Уншиж байна...
1939 оны 5 сараас 1939 оны 8 дугаар  сарын сүүл хүртэл 100 гаруй хоног үргэлжилсэн Халхын голын  дайны ялалтыг төсөөлөхийн аргагүй. Эндээс л Г.К.Жуковын цэргийн жанжины сод авьяас илэрч, ирээдүйн маршал өөрийгөө ямар жанжин болохоо харуулж чадсан юм.
1941 онд Эх орны дайн эхлэхэд дайсныхаа мэргэжлийн армийн эсрэг томоохон байлдааны операцийг төлөвлөж, түүнд ар тал, галт хэрэгсэл, анги салбар, цэрэг, офицеруудаа бэлтгэн, байлдааны ажиллагааг газар дээрээс нь өөрөө фронт командлагчийн хувьд удирдан, дайснаа ялсан цэргийн жанжин үнэнийг хэлэхэд тухайн үед  Зөвлөлт орон даяар  Жуковоос өөр байгаагүй юм.

Халхын голын дайныг энэ агуу жанжин “Зарлаагүй дайн” хэмээн нэрлэж өөрөө амьд сэрүүндээ дайны хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь тохиолдлын хэрэг биш юм. Халхын голын дайны цэргийн түүхэнд оруулсан хувь нэмрүүд үүнийг гэрчилнэ. Халхын голын тэнгэрт дэлхийн хамгийн олон нисэх онгоц оролцсон хамгийн том анхны агаарын тулалдаан болж, тусгаар тогтносон хоёр өөр улсын /үнэн хэрэгтээ Япон, Манж-го, Монгол, Орос гэсэн дөрвөн улсын/ армиуд оролцон, нэг нь эх орноо хамгаалж,нөгөө нь эсрэг улсынхаа нутаг дэвсгэрийг хүчээр байлдан эзлэх зорилгоор тулалдсан дайныг дайн гэхгүй юм бол, хоёр долоо хоногоос 40 хоногийн хугацаанд европын цэргийн театрт үргэлжлэн германы ялалтаар өндөрлөж байсан яг адилхан үйл явдлуудыг дайн гэж нэрлэх нь дэндүү сүржин гэлтэй.
Магадгүй Халхын голын дайныг Номунхааны тулгаралт гэж зарим өрнө, дорнын түүхчид өнөөг хүртэл нэрлэдэг шиг 1941 оны 6 дугаар сарын 22-нд эхлэсэн Эх орны дайнаас өмнөх европын бүх дайныг Чехийн, Польшийн, Францын тулгаралт гэж нэрлэвэл зохилтой. Тэгвэл энэ тулгаралтуудыг төлөвлөж, ялалтад хүргэсэн генералуудаа Гитлер фельдмаршал болгосон юм.
Яг адилхан дайныг дорнын байлдааны театрт явуулж, ялсан Г.К.Жуков “Халх голын тулалдаан”-ыг “Зарлаагүй дайн” гэсний учир ийм бөлгөө. Эс бөгөөс Гитлерийн фельдмаршалуудыг ялсан Жуковыг “Тулгаралтын маршал” гэж нэрлэж зүрхлэсэнтэй агаар нэгэн болох буй заа.
Жанжин штабын шижигнэсэн дарга, армийн генерал Г.К.Жуков тухайн цагтаа, орчин үеийн цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, стратегийн сэтгэлгээгээрээ Гитлерийн фельдмаршалуудтай эн зэрэгцэж чадах, тэр үеийн улаан армийн цорын ганц жанжин байв.
Цэргийн жанжины хувьд  хамгийн хүнд цаг үеийн хамгийн хүнд фронтуудад Г.К.Жуков очиж ажилладаг, бараг гарцаагүй болсон ялагдлуудыг ялалт болгон хувиргаж чаддаг байсан тул түүнийг хүн төрөлхтөн “Ялалтын маршал” хэмээн өргөмжлөх болсон юм.
Г.К.Жуков дайн эхэлсэн өдрөөс дайныг дуустал Эх орноо батлан хамгаалах хорооны дарга, Дээд Ерөнхий Командлагч И.В.Сталины нэгдүгээр орлогч, Эх орноо батлан хамгаалах хорооны гишүүн, цэргийн зөвлөлийн гишүүн байсан юм. Тэрээр Лениний хот бүслэгдэн мөхөх аюулд ороход Ленинградын фронтын командлагчаар томилогдон ахар богино хугацаанд байдлыг тогтворжуулж, хотыг эзлэгдэх аюулаас аварч чадсан төдийгүй, Лениний хотыг эзлэж чадаагүй Гитлерт улс төрийн том цохилт өгч, үзэл сурталын фронтод ялалт авчирсан юм. Удалгүй 1941 оны 10 дугаар сард Зөвлөлтийн хоёр фронтын цэрэг германы цэрэгт бүслэгдэн бут цохигдоход Баруун фронтын командлагчаар Сталин түүнийг томилж фронт командлагч Коневын хувь заяаг шийдэх гэтэл Жуковын хүсэлтээр Коневыг амьд үлдээгээд зогсохгүй Жуковын орлогчоор томилж байсан билээ.
 Энэ фронтод байдлыг түвшитгэн Москвагийн хамгаалалтыг зохион байгуулах цаг хожиж чадсан Жуков цаг үеийн нөхцөл байдалд цэргийн онолчийн хувьд зөв дүгнэлт хийж дайсны цохилтын чиглэлийг зөв тодорхойлж, хамгаалалтыг оновчтой зохион байгуулж чадсан юм.
Москва хотод 22 км тулж ирсэн дайсан, 200 км хүртэл хол таягдуулан хаягдсан агаад дахин герман цэрэг Москвад хэзээ ч ийм ойрхон ирж чадалгүй, ухран ухарсаар Берлиндээ очсон билээ. Москваг хамгаалж байсан Жуков Берлинийг дайран эзлэх операцийг удирдаж, түнэр харанхуй шөнөөр олон зуун прожектор зэрэг асаан нүд сохлом хурц гэрэлд суман мөндөр буулгасаар Берлинийг буулган авсан байдаг.
Дэлхийн нэгдүгээр дайнд Ялагдсан өшөөгөө Францаас авч, 40 хоногийн дайнд Францыг буулган авсан Гитлерийн удирдлага Герман дэлхийн l дайнд бууж өгөх Версалын гэрээнд гарын үсэг зурж байсан яг тэр Вагоныг тухайн үеийнх нь байдлаар засуулан Францыг буулган авах гэрээнд гарын үсэг зуруулж түүхийн алдааг заслаа хэмээж байсан юм.
 Тэрхүү алдааг засагчийн дүрд тоглож Францыг буулган авах гэрээнд гарын үсгийг нь зуруулж байсан фельдмаршал Кейтель Оросын агуу маршалын өмнө суун Гитлерийн Герман дэлхийн ll дайнд буруугаа хүлээн, бүр мөсөн үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Хувь тавилангийн даажигнал гэдэг энэ бөлгөө.
 Монголын ард түмэн анд нөхдөө хэзээ ч мартдаггүй бөгөөд одоог хүртэл Халхын голын баатар, маршал Г.К.Жуковоо дурсан санаж байдгийн хамгийн том илрэл нь Улаанбаатар хот дахь Жуковын хөшөө, түүний гэр музей билээ. Энэ музей маршал Г.К.Жуковт зориулсан дэлхийн анхны музей бөгөөд мөн хилийн чанадад байдаг анхны музей гэдгээрээ алдартай.
Орчуулагч-судлаач Хотгойд М.БАЯРМАГНАЙ
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/