Уншиж байна...

Эдгээр гайхал¬тай үйл явдлууд 1930-аад онуудын үед Уулын улус нутагт болсон билээ. Тэр үед нэгэн бөөг дахин оршуулахтай холбоотой үйл явц өрнөсөн юм. Өнөө үед тэрхүү үйл явцын тухай өгүүлэх нарийн ширийн материалуудыг Бэс-Кюель тосгоны багш И.И.Павлов нэгтгэн цуглуулжээ. 1992 оны найм¬дугаар сард Якутск хотод бөө мөргөлийн талаарх олон улсын анхны чуулган болохын өмнө¬хөн тэрбээр орон нутгийн сонины хэдэн дугаар дам¬жуулан якут хэл дээрх материалуудаа хэв¬лүүлсэн аж. Сонинд хэвлэгдсэн нийтлэлийн зарим нэг хэсгүүдийг товчлон хүргэхээр шийдэв.
Болж өнгөрсөн түүхийн гол баатар нь, тодруулж хэлбэл Дотоодыг хамгаалах газраас үүсгэсэн хав¬таст хэргийн эзэн холбогдогч нь ойун Моньогон гэдэг хүн байв. Якут хэлнээс орчуулах юм бол түүний нэр “Хар бөөрөлзгөнө” гэж бууна. Харин нутгийн зон олон нь өөрсдийн алдартай бөөг зүгээр л Өвгөн гэж дууддаг байлаа.
Нөгөө ертөнцөөс ирсэн хүсэл
Моньогон гэдэг тэр хүн энд өгүүлэгдэх үйл явд¬лууд болохоос өмнө 150-200 жилийн тэртээ амь¬дарч байсан гэдэг. Хойч үед ам дамжин ир¬сэн домог яриагаар бол Өвгөн энгийн нэг бөө байгаагүй аж. Тэрбээр хэзээ ч үйл хийдэггүй нэгэн байсан бөгөөд хэнгэрэг, хувцас хэрэглэл зэргийг өмсдөггүй байжээ. Тэгсэн мөртлөө ганц нэгхэн үг хэллэг, иллэг бариа, ургамлын ханд зэргийг ашиглан маш хурдан хугацаанд чадварлагаар элдэв хараал жатга, хорлол зэргийг тайлж, элдэн хөөдөг байснаас гадна өөрийн отгийг янз бүрийн гай зовлонгоос хамгаалж байсан гэнэ. Өвгөн биеэр намхан, эцэнхий мөртлөө шонхор шувууных шиг хурц, нэвт ширтсэн харцтай нэгэн байжээ. Түүний харцтай тулгарсан хүн яах учраа олохгүй дальдчидаг байсан аж. Түүнийг амьд ахуйд нь хүмүүс маш сайхан сэтгэлтэй, хүний зовлон болоод жаргалыг амархан ойлгодог, тусч энэрэнгүй хүн хэмээн магтан дуулдаг байжээ. Өвгөн таалал төгссөний дараа ч ийм яриа тасраагүй юм. Тэнгэрт хальсан түүнээс бүгд л айж, эмээн, тахин шүтэж байсан гэдэг.
 
Хүүрнэлээ цааш үргэлжлүүлэхийн өмнө би нэг тодруулга хийхээс өөр арга алга. Эрт дээр үед бөө нарыг ямар зан үйлийн дагуу нутаглуулдаг байсан тухай ярихгүй бол болохгүй. Учир нь, энэ талаар зохих мэдлэг, мэдээлэлгүй хүмүүст миний хүүрнэл ойлгомжгүй байж мэдэх юм. Якутууд өнөөгийн Ази тивийн зүүн хойд ой модоор хучигдсан хэсэгт амьдарч байсан бараг бүх хүмүүсийн адилаар оросуудын эзлэн түрэмгийлэлд автахаасаа өмнө бурхан болоочоо газраас хөндий нутаглуулдаг байжээ. Арангас гэж нэрлэгддэг тэрхүү тавцан нь газраас 1.5-2 метрийн өндөрт моднуудад бэхлэгдэн байрладаг байв. Тэр тавцан дээр талийгаачийг хэвтүүлсэн авсыг байршуулна. Авс нь дундуур нь зүсч хуваасан модны хоёр хэсгээс бүрддэг байв. Эрт, орой хэзээ нэгэн цагт тавцан өгөршиж муудсанаар авс газар дээр унана. Өтгөн шигүү ой дунд амьдарч байгаа цөөн тооны хүмүүст талийгаачийн ул мөр ямар нэг халдварт өвчин тараах аюул бага байсан юм. Якутыг хаант Орос Улсад нэгтгэсний дараа үнэн алдартны шашинтай лам нар болоод дээд удирдлага ийм бурангуй хөдөөлүүлэгт дургүйцсэн бөгөөд үтэр түргэн ийм аргаар оршуулга үйлдэхийг хоригложээ. Өөд болоочдыг булшлах болсон аж. Харин тэнгэр шүтлэгтэй байсан бөө нарын хувьд чамгүй удаан хугацаанд энэ хориг үйлчлээгүй юм. Өөрөөр хэлбэл, тэдний зан үйлийг хүндэтгэн тааваар нь орхижээ. Тэгээд ч уламжлагдаж ирсэн заншил ёсоор бол хүчтэй, мундаг бөө нарын шарилыг гурван удаа оршуулдаг байв. Тэдний шарил хоёр удаа арангас дээр байршсаны эцэст дараа нь газарт өргөгдөн нойрсох учиртай байлаа.
XIX зуунд эхний арангас өгөршиж муудаад нурж унангуут Моньогоны шарилыг холбогдох бүх зан үйлүүдийг ёсчлон хийгээд шинэ тавцан дээр байршуулжээ. Гэтэл 1920-иод оны сүүл, 1930-аад онуудын эхээр Өвгөний шарил үйрч дуусаагүй байхад тэрбээр гэнэт Зөвлөлт засгийн харгайгаар нууц байдалд шилжсэн нутгийн бөө нарын зүүд нойр, үйлийн үеэр морилох болж, өөрийг нь гурав дахь удаагаа буюу газарт өргөхийг шаардан гуйх болжээ. Үүнийг тэрбээр “Миний сүнс тэнгэрт дүүлэх цаг нь ирлээ” гэж тайлбарласан аж.
Урьд өмнө нь бол мундаг хүний ийм хүслийг тэр даруй л гүйцэтгэх байсан юм. Харин яг тэр үед большевикууд хуучны муу муухай, бурангуй үзлүүдтэй харгис тэмцэл явуулж, Сталины яргалал ид эрчээ авч байсан тул Өвгөний тааллыг гүйцэлдүүлэн түүний шарилыг газарт булах зориг зүрхтэн олдоогүй гэдэг. Гэхдээ нутгийн зон олон үе үе түүний шарил тавиастай арангасын дэргэд нууцаар очиж, өргөл барьц болгон адууны дэл сүүл, ногоон цай, тамхи, архи зэргийг орхихдоо өөрсдийн хүслийг шивнэдэг байжээ. Өвгөн хэдэн жил тэвчээртэй “хүлээсэн” юм. Дараа нь удахгүй гай зовлон ирж магадгүй гэдгийг анхааруулж эхлэв. Үнэхээр ч удалгүй түүний удам судрын хүмүүс элдэв өвчин эмгэгт нэрвэгдэх болж, нас барах нь нас барж, галзуурах нь галзуурч эхэлсэн гэдэг. Энэ явдал дэндүү ойр ойрхон гарах болсон тул хүмүүс “Улаан од” гэж нэрлэгдсэн хамтралыг орхин “хараал” бүхий тэрхүү газраас дайжиж эхэлжээ.
Гомдол тээсэн Өвгөн өөрийн сүнсийг ашиглан байнга сануулга өгөх болсон аж. Түүнийг нутаг¬луулсан газраас холгүйхэн орших нууранд нэгэн цагаан хун байнга сэлж, эрэг дээгүүр нь саарал тогоруу алхаж явдаг байв. Мөн үе үе булшнаас нуур хүртэл жим гарган ус руу томоо гэгчийн хар сойр шувуу алхдаг болжээ. Тэдгээрийг ердийн нэг шувуу гэж бодсон ч учир мэдэхгүй хүмүүс хун юм уу тогорууг буудахыг оролдоод тэр даруй удаан хугацаанд ховсдуулан унтдаг байжээ. Харин сойр шувууг ангуучлахыг хүсэгчид хөшиж орхидог байсан гэнэ. Мэдээж, тийм учраас тэднийг ангуучлахыг хүсэгчид маш амархан үгүй болсон юм.
Харин Өвгөн нөгөө ертөнцөөс сануулга ирүүлэхээ үргэлжлүүлжээ. Тэр болгонд дахин оршуулах шаардлага дээрээ өөр бас нэг сонин янзын, бие зарсхиймээр шаардлага-хүсэлтийг ирүүлдэг байв. Бөө өвгөний сүнс өөрийнх нь баруун гарын сарвууны булчин, шөрмөс ялзарч муудсан тул хуруу нь салж унаад нуруун доогуур нь орчихсон, тийм учраас хурууг байранд нь оруулж бэхлэх хэрэгтэй хэмээж байлаа. Эс тэгвэл шинэ асуудлууд гарах болно гэж сүрдүүлжээ.
   
Нууц ажиллагаа
Домог ярианд өгүүлэгдсэнээр бол айхтар бөө¬гийн азгүй үр сад хоёр галын шуурган дунд орсон аж. Нэг талаас тэд шинэ засаг, төрийн зүгээс ямар нэг шийтгэл ирж магадгүй гэж айгаад юу ч хийлгүй суусан бол нөгөө талаас Өвгөний тэсвэрлэшгүй шаардлагыг өөрийн биеэр мэдэрч байсан юм. Гэтэл нөхцөл байдлыг тэдний үзэж байгаагаар 1936 оны сүүл үе шийдвэрлэсэн байна. Тэр үед ЗСБНХУ-ын Үндсэн хуулийг Сталины тушаалын дагуу баталсан билээ.
Тэрхүү хуулийн нэгэн зүйл заалтад хүмүүсийн аливаа шашинг шүтэх эрхийг зөв¬шөөрчээ. Гэхдээ бодит амьдрал дээр энэ нь тусгалаа олоогүйг бүгд мэднэ. Дараа жилийн зун нь Атамай тосгоны зөвлөл нэгэн амралтын өдөр дээрх Үндсэн хуулийг баталсантай холбогдуулж баяр хийхээр болов. Тэр баяртай давхцуулж олонд зарлаж мэдэгдэлгүйгээр маш цөөн тооны итгэлт хүмүүсийг оролцуулан Моньогоныг дахин нутаг¬луулах үйлийг хийхээр шийдвэрлэжээ.
Энэ хариуцлагатай “үйл ажиллагаа”-г явуулах үүргийг “Улаан од” хамтралын дарга А.С.Максимовт даал¬гав. Харин оршуулах зан үйлийг өөр отгоос уригдан ирсэн ойун Омокун хийх ёстой болов. Түүнд учир мэдэх хоёр хөгшин туслахаар томилогджээ. Өргөл барьц, идээ будааг зохицуулах мөнгөний асуудлыг ч шийдвэрлэжээ. Өвгөн шаардлагадаа бух, үнээ, залуу азарга, хоол хүнс, архи дарсыг тоочсон байлаа. Хамтралын гишүүд хөрөнгө мөнгө цуглуулан тэр бүх асуудлыг шийдвэрлэсэн аж.
Зургаадугаар сарын тэргэл сартай тэр шөнө энэ зан үйлд оролцохоор сонгогдсон 80 орчим хүн Өвгөний шарилын дэргэд чимээгүйхэн цугларчээ. Холбогдох зан үйлийг үйлдэж, өргөлд өргөх мал адгуусыг муулаад, хэнгэрэг цохиурын нижигнээн дунд Өвгөний авсыг тавцан дээрээс буулгаад тагийг нь нээжээ. Түүн дотор үнэхээр биеэр маш жижиг хүний шарил хэвтэж байлаа. Мэдээж, тэнд байгсдын харц Моньогоны баруун гар руу тэмүүлжээ. Бүгд л тэр гарт үнэхээр л нэг хуруу нь дутуу байгааг олж үзэв. Үүнийг Өвгөн ч өөрөө нот¬лон өгүүлэв. Тэрбээр дэргэд нь үйл хийж байсан Омокуны биед сүнсээ шингээгээд өөрийнхөө хоолой¬гоор хуруу гарыг нь хэвэнд нь оруулахыг үүрэгдсэн гэнэ. Хоёр өвгөн айдастаа автаж зогссон тосгоны оршин суугчдын харцыг дальдчуулан байж гараа шарил доогуур болгоомжтой шургуулаад тэндээс салж ойчсон хурууг нь тэмтчин олжээ. Ху¬рууг байранд нь эргүүлж оруулан өргөлд өргөсөн азарганы шөрмөсөөр бэхлэтэл ард олон сая нэг юм санаа амарч, хүндээр санаа алджээ. Өвгөний авсыг булах газар нь дөхүүлтэл Моньогон бөө өвгөний амаар “Би энэ ертөнцийг ганцаараа орхиж чадашгүй нь” гэж орилжээ. Бүгд л айсандаа болоод дагжин чичирч эхлэв. Тэнд байсан хүмүүсээс хэн нь ч гэнэт ингээд аминаасаа хагацахыг хүсээгүй юм.
Бүгд л Өвгөн бидний хэн нэгнийг сонгон авна гэдгээс айж зогслоо. Үүнийг мэдрээд Моньогон “Хэрэв сайн дураар надтай хамт одох хүн олдохгүй бол яг одоо бөө үхэх болно. Хэрэв тэгвэл миний удам судрын бүх хүмүүст аймшигт хараал хүрэх болно” хэмээн үргэлжлүүлжээ. Энэ үгийг хэлж дуусаагүй байхад Омокун бөөгийн царай нь сонин болж, тэр эвгүйтсэн гэнэ. Гэтэл олны дундаас 70 настай Григорий Федоров гэгч хүн гарч ирээд унаж буй бөөг тэвэрч аваад ийн өгүүлжээ.
“Би энэ хорвоо дээр хангалттай амьдарсан гэж бодож байна. Тиймээс Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлэхэд бэлэн” гэж хэлэв. Бүгд л тайвширч, уртаар санаа алдаад зан үйлийг дуусгасан байна. Гэхдээ салах ёс гүйцэтгэх үеэр Моньогон дахиад л тэнд байгсдыг түгшихэд хүргэв. “Өнөөдрийн энэ өдрөөс болж та нарын зарим нь ирээдүйд тун эвгүй зүйлүүдтэй учрах болно. Тэр зүйл нэг залуугийн буруугаас болж гарах бөгөөд шүүх дээр очиж дуусна. Харин та нар зөвхөн үнэнийг яриад, хэдхэн сар тэсэх хэрэг¬тэй. Би өөрөө хотод шаардлагатай хүн дээр нь очсоноор та бүгдийн шаналал түүгээр дуусгавар болно” хэмээн ярьжээ.
Сэтгэлдээ бага зэрэг айдастай ч гэлээ ямар ч байсан Өвгөний сүүлчийн хүслийг биелүүлсэндээ сэтгэл нь тайвширсан хүмүүс гэр гэртээ харьцгаасан гэдэг. Мэдээж, тэд бүгдээрээ л Григорий Федоров яах бол гэсэн бодолд автжээ. Харин сайн дураар золигт гарахыг хүсэгч хөгшин ямар нэг өөрчлөлт амсахгүй л байлаа.
Хэд хоногийн дараа тэр гэртээ оройн хоолоо идчихээд, хүүхдүүддээ ар гэрийн ажлаа даатгаж захичихаад унтахаар хэвтсэн юм. Тэр чигээрээ таалал төгссөн гэдэг. Хамтрал даяараа цугларч түүнийг баатар эрийн ёсоор ор¬шуулц¬гаав.
Гэм зэм
Удалгүй Атамай тосгонд бүх зүйл тэгшрэх болов. Элдэв өвчин эмгэгүүд гарахаа больж, мал хээл хаяхаа больж, зүлэг ногоо гайхалтай сайхан ургах болжээ. Орон гэрээ орхин дайжсан хүмүүс ч эх нутагтаа эргэж ирэх нь олшров. Гэтэл нэг нарлаг сайхан өдөр төвөөс ирсэн нэг залуухан хянан шалгагч хамтралын даргыг ажлын байран дээр нь олоогүй тул дур мэдэн түүний албан би¬чиг баримтад шалгалт хийхээр шийджээ. Тэдэн дотроос “Өвгөний оршуулгын зардал” гэсэн бич¬вэр бүхий хавтсыг олоод үүнийг ашиглан албан тушаалын шатаар өгсөх боломжтой гэж сэтгээд бушуухан шиг төв рүүгээ буцсан байна.
Ингэж л нэгэн эрүүгийн хавтаст хэрэг нээгдсэн юм. “Улсын өмч хулгайлсан, шашны бурангуй суртал ухуулга хийсэн, хүн амины хэрэг үйлдсэн” гэх энэхүү хавтаст хэрэг алдарт 58 дугаар зүйл заалтаар холбогдсон хүмүүсийг нь “Ард түмний дайсан” болгоход хангалттай байсан гэдэг. Хэд хоногийн дараа хамтралын дарга, бөө өвгөн, тэдэнд тус болсон хоёр хөгшнийг баривчилж хорьсон бөгөөд оршуулах үйл явцад оролцсон бусад хүмүүсийг дуудан ирүүлж байцааж эхэлжээ.
1937 он болж байлаа. Тийм учраас дүүргийн Дотоодыг хамгаалах газарт дээрээс нэгэн заавар¬чилгаа ирсэн байна. Түүнд энэ боломжийг ашиглан хавтаст хэргийг нэлээн дуулиантай болгоод, бусдад санамж болгох үйл явц зохион байгуулахыг үүрэгджээ. Байдал хурцдаж эхлэв. Гэтэл дөрвөн сарын дараа гэнэт Якутск хотоос Бүгд Найрамдах Улсын ерөнхий прокурорын тушаал ирсэн аж. Тушаал дотор “Гэмт хэргийн бүрэл-дэхүүнгүй учир хэргийг хаасугай” хэмээн өгүүлсэн байв. Прокурор өөрийн гаргасан шийдвэрийг ингэж тайлбарлажээ. “Шинэ Үндсэн хуулийг батласны дараа Атамай тосгонд холбогдох байгууллагууд хуулийг албан ёсоор тайлбарлан таниулах ажлыг хангалттай хийгээгүй байна. Тийм учраас харанхуй хамтралчид шашин шүтэх эрх чөлөөтэй болсон гэдэг зүйл заалтыг буруугаар ойлгосон бололтой” гэж бичсэн байжээ. Сталины цуст яргалал явагдаж байсан тэр үед энэ нь олон хүний гайхшралыг төрүүлсэн гэдэг. Гэвч прокурор л бол прокурор учраас мөрдөн байцаагчид толгойгоо сэгсрэн байж түүнийг хараагаад хоригдсон хүмүүсийг суллахаас өөр аргагүй болжээ. Өвгөн амласныхаа дагуу хотод шаардлагатай хүнд нь нөлөөлсөн биз ээ.
Хэсэг хугацааны дараа нуурын эрэг дээр үзэгддэг байсан сүнс-шувуунууд бүгд хаашаа ч юм алга болж, тэнд дахиж хэзээ ч үзэгдээгүй гэдэг. 1970-аад оны дундуур Моньогоны булшийг зан үйл судлаачид очиж судлаад явжээ. Яг явахын өмнөхөн нь гэрэл зурагчны мөнгө, баримт бичиг бүхий хэтэвч хаашаа ч юм алга болчихжээ. Урилгагүй зочид булшны эргэн тойрны газрыг нэгбүрчлэн шалгасан ч юу ч олж чадаагүй юм. Тосгонд очоод хальсаа угаатал гэрэл зурагчин эр юу ч олж үзээгүй гэнэ. Хальсан дээр юу ч байхгүй, гэрэлд цохиулчихсан байжээ. 1980-аад онуудаас хойш Өвгөн ямар нэг айхтар дохио өгөөгүй бөгөөд түүний сэтгэл амарч, сүнс нь энэ ертөнцийг орхисон гэж үздэг билээ.
                                 Эх сурвалж www.wikimon.mn

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/