдөгчөөсөө юугаараа илүү байв?
-Түүний цэрэг зохион байгуулах гол онцлог нь маш хатуу сахилга бат байсан гэж үздэг. Тэр бээр өөрөө хууль дүрэм гаргаж байсан. Жишээ дурдахад, дайснаасаа айж болохгүй, удирдлагын зааваргүйгээр ухарч болохгүй зэргээр цэргүүддээ байлдаанд орохоос нь өмнө сануулга өгнө. Хэрвээ зөрчвөл тодорхой ял шийтгэл онооно гэх жишээтэй. Ухарсан, айж мэгдсэн цэргүүдийг барьж шийтгэдэг тусгай хүмүүсийг хүртэл томилгоожуулдаг байсан нь энэ хүний цэрэг удирдан зохион байгуулах чадвар ямар өндөр түвшинд байсныг харуулдаг.
Ер нь XX зууны эхэн үеийн дайн байлдаанд монгол цэргүүд ямагт өөрсдөөсөө хэд дахин давуу хүчтэй тулгардаг байсан. Тиймээс тэр үеийн цэргийн жанжид XIII зууны монголчуудын байлдааны арга ухааныг ашигладаг байсан нь батлагдсан. Жишээ нь, "Галзуу барын дайралт", "Хорт могойн ороолт" зэрэг байлдааны тактикийг ашиглаж байсан талаар өөрсдийн дурсамжид тэмдэглэн үлдээсэн. Мөн дайснаа гэнэдүүлэх, хууран мэхлэх, морьт цэргийн хурд хүчээр гайхуулах зэрэг арга тактикийг ашигладаг байж. Дээрээс нь байлдах бүрдээ ялдаг нэг чухал гаргалгаа нь дайсныхаа зүрхээр тугаа тахидаг байсан явдал гэж түүхэн сурвалжид тэмдэглэсэн нь бий. Энэ бол цэргүүдээ зоригжуулж дайны ялалтад хөтлөх сэтгэл зүйг бэлддэг ач холбогдолтой байсан хэрэг.
Ямар зан чанартай хүн байсан бэ?
-Манлайбаатарын удирдлага дор цэрэг байсан эсвэл түүнийг харж байсан хүмүүсийн бичиж тэмдэглэсэн сурвалжаас үзэхэд, Ж.Дамдинсүрэн бол маш эр зоригтой, хурц ширүүн, чанга хатуу, өөртөө итгэлтэй, эрэмгий нэгэн байжээ. Мөн тухайн үеийн ноёд харьяат ардаа дарладаг, эзэрхдэг тэрхүү нийгмийг шүүмжилдэг нэгэн байсан нь түүнийг хэр шударга зан чанартайг илтгэн харуулна. Мэдээж шударга, эрэмгий, зоригтой хүн байсан учир цэргүүдийнхээ итгэлийг хүлээж, тууштай эх оронч гэж цоллогдоход хүргэсэн.
Түүний Хятадын шоронд босоогоороо нас нөгчсөн талаарх түүх олон хүнийг эмзэглүүлдэг ч жинхэнэ эх оронч хүн ямар байх ёстойг мэдрүүлдэг гэж боддог. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Манлайбаатарын Хятадын шоронд босоогоороо нас нөгчсөн нь хэн нэгний зохиосон түүх биш. Энэ бол бодит түүх юм шүү гэдгийг юуны өмнө хэлмээр байна. Тэр ч бүү хэл Маршал Х.Чойбалсан 1945 онд Ж.Дамдинсүрэнгийн түүхийг бичих асуудлаар тухайн үеийн Шинжлэх ухааны академийн захирал н.Дүгэрсүрэн гэдэг хүнтэй уулзахдаа онцлон хэлсэн байдаг. Сурвалжуудад тэмдэглэснээр Манлайбаатар шоронд байхдаа "Би энэ хятадуудын дунд хэвтээгээрээ үхэхгүй. Намайг хана түшүүлээд аль. Хэрэв эндээс амьд гардаг юм бол Маймаа (Амгаланбаатар) хотоос Бээжин хүртэл хүйс тэмтэрнэ" гэж хэлээд ханаа түшсэн чигээрээ амьсгал хураасан байдаг. Эцсийн амьсгалаа хураатал эх орныхоо тусгаар тогтнолын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж байсан гэдгээрээ гайхамшигтай. Нас барсных нь дараа нутгийн ард иргэд шарилыг нь шоронгоос нууцаар гарган Үүлэнхан уулын Шинэбулаг гэдэг газар оршуулсан. Тэр газар нь одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт бий. Судлаачийн хувиар дүгнэхэд, жинхэнэ эх оронч гэж ямар хүн байдгийг Манлайбаатар Ж.Дамдинсүрэнгийн түүхээс бэлхнээ харж болно.
Өнөө цагт энэхүү түүхэн хүнтэй холбоотой эд өлгийн зүйлсээс юу өвлөгдөж ирэв?
-Эд өлгийн зүйлс гэвэл Монголын үндэсний музейд түүний малгай, буу зэрэг хадгалагддаг бол Монгол цэргийн музейд хаш тольтой суран бүс, Дорнод аймгийн музейд Манлайбаатарын хошууны туг бий. Ер нь түүнтэй холбоотой архивын баримт бичиг түүхэн сурвалж Монголын үндэсний төв архивд маш их байдаг. Жишээ нь, өөрийнх нь бичсэн бодрол бичиг, Өвөр Монголд байлдаж байхдаа Богд хаан, Халхын Сайн ноён хан Т.Намнансүрэн нарт бичсэн захидал зэрэг нь хадгалагддаг. Хөшөө дурсгал гэвэл Дорнод аймгийн Гурванзагал суманд 1971 онд түүний хөшөөг босгосон. Энэ нь Манлайбаатарын цор ганц хөшөө юм. Эд өлгийн зүйлсээс илүүтэйгээр Манлайбаатарын хэлсэн хэд хэдэн үгс хойчийн залууст маш том үлгэр дуурайлал болж чадахуйц санагддаг. Жишээ нь “Төр улсын хэргийг амьд хүмүүс хөдөлгөдөг авч тогтсон суурь нь амь бие хайргүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс, чөмгөн дээр тогтдог юм” гэдэг түүний хэлсэн гайхамшигтай үг үүний нотолгоо мөн. Аливаа хүн үхэж үрэгдэвч үйл хэрэг нь мөнх оршдог гэсэн нэгэн санаа, төр улсыг удирдан залж буй хүмүүс түүхэн уламжлалаа эргэн санаж байх учиртай гэсэн бас нэг санаа, ерөөс аливаа юмс үзэгдэл өмнөх уламжлалдаа суурилж, өнөөг дамжин ирээдүй өөд хөгжин дэвждэг гэсэн гүн ухааны үзлийг Дамдинсүрэн дээрх үгэндээ товч бөгөөд тодорхой, уран яруу томьёолон хэлсэн нь түүхийн сонирхолтой баримт болон үлджээ.
Манлайбаатарын гурван хүү хэлмэгдүүлэлтийн үед цаазлагдсан байдаг. Яагаад энэ хүний үр удмыг "хавчих" болов?
-Ер нь улс төрийн хэлмэгдүүлэлтэд ихэвчлэн Монгол үндэстнийг нэгдсэн тусгаар улс болгоход тууштай хүчин зүтгэсэн монголчууд, Орос Улсын туслалцаагүйгээр өөрсдийн улсаа удирдан жолоодох ёстой гэсэн үзэл санааг гаргаж байсан төрийн зүтгэлтнүүд болон тэдгээрийн үр удмыг хамруулж байсан. Манлайбаатар Ж.Дамдинсүрэн энэ үйл хэргийг манлайлагчдын нэг байсан болохоор түүний гурван хүүгийн хоёрт нь цаазын ял оноосон бол нэг нь ор сураггүй алга болсон гэдэг. Харин том хүү Д.Долсонгийн охин Д.Ламжав гэдэг хөгшин одоо амьд сэрүүн бий.
Ер нь тухайн үеийн цэргийн удирдагч нарын үзэл санаанаас маш хүчтэй эх оронч зан чанар ажиглагддаг. Тэгвэл орчин үеийн залуус голдуу гадаад оронд амьдрахаар сэтгэл шулуудаж байна. Энэ нь эргээд бидний өвөг дээдсээс үлдээсэн эх оронч сэтгэлгээнд хэр харшилдаг гэж та боддог вэ?
-Харшлахын дээдээр харшилж байна. Эх орончдын амиа зориулан байж хамгаалсан газар шороо, байгалийн баялгийг гадаадад худалдана чинээ хэн санах билээ. Тэгэхээр энэ хоёр зүйлийг харьцуулшгүй эсрэг зүйлс болж хувирна. Монголын төрийн түшээдийн мөс чанар хэр их өөрчлөгдөж байгааг үүнээс харж болно. Монгол орны хойч ирээдүй болсон залуус эх орноосоо дайжихад хүрч байна. Энэ хамгийн буруу зүйл. Тусгаар тогтнол, эх орны үнэ цэн одоо үед үнэгүй шахуу болсон байна. Тиймээс залууст хандаж хэлэхэд, өнгөрсөн түүхээ бид хэнээс ч илүү мэддэг байх хэрэгтэй. Тусгаар тогтнол гэж юу байдаг, эх орны үнэ цэн гэж чухам юуг хэлж байгааг бага ч гэсэн ойлгох хэрэгтэй. Бидэнд боловсрол хамгийн чухал мэтээр ярьдаг. Гэтэл эх орноо гэсэн ухамсар үгүй бол би боловсон хүн гэж цээжээ хэчнээн дэлдээд ямар ч нэмэргүй.
Дуулга студи д/а Т.ИДЭР

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/