Уншиж байна...

 

Тэрбээр урьд цэргийн байгууллага болон Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны даргаар ажиллаж байсан, зэвсэгт хүчний хурандаа ажээ.

Зарим хүмүүс бөөг шашин биш гээд байгаа. Та юу гэж үздэг вэ?
-Хүн төрөлхтөн хөгжлийн эрчимтэй үе рүүгээ орлоо. Баялаг хаана байна, тэнд улс төр, эдийн засгийн эрчимтэй үйл явц өрнөж байна. Энэхүү өрнөл Монголд аль хэдийнээ орж иржээ. Монголд гуч гаруй янз бүрийн шашны

байгууллага идэвхтэй ажиллаж, монгол хүний оюун санааг эзэмших, улмаар талцуулах үйл явц эрчимжлээ. Түүхийн олон зуун жилийн асар их туршлагатай, хөрөнгө мөнгөний хувьд маш их чадвартай, бас өргөн хэмжээний туслалцаатай, зохион байгуулалтын хувьд жигдэрсэн, цэгцтэй сургаалтай, сая саяар тоолох мөргөлтөнтэй, түүнээсээ дэмжлэг авдаг олон шашин сүүлийн хорин жилд Монголын оюун санааны салбарт хүч түрэн орж ирлээ. Монголыг монголоор нь авч үлдэх аугаа их ухааныг манай өвөг дээдэс бидэнд уламжлан үлдээжээ. Тэр бол мөнх тэнгэрийн шүтлэг юм. Мөнх тэнгэрийн шүтлэг бол шашнаас дээгүүр зүйл. Тиймээс их эзэн Чингис хаан мөнх тэнгэрийг шүтсэнээр монголчуудын оюун санаа, эв нэгдэл, их хүчнийг бий болгож чадсан. Чингис хаан бүх шашныг ижил түвшинд хүндэтгэн үзсээр ирсэн. Мөнх тэнгэрийг шүтсэнээр монгол хүн үндэсний үзлээ илүү сайн ойлгож, монгол уг удмын гайхамшигтайгаа учирч, Монголоороо бахархах, монгол эрчмээр эрч хүчээ авч, монгол омогшлыг мэдэрнэ.

-Бусад орны бөө нараас монгол бөө юугаараа ялгаатай вэ?
-Монгол Бөө бол дэлхийд гайхагдах гайхамшигтай соёлын өв уламжлал юм. Дэлхийн бүх улсад бөө байдаг боловч Мөнх тэнгэрийн хүчийг олж, төрийн түвшинд хүндлэгдэж, дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэгнэсэн Төр улсыг байгуулж, шүтэгдэж ирсэн Бөөгийн түүх манайхаас өөр хаана ч байхгүй, хаанаас ч олохгүй.

-Бөөгийн түүхэнд Чингис хаан их үүрэг гүйцэтгэсэн үү?
-Монгол хүн бөөгийн шүтлэгтэйгээ хамт олон зууны турш түүхийн хатуу замыг туулан өнөө үетэй золгосон нь үнэн. Бөө шүтлэгийг Хүннүгийн үеээс төрийн хэмжээнд зан үйл болгон хөгжүүлж байлаа. Чингис хааны үед монголчуудын төрийн үндэсний язгуур шүтлэг болгон төгөлдөршүүлж чадсан нь дэлхийг эзэлсэн их гүрэн байгуулахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөнхтэнгэрийн шүтлэг нь амьдарч ирсэн байгаль дэлхий, эцэг, өвгөдийн минь онгод, эзэн Чингисийн бүтээсэн Их Монгол гүрэн, үндэсний үзэл бүгд уялдаа холбоотой. Мөнхтэнгэрийг жинхэнэ утгаар нь шүтэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чадсан хүн бол Чингис хаан юм. Монголчууд нь түүхийн олон зуун жилийн турш харийн гүрэнд эзлэгдэж, тэдний үзэл суртал болсон шашин, сурталд хүчээр дагаар орсон, бөө нарыг бөөнөөр нь генецит хийж устгасан, зан үйлээ хийх наад захын бололцоог хууль цаазаар дарангуйлан хавчсан, Бөө шүтлэгийг хүй нэгдлийн харанхуй бүдүүлэг зүйл мэтээр хүмүүст ойлгуулсан тийм л цаг хугацааг туулж өнөөдрийг хүрч иржээ.

-Монголчуудын оюун санаанд бөөгийн гүйцэтгэсэн үүрэг их үү?
-Монголчуудын түүхэнд бөөгийн гүйцэтгэсэн үүрэг их бий. Цаашид энэ чиглэлээр судлаж хийх ажил зөндөө байна. Монголыг эзлэх гэсэн гадны бодлого монголчуудыг язгуур шүтлэгээс нь салгахаас ажлаа эхэлсэн байдаг. Тусгайлан бэлтгэсэн харийн шашныг Монголд нэвтрүүлэхдээ Монголчуудын нэр хүнд, эрх мэдлийн төлөөх хоорондын тэмцлээс үүссэн хагарлыг ашигласан юм. Монголын бөөг тун нарийн судалж, монголчуудтай холбоотой зан үйлийн олон чухал чанаруудыг харийн шашинд шингээсэн. Тэгээд гадны хааны зарлиг, хуулийн чанд хатуу заалтаар Монголд харийн шашинг хүчээр дэлгэрүүлсэн юм. Айл болгоны шүтээнийг хураан авч шатааж, Бөө нарыг олон зуугаар нь алж устгасан. Бөөгийн зан үйл үйлдсэн хүнийг гол амжиргаа болсон малаар нь торгон эдийн засгийн дарамт шахалт үзүүлж байлаа. Монголчуудын хойморт харийн шашин ийм замаар залагдаж, гурван зуун жилийг өнгөрүүллээ. Өнөөдөр үүнийг төрийн зонхилох шашин хэмээн хуулиар тунхаглаад байна. Бид өөрсдийн шүтлэгээ харийн нүдээр харах болтлоо өөрчлөгдлөө. Бөөг мөхөөх гэсэн оролдлого хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Сүүлийн зуун жилийн түүхээс харахад бөө нараас цөөнгүй нь хэлмэгдэлд өртөж, амь насаа алджээ. Энэ хүнд үеийг давсан цөөн хэд нь тэнгэрийн зан үйлээр үйлчилснийхээ төлөө буруутгагдаж, олон жилийг шоронд өнгөрөөсөн юм.

-Өнөөдөр Бөөгийн нийгмийн үнэлэмж ямар байна?
-Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр тутамд тус дэм үзүүлдэг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг тэд үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд төр нь бөө нарыг ийм хэмжээнд үнэлж байсангүй. Бөөгийн жинхэнэ нэр хүндийг бөөгийн зан үйлээ уламжлалаар нь хөгжүүлж байгаа чадварлаг Удган, Зайран нарт үйлчлүүлэгчид, иргэд өгч байдаг. Ийм бөө нар олон байгаа. Бидний хоорондоо ярьдагчлан боловсролтой хүн даруухан гэдэгтэй адил чадалтай, чадвартай бөө даруухан амьдардаг. Зарим нь тэдний тухай тун бага мэдээлэлтэй байдаг юм билээ.

-Монгол бөөгийн нэгдсэн эвлэл хэдийд байгуулагдав?
-Олон мянган жил хөгжин цэцэглэж, нөгөөтэйгүүр нууц далд байдлаар орших хүртэл түүхийн хүнд хатууг туулж ирсэн Бөөгийн шүтлэгтнүүд өнгөрсөн жил хуран цугларч Дээд хуралдайгаа хийсэн. Анхлан МБНЭ-д бөөгийн нийгэмлэг, төв, академи, холбоо зэрэг 60 гаруй байгууллага оролцож байсан, өнөөдөр бөөгийн бараг бүх байгуулага нэгдээд байна. Өнөөдөр бид сууж ажиллах байргүй, өөрийн гэх өмчгүй, бүх зүйлийг эхнээс нь эхлэж байна. Бидэнд зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй, Монгол улсын толгой уул гэгддэг Баян-Өлгий аймагт байдаг Жаргалант хайрханы тахилгад 600 гаруй, Монгол туургатны их тахилгад 3000 гаруй бөө, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл юм. Энэ намар Монголын Хөл уулын Их тахилга өвөг дээдсийн уухайн дуу, морьдын туурайг хөрсөн дээр нь тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болно. Эдгээр их үйлийг бид хийхгүй бол өөр хэн хийх билээ. Нэг жилийн дотор олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадлаа. Бөө нар нэгдэж чадахгүй, хоорондоо таардаггүй гэнэ лээ, нэгдсэн ч удахгүй тарна гэж оношлож байсан үе бий. Монголчуудыг нэгдэж чадахгүй, хамтарч ажиллаж чадахгүй гэсэн үгийн цаана монголчуудыг нэгдэж хүчирхэгжихээс айж зүрх нь чичирсэн харийнхны санаа нуугдаж байдаг юм. Бидний тараах гэсэн, бутраах гэсэн оролдлого ч гарч байсан. Бөө нар бол Мөнх тэнгэрийн Улаач нар төдийгүй Их монгол Улс, Эзэн Чингис хааныхаа ариун сургаалыг түгээгч, Монгол үндэсний үзэл, Монгол генийн уг уламжлалыг үргэлжлүүлэгч, Монгол бахархал, Монгол омогшил, Монгол огшлыг биеэр үлгэрлэгчид билээ.Түүх бидэнд ийм өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэд даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах тэргүүлэгч үүргийг хүлээж байна. Бид өнгөрсөн хорин жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрч ирсэн бөөгийн нэгдлүүдийн түүхийг давтахыг хүссэнгүй. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Монголын бүх аймагт салбараа байгуулжээ. Ийм хэмжээнд ажилласан Монгол Бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Д.Энхжаргал нартаа талархал илэрхийлэхийг хүсч байна. Мөн орон нутагт МБНЭ-ийн салбарыг байгуулж, идэвхтэй ажиллаж байгаа Монгол Бөөгийн Буриадын Их Удган Г.Гэрэлтуяа, Зайран П.Ганболд нартаа талархал илэрхийлэхийг хүсч байна. Монгол Бөөгийн Нэгдсэн байгууллага байгуулах нь зөвхөн цөөн хэдэн хүний ажил биш ээ. Энэ бол Мөнх тэнгэрийг шүтэн бишрэгчдийн бүгдийнх нь өмнө хүлээсэн үүрэг. Өвөг дээдсийн ариун сургаал, номлолыг үргэлжлүүлэн авч явах хүндтэй үүрэг Та бидний өмнө байна.

-Та Бөө нар л Монголоо Монголоор нь авч үлдэхэд гол үүрэгтэй гэх гээд байна уу?
-Яахав, Бөөгийн нэрийг ашиглан хувьдаа өндөр алдарт хүрсэн, бөөгийн нэрээр бизнес хийж ашиг олсон хүмүүс бий нь ч бий. Одоо би гэдэг үгнээс татгалзаж бид гэж ярьж суръя, бид гэж хамтарч ажиллаж суръя. Мөнх тэнгэрийн төлөө зүтгэж, өөрийн бүхий л амьдралаа зориулсан “Тэнгэрийн улаач” нарын зүтгэлийг үнэлдэг газар алга байна. Төрөөс үнэлэх нь тун ховор байдаг. Тиймээс энэ байдлыг зарим хүмүүс овжин ашиглаж, янз бүрийн цол, нэрийг бий болгож, түүнийгээ худалдан ашиглаж байна. Ганц хүний үзэмжээр олгодог, янз бүрийн хуурамч цол, элдэв тэмдэг, “хуурамч” доктор цол авахаас татгалзая. Ийм хуурамч алдар цол нь өнөөдөр хэн ч мэдээгүй үедээ хэрэгтэй юм шиг санагдаж байж магадгүй, маргааш олон түмэн мэдээд ирэхээр нүүр хийх газаргүй “онигоо” болно. Бидний хамгийн эрхэм зорилт бол өвөг дээдсээс уламжлагдан хадгалж ирсэн онгон байгалиа хамгаалах явдал юм. Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул ус түүний лус савдгийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь аугаа их юм. Даяаршлын энэ зуунд, ялангуяа хөрсөн доороо асар их баялагтай Өвөг дээдсээс минь онгон дагшнаар хадгалж ирсэн нутаг лиценз нэртэй алга дарам цаасаар харийнхны эзэмшилд очиж, эрчимтэй сүйтгэгдэж байна. Бидний хийж байгаа Тахилга тайлга бол эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харь сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, бид хийхгүй бол хэн хийх юм.

-Үнэхээр сүүлийн үед хуурамч бөө олон болжээ, тэднийг яах вэ?
-Монгол орны оюун санааны салбарт үүссэн нөхцөл байдал өнөөдөр монголчуудаа даяаршлын сөрөг зүйлээс хамгаалах дархлааг хөдөлгөөнд оруулжээ. Олон мянгаар тоологдох бөө нар бий болж байна. Тэднийг жинхэнэ уламжлалт жаяг, ёсоор бөөгийн зан үйлд сургахыг цаг хугацаа шаардах болжээ. Бөөгийн гэх гэмт хэрэг ч бий болж, бөө нарыг хуурамч, жинхэнэ хэмээн ангилах боллоо. Нийгэмд үүссэн ийм байдлыг арилгахын тулд МБНЭ-ээс “Монгол бөөгийн ёс зүй”-г боловсруулж, МБНЭ-ийн бага хуралдайгаар хэлэлцүүлж, бөө нар нийтээрээ мөрдөж эхэллээ. Монгол бөөгийн ёс зүйг боловсруулахад сэтгэл зүтгэл гаргаж ажилласан Зайран Б.Батсайхан, Д.Одонхүү нартаа талархал илэрхийлэхийг хүсч байна. Бид хэлэлцэж гаргасан “Монгол бөөгийн ёс зүй”-гээ олон түмэнд сурталчлах, хэрэгжүүлэхэд МБНЭ-ийн гишүүд дэмжигчид манлайлан оройлж оролцох ёстой. Монголын бөө нарын хувьд дотооддоо хийж цэгцлэх ажил их бий. МБНЭ байгуулагдсанаас хойш Бөө нэрийг зээлдэн гэмт хэрэг хийгсдийн тоо эрс багассан. Харин залилан хийгсэд улам нууц байдалд орж, арга нь нарийсч байна. Тэнгэрийн үйлээр тоглох эрх хэнд ч байхгүй бөгөөд ийм хүмүүст тэнгэрээс өгөх гэсгээл туйлын хатуу байх болно. Монгол бөөгийнхөө төлөө амьдралаа зориулсан “Тэнгэрийн Улаач” нартаа нэгдсэн журмаар алдар нэр, цол олгохоор боллоо. Энэ цолыг МБНЭ-д нэгдсэн бүх байгууллагууд хүлээн зөвшөөрч байгаа тул МБНЭ-ийн Дээд цэцийн болон Хяналтын цэцийн гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байх болно. Манай иргэд, шүтэгч нар ийм батламжтай, цолтой “Тэнгэрийн улаач” нараар үйлчлүүлж байх нь зүйтэй. Бид МБНЭ-ийн бага хуралдай таван удаа, МБНЭ-ийн дээд цэцийн гишүүдийн хуралдайг арван удаа хийж, цаг үеийн тулгамдсан олон асуудлыг хэлэлцлээ. Бидний хамтарч ажиллаж сурч байгаагийн илэрхийлэл бол хуралдаан бөгөөд хамтын шийдвэр, бодлого бол бидний эцсийн шийдвэр, манай гишүүдийн хэрэгжүүлэх ёстой даалгавар болж байна. Бид ойрын жилүүдэд Монгол бөөгөө хөгжүүлэх хэтийн зорилттой, нэгдсэн тахилга тайлга хийх төлөвлөгөө, хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүдтэй болжээ. Бид бусдын өмнө хэлэх үг, зорилготой болжээ. Бид хамтарч ярилцаж, ажиллаж сурч байна. Цаашид ч энэ чиглэлээр хийх ажил их бий.

- Дэлхийн бусад орны бөө нартай харилцаа ямар түвшинд байна?
-Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан. Дэлхийн бөөгийн сантай хамтарч ажиллан Монголд түүний нэрийг зээлдэн залилан хийж байсан үйл ажиллагааг таслан зогсоолоо. ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулж хамтран ажиллах эхлэлийг тавилаа. ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн, Халимагын тэнгэр үзэлтэн, Өвөр монгол, Японы эрдэмтэн, Өмнөд Солонгос, Канад, АНУ-ын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо. Гадаад хамтын ажиллагаа нь зөвхөн хэдэн хүний асуудал биш бөгөөд бидний хамтын зүтгэл нэн чухал юм. Манай МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ц.Отгонсүрэн ОХУ-ын буриадын бөө нартай хамтарч ажиллах чиглэлд идэвхтэй ажиллаж байна. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Э.Буянбадрах Дэлхийн байгаль хамгаалагчдын Их хуралд төлөөлөгчөөр оролцсон.

-Та өөрөө бас бөө болсон хүн үү?
Би бол Мөнх тэнгэрээ шүтдэг, монгол хүн. “Тэнгэрийн улаач” биш гэдгээр бөөгийн байгууллагыг удирдах ёсгүй гэж зарим нэг нь ярьдаг юм. Бөөг шүтлэгтнүүдээс салгаж авч үзэх боломжгүй. Бидэнд ярих, шүүмжлэхээс илүүтэй хамтран зүтгэж, хийж ажиллах хүмүүс хэрэгтэй байна. Ярьдаг нь хэт олон, хийдэг нь цөөнх байна. “Улаач нар”, шүтлэгтэн гэж ангилж зааглаж ажиллах нь өнөө цагт тохирохгүй зүйл, явцуу үзэл. Бид нэгдэж хамтарч байж хөгжинө гэж үздэг. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл mongolianshaman.com сайтаар зочлоорой.

Ярилцсан: Б.Отгонбаяр.2013 он

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/