Уншиж байна...

Нэгэн үе Монголчууд бидэнд харийн л бол юм бүхэн сайн сайхан хэмээх хийрхэл давамгайлж асан бол сүүлийн үеэс уламжлалт ёс заншил, өв уламжлалаа Монгол газар шороон дээр соёолоогүй харь зүйлсээс хол илүү гэдгийг ухаж, эрдэмтэн судлаач хийгээд эгэл ард, лам хуврагагүй ярьж бичиж байгаа нь сайшаалтай боловч аль нь өөрийнх, аль нь хариас ирсэн билээ гэдгээн ялгаж чадахаа болитлоо самуурч мунхраад байгаа нь үнэхээр харамсалтай.


Ялангуяа Монголчуудад өөрсдийн гэх итгэл үнэмшил, шүтлэг бишрэл гэх юм байгаагүй мэтээр далд утгаар ч хэлээд байх шиг.

Тун удахгүй энэ нь даамжирсаар хэдэн жилийн дараа Монголчууд язгуураасаа л буддын шашинтай юмуу, эсвэл загалмайн шашинтай байсан гэж гүжирдэх янзтай. Тэнгэрийн тааллаар тодрон гарч Монголчууд биднийг тэтгэн гийгүүлсэн Их хааны алдрыг хүртэл Чингис богд, Очирваань бурханы хувилгаан гэх мэтчилэн ярьж бичиж байгаа нь оросын зохиолч И.Калашников өөрийн зохиолдоо Монголчууд эртнээсээ загалмайн шашинтай, хоймортоо загалмай залж түүндээ залибардаг байсан мэтээр гуйвуулан бичиж байсантай агаар нэг харагдана.

Үүнээс улбаалан дараах зүйлийг бичихэд хүрэв. Бурхан зурдаг нэг нөхөр бөхийн өргөөнд олон хүн цуглуулаад өөрийн эмхэтгэсэн нэг номыг сурталчилан ярьж байснаа хадуураад "бөө гэж хар домын хараалыг дагаваас үхээрийн бузар хорлол болох нь баттай, хойчийн өдөр ухаж мэдэвч гэсгээл тамаас зайлах аргагүй" гэж айлдав. Үүнийг сонсоод жаахан ч болов түүх, уламжлалаа мэддэг хэн боловч солиорч туйлширч байгаад нь эгдүүцсэн нь лавтай.

Нөгөө бидний коммунист нийгмийн үед хүн бүхэн уншсан цагаан толгой гэгч үсэглэлийн ном шиг эдүгээ бараг үсэг мэдэх бүгдийн уншсан "Монголын нууц товчоон" хэмээх түүхийн сурвалж бичиг дээр их эзэн маань Халдун уулнаа гарч бүсээ хүзүүндээ эгэлдрэглэн сөгдөж суугаад бөөсийн чинээ амийг минь бөөцийлөн аварсан. Бурхан халдуныг өглөө бүр мялаасуу" гээд тэнгэрт есөнтөө сацал сацан мөргөдөг. Бас Мэнлиг эцгийн хөвгүүн Хөхчү зайран түүнийг Их монголын Хаан суухыг зөгнөн хэлдэг, түүнээс хойчийн явдал, төрийн хийгээд байлдаан тулааны олон хэргийг асуун хэлэлцсэн байдаг.

Монголын ихэс хаадууд болон эгэл ардын амьдралд Тэнгэр шүтлэг, бөө мөргөл бодьтой оршин оюун сэтгэлгээ, зан заншил, урлал, угсаатан зүй, түүх шастирд томоохон байр эзэлж ирсэнийг Дэлхий мэднэ. Дээр дурьдсан бурхан зурдаг хүн (Уг нь өөрийгөө бурханч лам гэдэг юм билээ. Өөрийнх нь шашины гол сургаалд лам хүний тэвчих ёстой олон олон ёсыг мань хүн дагаагүй болохоор лам гэж хэлэшгүй нь. Адаглаад л бодь мөрийн сургаалд бурханы шашины номлол сургаалыг зарж ашиг олох нь хүнд нүгэл болох тухай бичсэн бий. Харин энэ хүн тэр сургаал номыг нь тэгэхээс тэг гэсэн шиг янз бүрээр хэвлүүлж зарж байсныг түмэн олон мэднэ) -ний хэлсэнээр бол Их хаан тэргүүтэй үе үеийн ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд, эгэл ардууд Мөнх хөх тэнгэр шүтлэгтэй бөө мөргөлтэй байсан гэсэн ганцхан заалтаар үхээрийн бузар болж эрлэг тамд зовж байгаа юм гэнээ. Энэ бол Монголчуудыг хагалан бутаргах, итгэл үнэмшилээр нь талцуулах, эв эеийг эвдэх гэсэн шууд үйлдэл, хорон хатгалга.

Миний хувьд Буддын шашныг хүндэлдэг. Монголчууд хэдэн үерээ л шүтэж ирсэн, шүтэхээс гадна манжын бодлогын үед юутай ч атугай хэдэн зууны турш боловсрол гээч зүйлийг нь гал алдуулалгүй залгуулж ирсэн гэдэг утгаар нь. Лам багшид хүүгээ шавь оруулаад миний хүү эрдэм номтой сайн хүн болоорой гэж хэлдэг, эрдэм ном гэдэг зүйлийг буддын сургаал, судар номоор төлөөлүүлж ойлгон олон үеийг элээсэн гэвэл хэн ч маргахгүй. Ер нь өнөөдөр шашины янз бүрийн урсгал чиглэлийг сурталчлаад яваа улсууд хийгээд айл бүл болгонд л тодроод байгаа бөө улаач нар буддын шашны хийдээр шагайж үзээгүй, номын дууг нь нэг ч болов сонсож, ламд мөргөж, судраар адис тавиулж байгаагүй, эхээс төрсөн цагаасаа л өнөөдөр ярьж байгаа зүйлдээ чин үнэнч байсан гэвэл түүн шиг худал хуурмаг байхгүй биз.

Америкаас санхүүждэг христийн шашныг сурталчилдаг телевизээр номлол ярьдаг сайн таних нэг нөхөр ээжийнхээ хойдох алтан савыг нээлгэнэ гээд зурхайч хайж явах. Сүүлд ёжлоод асуувал, яахав дээ хөгшин чинь хоолоо олж идэх гээл нэг газар номлогч (пастор) хийдэг байхгүй юү дээ гээд л үнэнээ хэлэх. Өрөвдмөөр ч юм шиг, инээд ч хүрэх шиг, нөгөө цуглаан дээр нь итгэж цугласан хүмүүс ертөнцийн эзний өмнөөс сургаал номлолыг нь өндөр дуугаар өгүүлэх пастор нь ярьж байгаадаа чин сэтгэлээр итгэж үнэмшдэггүйг нь мэддэг болов уу.

Үлгэрлэвээс, хийдэд суугаа буддын шашины лам христийн шашины гол номлол болох "шинэ гэрээ"-г нууцаар эргүүлж, өмнө нь залибарч суугаа буддын шашинт сүсэгтэндээ зовлонгийн шалтгааныг нь хэлж өгөх мэт. Энэ их эргүүтэл, завхарлыг одоо л зогсоож, үнэн мөнийг олон түмэндээ ойлгуулахгүй бол хожмын өдөр засаж болохгүй төөрөгдөл, шашин шүтлэгээрээ талцсан хагаралд монголчууд автах вий хэмээн зовинож үүнийг бичив.

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш шүтэж ирсэн тэнгэр шүтлэг, бөө мөргөлийг алив шашинтай харьцуулан тавьж, шашины үүднээс тайлбарлахыг оролдож, ярьж бичихээ лам харгүй даруй зогсоох, чанарын ялгаа үнэн мөнийг зөв таниулах, ухаж таньсан нэг нь өөрийн ойр хүрээний олонд хэлж ойлгуулах шаардлага тулгамдаад байна.

Чин үнэндээ тэнгэр шүтлэг, бөө мөргөл гэдэг нь ямарч шашин биш бөгөөд түүнээс тэс өөр байгаль, орчлон ертөнцийн зүй тогтол гэвэл сая үнэн болно. Яг л наранд халсан ус уур болон дэгдээд үүл болон хуримлагдаад бороо болон асгадаг шиг нүдэнд үл харагдах ертөнцийн зүй тогтол ажгуу. Бөө мөргөл гэдэг зүйл гагц Монголд бус энэ орчлон өртөнцийн есөн хэлийн түмэн угсааны үндэстэнд буй. Амазонкын шугуйд ч, африкийн ширэнгэнд ч, онигооны эзэн чукча нарын цааны арьсан урцанд ч, скандинавын хойгт ч, энэтхэг гимлайн ууланд ч ялгаагүй бөө бөөлж л байдаг.

Үүнийг өнөөдөр дэлхий нийтээрээ мэдэж судлаж байна. Дээд оюун ухаан гэж нэгэн зүйл оршин байдгийг бүх шашин, далд үзэгдэл судалдаг шинжлэх ухааны байгууллагууд, судпаачид нэгэн дуугаар зөвшөөрдөг. Гагцхүү оноож нэрлэсэн л ондоо байдаг. Дэлхий дээр хүн үүсэж бий болсон цагаас л дээд оюун ухаан хийгээд түүнтэй холбогдож мэдээлэл авах зүй тогтол үүссэн гэж ярьж бичиж байна. Ихэнхи томоохон улс гүрэнүүд үүнд ихээхэн ач холбогдол өгч тусгайлан судалдаг судалгаа шинжилгээний байгууллага заавал байгуулж, ихээхэн хөрөнгө санхүү зарцуулж байдаг нь нууц биш болоод удаж байна.

Дэлхийн түүхэн дэх томоохон удирдагч, дарангуйлагч нар ч ихээхэн анхаарал тавьж, өөрсдийн дэргэд үзмэрч, далдыг харагч нартай байсан бат эдгээр нь дээд оюун ухаантай бага ч гэсэн холбогдож мэдээлэл авах төрөлхийн чадвартай төрсөн хүмүүс байсан. Мөн улсын нууц бодпогоор дээд оюун ухаан гэгчээс мэдээлэл авах найдвартай аргыгхайх зорилгоор судлаач тагнуулуудыг илгээдэг байсны ихэнх нь Монголд ирж байв. Жишээ нь, Гитлер хас тэмдэгийг сүлд болгон авч Монголруу нууц баг удаа дараа явуулж, Мөнх Тэнгэр буюу дээд оюун ухааны ивээл хүчийг хүртэхийг машид хүсдэг байсан бол харин Сталин Барченко, Рейрих зэрэг улсуудыг Монгол, Түвдрүү аялуулж, далдын хүчний нууцыг эрэлхийлж байсан.

Коммунист нийгмийн үед эрдэмтэн, бөө судлаач нэрээр олон орны тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс Монголд ирж идэвхийлэн хайж шиншилж байсныг нь тэр үед хэлмэрч газарч хийж явсан монголчуудын яриа нотолдог. Тухайлбал олноо Гүүш багш хэмээн хүндлэгдсэн Б.Ринчин гуайн дурьдатгалд социалист орнуудаас ирсэн эрдэмтэн судлаачид (нууц туршуулууд) бөөгийн зан үйлийг ихэд сонирхон судалдаг, бөө бөөлөхийг үзэх гэж үхэн хатан хөөцөлддөг, бичлэг хийдэг, түүгээр ч үл барам нэг биш удаа бөөгийн хуяг хэрэгсэлийг бүтнээр нь авч явсаныг нэр ус, он сартай нь ярисан байдаг.

Буруу үйлээр буруу замаар замнаж түүнийгээ хөгжил хэмээн эндүүрч, өөрсдөө өөрсдийгөө сөнөөхөд (Сүүлийн жилүүдэд дэлхийн энд тэндгүй болоод байгаа байгалийн гамшиг, өвчин тахал, саяхан болсон японы газар хөдлөлт бол эх дэлхийтэйгээ зүй бус харьцсанаас хүн төрөлхтөний сүйрэл эхлэж буйн дохио бөгөөд үүнийг галав юүлэх гэж хэлдэг) гамшиг дундаас үлдсэн хүн сүргийг Монголчууд буюу Мөнхгалынхан оройлон манлайлж Мөнх тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдсоноор зөв зам, зөв нийгэм байгуулахыг зааж, энэ өртөнцөд үеийн үед үүрд оршин өөрийн нэр лугаа адил гал таслахгүй залгуулах үүрэгтэй билээ.

Харин Тэнгэр шүтлэг, бөө мөргөл буюу дээд ухамсартай холбогдох ертөнцийн зүй зохицол алдагдваас үнэхээр ертөнцийн сүйрэл болох ажгуу. Янз бүрийн шашин, тэдний бурхан хэмээн шүтэгддэг хүмүүсийн тухайд тодруулж хэлэхэд, тодорхой цаг үед тодорхой газар оронд амьдран суугаа хүмүүс Тэнгэр буюу дээд оюун ухаантай холбогдох чадвар нь суларсан,эсвэл бүр алдагдан, буруу хөгжсөн, буруу замнаснаас дээд оюун ухааны хүслээр тэр хүмүүсийн дундаас хэн нэгэнд Тэнгэрээс мэдээлэл тасралтгүй өгч төөрсөн олныг дагуулах манлайлагч болгон сонгож (магад нилээд өндөр шалгуураар), тэр сонгогдсон хүн гэгээрэн (дээд ухамсраас өгсөн мэдээллийн үрээр) тухайн газар орон дахь хүн олны амьдралын хэв маяг, ухамсрын түвшинд таарч нийцсэн оновчтой сургаал номлолоороо дагуулан сэнхрүүлснийг шашин гэх бөгөөд тэр оройлон дагуулсан Тэнгэрийн хүүг газар газарт Будда, Есүс, Мухаммед гэж янз бүрээр нэрлэсэн бөлгөө.

Харин анх ийм шалтгаанаар үүсэж хөгжсөн шашиныг сүүлд нь улс төрийн зорилгод ашиглан хүн төрөлхтөнийг итгэл үнэмшилээр нь хуваах, хагаралдуулах далд дайны хэрэгсэл болгон ашигласан нь шал өөр асуудал. Тэдгээр тодрон гарсан тэнгэрийн хөвгүүд нь тухайн газар нутаг дахь хүн олны амьдрах хэв маяг, сэтгэлгээний түвшинд тааруулан хүлээж авахуйцаар өөр өөр хэлбэрээр номлосон байдаг нь угтаа нэг л зүйлийг буюу хүмүүсийг шударга байх, хоорондоо эвтэй найртай, эд мөнгөнд хэт шунахгүй байх, өгөөмөр нинжин байх сэтгэлийн ариуслыг сургаснаас бус хожмын өдөр хоорондоо талцан алалдах, хагаралдахыг уриалаагүй билээ.

Тэд Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр байдаг, зөв үйлээр явах аваас тэтгэдэг, буруу мууг үйлдэх аваас гэсгээдэг гэдгийг нэгэн дуугаар хэлсэн байдаг. Бүх шашины сургаалд үнэн үг буй. Учир нь тэдний уг язгуур нь нэг. Мөнх тэнгэр буюу Дээд оюун ухаан юм. Тиймээс та өөрийн итгэдэг, шүтдэг шашинаа шүтэгтүн, дагагтун, харин өөр бусад шашинтай бүү жиш, аль нь үнэн, аль нь худал, дээр доор хэмээн бүү эргэцүүл, Гагцхүү худал үнэнийг хутган гуйвуулж, цөөхөн монголчуудыг хагаралдуулах элдэв салаа үзүүртэй хорон үг хэлж байгаа хүмүүсээс болгоомжил, эв эеээ хичээ, хар санаатны хатгалганд бүү авт!

Ямар шашин шүтлэгтэй хийгээд эс шүтдэг байснаас үл хамааран буруу явдалтан хар санаатныг гэсгээх эрх ба хүч гагц Мөнх тэнгэрт бийг сана. Үнэн учир иймийг бүгдээр ухаж ойлгох аваас шашиныг Дээд оюун ухаантай нэгэн байранд тавиад аль нь үнэн зөв болохыг шүүн хэлэлцэх нь хамгаас утга учиргүй төөрөгдөл гэдгийг ойлгох буй за.

Үлгэрлэвээс, ертөнцийн зүй тогтолыг буруу хэмээн сөрж алив нэгэн шашинд бүгдээр итгэвээс орчлон ертөнцийн зүй тогтлыг өөрчилж болно хэмээн муйхарлан зүтгэснээс ялгаа юун. Монголчууд бид үеийн үед тодорхой давтамжтай хүчирхэгжин үүргээ биелүүлж ирсэн бөгөөд хамгийн сүүлд найман зууны тэртээ тийн сэхэж сэрвийн дэлхийг түвшитгэж явсныг хамгаас тод мэддэг, бахархдаг билээ. Монголчуудын тэр их үүргийг зүгээр нэг байлдан дагуулалт байсан мэтээр ярьж бичих нь туйлаас учир дутагдалтай.

Найман зууны тэртээх монголчууд тэр цаг үедэх хүний нийгмийн хөгжил буруудан хэрээс хэтэрч, "хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн байлдаж, орондоо орох завгүй олзлолдон тулалдаж", эд баялаг, эрх мэдлээс өөрийг бодохоо байсныг өөрсдөөсөө эхлэн төвшитгөж, улмаар дэлхийг төвхнүүлэхээр хөдлөн хожмоо гарах олон олон дайн самууны хорыг арилгахын тулд эвлэлдэн нэгдэж, буруугаа ухаагүй заримыг Тэнгэрийн тааллаар болгосон билээ. Ийн явахдаа Тэнгэрийн тааллаар нэгэнт хүчирхэгжин өндийсөндөө эрэмшин бусдын шашин шүтлэгийг үгүй хийн өөрсдийн бөө мөргөл, Тэнгэр шүтлэгийг түгээн дэлгэрүүлээгүйн учир юун хэмээвээс энд чадан ядан эвлүүлж бичсэн мөхөс миний хэлсэнчлэн тэр газар оронд үүсэж буй болсон шашин шүтлэг нь тухайн хүн ард, үндэстэндээ ямар ач холбогдолтой хийгээд яаж үүссэн, яах гэж үүссэнийг эдүгээ цагийн мунхаг биднээс илүү тод мэддэг байсных буй за.Хэрэв зүгээр л дайны олз хайж, хамгийн том газар нутагтай эзэнт гүрэн байгуулахыг зорьсон бол итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь дамжуулж түүнээс ч олон жилээр захиран суух үндсээ тавих байсан нь дамжиггүй. Дэлхийн түүхэнд улс төрийн зорилгоор шашин гэгчийг ингэж л ашигладаг. Тэнэг хүн ч ойлгохоор бүгдийн мэдэх жишээ олныг хэлж болно. Харин өвөг дээдэс маань яагаад Тэнгэр шүтлэгээ эзлэн түрэмгийлэх зорилгод ашиглаагүйг тийм ч олон хүн мэддэггүй юмуу, эргэцүүлдэггүй бололтой.

Үнэн гэвээс ердөө л энэ. Дээд оюун ухаан буюу Мөнх тэнгэр нь цор ганц Монголчуудын өмч биш бөгөөд энэ хорвоо дэлхийн түмэн амьтныг гэрэлт нар ялгалгүй гийгүүлж байдаг лугаа адил гэдгийг ухаж ойлговол зохино. Сэтгэлээ ариун байлгаж, зөв зам мөрөөр амьдрах аваас хар шар хэн ч байсан Мөнх Тэнгэрт тэтгэгдэнэ. Тэр илрэл нь таны шүтдэг Тэнгэрийн хүүгийн номлосон шашинаар ч дамжин танд хүрч болно.

Өнөөдрийн Монголчууд бид газар нутгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нэрээр харийнханд алдаж, дээр нь зөвхөн Монголчууд бидэнд л байдаг Дээд Оюун Ухаан - Мөнх Тэнгэртэйгээ шууд холбогддог тэнгэр язгуурт амин чанараа гээвэл зөвхөн өөрсдөө сүйрэх төдийгүй, нийт хүн төрөлхтөнийг үхэлд хүргэнэ. Учир нь үеийн үед зөвхөн Монголчууд бид бөө мөргөл, Тэнгэр шүтээнээ хадгалан уламжилж ирснээрээ тэднийг буруу амьдралын сүйрлээс аварсаар ирсэн билээ.

Бидний Монголчууд энэ цаг дор үүнийг дор бүрнээ ухаж ойлгоод элдэв хов жив, чавганцын хэрүүлээ орхин үүнээс өндөр дээд үүрэг бийг ухамсарлан санаж, сэрж эвлэлдэн нягтрах болтугай.
Х.Бамбар

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/