Уншиж байна...

Ж.Цэвээн (1881-1940) 1881 онд Оросын Өвөр Байгалийн Агийн аймагт төржээ. Тэрбээр эхлээд Эрхүүгийн багшийн сургуульд сурч байгаад улмаар 1907 онд Санкт Петербургийн их сургуулийг дүүргэсэн байна. Түүний бага, залуу нас буриадын уламжлалт

утга зохиол, түүний нөлөөнд өсч өндийсөн аж. Энэ тухайгаа Ж.Цэвээн: “…Миний бие эхний үед тууль, бөөгийн холбогдолтой юм бүхнийг, хууль зүйтэй холбоотой бүхнийг тэмдэглэн цуглуулж, миний эрдэм шинжилгээний аялалын үеэр үнэлж баршгүй тус үзүүлсэн найз нөхдийг олж авсан билээ” хэмээн дурсан тэмдэглэсэн байдаг.

Ж.Цэвээн 1907, 1908 онд Санкт Петербургийн их сургуулийн дорно дахины хэлний салбарт, монгол хэлний багшаар ажиллажээ. Энэ үедээ монголын олон угсаа үндэстнүүдээс цуглуулан тэмдэглэж авсан зүйр цэцэн үг, оньсого, дуу, мэндчилгээ, ерөөл магтаалыг орос орчуулгатай монгол галигаар 1907 онд Оросын археологийн нийгэмлэгийн шугамаар хэвлүүлэн гаргасан байна. Залуу монгол судлаач маань Андрей Рудневтэй хамтран 1908 онд халх монголчуудад зориулан мөн тийм нэгэн ботийг дангаар нь хэвлүүлж, хожим мөн буриадын хэд хэдэн туулийг галиглан хэвлүүлжээ.

Ж.Цэвээн монголчуудын эртний шашин-бөө мөргөлийг судлах талаар бүр 1903 оноос анхаарлаа төвлөрүүлж эхлэн 1912 он хүртэл бөөгийн иашны хэрэглэгдэхүүнийг цуглуулж, хэд хэдэн өгүүлэл нийтлүүлсэн нь өнөөгийн бөөгийн шашны судалгаанд чухал нөхвөр болж өгчээ. Тэрбээр монголчуудын үндэсний ухамсрыг сэргээн идэвхжүүлж, эсгий туургатныг нэгтгэхийн төлөө ухамсарт бүх амьдралаа зориулсан юм. 1911 оны үндэсний хувьсгалын үед Нийслэл Хүрээнд ирж, Олноо өргөгдсөн Монгол Улсын Гадаад явдлын яамны туслах түшмэл, мөн яамны дэргэдэх сургуулийн багшаар ажиллажээ. 1912 оны III сард тэрбээр монгол оронд боловсролын шинэтгэл хийх тухай өргөх бичгийг Монгол Улсын Засгийн газарт өргөн барьж, улмаар түүний санаачилгаар 1912 оны III сарын 24-нд Нийслэл Хүрээнд анхны иргэний бага сургуулийг 47 сурагчтайгаар нээсэн байна. Тус сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулж, холбогдох нийт 8 төрлийн сурах бичгийг орчуулан гаргажээ.

Ж.Цэвээн. Эх сурвалж: (ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төв)

Ж.Цэвээний шууд санаачлага, оролцоотойгоор 1913 оноос “Шинэ толь”, 1915 оноос “Нийслэл хүрээний сонин бичиг” зэрэг монголын анхны сонин хэвлэл хэвлэгдэн гарах болсон төдийгүй шинэ тутам үүсэн байгуулагдсан тэрхүү сонин сэтгүүлийн хянагч, сэтгүүлчээр ажиллаж, Бодоо, Бадрахбаатар, Жанцансамбуу нарын хамтаар монголчуудыг шинэ амьдралд уриалан дуудсан олон өгүүлэл нийтлүүлэх болсон юм. Монголын түүхийг судлах, сурталчилахад оруулсан Ж. Цэвээний томоохон хувь нэмрийн илрэл нь түүний туурвисан “Монгол түүх” хэмээх бүтээл юм. Тэрбээр энэхүү товчоолсон түүхийг өөрийнхөө үгээр бичиж найруулан, Саган Сэцэний “Эрдэнийн товч”, Лувсанданзаны “Алтан товч”, “Дөрвөн Ойрадын түүх”, “Эрдэнийн эрхи”, “Болор эрхи”, “Юань улсын судар” гэх мэт эш сурвалжийг харьцуулан хүүрнэсэн нь түүнийг улам ч сонирхолтой болгосны дээр “Монголын нууц товчоо”мэтийн сурвалж бичгийг ашиглахдаа шүлэг зохиолыг нь хуулбарласангүй, басхүү дууриасангүй. Түүний бүтээлийн нэг онцлог нь гэвэл Хүннү улсын үеэс Жавзандамба хутагтыг хаан ширээнд залах хүртэл хугацаанд монгол нутагт оршин тогтнож асан улс гүрнүүдийн өргөн уудам цаг үеийн туүхийг хамтатгаж, анх удаа товчоолон бичсэн байна. Ийнхүү Ж. Цэвээн 1917 он хүртэл монголын боловсрол, соёлын хэрэгт чин сэтгэлийн угаас хичээнгүйлэн зүтгэж, томоохон соён гэгээрүүлэгч болохоо нотлон харуулсан байна.

Тэрбээр 1917 оны зунаас Өвөр Байгалийн улс төрийн амьдралд оролцож, буриадын ард түмний тусгаар тогтнолын төлөө идэвхтэй тэмцжээ. 1919-1920 ондЖ. Цэвээн дөнгөж шинээр байгуулагдсан Эрхүүгийн их сургуулийн профессороор ажиллаж байгаад улмаар 1920 оноос Коминтерний Алс дорнодын нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан, монголын үндэсний ардчилсан хувьсгалын бэлтгэл ажилд оролцож эхэлсэн байна. Тэрбээр “Гадаад Монголын түмэнд тунхаглан зарлах бичиг” буюу Монгол Ардын Намын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад голлон оролцож, 1920 оны XI сарын 10-нд “Монголын үнэн” сонин гаргалцаж, МАН-аас ЗОУ-тай холбоо тогтоох, тус намын анхдугаар их хурлын бэлтгэл ажлыг хангах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн байна. 1921 оны II сард Монголд Үндэсний Ардчилсан хувьсгал ялсны дараа Ж. Цэвээн Монгол улсын Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны дэд сайд, 1923 оноос судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1924 оноос Ардын гэгээрүүлэх яамны зөвлөх түшмэл, Цэргийн яамны хэлтэс эрхэлсэн түшмэлээр тус тус ажиллажээ. Анхдугаар үндсэн хууль боловсруулах үйлсэд хүчин зүтгэж, уг баримт бичгийг аль болох үндэсний ардчилсан үзлийн байр сууринаас гаргахыг эрмэлзэж байжээ. 1924 онд Улсын анхдугаар их хурлаас БНМАУ-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон байна.

Ж.Цэвээн коминтернээс МАХН-ын үндэсний ардчилсан чиг шугамыг хянан засварлах замд шилжсэн 1920-иод оны дунд үеэс улс орны хөгжлийн хэтийн төлөвийг үндэсний ардчилсан үзлийн үндсэн дээр боловсруулсан үзэл баримтлалаа “Хоршооллын социализм” нэрийн дор томъёолж Монгол Улс “Улсын капитализм”-ыг дамжин хөгжих, өөрөөр хэлбэл улс орны эдийн засагт таваар-мөнгөний харилцаа, зах зээлийг хөгжүүлэх замаар урагшлах ёстой гэж үзэж байв. Тэрхүү суут сэтгэгч бусдыг мөлжихгүйгээр тэгш хөрөнгөжих, марксизмыг буддизмтэй жишээд, эл хоёр сургаалийн ижил төсөөтэй талыг олон үзлийн найралт ёсны үүднээс нэгтгэн томъёолох, Монгол улс Швейцарь лугаа адил төвийг сахих бодлого явуулах зэрэг олон сонирхолтой санаа дэвшүүлж байсан юм. Академич Ж. Болдбаатар: “Ж. Цэвээний хоршооллын социализмын үзэл баримтлал нь хожим Ази, Африкийн орнуудад дэлгэрсэн “Үндэсний социализм”-ын марксист бус үзэл санаатай ойролцоо бөгөөд түүний хамгийн анхны илрэл байсан бололтой. Чухам энэ утгаар нь Ж. Цэвээнийг “гуравдагч ертөнцийн тухай” онолыг үндэслэгчдийн нэг ч гэж хэлж болохоор байна” хэмээжээ. Харин Ж. Цэвээн үндэсний арчилсан үзэл санааныхаа улмаас Зөвлөлтүүд болон Коминтерний зүгээс “Баруунтан” хэмээн баалуулж, хавчигдан хяхагдаж байсан билээ. Ж.Цэвээн монголын хууль цаазны түүхийг бичихэд томоохон хувь нэмэр оруулсан судлаач юм. Тухайлбал, монголын хууль цаазны үнэт дурсгал бичиг “Халх журам”-ыг нарийвчлан судалж, орос хэлнээ орчуулсныг түүний шавь, билгүүн номч Б. Ринчин 1960 онд хэвлүүлжээ. Мөн “Төрийн эрх”, “Монголын хувьсгалт залуучуудын эвлэл ба буддын шашин”, “Ард Жамсрангийн Цэвээнээс МАХН-ын Төв хороонд өргөсөн бичиг”, “Монгол улсын хурал ба Ардын засгийн тухай” зэрэг өгүүлэл, баримт бичгүүдэд төр, хууль цаазны олон чухал асуудлыг судлан шинэ санаа оноо дэвшүүлсэн байна.

Ж.Цэвээн Монгол улсын түүх, соёл, угсаатны зүйн чиглэлээр “Орчлон ертөнцийн байдлыг товчлон үзүүлсэн нь” (тус бүр гурван боть), “Монголын олон ястны гарал үүсэл, байдлын тухай”, зэрэг үнэт чухал бүтээл туурвижээ. Түүнчлэн тэрбээр гарамгай орчуулагч байсан бөгөөд К. Маркс, В. И. Ленин, Марко Поло, Плано Карпини, Вильгельм Рубрук, Жек Лондон, Жюль Верн нарын болон дорно дахины их бичгийн хүмүүсийн нийт арван таван туурвилыг монгол хэлнээ орчуулан, европ зүгийн хэлнээс дэлхийн сонгодог зохиол бүтээлийг орчуулах анхны шанг татсан ажээ. Тэрбээр Монгол Улсын шинжлэл, туурвилын тулгын чулууг тавилцсан төдийгүй гадаад, дотоодын бичгийн мэргэд болох их эрдэмтэн Л. Гумилев, мэргэн Гомбожав, академич Ц. Дамдинсүрэн: “Тэр үед залуу Ринчин Ж. Цэвээний удирдлага дор судар бичгийн хүрээлэнд ажиллаж байв. Тэгэхэд зохиол бичихээр сонирхон оролддог байсан бүх хүн Ж. Цэвээнийг хүндэлж, түүнээс юм сурч авдаг байлаа. Би анхныхаа зохиол болох “Гологдсон хүүхэн” туужаа бариад Цэвээн гуай дээр явж очсон юм” хэмээн дурсан бичсэн байдаг. Ж. Цэвээн 1932 оноос Зөвлөлтийн ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд шилжин ажиллаж, улмаар хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Удалгүй ЗСБНХУ-ын ШУА-ийн сурвалжлагч гишүүнээр сонгогдсон байна. 1937 оны үШ сард түүнийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулан ДХАК-аас баривчилж, хувьсгалын эсэргүү хэрэг үйлдсэн хэмээн ял тулгаж, таван жил хорих ялаар шийтгэжээ. Тэрбээр 60 шүргэх насандаа Сольвелецкийн шоронгийн хүнд нөхцлийг дааж чадалгүй нас барсан байна. Тэр цагаас хойш 22 жилийн дараа буюу 1962 оны II сард БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссоос түүнийг цагаатган, нэр төрийг нь сэргээжээ. Ж.Цэвээн бол XX зууны монголын боловсрол, шинжлэх ухаан, төр, нийгмийн үйл хэрэгт нэгэн насаа зориулсан суут эрдэмтэн, төр нийгмийн гарамгай зүтгэлтэн байсан юм.

Шийрэвдоржийн Насанбат

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/