Уншиж байна...

 

Монгoлчууд Бухар, Отрар хотуудыг дараалан эзлэн түрэмгийлсний дараа Чингис хаан нэн даруй их цэргээ зүүн

зүг хөдөлгөж, Хорезмын шинэ нийслэл Самаркандыг эзлэхээр давшив. Энэ орчны нутаг хуучин Хар Киданд харьяалагдаж байсан боловч Найманы оргодол ханхүү Хүчүлүг Хорезмтай хуйвалдан өөрийг нь ивээлдээ авсан Гүр хааныг унагаасны дараа Хорезмын мэдэлд шилжин, Мухамед нийслэлээ Ургенчээс энд нүүлгэн шилжүүлсэн байв. Хүн амын хувьд Самарканд нь султаны бүх мужийн дотроос хамгийн том нь, газар нутаг гэвэл бүх мужийн дотор хамгийн үржил шимтэйн нэгд тооцогдож байв.

Нийслэлээ хамгаалах зорилгоор Хорезмын султан Мухамед арван нэгэн түмэн хүнээр Самаркандыг сахиулж байсны дотор зургаан түм нь түрэгүүд бөгөөд тэднийг түүний эх Турхан хатны дүү Тугай хан захиран удирджээ. Нөгөө таван түм нь иран хүмүүс агаад Султан эдгээр хүмүүсийг нийт цэргээсээ шилж авсан эрэлхэг баатрууд, тэр үеийн торгон цэргүүдэд тооцогдож байв. Үүнээс гадна, сүр бараа ихтэй, догшин дүртэй, яс том, эв эрүүл хорин заан сургаж бэлджээ. Энэ заанууд нь багана модуудыг мушгин мурийлгаж, могой шиг махиралдуулах тэнхэлтэй агаад тэдэнд өнгө өнгийн янз бүрийн төмөр хуяг нөмрүүлээд, байлдааны талбарт морин цэрэг, явган цэргийн халх бамбай болгон явуулж, тэдний халхавчин дор дайсны өөдөөс довтолгоо хийдэг байжээ.

Түүнчлэн Самарканд хотын иргэд, хүн ам тоо томшгүй олон байв. Хотыг хэтэрхий зузаалан бэхэлсэн бөгөөд дөрвөн талд нь гаднах хориглолтын шугамыг давхар үелүүлэн байгуулж, хэрмийн ханыг өндөрлөөд, тойруулж ухсан гууг хуурай хөрсний доорх усан давхаргад хүртэл гүнзгийрүүлжээ. Дайнд нэмэр хандив болгох үүднээс ард иргэдэд гурван жилийн татвар түрээсээ урьдчилан төлөхийг Мухамед шах зарлиг болгосон байна. Зөвхөн хотын энэ бэхлэлтээс үзэхэд Самарканд нь төмрийн хайлш мэт бат бэх байсан бөгөөд хамаг жанжин, олон цэргээр хахаж ядаж байв.

Гэвч нийт стратеги байрлал зохицуулалт, эсэргүүцэн байлдах шийдвэр зоригийн талаас нь үзэхэд Мухамед шах үхэлд хүргэх алдааг нэгэнт гаргасан байв. Учир нь Мухамедэд зарим зөвлөхүүд нь тухайлбал түүний хүү Желал-Адцин "Бүх улсын гол хүчийг Сыр-дарьяа мөрний эрэгт бөөгнүүлэн, амарсан цэргээр хол газар аялан ядарсан дайсантай байлдах маягаар монгол цэрэгтэй шийдвэрлэх тулалдаан хийх"-ийг санал болгосон авч Мухамед шахад ингэх хүсэл байсангүй, боломж ч гарсангүй. Харин цэргээ тараан хувааж, хот хэрмийг хамгаалах арга хэмжээ авч, хот бүхэн өөрийгөө хамгаалан байлдах зохион байгуулалт хийсэн байна. Ийм идэвхгүй хамгаалалтын стратеги нийт тоогоороо Хорезмийн цэргээс хавьгүй цөөн монгол цэрэгт хотуудыг тусгайлан бүсэлж, тухай бүрээ давуу хүчийг олон, нэг нэгээр нь бутцохих нөхцлийг бүрдүүлжээ.

Чингис хааны гол замын цэрэг Самаркандруу дайралт хийж эхлэх үед монгольга бусад гурван замын их цэрэг тус тус үүргээ биелүүлээд, төв замын цэрэгтээ ирж нийлэв. Ийнхүү хүчээ бөөгнүүлээд зогсохгүй хорезмын хүн хүч эд материалыг ашиглан, дайсантай халз тулах цэргийнхээ хоол хүнсийг базаан хүчийг сэлбэв. Тэд газар газрын олзлогдогчдоос бүрдсэн хэд хэдэн том цэргийн анги байгуулсан ба салаа бүр 10 хүнтэй, салааны туг дарцагтай байв. Ийм тугаа мандуулсан салаанууд хотын хэрмийн дэргэд ирсэн нь газар тэнгэр бүрхэх мэт, хүн морь далай тэнгис бүрхэх мэт сүртэй харагдав. Чингис хаан өөрийн цэрэг болон олзлогдсон цэргийн хамт Самаркандын эргэн тойрон буудаллаад, хотыг сахин хамгаалж буй цэрэгт "монгол цэрэг ямар олон хүнтэй, олон морьтой юм бэ" гэдгийг зориуд харуулж, зүрхийг нь үхүүлэн, сүрдүүлэг хийв.

Самарканд хотын гаднах дүүргийн Хөх сарайд хааны хээрийн ордон байрлаж, 2 өдрийн турш хаан өөрийн биеэр хотын хамгаалалт болон хэрмийн байдалтай танилцан, газар орны ажиглалт хийн, довтлон эзлэх төлөвлөгөөг боловсруулав. Энэ завсар цэрэг дайчдаа хангалттай амраажээ.

Гурав дахь өдрийн өглөө эрт ерөнхий довтолгоо эхлэв. Хотыг хамгаалсан жанжин Албар хан хотоос цойлон гарч монгол цэрэгтэй өрсөлдөн байлдахад сум бороо шиг шаагиж,үхсэн шархдсан хүмүүс хөглөрч, ноцтой хохирол үзсэн байв. Нар шингэхэд хоёр тал тус тусын хуарандаа буцав. Дөрөв дэх өдөр үүр хаяарахад Чингис хаан мориндоо мордон цэргээ уДирдан хотыг дахин хумиж авчээ. Хотын гадна, доторх хорезм цэрэг цуглан нийлж, хуяг дуулгаа засаж, бүсээ чангалан, амь дүйсэн тулаанд орохоор зориг шулуудав. Чулуу харвагч чөдөр оньс, оньсон нум зогсоо зайгүй ажиллаж, харвасан чулуу хөндлөн гулд дүүлэн хот дотор гам хайргүй бууж байв. Хотын гаднах цэрэг хэсэг хэсгээр сэлбэгдэж, хойш алхам ч ухрахгүй байлдан үхэхээр зориг шуударсан байв.

Гэвч Самарканд хотын бүх хаалгыг энэ үед монгол цэрэг бөглөж, хорезмын цэргийг дайны талбарт гаргахгүй саатуулах болов. Хоёр тал ана мана үзэлцэж байсан тул ялсан ялагдсаныг ялгахад бэрх байв. Хорезмын эрэлхэг зоригтой морин цэрэг хотын хаалгаар дайран гарах гэж аргаа барав. Энэ мөчид тэд заануудаа байлдаанд оруулав. Монгол цэргүүд догшин заануудаас сүрдэж зугтаасангүй, харин ч жанжид дарга нарынхаа удирдлаган дор эсрэг талын дайралтын ирийг мохоон, мэргэн харваачдын нүүр нүдгүй харвасан сум хүмүүсээ зааны хөлд үрэгдэх аюулаас зайлуулаад зогсохгүй дайсны явган цэргийн жагсаал эгнээг сарниулав.

Заануудын биеэн дээр бөөн бөөн сум бороо мэт бууж тэсэж байхын аргагүй болоод учир зүггүй эргэж зугтаахад хүргэжээ. Заанууд энэ үед өвчин шархандаа болон жолоодож яваа эзэндээ захирагдахгүй хамаа намаагаа алдсанаас халхавчинд давшиж байлдсан хорезмын олон цэрэг дайчдыг бяц гишгэж алав. Энэ өдрийн байлдаан самаркандчуудыг сэтгэлийн гүн хямралд оруулан тэдэнд янз бүрийн гутранги сэтгэгдэл төрүүлсэн байна. Зарим том толгой лам нар монгол цэргийн шантрахгүй эр зоригийг гайхан биширч, "намайг хэн хэлэхэв, нохойг хэн саахав" гэж хээгээ бүр алдан ёс суртахууны талаас эсэргүүцэн тэмцэх бодлоосоо ухарч няцахад хүрэв.

Хотыг хамгаалагч түрэг угсааны цэргүүд жанжид дотор "Түрэг, монгол хүн нэг угсааны болохоор хотыг эзэлсэн хойно наанатай цаанатай хандаж магад" гэсэн хувийн дүгнэлт хийж, монголчуудад түрүүлэн бууж өгөхөор шийдэв. Ийнхүү түрэг хүмүүсийн доторх зарим жанжинуудын байлдах зориг алдарчээ. Тав дахь өдрийн өглөө зарим хүмүүс эдгээр бууж өгөгчдийн төлөөлөл болж, хотын гол хаалгуудын нэг Намасхах хаалгыг сэм дур мэдэн нээж, Чингис хаанд бараалхав. Чингис хаан тэднийг зоригжуулан урамшуулж, "Бууж өгөгсдийг алахгүй" гэсэн амлалт өгсөн тул тэд хот руугаа буцав. Мөргөлийн цаг болоход тэд нийслэлээ хамгаалахад туслаач хэмээн Аллах тэнгэртээ мөргөж аврал эрэхийн оронд Самарканд хотын хаалгыг цэлийтэл нээж, монгол цэргийг хотод оруулав. Харсаар байтал монгол цэрэг яах ийхийн завгүй хотыг түйвээж, гаднах бэхлэлтийг нураав.

Зургаа дахь өдрийн өглөө эрт, монгол цэрэг бөөн бөөнөөрөө хотод нэвтрэн орж, хотын оршин суугч эрэгтэй эмэгтэй хүмүүсийг зуу зуугаар багцалж, монгол хүнээр харгалзуулан хотоос туун гаргав. Энэ үед зөвхөн Чингис хаанд бараалхсан тэдгээр лалын шашны тэргүүн болон тэднийг аялдан дагалдагчид хотоос хөөгдөлгүй өршөөгджээ. Ингэж хамгаалагдан өршөөгдсөн хүн барагцаалвал 5 түм байв. Дараа нь монголчууд "Хотод хоргодон, нуугдагсдыг өчиггүй хорооно" гэсэн зар тараав. Монгол цэрэг нэгжлэг, дээрмийн ажиллагаагаа эхэлсэн ба газар зоорь болон энд тэнд өнцөг буланд нуугдсан хүмүүсийг олноор илрүүлсэн бөгөөд цөмийг алж устгав. Заан маллагчид 20 заанаа хөтөлсөөр Чингис хааны өмнө ирж үнэт бэлэг болгон өргөн барихын хамт, заандаа хоол тэжээл олж өгөхийг гуйв. Чингис хаан: "Заан чинь юу идэж амьдардаг амьтан бэ" гэхэд: "Хөдөө хээрийн өвч ногоо идцэг юм" гэж хариулахад "Тэгвэл сул тавьж явуул, тэд өөрсдөө хээр талаас өвс ногоогоо олж идэг" гэж зарлиг болов. Заанууд ингэж өршөөгдсөн боловч, хувхайрч гандсан хээр талд өлбөрч турж үхжээ.

Тэр мөчид бууж өгөхийг үл хүсэн хотыг сахин хамгаалагч зарим цэргүүд дотоод хотод ухран орсон байв. Гэхдээ зарим нь үнхэлцгээ хагартал айгаад эсэргүүцэн байлдах байтугай бултан зугтаах зориг зүрхгүй болжээ. Харанхуй болмогц бууж өгөлгүй дотогшоо ухарч үлдсэн Албар хан үхлээс айдаггүй мянган баатраа авч дотоод хотоос дайран гараад, монгол цэргийн дундуур цусан зам татуулан явсаар, Хорезмын султантай нийлэхээр одов. Үүр цайснаас хойш монгол цэрэг дотоод хотыг битүү бүслэн авч ус бялхтал дүүргэсэн тугалган усан цөөрмийг эвдлэн сүйтгэв. Дотоод хот эзлэгдэхэд тэнд хориглон үлдсэн эрэлхэг зоригт мянган цэрэг лалын шашны сүмд ухран байрлаж газрын тосон гал тургигч бортого, дөрвөлжин зэвтэй сум хэрэглэн ширүүн эсэргүүцэл үзүүлэв. Монгол цэрэг хариу гал нээхдээ мөн тийм бортого хэрэглэсэн тул хориглож байсан лалын сүм юу ч үгүй шатав.

Ийнхүү тулааны хөлд Самаркандын гадна дотор цайз тэр дороо үнсэн товрог болов. Үлдсэн оршин суугчид болон дотоод хот цайзыг хамгаалж байсан цэргүүдийг хотын гадна хөөн гаргаад, түрэг иран хүмүүсийг аравт зуутаар 2 хэсэг хуваав. Тэд монголчуудын заншил ёсоор түрэгчүүдийг цуглуулан талдаа татаж авсан бөгөөд үлдсэн 3 түмэн түрэг-ханлиг хүмүүсийг бүгдийг хороосны дотор хэд хэдэн алдарт жанжид, хорезмын 20 гаруй том эмир багтжээ. Түүнээс гадна зарим ноёд цэрэг, энгийн иргэд эмгэнэлтэйгээр амиа хорлож, амь биеэ золиослов. Хамгийн сүүлд монголчууд илд сэлмийн ирэнд өртөөгүй үлдэгсэдийг тоолж эхэлсэн бөгөөд тэдний дотроос 3 түмэн гар урчууд, уран дархан хүмүүсийг шилэн авч, Чингис хааны үр хүүхэд ургийнханд хувааж өгөв. Мөн идэр залуу хүмүүсээс 3 түмийг сонгон авч хавсрага буюу хашал цэрэг байгуулав. Бусдын амийг хэтрүүлсэн боловч золионд 20 түмэн динар төлөхийг шаардан шахав. Хорезмийн султан ялагдаагүй байхад энэ хотод 100 мянган өрх айл байсан бол улс нь мөхөснөөр хүн ам нь түүний дөрөвний нэг хувьд хүрэхтэй үгүйтэй үлдсэн байв. Ийнхүү Хорезмын нийслэл хот монголчуудын гарт орсон нь Мухамед шахын ялж дийлэх итгэл үнэмшилийг нэг мөр үгүй хийж, дайны стратегийн санаачлага эргэлт буцалтгүй Чингис хааны гарт иржээ.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/