XVII зуунд манж нар хүчирхэгжин өндийж, тэдэнд дагаар орсон өвөрмонголчуудтай нийлэн хятадыг эзлэн, Манж дайчин гүрнийг байгуулахад төв азид түүнийг сөрөн нүүдэлчдийн бас нэгэн том гүрэн босч ирсэн юм. Энэ бол ойрад монголчууд байв. Өөрөөр хэлбэл хоёр гүрэн нэгэн цагт, зэрэгцэн хүчирхэгжиж хатуу цагийн хуулиар хэтдээ эрэгчин, эмэгчинээ үзэх нь тодорхой болжээ. Нэгдэж, нягтарсан ойрадууд хүчээ аван Долоон мөрний сав газарт цөмрөн орж, Туркестан, Төвд, Памир болон Эрчис мөрний Тоболийг гэтэлж умар зүг давшин Уралын нурууг давав. Галдан Бошготын үед сибирийн нүүдэлчдийн хэд хэдэн улсыг эзэлсний гадна Гималайн уулс буюу төвдийг бас хүрч, ийн Баруун Монголыг Каспийн тэнгисийн эрэг хүртэл өргөтгөж тэлэв. Энэ нь хуучин Цагаадайн улс сэргэн босч зүг зүгт хуучин хил хязгаараасаа халин гарсан нь хээр тал нутгийг бүгдийг эзлэн авахыг эрмэлзсэн мэт байв. Ингээд Галдан Бошгот дорно зүгт уугуул монгол буюу халхыг манжаас өрсөн эрхшээлдээ авах арга сүвэгчлэв. Тэрбээр энэ үед Зүүнгар улсдаа цэрэг-захиргааны төвлөрсөн нэгдмэл удирдлага бий болгож, өмнө нь тогтож байсан ойрадын чуулганы зохион байгуулалтанд байсан хунтайж, тайш цолыг хүчингүй болгон, улсаа дөчин хоринд хувааж тэдгээрийг зайсан, дэмч, шүүлэнгэ нарт тус тус харгалзуулан захируулж хааны буюу төвлөрсөн эрх засаглалыг бэхжүүлэв. Энэ нь Галдан Бошгот эртний хүннүгээс эхлээд Их Монгол Улсад уламжлан ирсэн цэрэг-засаг захиргааны тогтолцоог өөрийн улсын түүхэн өвөрмөц онцлогт уялдуулан зохицуулсан хэрэг байв.
 
   Энэ үед халхын Засагт хан Норов нас барсны дараа түүний ширээг залгамжлах асуудал хямрал дагуулан өргөжив. Засагт ханы ширээний төлөө тэмцэлд хөндлөнгөөс идэвхтэй оролцсон халхын Түшээт хан Чахундорж, ойрадын Галдан бошгот, мөн Манжийн Энх-Амгалан хаан нар өөр өөрийн эчнээ бодлоготой байсан юм. Манжийн Энх-Амгалан хаан Далай лам руу яаралтай элч илгээн, байдлыг намжаан чуулган хуралдуулж, халхын асуудлыг зохицуулахыг оролдсон нь өнгөн дээрээ амжилггай болсон мэт байвч бодит үр дүн гарсангүй. Харин эцсийн бүлэгт Галдан Бошготын дэмжиж байсан Шар Засагт хан болов. Галдан Бошгот ийнхүү Засагт ханыг өөрийн холбоотон болгон халхад өөрийн нэр нөлөөг өргөтгөх болов. Хэтийн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд Галдан Бошгот Засагтхантай үйл ажиллагаагаа улам няггруулж, халхыг манжид алдахгүй бэлтгэлийг хийж, юуны өмнө халхад мянгаад лам нарыг урьдчилан оруулж, манжаас нүүрлэж буй түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх нь чухал гэдгийг халхуудад ухуулжээ. Мөн өөрийн дүү Доржжавыг 300 цэргийн хамт Засагт хан Шарын дэргэд ирүүлж, өөрөө өргөөгөө зүүн тийш нүүлгэн Засагт хантай чуулган нийлжээ. Энэ үед Түшээт хан болчимгүй алхам хийж, хүргэн Лувсангомборавдангийн хамт нэг түмэн цэрэг авч хөдлөн Засагт хан Шар болон түүний дэргэд байсан Галданы дүү Доржжав нарын олон хүнийг алж, хүн мал олныг олзлон авчээ. Энэ нь халх, ойрадын хооронд дайны галыг дүрэлзүүлэн асаав.
 
   Манж нар энэ үед хоёр талын хоорондуур орж эвлэрүүлэхээр зуучилсан нь халхыг нөлөөндөө авах гэсэн Энх-Амгалан хааны далд бодлого байсны учир тухайн үед халх болон ойрадын хүчний харьцаа даанч тэнцвэргүй байсных юм. Баруунтаа дайн хийж үлэмж туршлага хуримтлуулан, дундад азийн ихэнх газар нутгийг эрхшээлдээ оруулснаар ойрадын хаан Галдан Бошготын нэр Хаант Орос болон Хөх нуур, Төвд, Манж Чин улсад ихэд алдаршиж байсан үе бөгөөд тиймээс Түшээт хан Чахундорж Галдантай хүч тэнцүүргүй тулалдаанд орж, халх ойродод эзлэгдвэл Манжид ашиггүй болох байв. Үүнээс үзэхэд Галдан Бошготыг манжийн Энх Амгалан хаан төв азийн улс төрийн тавцанд дахь өөрийн цор ганц хүчирхэг гол өрсөлдөгчөө гэж эхнээс нь анхааран үзэж байв.
    Галдан бошгот Түшээт хан цэрэглэн өөрийн холбоотон Засагт хан ба түүний дүү Доржжав нарыг байлдан сөнөөснийг сонсоод 1688 оны хавар 2 түмэн цэрэгтэй халхын баруун хязгаараас дайран оржээ. Зүүнгар улсын арми Засагт ханы нутгийг эзлээд, Хангай уулын хойд этгээдээр давшин, баруун гарын Үйзэн Хатанбаатар, Сэцэн ноён, Илдэн тайж, Хөндлөн бошигт нарыг уулгалан олзолж давшин ирсэнд, Түшээт ханы хүү Галдандорж нар мөн нэгэн түмэн цэрэг авч Төмөртэй гэдэг газар Галдангийн цэргийг тосон гурван хоног зууралдан байлдсаны эцэст дийлдэн ухарчээ.
    Энэ үед Данзан-Омбо, Данжила, Дугарравдан нарын захирсан Галдан Бошготын нөгөө цэргийн анги Эрдэнэзууг эзлэн авсан байна. Тэр үед Өндөр гэгээн Занабазар Эрдэнэзуугаас 2 өдрийн тэртээ газар байсан бөгөөд ойрадын цэрэг хийдийг эзэлснийг сонсоод, Түшээт ханы гэргий, хүүхдийг авч, яаран бууруулсан байна. Эцэст нь халхууд Түшээт хан Чахундоржийн удирдлага дор цэргээ хуримтлуулан, Олгой нуурын дэргэд шийдвэрлэх тулалдаан хийхээр эрслэн шийджээ. Халхын цэргүүд Олгой нуурыг ойрад цэргээс урьтан очиж, ашигтай байрлалыг эзлэн авъя гэж шийдээд цэрэг эмхлэн хөдлөв. Их цэргийн цуваа хэд тасран үргэлжилж байснаа Олгой нуурт дөхөж очоод хэдэн эгнээ болон өргөшиж дэлгээ маягаар урагшлав. Галдангийн цэрэг түрүүлэн халхын цэрэг ойртсоныг мэдэж, түр зогсон дайтах бэлтгэлээ хийжээ. Хотос хонхор, хамар толгойгоор үргэлжилсэн Олгой нуурын хажуу талд тулж ирээд, бие биеэ отон сахиж үүрийн гэгээг хүлээсэн байна.
    Эхлээд ойрадын цэрэг хошууран бөөн хүчээрээ цөмрөн орох санаагаар дайран оров. Халх цэрэг эгнээгээ эвдүүлэхгүйг хичээн сөрөг дайралт хийж хатгалдав. Тоос шороо тэнгэрт хадаж, морьд янцгаах чимээ, илд бамбай хавиралдах дуун тоймгүй болж, алагдаж, шархдсан нэгнийхээ араас нь нөхөн орж ирсээр хоёр талын эгнээ эвдрэлгүй, нүүрлэсэн тулалдаан эхлэв. Олгой нуурын хөндийн энэ тулалдааны талбар дээр барагцаалвал хоёр талаас 2 түм нилээн гаруй хүн шууд нүүрлэн тулалдсан байна. Тулалдаан болсон өглөөнөөс үд нилээн хэлбийж ирэхэд хоёр тал цэргээ гэдрэг татан, тулалдаан түр амсхийлээ. Ингээд бие биеэ хэрхэхийг хүлээсэн мэт харж, газрын өндөрлөгийг эзлэх зорилготой хэд хэдэн дайралт харилцан хийгээд зууралдсан тулалдаанд хүргэлгүй шөнө болгож завсарлав. Маргааш өглөө нар битүүнээр хоёр тал жагсан хөдөлж, бие бие рүүгээ довтлон тулааныг үргэлжлүүлэв. Тулалдааны явцад нэг нь нөгөөгийнхөө хүрээг эвдэх гэж янз бүрээр хошууран дайрсан боловч харилцан амжилт олсонгүй. Хүн, малынхаа хүүрэн дээгүүр даван тулалдаж, тоос шороо тэнгэрт хадан, цэргийн бархираа, морины янцгаах чимээ улам их болов.
    Энэ өдөр тулалдаан завсарласангүй, мэс зөрөлдсөөр байгаад оройхон тасарлаа. Гэвч шөнө дундын хирд бороо ширүүл эн орж байх үед Галдангийн цэрэг халхын цэргийн хүрээ рүү гэнэдүүлэн дайрч оржээ. Халх цэргүүд санд мэнд морьдоо барьж унаад эмхэрч чадаагүй байтал нь ойрадын тал ширүүн довтолсон тул халх цэрэг эсрэгцэн тулалдах дэгэндээ дөнгөж ороход халхын Шамба эрх дайчны тэргүүлсэн хошууч анги нэгэнт цохилтонд өртөн, ойрадын цэргийг барин тулалдах хүчээ задлан, олонх нь алагдаж, үлдэгсэд нь амь дүйн зугтаан тулалдааны талбараас зайлав. Халхын цэргийн хүрээ сэтрэн эвдэрч, дэгээ алдсан учир дайсантайгаа нүүрлэн тулалдах арга тасарчээ. Халхын цэргийн нилээд ноёд, даамлууд дийлдэж байгаагаа мэдмэщ харьяат цэргээ хам хум дагуулаад, Шамба эрх дайчны мөрөөр амь зулбан зугтаж эхэлсэн байна. Түшээт хан ч бүслэлтэнд орж яадгаа алдаж эхлэхэд түүний хүү Галдандорж 2 мянгат цэргээр эсрэг дайралт хийн, өөрийн биеэр тулалдааныг удирдан эцгийгээ хаалтнаас гарган авч дөнгөсөн байна.
     Түшээт хан Галдан Бошготын цэрэгг ийнхүү цохиулсны дараа Өндөр гэгээн Занабазарын хойноос зугтан, Манж чин улсын хилд шурган оржээ. Улмаар Манжийн хаанаас хүчин дэмжлэг авч эргэн тэмцэхийг бодсон боловч тэр хүсэл нь биелсэнгүй. Манж нар ийнхүү халхчууд шахагдан орж ирснийг далимдуулан өөрийн захиргаандаа тэднийг нэгмөр оруулахаргасүвэгчлэв. Өндөр гэгээн болон Түшээтхан тэргүүтэй халхчуул аргагүй нөхцөл байдалд манжийн өмне зарим буулт хийж байсан боловч 1688 он хүртэл шууд тэдний хараанд орчихоогүй харьцангуй бие даасан байдалтай байгаад 1688 оны 9-р сард Ар Элстэй гэдэг газар чуулган чуулж, Манжид дагаар орох шийдвэр гаргасан байна. Ийнхүү Галдан Бошготын анхнаас бодож төлөвлөсөн хэрэг буруугаар эргэж, түшиг тулгуураа болгох гэсэн халхууд нь зугтан манжийн харьяанд орж, бас ар хударгаар нь Цэвээнравдан ойрадын хаан ширээг авах оролдлого идэвхгэй хийж, өөрт нь туйлын ашиггүй байдал нүүрлэж эхэлсэн боловч хэзээ ч ялагдаж, дийлэгдэж үзээгүй Бошгот хаан хүчээр бүхнийг шийдвэрлэхээр эрслэн шийдсэн бололтой. Хэрвээ тэр Чингис хаан шиг ялалт болон ялагдлын гашууныг амсаж мэдсэн бол цаашдаа илүү буурьтай бодлого явуулж хөдлөх байсан биз ээ.
 2013-06-27 16:34:18
Мэдээ оруулсан: undesten
 

Бусад мэдээ

Sep 07, 2020 79

БОГД ХАН УУЛ

Sep 02, 2020 73

АЛТАН ОВОО

Sep 02, 2020 39

Яруу найраг

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/