Уншиж байна...
-Дундаж наслалтын тухай есөн содон баримт-
Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт (IHME) дэлхийн улсуудын хүн амын дундаж наслалтаар “Global Burden of Disease” хэмээх сонирхолтой судалгаа хийж, тайлан гаргажээ. Энэхүү тайлангаас та бүхэндээ хүргэж байна. 
Дэлхийн 195 улсад эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг, Монголд бол есөн насаар илүү. 2016 онд Эфиопт мэндэлсэн хүүхэд 1990-ээд онд мэндэлсэн эх орон нэгтнүүдээсээ 19 жилээр урт наслах болно. Наслалтаараа тэргүүлдэг улс, хомоол хамагч улсын дундаж наслалтын зөрүү 34 жил байдаг...
Бид өмнөх үеэсээ, хойч үе маань биднээс урт насална
Дэлхийн хүн амын дундаж наслалт 1990 оноос хойш долоогоор нэмэгджээ. 3.5 жил тутамд нэгээр ахиж ирж. Хөгжиж буй, бага орлоготой улс орнуудад зүрх судасны өвчлөл, нялхсын эндэгдэл буурсан нь үүнд голлон нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ. Эрүүл мэндийн үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэлийн чанар сайжирсан, анагаахын шинжлэх ухаанд шинэ нээлтүүд гарсан гээд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн хүчин зүйлүүд олон байна. Дайн дажин, өлсгөлөнгөөс болоод зарим оронд дундаж наслалт буурсан сөрөг үзүүлэлт байгаа ч ерөнхийдөө бидний үр дүүдүүд биднээс урт насална гэж баттай хэлж болох нь. Учир нь, хурдац нь удааширсан ч гэсэн дундаж наслалтын хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Хүний хөгжлийн индексийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох хүн амын дундаж наслалтаар Монгол улс дунд зэргийн хөгжилтэй орны тоонд ордог. Монгол Улсын шинэ төрсөн эрэгтэй хүүхэд цаашид 66.1 жил, эмэгтэй хүүхэд 75.8 жил амьдарна гэсэн тооцоо гарсан байна.  
 
Дундаж наслалтаар барууны орнууд тэргүүлдэг
Дэлхий дээр дундаж наслалтаар Япон, Сингапур улсууд тэргүүлдэг болохоор азиуд хамгийн өндөр насалдаг гэж ойлгуузай. Тивээр нь авч үзвэл европчууд хамгийн урт насалдаг байна. Дундаж наслалтаараа тэргүүлсэн “Топ 20” улсын 14 нь энэ тивийнх бөгөөд “Топ 20”-д багтаагүй ч ерөнхийдөө үзүүлэлт нь маш өндөр гарчээ. Их Британиас гэхэд л Англи 20 /Дундаж наслалт 81.5/, Умард Ирланд 32 /80/, Уэльс 34 /80/, Шотланд 42 /79/ дугаар байрт бичигдсэн байх жишээтэй.
 
“Хар тив”-д дундаж наслалт хамгийн бага
Дундаж наслалтаар сүүлийн байрт орсон 20 улсын хоёроос бусад нь Африкийнх ажээ. Афганистан, Папуа Шинэ Гвиней л тэдний дундуур шургалсан байна. Сүүл мушгисан Лесото, Төв Африкийн БНУ-д 2016 онд дундаж наслалт 50 байсан нь тэргүүлэгч Японоос 34 жилээр бага байгаа юм. 
Афганистаны хувьд, дайн дажин, ган гачиг, хуульгүйдлээс болж Ази тивээс ганцаараа дундаж наслалт нь 58-аас доош орсон улс болжээ.
 
Эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалдаг
Судалгаанд хамрагдсан дэлхийн 198 орны 195-д нь эмэгтэйчүүд эрчүүдээс урт насалж байна. Дэлхийн дунджаар тооцоход зургаа, зарим улсад бүр 11 жилээр илүү насалдаг аж. Дундаж наслалтын зөрүү Дорнод Европын улсуудад их байгаа нь энэ бүс нутагт ажлын байрны нөхцөл муу, архины хэрэглээ ихтэй байдагтай холбоотой гэж Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт /IHME/-ийн тайланд тэмдэглэжээ. 
Эрчүүд нь эмэгтэйчүүдээсээ урт насалдаг улс дэлхий дээр гуравхан байгаа нь Конго, Кувейт, Мавритани аж.
 
Дундаж наслалтаа хамгийн их өсгөсөн улсууд
Судалгаанд хамрагдсан улсуудын 96 хувь нь 1990 оноос хойш дундаж наслалтаа өсгөжээ. Тухайн үед дундаж наслалт нь 50-иас доош орсон улс 11 байсан бол 2018 онд нэг ч үгүй болсон байна. Африк, Сахарын бүсийн улсууд энэ үзүүлэлтээр тэргүүлжээ. Хамгийн их өсгөсөн 10 улсын зургаа нь энэ бүсийнх байна. Шилдэг үзүүлэлт Эфиоп дээр гарчээ. 1990 онд дундаж наслалт 47 байсан бол 2016 онд 66 болж 19 жилээр ахисан байна. Амьсгалын замын халдварт өвчин, цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл, гэдэсний халдвар, цусан суулга, булчин зангирах тахал өвчинтэй амжилттай тэмцсэнээр ийм амжилтад хүрчээ. 
 
Дундаж наслалт буурсан зургаан улс
Сахарын өмнөд бүсийн орнууд дундаж наслалтаа хамгийн их өсгөсөн байхад буурсан зургаахан улсын дөрөв нь мөн энэ бүсээс гарсан нь гайхмаар. Хамгийн их уналттай гарсан нь Лесото. 1990 оныхоос даруй 10 жилээр буурсан байна. НҮБ-ын хийсэн судалгаагаар тус улсын иргэдийн дөрвөн хүн тутмын нэг нь ДОХ өвчтэй гэж гарсан байдаг. Дархлал хомстлын вирусийн тархалтаар дэлхийд хоёрдугаарт ордог улс юм.
 
ДОХ, бэлгийн замын өвчлөл нь дундаж наслалтыг хамгийн ихээр доош татдаг гэдгийг Лесотогийн хөрш зэргэлдээ ӨАБНУ-аас харж болохоор. Хөгжлөөрөө тивдээ тэргүүлдэг ч дундаж наслалт нь хоёроор буурсан. Тус улсад 2016 онд төрсөн хүүхэд 1990 онд төрсөн нутаг нэгтнээсээ хоёроор бага наслах магадлалтай. Хөгжлийн төвшин дундаж наслалтад нөлөөлөөгүйн шалтгааныг судлаачид ХДХВ-ын тархалттай холбож тайлбарладаг. Тус улсын хүн амын 15 хувь нь буюу зургаан сая хүн энэ өвчний вирусийг тээдэг гэсэн тооцоог ДЭМБ-аас гаргасан байдаг. Үүнээс хамаагүй их гэж үзэх эрдэмтэд ч бий.  
Хөрш орнуудын ялгаа
Дундаж наслалтыг бүс нутгаар авч үзэх нь зарим талаар учир дутагдалтай. Хөршилдөг хэд, хэдэн улсад дундаж наслалтын зөрүү маш их, заримд нь 20 шахам жил хүрч байна. Афганистанд дундаж наслалт 58 байхад хөрш зэргэлдээ Иран, БНХАУ-д 76 байгаа нь хамгийн их зөрүү.
Мөн Алжир улсын иргэд хөрш зэргэлдээ Мали, Нигерийн иргэдээс 16 жил, Судан улсын иргэд хөрш Төв Африкийн БНУ-ын иргэдээс мөн 16 жилээр илүү наслах магадлалтай байна.  
 
Дайн дажин дундаж наслалтыг доош татдаг
Сири улс 2010 онд дундаж наслалтаараа дэлхийд 65 дугаарт эрэмбэлэгдэж байжээ. Дэлхийн хамгийн өндөр насалдаг 30 хувьд энэ улсын иргэд багтдаг байв. Гэтэл иргэний дайн дэгдсэнээс хойш 142 дугаар байр хүртлээ уруудаад байна. Дайн дажин нь дундаж наслах магадлалыг хамгийн огцом, хийхээр бууруулдаг хүчин зүйл ажээ. Жишээлбэл, 1994 онд Руандад төрсөн хүүхдийн наслах магадлал ердөө л 11 жил гэж тооцогдож  байв.
 
Өлсгөлөн, байгалийн гамшиг ч адил
1994-1998 оны хооронд үргэлжилсэн их ган гачиг, өлсөгөлөнгөөс болж БНАСАУ-ын дундаж наслалт огцом буурчээ. Энэ байдал нь 200-аад оны дунд үе хүртэл үргэлжилсэн байна.
2010 онд Хаитид газар хөдөлж, 200 гаруй мянган хүн амиа алдахад мөн ийм байдал ажиглагдсан. Гэхдээ БНАСАУ-аас ялгаатай нь, ганцхан жилийн дараа дундаж наслалт нь эргээд өсөлтийн хэмнэлдээ оржээ.    
 
Эх сурвалж: Эрүүл мэндийн үнэлгээ, үр дүнгийн институт (IHME)-ийн “Global Burden of Disease” судалгааны тайлан.
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/