Уншиж байна...

XIII зууны II хагаст Монголын нэгдсэн улс задрах тийшээ нэгэнт хандсан байжээ. Энэ байдал Мөнх хаан нас барсны дараа улам ноцтой болж Хубилай Юан гүрнийг үндэслэн байгуулснаар монголын эзэнт гүрэн задарч эхлээд тус тусдаа өөр амьдрал хөгжил бүхий

хэд хэдэн улс болж хуваагдах тийшээ ханджээ. Монголын эзэнт гүрэн ийнхүү улс төрийн хямралд орж, монголын язгууртнуудын дотор хаан ширээ, эрх ямба булаацалдсан тэмцэл урьд урьдынхаас улам хурцаджээ. Ингэж Чингисийн үүсгэсэн байгуулсан Их улсын тусгаар тогтнолд аюул учирч эхэлсэн байна.
Монголын хаан ширээний төлөө тэмцэл Мөнх хааны үед Өгэдэй, Тулуйн угсааны ноёдын хооронд явагдаж байсан.
Мөнх хаан нас барахдаа, Хархорумаар төвлөсөн монголын уугуул нутгийг эзлэн захирах эрхийг дүү Аригбөхийн мэдэлд өгчээ. Иймээс Мөнх хааны дараа Аригбөх нь Хубилайг бодвол, хаан ширээ залгамжлах илүү их хууль ёсны эрхтэй байсан ажээ. Аригбөхийг хаан өргөмжлөхөд Мөнх хааны хатан монголын уламжлалт заншил ёсоор нөлөө бүхий сайд, жанжин нарыг оролцуулжээ. Аригбөхийн хаан суухыг Мөнх хааны хоёр хөвгүүн болон Цагаадай, Батын улсуудын том ноёд идэвхитэй дэмжиж байжээ. Сурвалж бичгийн мэдээ сэлтээс үзвэл Тулуйн отгон хүү Аригбөх бие бялдар чийрэг, зориг самбаатай монгол ухаан төгс, эцгээ дагаж монгол заншил сайн эзэмшсэн эцэг Тулуйн сургаалыг чанд сахидаг хүн байжээ.
Аригбөх монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаравчлан Кайпкин /хожмын Шанду/ хотод билгийн 1260 оны 3 дугаар сарын 24-нд буюу аргын 1260 оны 5 дугаар сарын 6-нд нэгэн “их хуралдай” зарлан хуралдуулж, өөрийгөө Монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ.1 Дараа нь Аригбөх билгийн улирлын 4-р сарын сүүлчээр аргын тооллын 1260 оны 25 дугаар сарын 12-ноос 6 дугаар сар хүртэл Орхон голын эхэнд бас ноёдын Их хуралдайг хуралдуулж, өөрийгөө монголын албан ёсны “Их хаан” гэж зарлав. Ингэж 1260 онд Их монгол улсад хоёр хуралдай хурж, хоёр хаан сууж, хоёр нийслэл гарсан билээ.
Ийнхүү Хубилай яаран сандран ганцхан өдөр “их хуралдай”-г зарлан хурсан бол, Аригбөх хууль ёсны дагуу Хархорумд 20 гаруй хоног хуралдсан ажээ. Аргигбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл чухамхүү ингэж эхлээд удсангүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. 1 Д.Оссон “Монголын түүх” I боть. 288-р тал.
Эхлээд Хадан, Аландар нарын цэрэг монголын их говийн өмнө захад ширүүн тулалдан, Аландарын тал ялагдаж өөрөө алагджээ.1 Аригбөх, Хубилай нарын удирдсан цэргийн гол хүч мөн л монголын говийн өмнөд этгээдэд тулалдаж Аригбөх ялагдаж ухарсан байна.2 Хубилай, Аригбөхийн цэргийг Орхон, Туулын савд хүртэл мөрдөн цохиж, Хархорумыг эрхэндээ оруулан авч Есүнгэ ноёноор удирдуулсан хэсэг цэргийг тэнд3 сахиулан суулгаад цэргийнхээ гол хүчийг авч Кайпин хот руу буцжээ.
Хубилайн цэргийн гол хүч Хархорумаас явсан тэр сиймхийг Аригбөх ашиглаж, 1261 оны зун, намрын улиралд өөрийн хүчийг сэлбэн зузаатгах ажлыг сэм хийж цэргээ сургуулилж, агт морио амрааж, дахин байлдах бэлтгэлтэй болжээ.4 Ингээд Есүнгэ ноёны цэргийг довтлон бут цохиод Хархорумыг буцаан авчээ. Аригбөх 1261 оны өвлийн эхэн сарын орчмоор бүх цэргийнхээ хүчийг авч дахин Кайпин руу чиглэн хөдөлж Хубилайг хоёр дахь удаагаа довтолжээ.5 Аригбөхийн довтлон айсуйг Хубилай сонсмогц Өмнөд Сүн улсыг байлдах хэргээ арга буюу түр зогсоож цэргийнхээ гол хүчийг авч, Аригбөхтэй байлдахаар умард зүг яаравчлан хөдөлжээ.
1261 оны өвөл монголын говь нутгийн заагт ах дүү хоёрын цэрэг дахин хүч сөрөн хэдэн өдөр үргэлжилсэн ширүүн тулалдаан хийсний эцэст Аригбөхийн тал ялагдаж ухран буцсан байна. Ингэж Аригбөхийн тал хоёр дахь удаагаа шийдвэрлэх тулалдаанд ялагдаж, үлэмжийн хохирол хүлээжээ.
1 “Юан улсын судар” 4-р бүлэг. 180-р бүлэг, 2 Мөн тэнд. 180-р бүлэг.,3 Мөн тэнд. 4-р бүлэг.
4 Д.Оссон.”Монголын түүх” I боть, 304-р тал.5 “Юан-Ши и-вэнь чжэн-бу” /Юан улсын судрын нэмэлт орчуулга/ 14-р бүлэг. Аригбөхийн шастирт.
Хятад ба Цагаадайн улсын зүгээс Хархорумд нэвтрэн орох худалдааны замыг Хубилай хаанаас болж Аригбөхийн тал хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн Цагаадайн улсын хан Алгуй урваж Хубилайн талд оржээ. Тэрээр Тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагийн дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа Тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургуйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах явдал гарч нэлээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэлжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Аригбөх 1266 онд өвчнөөр нас баржээ.
Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдэж байжээ.
Хубилай хаан ширээ булаацалдсан тэмцэлд Аригбөхийг ялсан явдал гүрний нийслэлийг хятад газар шилжүүлэх нөхцөлийг нэгэнт бүрдүүлж чаджээ.

Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/