Уншиж байна...

Эдүгээ дэлхий дахинд чухам юу болоод байгааг мэдэх арга тун хомс болжээ. Биржийн болон эдийн засаг, улс төрийн мэдээлэл дүгнэлтүүд “авах юм байхгүй” галзуу солиотой мэт болсон байна. Энэ үед ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн удаан хугацааны зүй тогтлыг судлах Төвийн захирал, академич С.Ю.Глазьевийн тайлан гарав. Энэ нь: “Өсөн нэмэгдэж буй хаосын гүний шалтгаан хийгээд эдийн засгийн хямралыг даван туулах арга хэмжээний тухай илтгэл” гэсэн гарчигтай системийн анализ юм.


Орос эрдэмтэн учраас орос өнцгөөр, оросын эрх ашгийн үүднээс илтгэлээ хийсэн нь мэдээж хэрэг. Гэхдээ АНУ, Хятад болон бусад бүх том улсуудад иймэрхүү төрлийн баримт бичиг байгаа гэдэгт эргэлзэх зүйл огт байхгүй.
Ямар ч гэсэн дэлхий дахинаа чухам юу болоод байгааг ойлгож ухаарахад тус болно гэж үзээд энэ том илтгэлийн ганцхан хэсгийг (параграф) орчуулан хүргэж байна. Харин над руу хандсан ямар ч “шүүмжлэлийг” хүлээж авахгүй гэдгээ эртхэн хэлчихье…

х х х
Нийгэм-эдийн засгийн хөдөлшгүй хуулийн улмаас АНУ Хятадтай хийж буй худалдааны дайнд ялагдах нь тодорхой байна. Хэдий ийм боловч Америкийн эрх баригч элит даяар ноёрхлынхоо төлөө олон улсын эрх зүйг ч үл харгалзан өөрт байгаа бүхий л хэрэгслээр тэмцэхийг оролдож байна.
Хамгийн сүүлд гэхэд л Хятадтай худалдааны дайн хийхдээ Олон улсын Худалдааны Байгууллагын хэм хэмжээг үгүйсгэв, НҮБ-ын Дүрмийг зөрчин Балкан болон Ойрхи Дорнодод зэвсэгт түрэмгийлэл үйлдэв, түүнчлэн Европ, Өмнөд Америкийн хэд хэдэн оронд төрийн эргэлт зохион байгуулав. ОУВС-гийн дүрмийг зөрчин Оросын эсрэг хориг арга хэмжээ авав, биологийн зэвсэг боловсруулж, кибер терроризм хийгээд бусад орнууд дахь цэргийн оролцоогоо өсгөн нэмэгдүүлж байна, олон улсын конвенцуудыг зөрчин сансарт цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байна, шашны хэт даврах үзэл, неонацизмыг санхүүжүүлж, террорист байгууллагуудыг зохион байгуулж, өөгшүүлж байна, бусад орны санаанд нь үл нийцэх иргэдийг хулгайлан, хөрөнгийг нь хурааж байна.

Энэ дайныг АНУ-ын эрх баригч элит Хятад дахь эдийн засгийн хөгжлийг удирдах бүтэн эрэмбээр дээгүүр үр ашигтай систем бий болсон шинэ нөхцөлд өөрийн даяар ноёрхлыг хадгалан үлдэх зорилгоор өдөөн турхирч байна. Одоо америкийн элитүүд ноёрхлоо тогтоон барих гэж зүтгэхдээ хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээ ямар хязгаар хүртэл үйлдэх вэ ? гэдэг асуулт нээлттэй үлдэж байна.

Дэлхий дайнууд хэрэглэж буй технологоороо бие биенээсээ эрс ялгагддаг. Дэлхийн хоёрдугаар дайн моторын дайн байсан бөгөөд энэ нь тухайн үеийн технологийн хэвшлийн цөмийг бүрдүүлдэг автомашин зохион бүтээх, органик синтезийн аж үйлдвэрийн хөгжилд хүчирхэг түлхэц өгсөн юм. Өнгөрсөн зууны 70-аад оны дунд үеэс энэ нь өсөлтийнхөө хязгаарт хүрч, түүнийг технологийн дараагийн хэвшлээр солих үйл явц эхэлсэн ба энэ шинэ хэвшилд микро электроникийн аж үйлдвэр түлхүүр хүчин зүйл нь болжээ.
“Оддын дайны” номлол хийгээд АНУ-ын эхлүүлсэн сансар-пуужингийн хүрээнд зэвсэглэлээр хөөцөлдөх болсон нь түүний өсөлтөд хүчирхэг түлхэц өгсөн ба энэ нь өнөөгийн зуун жилийн эхэн хүртэл үргэлжилж иржээ.
Харин өнөөдөр бол технологийн энэ хэвшлийг дараагийн хэвшлээр солих үйл явц болж байгаа ба энэ шинэ хэвшлийн түлхүүр хүчин зүйл нь мэдээлэл-харилцаа (информационно-коммуникационный) нано болон био инженерийн технологиуд юм. Үүнийг мөн л урьдын адил зэвсэглэлээр хөөцөлдөх явдал тэтгэн урамшуулж байна.
Гэхдээ өнөөдөр технологийн шинэ хэвшлийн төлөвшин бүрэлдэж буй суурь технологиуд өмнөхөөсөө эрс ялгаатай. Эдгээр технологийг боловсруулах ажлыг өдөөн урамшуулахад стратегийн объект, хүн ам болон дайсны ухамсрыг хөнөөдөг өндөр нарийвчлалтай пуужин, биологийн зорилтот, кибернетикийн болон мэдээллийн когнитив (ухамсарт нөлөөлөх-орч) зэвсгүүд хамгийн сайн тохирдог юм.
Өнөөдөр зэвсгийн эдгээр төрлүүдийг өргөн хэрэглэж байгааг ажиглахад хэцүү биш. Тухайлбал: өндөр нарийвчлалтай зэвсгийг байлдааны ажиллагаанд, биологийн зэвсгийг корона вирусын тахал хэлбэрээр, кибернетик зэвсгийг санхүүгийн болон эрчим хүчний дэд бүтцийн объектын эсрэг, когнитив зэвсгийг нийгмийн сүлжээнд өргөн ашиглаж байна.
Цөмийн болон химийн зэвсгийг хэрэглэх боломжгүй болохоор орчин үеийн дайн гибрид (эрлийз- орч) шинжийг олсон ба энэ нь дайснаа номхотгохын тулд санхүү, худалдаа, дипломатын арга мэхийг өргөн ашиглах явдал болно.
АНУ дээр дурдсан бүх хүрээнүүдэд олсон давуу талаа ашиглан дайснаа сулруулах үндсэн дээр дэлхийн эдийн засаг дахь давуу талаа нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Оросын эсрэг санхүүгийн хориг арга хэмжээний хэлбэрээр санхүүгийн дайн өдөөсөн ба үүний золиосонд хөнгөн цагааны аж үйлдвэр “Русал”-д харъяалагдаж америк “хамтрагчдын” хяналтад шилжсэн усан цахилгаан станцуудынхаа хамт нэрвэгдэж байна. Тэдний дараагийн бай нь барууны менежментээр хэсэгчлэн хянаж буй “Роснефть” болж байна.
Вашингтонд таалагдаагүй оросын хуулийн болон биет этгээдийн хөрөнгийг баривчлах, мөнгөн шилжүүлгийг хаах, тэдэнтэй гэрээ хэлэлцээр хийхийг хориглох зэрэг үйлдлийг долларын бүхий л бүсэд өргөн фронтоор хэрэгжүүлж байна. Оросоос гарсан бүтэн триллион доллар англо-саксоны оффшорын олзонд байна.
Худалдааны дайны хэрэгслүүдийг Хятадыг сулруулахын тулд ашиглаж байна, Вашингтон Дэлхийн Худалдааны Байгууллагын хэм хэмжээг зөрчин, нийт 300 млрд долларын импортын нэмэлт татвар Хятадад ногдуулж, түүнчлэн компьютерийн технологийн тэргүүлэх үйлдвэрлэгчдэд хориг арга хэмжээ авав.
Худалдааны дайны шалгарсан аргаар Саудын Арави нефтийн үнийг унагав, үүнийг Оростой хийх худалдааны балансыг алдагдуулах зорилгоор Вашингтоны тушаалаар гүйцэтгэсэн ба энэ аргыг 80-аад онд ЗХУ-ын эсрэг хэрэглэж байсан юм. Үүний дээрээс Саудын Арави оросын компаниудыг шахан зайлуулах зорилгоор Европын зах зээл рүү нефтийн нээлттэй демпинг хийж эхэлсэн ба нөгөө талаас нь АНУ хориг арга хэмжээ зэрэгцүүлэн авч байна.
Кибернетик зэвсэг хэрэглэсэн жишээ нь Ираны Атомын цахилгаан станцад гарсан бөгөөд үүнийг технологийн процессыг удирдах автоматжуулсан системд компьютерийн вирус оруулж өдөөсөн юм. АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг Хятад, Орос, Венесуэл болон Вашингтоны хяналтаас гадуурх улс орнуудын эсрэг минут тутамд хэд хэдэн кибер дайралт хийж байна. Телефон яриаг сонсох даяар сүлжээ, компьютерт нуусан “цох”-ыг ярих ч хэрэг байхгүй.

Энэ жил биологийн зэвсэг хэрэглэсэн дэлхийн гибрид дайны шинэ фронт нээгдэж байгаа ба хятадын болон оросын олонхи экспертүүдийг үзэж байгаагаар корона вирусыг нийлэгжүүлж, америкийн тусгай албад Уханьд тараажээ.
Дайны зорилгоор био инженерийн технологи боловсруулах нь технологийн шинэ хэвшлийн хөгжилд хүлээвэл зохих “жолоодлого” (драйвер) юм.
Тодорхой арьстан, нас болон хүйстэй хүмүүсийн эсрэг зорилтот хөнөөгч үйлчилгээ бүхий вирусыг нийлэгжүүлэх боломжийн тухай Оросын ШУА-ийн эрдэмтэд бүр 1996 оноос ярьж эхэлсэн ба Оросын биологийн аюулгүй байдлыг хангах тусгай програм боловсруулах, батлахын зайлшгүйг үндэслэж байлаа.
Эбола чичрэг хэлбэртэй “анхны хараацай”, гаж (атипичный) хатгалгаа, магадгүй “шувууны” ханиад, ДОХ зэргийн үе аль хэдийн өнгөрчээ. Дэлхий даяар энд тэндгүй тархсан америкийн биологийн нууц лабораториудын өргөн сүлжээ био инженерийн зэвсэг “дархалж” байгаа нь эргэлзээгүй.
Үүнийг боловсруулж, хэрэглэх нь био инженерийн тэргүүлэх аж үйлдвэрийн хөгжлийг урамшуулах ба энэ нь анагаах ухааны эрдэм шинжилгээний судалгаа, багаж хэрэгсэл, шинэ нарийн вакцин хийгээд эмийн эрэлтийг бий болгоно. Технологийн шинэ хэвшлийн тэргүүлэх салбар болсон анагаах ухаан өсөлтийн нэмэлт түлхэц олж авна.
Газар сайгүй тогтоосон хорио цээрийн арга хэмжээ, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан явдал нь мэдээллийн технологи, тооцоолох техникийн хөгжилд асар их түлхэц өгч, үүний ачаар электрон худалдаа, зайны сургалт, гэрээр ажиллах тоног төхөөрөмж, алслагдсан ажлын байрны эрэлтийг эрс өсөхөд хүргэж байна.
Төрөөс хотууд хийгээд олон нийтийн газруудад видео бүртгэл, иргэдийг хянах, хувь хүнийг таних, тэдний шилжилт хөдөлгөөн, эрүүл мэндийг хянах тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд аварга их мөнгөний хөрөнгө оруулалт хийж байна. Энэ үндсэн дээр том өгөгдөл дээр ажиллах хиймэл оюун ухаан төлөвшүүлж, эдгээр том өгөгдлийг боловсруулахад супер компьютер, хэт өндөр бүтээмжтэй программын хэрэгсэл хэрэгтэй болж байна. Энэ нь эргээд зохих өндөр бүтээмжтэй, авсаархан, эрчим хүч хэмнэдэг тооцоолох техникт зориулсан нано технологийн хөгжлийг урамшуулж байна.
Технологийн хувьсгалын үед зэвсэглэлээр хөөцөлдөх нь цаг ямагт технологийн шинэ хэвшлийн өсөлтийн хэтийн чиглэл рүү эргэдэг юм. Технологи нь бөөнөөр хөнөөх зэвсэг боловсруулах хүртлээ боловсрон хөгжиж, ёс суртахуунгүй улс төрчдийн гарт орвол хүн төрөлхтний оршихуйд аюул занал учруулна.
Хүн төрөлхтийн эсрэг үйлдсэн тэдний гэмт хэргийн тод жишээ нь Хиросима, Нагасакийг атомын бөмбөгөөр бөмбөгдсөн явдал юм. Сая сая хүмүүсийг хөнөөгч корона вирусыг хэрэглэж байгаа нь орчин үеийн тэргүүний технологийн үндсэн дээр үйлдсэн гэмт үйлдэл гэдгийг харуулж байна.
Японы хотуудад атомын бөмбөг хаяснаас ялгаатай нь биологийн зэвсэг эргэх үр дүн үзүүлдэг бөгөөд дайсныхаа төдийгүй, өөрийн хүн амыг хөнөөж болдогт оршино.
АНУ-ын эрх баригч дээдэс буюу “гүний улс” гэж нэрлэгддэг бүлэгт Вашингтоны хяналтад буй дэлхийн хэсгүүдэд түүнийгээ хэрэглэх нэмэлт сэдэл байгаа гэж таамаглаж болно. Тагнуулын Төв Газрын саланги задгайгийн улмаас болсон 2011 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа АНУ-ын хүчний байгууллагууд эрс хүчирхэгжин, нийгмийн хяналтаас гарч, өргөн их эрх мэдэлтэй болсон билээ.
Цар тахлын дэлгэрэлт иргэдийн иргэний эрх чөлөөг бүрэн устгатал нь хязгаарлах улам илүү өргөн өргөн суурь дэвсгэр бий болгож байна. Технологийн хэвшил солигдохыг дагалдан капитал үнэгүйдэх, гутран уймрах үзэгдэл бий болж байна. Үүний дээрээс дэлхийн аж ахуйн хэвшил солигдож байгаа нь эдийн засгийн нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах институтын үр ашгийг унагаж, улс төрийн хямралыг өдөөж байна.
Нөхцөл байдлыг хяналтандаа тогтоон барихын тулд эрх баригч элитүүдэд иргэдийн эрхийг хязгаарлах ил үндэслэл хэрэгтэй болж байна. Энэ нь дэлхийн гибрид дайны нөхцөлд бүр чухал болон тавигдах ба энэ дайны явцад америкийн эрх баригч элитийн хүүхэлдэй тоглуулагчид үйлдлийн эрх чөлөөг алга болгох, золиосны хөрөнгийг хураан авахыг оролдоно. Санхүүгийн хөөс хагарч, санхүүгийн зах зээл сүйрснээр олон арван сая америкчуудын хөрөнгө үнэгүйдэнэ. Иймээс боломжит эсэргүүцлийг саармагжуулахад хорио цээрийн дэглэм хамгийн их тохирно.
Бүрэлдэн тогтсон дэлхийн аж ахуйн хэвшлийн хүрээнд зонхилох байр сууриа хадгалах гэсэн, оршин буй технологийн хэвшлийн үйлдвэрлэлд капиталын хэт хуримтлалаа алдсан улс орнууд дэлхийн дайныг өдөөж байна. Гэвч энэ дайнд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтыг цагаа олж бүрдүүлсэн, технологийн шинэ хэвшлийн суурь үйлдвэрлэлийг эзэмшиж чадсан тэр орнууд ялалт байгуулж чадна. Тийм орнуудын хувьд энэ үе нь эдийн засгийн хөгжилдөө үсрэлт хийх, Кондратьевын шинэ урт мөчлөгийг бусдаас түрүүлэн барьж авах, капиталын хуримтлалын зууны шинэ мөчлөгийг эхлүүлэх боломж нээгдэх юм.

Дэлхийн өнгөрсөн дайныг Их Британийн даяар ноёрхлыг тогтоон барих зорилгоор английн тусгай албад өдөөсөн билээ. Гэвч энэ дайны ялагчаар дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн институтэд үндэслэсэн удирдлагын үр ашигтай систем бүтээж чадсаныхаа ачаар технологийн шинэ хэвшлийн суурь үйлдвэрлэлийг хурдан хөгжүүлж чадсан ЗХУ, АНУ хоёр ялан гарсан юм.

Босоо чиглэлд нэгтгэн зангидсан, томоохон хэмжээний үйлдвэрлэлийг зохион байгуулж чадах, яам, корпорациуд нь нөөц бололцоогоо бүрэн дайчлах боломж Баруун Европын ялзарч муудсан эзэнт гүрнүүдэд буй гэр бүлийн фирм, элэгдэж хуучирсан язгууртнуудыг бодоход ЗХУ-д ч, АНУ-д ч олон дахин илүү байсан юм.
Энэ дайны эхний шатанд Гурав дахь Рейхийн корпоратив-захиргааны бүтэц дэх нөөцөө төвлөрүүлснийхээ ачаар Европын бүх улсуудыг амархан бут ниргэсэн Герман ялалт байгуулсан ба эцсийн дүнгээрээ нацистын корпоратив улсын хэлбэртэй дэлхийн аж ахуйн хүнийг үзэн ядагч шинэ хэвшлийг устгасан ЗХУ, АНУ хоёр ялсан юм.
Өнгөрсөн зууны дэлхийн дайнууд газар нутаг эзэмшихийн төлөө болж байв. Ямар ч гэсэн гол түрэмгийлэгч Герман, Япон хоёр өөрийн үндэстний амьдралын орон зайг тэлэх зорилт тунхаглаж, бусад хүн төрөлхтнийг боолчлохыг хүссэн.
Өнөөгийн гибрид дайныг АНУ-ын эрх баригч элитүүд дэлхийн эдийн засаг, юуны өмнө түүний санхүүгийн системд хяналт тавих гэж өдөөн турхирч байна.
Дэлхийн валютад эмисс хийх үүргийг хувьчлан авсныхаа ачаар америкийн эрх баригч олигархууд өөрсдийнхөө хийсэн баталгаагүй мөнгийг бодит материал баялаг, актив болгон солих замаар бүх хүн төрөлхтнийг шулан мөлжих боломжтой болсон юм.
Тэдний түрэмгийллийн зорилго нь либерал даяарчлалын үйл явцыг дуусгаж, энэ хүрээнд бүх улс орнуудад америк доллар дэлхийн валют байдлаар чөлөөтэй эргэлддэг, түүнийг бүхий л үндэстний таваар-материалын үнэт зүйл, активаар сольдог болгох явдал болно.
Ийм учраас өнөөгийн гибрид дайны байлдааны ажиллагаа өнгөрсөн зууных шиг танк, усан онгоц, нисэх онгоц ашиглаж биш, харин санхүүгийн хэрэгсэл, худалдааны хязгаарлалт, кибер атак, нийгмийн ухамсрыг төөрөлдүүлэх замаар хэрэгжинэ.
Зэвсэгт хүчнийг байлдааны ажиллагааны төгсгөлийн шатанд нэгэнт ялагдсан дайснаа бүрэн дарж авахын тулд залхаан цээрлүүлэх зорилгоор хэрэглэнэ. Харин биологийн зэвсгийг удирдлагыг алдагдууулах, эдийн засгийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор хүн амын дунд үймээн сандраан үүсгэхийн тулд хэрэглэнэ.
Энэ дайнд ялах нь АНУ-ын хувьд газар сайгүй тоглоомын дэглэм бүрэлдэхэд хүргэх ба тэднээс олон зүйл шаардахгүй, тэд бусад улс орнуудаас: эдийн засгийн нээлттэй байдлыг хангах ОУВС-гийн зөвлөмжийг хатуу мөрдөх; мөнгөн эмиссийг удирдах үндэсний систем бүтээхээс татгалзаж, капиталын чөлөөт хөдөлгөөнийг хангах; улсын үйлдвэрийн газруудыг америкийн копорациудад ашигтайгаар хувьчлах; ХМХ болон теле харилцаанд америкийн агентуудын хяналт тогтоох; Вашинтоны гадаад бодлогыг дагалдах зэргийг л шаардана.

Америкийн эзэнт гүрэн хяналт тогтоосон орнуудад түрэмгийлэх цэрэг байлгах ямар ч хэрэггүй: АНУ болон Их Британийн дээд сургуулиудад сахилгажуулж, томоожуулж сургасан эрх баригч элитүүд Вашингтоны зааврыг идэвхи чармайлттай биелүүлэх бөгөөд үндэснийх нь баялгийг америкийн капитал шулан мөлжсөнөөс олсон орлогын өөртөө ногдох хувийг хүртэнэ. Үүний хариуд америкийн зааварлагчид тэднийг үндэсний эдийн засгаа хөгжүүлэх ажлаас чөлөөлж, үүнийг гадаадын хөрөнгө оруулагчдад хариуцуулна.

Латин америкийн орнуудыг АНУ олон жилийн турш хянаж түүхэн туршлагаас үзэхэд тэдгээр орны макро эдийн засаг, батлан хамгаалах болон гадаад бодлогыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн явуулахын тулд Төв банк, Сангийн яам, мөн батлан хамгаалах болон гадаад яамны удирдах албан тушаалд өөрийн агентыг байлгахад л хангалттай болох нь харагдаж байна.
Орчин үеийн ийм түрэмгийллийн хэвшмэл жишээ нь АНУ-ын хяналт, удирдлагад байдаг Украин, Гүрж, Ирак, Бразилийн дэглэмүүд болон ЕХ-г оролцуулсан бусад олон улсууд юм.
Ийм “зөөлөн” түрэмгийллийн үр дагавар нь өнгөрсөн зууны дэлхийн дайнуудад ялагдсан орнуудын хүлээсэн хохирлоос юугаараа ч дутахгүй. Жишээлбэл: Вашингтоны хяналтад байсан Ельциний дэглэмийн үед Орос орны хүлээсэн хохирол Гитлерийн түрэмгийллийн хохиролтой дүйцдэг.
Эзлэн авсан газар нутаг дээрээ ихээхэн амьд хүч, техникээ алдсан фашист Германаас ялгаатай нь америкийн эрх баригч элитүүд триллион триллион долларын капиталд хяналтаа тогтоож, түүнд байсан активуудыг ямар ч алдагдалгүй пост зөвлөлтийн орон зайнаас гарган авч чадсанд оршино.
Гибрид дайн бол өнгөрсөн зууны зэвсэгт мөргөлдөөнийг бодоход хамаагүй илүү ашигтай, ая тухтай байдаг. Гибрид дайн америкийн эрх баригч элит, хүчний бүтэц, нөлөө бүхий клануудын бизнес логикт маш сайн тохирдог: АНУ-ын хяналтад байдаг Афганистан, Колумбийн хар тамхины сүлжээг Тагнуулын Төв Газар, Ирак, Ливээс америк цэргүүдийн дээрэмдсэн нефтийн худалдааг Пентагон, Украины хийн тээврийн хувьчлалыг Байданы гэр бүл, Кувейтын нефтийн ордууд дээр Бушийн гэр бүлийн хяналт тогтох г.м.
Энэ бол ердөө л тусгай тусгай жишээ юм. Америкийн копорациуд эзлэгдсэн орнуудын хөрөнгө, нөөцийг дахин эргэлдүүлж, тэднийг америк технологи ашиглахыг шаарддаг. Дээрэмдсэн музейнуудаас авсан ховор нандин үзмэрүүдээр америкийн цуглуулгууд дүүрч байна. Америкийн эмнэлгийн байгууллагууд баян захиалагч нарт зориулж хаост нэрвэгдсэн орнуудаас хүний эрхтнийг авч байна. Гэхдээ хяналтандаа байдаг улсуудын санхүүгийн зах зээлийг залилж мэхэлсэн америкийн корпорациуд хамгийн их ашиг олж байна. Тэр ч байтугай үгүйрч ядуурсан Украины облигацаас Соросын асрамжлагчид жилийн орлогынх нь 60 хүртэлх хувийг залилан авч байна.
Дайныг арилжаанд оруулах нь капитал хуримтлуулах америк мөчлөгийн гол элемент мөн. Түүний нөгөө талд АНУ-ын хяналтад байгаа улс орнууд үгүйрэн хоосорч, үүний улмаас дэлхийн аж ахуйн хэвшлийн бүрэлдэн тогтсон даяар нөхөн үйлдвэрлэлийн хүрээ зааг шавхагдаж байна.
Ойрхи Дорнод, Хамтын нөхөрлөлийн орнууд, Латин америкт үйлдсэн америкийн түрэмгийлэл хэт их ашиг өгч байгаа хэдий ч тогтвортой эдийн засгийн өсөлт, хүн амын сайн сайхан байдлын дээшлэлтийг хангах удирдлагын системийн боломж нь шавхагдсаны улмаас гибрид дайнд АНУ ялагдал хүлээх тавилантай.
Вашингтоны хөтлөн явуулж буй дэлхийн гибрид дайны золиос болсон улс орнууд үгүйрэн хоосорч байхад “Нэг бүс-нэг зам” төслийн хүрээнд Хятадын нэгтгэн ойртуулж буй улс орнуудын (Энэтхэг-Хятадын орнууд, Пакистан, Монгол, Шри Ланка Эфиопи болон африкийн бусад орнууд) амжилттай хөгжил америк төвт дэлхийн аж ахуйн хэвшлийн үр ашиг унасаар байгаагийн илт харагдах жишээ болж байна.
Америкийн эрх баригч элит даяар ноёрхлоо тогтоон барихын тулд өөрийнхөө хяналтаас гадуурх улс орнуудын нөхөн үйлдвэрлэлийн хүрээ заагийг гибрид дайны дээр дурдсан хэрэгслүүдийн тусламжтайгаар газар сайгүй эвдэн сүйтгэхийг чармайж байна.
Гэхдээ америкчууд эзлэгдсэн улс орнуудын хөгжилд шинэ боломж бүтээх зорилт огт тавиагүйгээр үл барам тэр орнуудыг шулан мөлжүүлэхээр өөрийн корпорациудад шилжүүлж байна.

“Эбола” чичрэг гарсан африкийн хэд хэдэн орноос хятадуудыг хөөн гаргасан америкчууд Хятадын барьж эхэлсэн нийгэм, тээвэр, инженерийн дэд бүтцийн объектуудыг гүйцээлгүй орхиж, тэдгээр орны үндэсний орлогын эх булагт хяналт тогтоосноор сэтгэл ханаж байна.
Украиныг Оросоос салгасан америкийн хөлсний этгээдүүд хоршооллын тасалдсан холбоог орлуулах, зогссон хөрөнгө оруулалтын төслийг шинээр эхлэн талаар юу ч хийсэнгүй, харин Украины эдийн засгийн хамгийн их орлоготой объектуудыг америкийн капиталд шилжүүлжээ.
Зах хязгаарын улс орнуудын хувьд дэлхийн аж ахуйн шинэ хэвшлийн ойртон нягтрах бүтцэд орох уу, эсвэл америкийн үндэстэн дамжсан корпорациудын шинэ колоничлолын талхинд орох уу гэдгийг ялгаа улам бүр тодорхой болж байна: үр ашигт чанараа алдсан дэлхийн аж ахуйн эзэнт гүрний (империя) хэвшил шинэ, интеграл, дэлхийн аж ахуйн хэвшлийн нөхөн үйлдвэрлэлийн механизм бүрэлдэж, өргөсөхийн хэрээр сүйрэн унаж байна…

2020 оны 04 дүгээр сарын 22

Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/