Уншиж байна...


Урианхайчууд угийн эрэлхэг дайчин хүмүүс. Эзэн Чингис хаанд хүчээн өгч явсан эрэмгий баатар Сүбээдэй, Хубилай хаанд

насаараа зүтгэж ирсэн Сүбээдэйн хүү сүр жавхлант Урианхайдай баатар, ганц хүний театраараа гайхуулж яваа гавъяат жүжигчин Догмидийн Сосорбарам бүгд л Монголын түүхэнд “ойн иргэд” нэрээр алдаршсан удмын анчин урианхайчуудын үр сад. Ахуйн соёл, аж амьдрал, шашин шүтлэг нь бидний адил, нүүдэлчин түрэг хэлтэн урайнхайчууд хэдэн зууны турш Монголын хязгаар нутгийг манаж ирсэн, тэд хэзээ ч өөрсдийгөө Монголоос салаад явчихна гэж бодож байгаагүй болов уу. 1911 онд Манж Чин Улс унаж,Олноо өргөгдсөн Монгол улс тусгаар тогтнолоо зарлачихаад Оросын гарыг харж байсан тэр үед Хаант Орос цэргээ Белоцарскт оруулаад авсан. 1915 оны Хиагтын хэлэлцээрээр хаант Орос ба Хятад улсууд Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэйгээр үлдээхээр болсон юм. Ингэхдээ Баруунмонголын Алтайн хязгаарын 10 хошууг хятадад, урианхайн хязгаарын 6 хошуу буюу Туваг орост хүчээр хавсарган нэгтгэсэн. Өвдөг сөхрөн өндийх чадалгүй байсан Монгол Улс өөдөөс нь юу ч хэлж чадаагүй. Өөрөөр хэлбэл “гарын таван хурууны нэгийг нь ингэж хэрчиж авсантай” адил болсон юм. Тувагийн нийслэл Кизил. Уг нь Кизилхот гэж нэрлэж байсан бөгөөд Туваг Монголоос бүрэн тусгаар тогтносныг нь харуулахын тулд “хот” гэсэн дагварыг албаар хассан. Кизил нь “улаан” гэсэн түрэг үг. Энэ хотын буурь нь Белоцарск гэдэг тосгон байжээ. Өлөн нүдтэй Оросын худалдаачид олзны үнэрээр олширсоор байгаад Улуг-Хэм (Енисэй) мөрний хөвөөнд (манай урианхай хязгаарт) ирж суурьшин анхны хот тосгоноо байгуулж эхлэхэд сайхан сэтгэлтэй Монголчууд “Баатар Цагаан хааны үр сад” гэж тэднийг нэрлээд түүнээсээ эх авч “Белоцарск” гэж тосгоноо нэрлэжээ. Оросын хааныг урианхайчууд “Цагаан Баатар” хаан гэж дуудаж түүнийг Цагаан дарь эхийн бүрэлбаа хэмээн хүндэтгэж явсан байна. Буриадын Номч мэргэн Агваан Доржиев Санкт Петербургт Чойнхорын дацангаа босгохдоо цагаан дарь эх бурханыг хоёрдугаар Николай хаанд өргөж байсан нь мөн ийм учиртай. 200,000 гаруй мянган мал сүрэг, 55,000 хүн амтай Тувагийн нутаг тухайн үедээ зургаан хошуудад хуваагдаж байжээ. Түүнд Зүүн-Кэмчик (Зүүн гол), Баруун-Кэмчик (Баруун гол), Каа-Кэм (Хаагийн гол), Улук-Кэм (Их мөрөн буюу Енисэй), Тэс-Кэм (Тэсийн гол), Тожу хошууд байжээ. Тожу хошуунд голдуу цаатангууд амьдардаг байна. Тувагийн ихэнх нутаг нь тайга бөгөөд тэд голдуу ойн анчид байсан бөлгөө. Баян Тайга, Мөнгөн Тайгуудад гадаад хүн анчинтай тааралдахад “Хайрхан өршөө” гээд ангийнхаа дээжийг ууландаа өргөж байсныг өөрийнхөө тэмдэглэл номдоо бичин үлдээсэн явдал бий. 1921 оноос Ардын хувьсгалын баатрууд Зөвлөлт засгаас тусламж гуйсан бичигтээ “Хаант Оросын үед булаагдсан Урианхайн хязгаарыг бидэнд эргүүлэн өгөх… “ гэсэн хүсэлтийг оруулж байжээ. Ингэж идэвхийлэн хөөцөлдөгчийн нэг нь Солийн Данзан байв. Зөвлөлтүүд “Тува нь Оросын харьяат биш бас Монголынх ч биш” гээд тусгаар тогтносон Танну-Тува улс гэдгийг байгуулсан. Монгол Улс Танну-Туватай дипломат харилцаа тогтоож, Элчин сайд суулгаж байлаа. Гэтэл Сальчиг Тогоогоор удирдуулсан Танну-Тува улс 1944 оны 10 сарын 13-нд гэнэт тусгаар тогтнолоосоо татгалзан Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орох өргөдөл гаргах нь тэр. Ингээд Монголын Тагна-Урианхайн хязгаар үүрд Зөвлөлт-Тува болов. Үүнд уурссан Х.Чойбалсан С.Тогоог хүлээн авалт дээр алгадаж унагасан гэх яриа байдаг. Туваг гардан байгуулсан хүмүүс Оюуны Данзай, Олдох-Уулын Кэмчик-Уул, Хууларын Дондог, Буриадын Гэндэндармаа Нацов (Дотоод яам), Буриадын Богданов (Коминтерн), Цэдэв-Уул Танов, Салчикийн Тогоо, Оюуны Дарьт, Оюуны Чүнчүг-Уул гээд олон хүмүүс бий. 1921 оноос хойш Москвагийн КУТВ-т (Коммиссарский Университет Трудяшихская Востока) бэлтгэгдсэн Оросын талыг барьсан сэхээтнүүдтэй болсон тул Оросын зөвлөгч нар тэднээр Монголчуудын халааг хийж, 1931 онд Монгол хэлийг албан ёсоор хэрэглэхээ больсон. Тэр сэхээтнүүдээс өөрийн гэсэн бодолтой хүмүүсүүд нь Оросын бууны хараагаар орчлонгоос арилж, өрөөлд толгойгоо мэдүүлсэн нь Туваг Оросын хавсарга болгоход морь нохой мэт зүтгэсэн аж. Тодруулбаас: Сангийн сайд, Төлөвлөгөөний хороон дарга явсан Оюуны Данзай Пан-Монголын хэргээр 1938 оны 10 сарын 13-д буудуулсан. Лам гаралтай Хууларын Дондог 26-29 онд ерөнхий сайд хийж байгаад Монголтой нэгдэх гэсэн асуудлаар 1930 онд буудуулсан. 1925 онд Дотоодыг хамгаалах газрыг байгуулан 1929 он хуртэл даргаар нь ажилласан Олдох-Уулын Кэмчик-Уул 1929-1931 онд Улсын Бага Хурлын дарга, 1933-1928 онуудад ерөнхий сайд хийж яваад Оросод нэгдэхгүй гэж алзалдсаны төлөө хувьсгалын эсэргүү хэргээр 1939 онд буудуулж түүний зураг нь хэвлэгдсэн бүх ном сонинг хураан шатаагдсан байна. Хулчигараараа алдартай Салчикийн Тогоо Туваг Оросод нэгтгэж, “Буурай орны өмнөөс буруу үлгэр дуурайлал үзүүллээ” гэж маршал Чойбалсанд элэгдүүлж явахав дээ. Тува нар Оросод шууд захирагдахыг хүсээгүй учир 1924 оны Монголын тунхаглалын давалгаанаар Хэмчикийн хавьд Монголтой нэгдэх хөдөлгөөн өрнөж Минушинскаас ирсэн морин цэрэгт дарагдсан. Тувачууд “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэсэн бодлоор Монголд нэгдэх гэж олон удаа зүтгэж байжээ. Тэр үед Монгол ч гэсэн дотроо баяртай ч гаднаа дуугүйхэн Оросын байрыг харж байлаа. Тувад ах нар ямар туршилт хийнэ түүнийгээ Монголд мөн хийнэ, Монголд ямар туршилт хийнэ, түүнийгээ Тувад давтана. Шинэ эргэлтийн бодлого, 38 оны их аллага, хүрээ хийдийг устгах хөдөлгөөн, таван жилийн төлөвлөгөө гээд бүгд адил юм. Ийнхүү Оросууд Туваг далан жил тамлахдаа тэдний “Монголоо” гэсэн сэтгэлийг бүрэн угааж чаджээ.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/