Мөнх хөх тэнгэр минь өршөө
Нэг. Сэглэгдэн доромжлогдсон Ихсийн газар буюу “Өглөгчийн хэрэм”
Нийслэлийн төв талбайн хойморт байрлах Их хааны хөшөөний талд Ерөнхийлөгчид зориулсан барилгын гурван давхарт байдаг ажлын өрөөнд би анх орохдоо их л бэлэгшээж билээ. Цэргийн, бас энгийн гэсэн тодотголтой хамт олныг удирдах анхны даргаар намайг томилсоныг сонсоод ихэд баярлаж, догдолж байлаа. Тэгээд Ерөнхийлөгч Н.Багабанди намайг дуудаж ажлын албыг байгуулах үүргийг биечлэн өгсөн юм. Тэр цагаас хойш нэлээд хэдэн жил өнгөрчээ.


Уламжлал ёсоор өглөө эрт ажилдаа ирэв. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Монгол Улс болон дэлхийд болсон үйл явдлын тухай жижүүрийн илтгэлээр миний ажил эхэлдэг. Төрийн гурван өндөрлөгт танилцуулах мэдээ ажлын цаг эхлэхэд бэлэн байх учиртай. Энэ өглөөний мэдээ нэг зүйлээр содон байлаа. Тэр нь Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуйан айлтгал, түүнд хавсаргасан фото зургууд байв. Их хаадын булшийг ухаж байгаа тухай, олдсон зарим олдворуудын тухай түүний айлдварт тодорхой бичсэн байв.
Хэнтий аймгийн засаг даргатай утсаар ярьж, Их хаадын тахилга, “Өглөгчийн хэрэм”-ийн малталтыг зогсоох, цагдаагийн хамгаалалтад авах үүргийг өглөө. Тэгээд газар дээр нь малталтын үйл ажиллагаатай танилцахаар бэлтгэж, унаа захиалж, “Өглөгчийн хэрэм”-ийн тухай шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдээс бэлтгэсэн танилцуулгыг уншлаа.
Ажлын цаг дуусангуут Хэнтий аймгийн зүг хөдлөв. Ачаалал ихтэй өнгөрсөн ажлын цагийн дараа цэвэр агаар залгилах юутай тааламжтай. Шөнөжин явна, өглөө гэхэд зорьсон газартаа очсон байх учиртай. Өмнөдэлгэр суман дээр аймгийн цэргийн штабын дарга, ажилтнууд угтав. Тэд цаашид газарчны үүрэг гүйцэтгэнэ.
Өглөө гэгээ орох үед эртний түүхт Биндэрийн овоо дээр очлоо. Тэгээд овоондоо гурвантай мөргөж, мөнх хөх тэнгэртээ залбирлаа. Одоо зорьсон газартаа цаг хүрэхгүй яваад хүрнэ. Овооноос хөдлөөд нэгэн голыг гатлаад ам өөд өгсөж эхлэв. “Өглөгчийн хэрэм”-ийг өв дамжин хамгаалж ирсэн хэн нэгнийг сэтгэл дотроо хайж байлаа. Очих газраас 20-иод км-т нэг айл харагдав.
Зорьсон газар алсаас харагдаж эхлэв. Зогсоол дээр цоо шинэ Ланд круйзер-80 автомашинууд эгнэн зогсоно. Биднийг очиход өдрийн ажил аль хэдийнээ эхэлчихсэн байлаа. Өглөөний цайны дараа малталтын бүрэлдэхүүнтэй танилцлаа. Манай улсын урдаа барьдаг бараг бүх нэртэй эрдэмтэд энэ ажиллагаанд оролцсоныг хараад сэтгэл гундаад явчихав. Сэтгэлд нэг л гуниг дүүрэв. Манаж харж явах иргэд нь үгүй, хариуцаж цагдаж явах төрийн төлөөлөгч нь үгүй, сэтгэж бичиж сэрэмжлүүлж явах эрдэмтэд нь үгүй, тэгээд яах вэ?.
Тэд морьд бэлджээ. Малталт хийж байгаа монгол талын ахлагч, манай нэртэй эрдэмтэн намайг дагуулан “Өглөгчийн хэрэм”-ийн босгыг давлаа. Морьд уул өөд тогтуун алхална. Би дотроо Бямбасүрэн гуйагаар бахархаж явлаа. Тэр хүн энэ тухай бичээгүй бол бүх зүйл чимээгүй болоод өнгөрөх байв. Бүх зүйлийг нарийн төлөвлөж хийж байгаа болохоор хэр баргийн мэдээлэл манай байгууллагад очихгүй байсан.
Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвд Хархорум хотын туурь судлах Герман-Монголын, Цайдамын хөндийд хийгдсэн Монгол-Туркын хамтарсан малтлагын гэрээ, үйл ажиллагаатай танилцаж байсан болохоор надад бага ч гэсэн ажлын туршлага байлаа. Хамтарсан гэрээ ямар түвшинд байгуулдаг, хөрөнгө санхүүгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг, ямар бүрэлдэхүүн оролцдог, малталтыг шинжлэх ухааны аргаар хэрхэн хийдэг, олдвороо хадгалж, хамгаалдаг, үр дүнгээ хаана хэрхэн тайлагнадаг гээд олон шат дамжлагаар бүх зүйл ил тод байдаг. Тэр бүхэнтэй харьцуулахад энд үзүүлэх бичиг цаас, гэрээ байсангүй.
Биднийг уулын энгэрт очих үед хоорондоо зайтай ургасан модны дунд эхний булштай таарав. Хоёр метр орчим гүнд, бүдүүн модыг дуундуур нь тайраад ухаж хийсэн австай эмэгтэй хүний цогцос харагдав.
Эрэгтэй эмэгтэй хоёр жуулчин, хэлмэрчийн хамт фото зураг шимтэн дарна. Ховор олдох боломжиндоо шимтсэн тэдэнд эргэн тойрон болж байгаа зүйл хамааралгүй аж. Би тэдэнд, бас дагуулж яваа газарчинд хандан:
–Энэ юун хүмүүс вэ? гэж асуув. Хэн ч хариулсангүй. Монголчууд бид мэдээгүй байхад гадаадынхан ирсэн зураг дараад зогсож байгаа хараад зориудаар хэн урьсан бол гэж дотроо бодов. Эсвэл тохиолдлын гэж үзвэл тун азтай жуулчид ажээ. Би тэднээс хэдхэн зүйл асуув.
-Энд зураг авахыг хэн зөвшөөрсөн юм бэ?. Хэлмэрч тэдэнд орчуулав. Хэн ч хариулсангүй, тасралтгүй зураг авсаар байв. Би асуултаа давтав.
-Мөнгийг нь төлсөн гэсэн хайнгадуу хариулт сонсов. –Хэдийг гэж асуулаа.
-Хоёр мянган доллар. Яриаг үргэлжлүүлэх нь утгагүй байлаа. Би эргэн тойрны зургыг дарсаны дараа дээш өгсөв. Эхний булшнаас дээш гучаад метр яваад малтлагуудтай тааралдав. Нийтдээ хорь орчим малталт хийжээ. Миний бодсоноор ихэнх нь тахилгын зан үйлд зориулсан чулуу ашиглаж хийсэн ямар нэгэн суваг шиг зүйл байлаа.
-Малтлагуудаа хэдийд эхэлсэн бэ. -Энэ зун гэж товч хариуллаа.
Герман, Туркуудтай манайханы хамтарсан малталтуудтай харьцуулвал, шинжлэх ухааны талаас үзвэл энэ бүхэн “тонуулчид”-ын малталт байлаа. Малталтуудыг нэг газар төвлөрүүлэн хийжээ.
Сэтгэл хачин болоод явчихав. Хэсэгтээ сэтгэл манарав. Би тэр ажиллагаанд оролцоогүй ч гэлээ тэдний өмнөөс сэтгэл үймрэв. Тэдний хийсэн үйл лайг хараад өөрийн эрхгүй сэтгэл сөхрөв. Тэгээд сэтгэл дотроо тэнгэртээ залбирлаа. Мөнх хөх тэнгэр минь өршөө-Монголчуудыг, бас Намайг.
Сэтгэл бага зэрэг тайвширсаны дараа танилцах аялалаа үргэлжлүүлэв.
-Энэ малталтыг хэн зөвшөөрсөн юм, хэн хийж байгаа юм. Хэн ахалж байгаа юм. Одоо тэд хаана байна?.
-Малталтыг ШУА-ын холбогдох газрууд бүгд зөвшөөрсөн юм. Малталтыг Наваан гуйа ахалж байна. Америкын зургаан эрдэмтэд оролцож байгаа, тэдний малталтад туслахаар палентлогийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд ажиллаж байгаа гэв.
Биднийг малталт дээр очиход америк эрдэмтэн, оюутнууд аль аль нь байсангүй. Би тэднийг хаана байгааг асуув.
-Өглөө ажилдаа гарсан, ажиллаж байсан, саяхан доошоо, бааз руу явсан бололтой гэж хариуллаа.
Наваан, Наваан энэ хүний хийсэн олон малталт санаанд орж ирэв. Монгол орны олон газарт томилолтоор ажиллаж явахдаа түүний хийсэн малталтын ул мөртэй тааралдаж явсанаа, түүний оролцоогүй малталтыг олоход хэцүү байх аа гэсэн дотоод бодлоо таслаад энд ажиллагсадын тухай эрт ажилдаа гардаг, үдийн халуунд завсарлаад үдээш хойш сэрүүн үед ажилладаг юм болов уу гэсэн таамгийг дотроо дэвшүүлж цааш аялалаа үргэлжлүүлэв.
Нарийн жимээр дээш өгсөж эхэллээ. Зарим хэсэгтээ Ихэс хаадын минь онгодыг хамгаалсан чулуун хэрэм тэр хэвээрээ байх аж. Морьтой хүнээс өндөр чулуун хэрэм гаднаас хэн ч үл нэвтрэх цайз болон хэдэн зууныг өнгөрөөсөн юм болдоо.
Хадан дундуур тогтсон жимээр морьд алгуурхан уулын орой өөд гэлдэрнэ. Чулуун хэрмийн өндөр багассаар гэхдээ гадна талаас ан амьтад үл нэвтрэх өндөртэй аж. Орой дээр гарлаа. Одоо алсын бараа харагдаж, Өглөгчийн хэрмийн үүдэн хэсэгт баригдсан судалгааны хотхон ярайн харагдана. Цааш аялал үргэлжилж нэгэн нүхэн дээр ирлээ. Уулын орой дээр нь байрлах энэхүү том нүх Монголчуудын гашуун сургамжийн нэг аж. Чингис хаан болон их хаадын дараа Монголын их гүрэн задрахад харь гүрний явуулсан хагалган бутаргах ажиллагаа дээд цэгтээ хүрч монголчууд хоорондоо зөрчилдөн энэ тэмцэл нь зарим нэг Ихэс хаадынхаа булшийг ухаж, аймаг, яс үндэсээр нь доромжлон гутаах хэмжээнд явагджээ. Ийм зүйлээс болгоомжлон зарим аймаг өөрсдийн хааны булшийг хөндөн авч одсоны нэг нь энэхүү нүх ажээ. Уулын оройд байрлуулсан энэ шарилын нүх басхүү өвөрмөц юм. Олон зуун жилийн дараа үлдсэн нүх гурван метр орчим гүн бөгөөд жижиг жижгээр бэлтгэсэн дөрвөлжин чулуунуудыг эвлүүлэн тавьж, дээр нь зүлэгжүүлж, модод тарьжээ. Жирийн үед бол энд булш байсныг хэн ч үл мэдэхээр аж. Би дотроо бодлоо. Олон зуун жилийн өмнөх түүх одооч давтагдан үргэлжилсээр байна. Тэр нь нам, намаараа талцан хуваагдаж ялсан нь ялагдсаныгаа ид бах болон доромжлож, хоморголон ажлаас нь хална, өөрчлөнө. Тодорхой хугацааны дараа нөгөө хэд ялаад хариугаа авч бас л энэ мэт үйл ажиллагаа үргэлжлэх байхдаа.
Бид хоёр аялалаа үргэлжлүүлэв. Хаа нэгтэй Наваан гуйан бие даан ухсан шинэхэн булшны овоолсон шороо харагдана. Одоо бид хэрэмний дотор талаар уулаа уруудан бууж эхлэв. Ажлын өрөөндөө байхдаа танилцсан эрдэмдтийн судалгааны материал нүдний өмнүүр эрээлжилнэ.
Дэлхий ээж зуны улирлын дээлээ нөмөрч, үзэсгэлэн төгс байгаль цэцэг навч, ногоон тал байгалын сайхныг сэтгэлд мэдрүүлнэ. Зарим онцгой зүйлсийг хүүрнэлдэн ярингаа фото зураг дарсаар уулын бэлд бууж, судалгааны тохилго төвд ирлээ.
Хооллосны дараа малталт хийж байгаа америкуудтай уулзахаар хоолны зааландаа хүлээлээ. Дуудахаар явсан хүн хүрч ирээд үдийн алдад ажлаа зогсоогоод Улаанбаатар хотруу хөдөлсөн байна гэлээ.
Би ажиллагааны удирдагчаас судалгааны хотхоныг байгуулсан дүнзийг хаанаас авсныг тодруулав. Тэгээд Батширээт сумын даргатай уулзахаар сумын төвийг зорилоо. Зам зууртаа мод бэлтгэсэн газрыг үзэхээр тохиров. Өглөгчийн хэрэмний зүүн талыг барин уул өгссөөр орой дээр гарлаа. Өндөрлөг газар гараад монгол орныхоо байгалийн сайханыг харах бүрт миний биеэр цахилгаан гүйж байгаа мэт сэтгэл огшиж, бахархал, бардамнал төрдөг юм.
Хэдхэн км яваад мод огтолсон газар ирлээ. Эндээс мод авах зөвшөөрөл хэн өгсөн юм гэж би дагалдан явагсдын дунд тавьлаа. Шатсан ойг цэвэрлэж авсан модоор бид байшингуудаа барьсан юм гэж нэг нь хариулав.
Ойн цоорхойд тэрүүхэндээ шатсан хэсгийг үзэж явахдаа модыг эхэлж огтолж аваад дараа нь тэрүүхэндээ түймэр тавьсаныг олж мэдэв. Тайрсан модны үлдсэн сууриуд огтолсон хэсэг нь бүгд шатжээ. Бүх зүйлийг нарийн бодож төлөвлөжээ.
Бид цааш хөдөлж Батширээт сумыг зорилоо. Сумын засаг дарга ажил дээрээ байж таарав. Сумын зуншлаг, үйл ажиллагааны тухай мэдээлэл сонсоод дараа нь хэдэн асуулт тавьлаа.
-Өглөгчийн хэрмийн малталтыг мэдэж байгаа юу? гэж намайг асуухад Засаг дарга
-Мэдэж байгаа гэв. -Та бүхэн ямар хэлбэрээр хяналт тавьж байна.
-Би хэд, хэд очсон. Бас байгаль орчин хариуцсан байцаагч очиж байгаа. Монголын нэртэй бүх эрдэмтэд бүгд шахуу оролцсон юм билээ. ШУА-ын зохих байгууллагад нэг мянган ам доллар төлөөд малталт хийх зөвшөөрөл авсан. Манай суманд бас таван зуун мянган төгрөгийн хандив өгсөн.
Монгол хүнд бол барагтай бол олддоггүй зөвшөөрөл харийнханд нэг их хүндрэлгүй, хэдхэн доллараар олддог нь хачирхалтай. Тэгэхдээ “Монгол хаадын Ихсийн газрыг ухах зөвшөөрөл шүү” гэж тэрхэн мөчид бодов.
Эргээд Өглөгчийн хэрэмд ирлээ. Тэгээд малталтаар олдсон шарил, зарим олдвортой танилцлаа. Эмэгтэй хүний яс, хүзүүний гоёлын зүйлс олджээ. Ахиад Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуйад сэтгэл дотроо баярлаж суулаа. Тэр хүн шиг эх орныхоо төлөө сэтгэлээрээ тэмцэж чаддаг мянга, мянган эх орончид байсан бол монгол орон өнөөдөр ийм байхгүйсэн.
Орой судалгааны хэсгийг цуглуулж уулзах гэсэн боловч америкчууд аль хэдийн Нийслэл хот руу хөдөлчихсөн, малталтанд оролцсон хэдэн оюутан, удирдаж байгаа ганц эрдэмтэн л байлаа. Хотод очиж уулзахаар шийдвэр гаргаад дараагийн ажилдаа орлоо.
Судалгааны хотхонтой танилцлаа. Нэг эгнээнд барьсан хоёр давхар, дөрвөн дүнзэн барилга, халуун усны байр, цахилгааны моторын байр, сансрын холбоо, уулын амыг хааж барьсан шургааган хашаа, энд тун тохилго орчин бүрджээ. Аятайхан тохижуулсан тавилга, хээрийн ор, хөнжил, сансрын холбооны сүлжээтэй. Ер нь бэлтгэл эртнээс хийсэн бололтой.
Битүү модоор бүрхэгдсэн Биндэрийн уулсын дунд оршин Өглөгчийн хэрэм буюу Ихсийн газар үзэсгэлэн төгс байгальдаа зуун зууныг дамжин багагүй нууцыг өөртөө тээж өнөөтэй золгожээ. Тэнгэрт одод түгсэн цэвэр агаар цээж дүүрэн амьсгалж, нойроо хулжаан хэвтэхдээ олон зууны өмнөх түүхийн явдлуудыг таамаглан төсөөлж хэвтлээ.
Өглөө эртлэн босоод, Аймгийн цагдаагийн хэлтсийн даргад малталтыг зогсоож хяналт тавьж ажиллах үүрэг өгөөд хотруу хөдөллөө.
Оройдоо Улаанбаатар хотод ирэв. Маргааш өглөө нь малталт хийж байгаа америкуудтай уулзахаар Улаанбаатар зочид буудлыг зорилоо. Харин нөгөө хэдэн америкчууд ирээд нисэх онгоцны билет аваад шууд нисчихсэн гэсэн хариу сонсов. Энэхүү Хэнтий явсан ганц явалтаар манай ажлын жилийн томилолтын зардал дуусч, бид хоосон хоцорсон юм.
Дараа нь УИХ-аар томилолтын зардлаа нэмүүлэхээр байнгын хорооны хэд хэдэн хурлаар ороод эцсийн шатанд хасагдаж үр дүнгүй өнгөрч билээ. УИХ-аар хэлэлцэхийн өмнөх сүүлчийн хуралдаанд нэгэн Их хурлын гишүүн –Тэр чинь их эрх мэдэлтэй дарга гэл үү. Тэдэнд төсөв нэмэх шаардлагагүй гээд бүх зүйлийг хааж билээ. Уг нь 10 сая төгрөгийг томилолтын зардалд баталж өгөхийг хүссэн хэрэг л дээ.
Ингэлээ гээд улс л хохирдог юм билээ. АНУ-д болсон террорист халдлагаас хойш дэлхийн ихэнх улс аюулгүй байдалтай холбоотой асуудлыг онцгой анхаарах болсон юм. Тэд аюулгүй байдлын бүтцээ шинэчилж, төсвөө нэмэгдүүлсэн байдаг. Харин манай улсын хувьд эсэргээр хандаж манай байгууллагын жилийн төсвийг 15 хувиар хассан. Аливаа байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ төсвөөс ихээхэн шалтгаалдаг юм билээ. Энэ нь Ерөнхий менежерийн ажилд хүндрэлтэй байдаг байв.


Хоёр. Харийнханы гар дээрх Монголын гаалийн лац ба
“Төрийн нууц задарсан нь”

Тун удалгүй Өмнөговийн нэг малчинаас мэдээлэл ирэв. Тэр мэдээлэлд хятадууд гүний гаалийн лац авч явж өөрсдөө хээр хүнгүй газар ачаагаа лацаддаг тухай бичжээ. Миний хувьд монгол улсынхаа бүх л аймаг, сумын ажилтай нь танилцах явцдаа олон мянган хүмүүстэй уулзаж, нэрийн хуудасаа өгч шаардлагатай мэдээллийг шууд өгч байх сүлжээг бий болгосон юм. Малчид гэдэг бол жинхэнэ эх оронч үзэлтнүүд билээ. Тиймээс тэднээс үнэ цэнэтэй мэдээ их ирдэг байлаа.
Бид ажлын хэсэг байгуулаад тэр өдөртөө хөдөлж өглөө гэхэд товлосон газраа ирсэн байлаа. Хилийн отрядын дарга, хурандаа Ц.Төмөр ажилаа танилцуулаад шууд ажиллагаандаа орлоо.
Заставаас нутгийн гүн лүү нүүрсний уурхай чиглэн явах замдаа нүүрс ачсан машинуудын их тоосонд дарагдан зарим үед баримжаа алдан зогсож байлаа. Замаас гаран ачаагаа янзалж зогсоо нүүрс ачсан машинууд дээр очлоо. Хятад жолооч ачаагаа хучаад лацдах гэж байгаад баригдав.
-Энэ лацыг хаанаас авсан?. –Манай хэсгийн дарга жин хэмжихэд тарааж өгсөн.
Тэндээс хөдөлж Таван толгойн их уурхайд ирэв. Үнэхээр жин хэмждэг хятад ажилтан Zhang Zhamusu монголын гүний гаалийн лацыг багцаар нь шүүгээнээсээ гаргаж ирэв. Түүний дэргэд “Таван толгой трансс” ХХК-ийн диспетчер Б.Саранбямба, борлуулагч Б.Отгончимэг нар ажлаа хийж байлаа.

–Гаалийн байцаагч нь байсангүй, аймаг руу явсан гэв. Бүхэл бүтэн улсын гаалийн хяналтын лац гадаадын иргэдийн гарт явдаг. Палентлого, архилоги, буган хөшөө, алт гээд олон зүйлийг нүүрсэн доор хийгээд гарах боломжтой. Нүүрсний дор 30 тонн ноолуур нууж гаргах гээд баригдаж байсан түүхтэй.
Энэхүү зөрчилтэй холбоотой олон хурал, зөвлөлгөөн засах залруулах ажил хийгдсэн нь тодорхой.
Гурван хоногийн томилолтоо дуусгаад Нийслэлд ирэхэд өдөр дутмын болон шар сонинуудад миний тухай хар мэдээ дүүрэн цацагдсан байж билээ. Тэгээд нь төр нь улс орныхоо төлөө зүтгэсэн ажилтанаа хамгаалсан юмгүй, төрийн төлөө зүтгэсний төлөө хувийн нэр төрөөрөө хохироод өнгөрч билээ.
Түүнээс хойш удалгүй хэрэг мандав. Миний бие MSS-ийн засварын газраас мэдэгдсэний дагуу засагдсан процессороо авахаар очив. MSS-ийн төв байрны подвальд орших засварын газраас процессороо аваад гарч ирэхэд Тагнуулынхан намайг баривчилсан юм. Уг ажиллагаанд залуус эртнээс бэлтгэгдсэн байв. Хар урт цув, бүрх малгайгаар ижилдэн хувцасласан хоёр залуу болон мөрдөн байцаагч намайг баривчилж, кольц нь муудаж, утаа хаясан ГАЗ-2410-т суулган ТЕГ-ын нэгдүгээр давхарт аваачин анхны байцаалтаа хийв. Төрийн нууц задруулсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа ажээ. Тэгээд төмөр замд байрлах манай гэрт иж бүрэн нэгжлэг хийсэн юм. Тэр үед гэрт эхнэр, хүүхдүүд байж таарав. Хаанаас ч юм олж ирсэн 2 гэрчийг байцуулан нэгжлэг 14 цаг үргэжилсэн билээ. Эхнэр маань хоёр ч удаа уураа барьж чадалгүй тагнуулынхантай маргалдав. Төрийн нэр барьсан эрх мэдэлтнүүдийн эсрэг үүнээс өөр эсэргүүцэл байсангүй.
Энэ бүхэн эхнэр болон хүүхдүүд, гэр бүлийг маань сэтгэл санааны хүнд дарамтанд оруулсан юм. Нэгжлэг манайд байсан бүх ном, цаасан материалыг нэг бүрчлэн шалгасан нь ямар нэг өөр зорилго агуулж байгаа нь илэрхий байв.
Тэр үед би маш тайван байлаа. Учир нь толгойгоо сайн ажиллуулбал бие зовохгүй гэдгийг сайн ойлгож байсан хэрэг. Сунжирсан нэгжлэг шөнө орой дуусав.
Энэ үед ордонд миний ажлын өрөөг тусгай хамгаалалтад авсан байлаа. Дараа өдрийн өглөө миний албан тасалгаанд 11 цаг 45 минутаас нэгжлэг үргэжилж, 15 цаг 30 минутад дуусав. Энэ өдрөөс эхлэн ТЕГ-т дуудагдан байцаагдах ажиллагаа бараг нэг жил үргэжилсэн юм. Хэрвээ дуудсан цагт очихгүй бол баривчлан хорих аюул заналхийлнэ.
Тагнуулын ерөнхий газрын ажилтнуудын нэгжихэд хурааж авсан МАН-ын тухай материалууд хоёр өдрийн дараа зөвлөхөөр дамжин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Идэвхтэний ширээн дээр “заларч”, намайг МАН-ын Хяналтын ерөнхий хорооны хурлаар хэлэлцэх “сценарь” зохиогдсон байлаа.
Улс төрийн түтгэлзсэн албан тушаалтан намайг МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны хурлаар хэлэлцэн одоо хийж байгаа төрийн албан тушаалаас зайлуулах хүртэл арга хэмжээ авахаар анхааруулж байсан. Энэ нь төрийн тусгай байгууллага нь намын байгууллагад мэдээллээ өгдөг, намын байгууллага нь төрийн үйл ажиллагаанд хутгалдан оролцсон зохисгүй үйл ажиллагаа байлаа.
Хурал УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон бөгөөд нэр дэвшихээр тодорсон Сүхбаатар дүүргийн засаг дарга Энхбаяр гол дүрд тоглов. Тэрээр намайг МАН-аас хөөх санал дэвшүүлэв. Түүнд би МАН-ын дүрэмээ уншихыг нөхөрсөгөөр зөвлөж, МАН-аас хөөх шийтгэл аль 1990-ээд оны үед намын дүрмээс хасагдсаныг дурьдав. Намайг айлгах төлөвлөгөөний дагуу хийгдсэн хурал ийнхүү “ичгэвтэр” болж дуусав. МАН-ын хөрөнгийг хувалз мэт сорж төлжсөн нэг ч нөхрийг хурлаараа хэлэлцээгүй атлаа намайг яллах гэсэн энэ үйлдэл “инээдмийн жүжиг”-тэй зүйрлэж болохоор байлаа.
Хэдий хүртэл үргэжлэх нь үл мэдэгдэх төрийн нууц задруулсан хэрэг сэтгүүлчдийн “буян”-аар хурдан дууссан гэж боддог. “Сэрүүлэг” сонин эхний нүүрэндээ “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга төрийн маш нууц материал задруулсан хэргээр эрүү үүсгэн шалгаж байна” нэртэй өгүүлэл гарч хэвлэлийн шуугиан тархав. Үүний дараа өдөр дутмын сонингуудад дараалсан мэдээллүүд гарч мэдээллийн “дайн” идэвхтэй өрнөсөн юм.
“Өнөөдөр” сонинд “Төрийн маш нууц мэдээллийн сан алдагдав” гэсэн өгүүллийг тэргүүн нүүрэндээ тавив. ТЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга сэтгүүлчдэд алдагдаагүй”, “төрийн нууц задруулсан ээлжит дуулиан”, “төрийн маш нууц материал мэдээлэл хийв. Үүнтэй холбоотой “Тагнуулын ерөнхий газар мэдээлэл хийлээ”, “Ямар мэдээлэл задруулсныг тогтоохоор шалгаж байна”, “Төрийн маш нууц мэдээлэл устжээ”, “Төрийн нууцаар улс төрийн хонжоо хайсаар байх уу” гэсэн материалууд өдөр дутмын болон шар сонинуудад гарч байлаа. Тэднээс хамгийн сонирхолтой нь “Үнэн” сонинд гаргасан материалд намайг Ганц хутагт хорьж шалгаж байгаагаар бичсэн байв.
Нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь Халх голын ялалтын ажиллагаанд оролцохоор нисэх буудал руу явж байхад миний утсаар нэг эмэгтэй ярьж, баахан асуулт асуусан юм. Маш бухамдалтай байсан тэр үед би түүнтэй эвгүй харьцахаар байв. Бухимдалаа барьж харьцсан нь зөв болсон байлаа. Удалгүй “Сэрүүлэг” сонинд тэр эмэгтэй утсаар ярьсан бүхнийг “Нууцын зэрэглэлд юу багтдагийг би сайн мэднэ” гэсэн ярилцлага болгон тавьсан байв. Энэ бүхэн надад том сургамж болж үлдсэн. Намайг мөрдөн байцаах ажиллагаа шуурхайлж, хэргийг удалгүй прокурорт шилжүүлэв.
Миний “төрийн нууц задруулсан” үйл явцтай бараг давхцан ТЕГ-ын Францаас хулгайлан баривчилж ирсэн, өөрийгөө тагнуулын байгууллагын нууц мэдээлэгчээ зарласан Д.Энхбатын ”улсын нууц задруулсан” хэрэг прокурорт хянагдсан билээ. Тэгээд “Өнөөдөр” сонинд “Д.Энхбатыг шүүхэд шилжүүлж, ҮАБЗ-ийн ажлын албаны даргыг цагаатгалаа” гэсэн нэгэн өгүүлэл үйл явцын ил төгсгөл болсон билээ.
Нийслэлийн Прокурурын газрын хариу мэдэгдэх хуудас №1105-д “холбогдох хэргийг хянаж үзээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг мэдэгдье” гэжээ. Энэхүү мэдэгдлээс хойш сэтгэл амарч тайвширсэн боловч ямагт айдастай ажиллах болсон. Учир нь шаардлагатай гэвэл хүнийг яаж ч ”алж” болохыг надад тохиолдсон явдал харуулсан учраас хүн сэтгэл зүйн хувьд тун эмзэг болдог юм билээ.
Хилс хэрэгт гүтгэгдэн сэтгэл санааны хувьд хүнд байдалд байсан тэр үед надад үнэхээрийн их тус болж байсан гэр бүл, найз нөхөд, шударга ёсыг дэмждэг иргэдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсч байна. Аливаа бэрхшээлийг хүн өөрийн биеэр мэдэрч байж жинхэнэ утгаар нь ойлгодог.
Монгол Улсын Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуулийн дагуу төсвийн ерөнхий менежерийн хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 174 тоот зарлигаар батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дотоод дүрмийн 2.51, 2.52-д заасан ҮАБЗ-ийн ажлын албаны дарга нь “Ажлын албанд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг олж захиалан нийлүүлэх, Зөвлөлийн мэдээллийн дотоод болон интернетийн сүлжээний найдвартай ажиллагааг хангуулах, ... ажлыг зохион байгуулна.” гэсэн үүргийг хүлээдэг.
Төсвийн ерөнхий менежерийн хувьд нэгдүгээрт: Төсөв хэмнэх үүднээс хямд засах санал ирүүлсэн, хоёрдугаарт: Хамгийн найдвартай засварын газар гэсэн үндэслэлээр MSS-ийн засварын газарт компьютерийг засуулахаар сонгосон билээ.
Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль болон ажил үүргийн дагуу эвдэрсэн процессорыг баталгаат засварын газар засуулсаны учир тагнуулын ерөнхий газар эрүүгийн хуулийн төрийн нууц задруулсан зүйл ангиар, дараа нь өөрчлөгдөж, эрүүгийн хуулийн төрийн нууцыг үрэгдүүлсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгагдсан билээ. Ийм зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэх нь бүх л газрыг нэгжих өргөн эрх мөрдөн байцаагчид олгодогтой холбоотой.
Уг Компьютерийг Цагдаагийн Ерөнхий Газраас манай байгуулагад бэлэглэсэн юм. Удалгүй компьютерийн процессор эвдэрсэн учир манай ажилтан засгийн газрын ордны засварчинд засуулахаар өгсөн байна.
Ажил хариуцсаны хувьд эхлээд төрийн ордны доторх компьютер засварын ажилтанд үзүүлж оношлуулсан бөгөөд 400 гаруй долларын зардал хэрэгтэй гэсэн тодорхойлолт гаргажээ. Эвдэрсэн компьютер засуулах төсөв байхгүйгээс олон сар ашиглагдахгүй байсан юм. Төсвийн байгууллагад ийм зовлон байнга тохиолддог.
Шинээр ажилд авсан референтийг компьютерээр хангах зайлшгүй шаардлага гарав. Эвдэрсэн процессорын тодорхойлолтыг MSS-ийн засварын газарт өгч танилцуулсан бөгөөд 100 гаруй долларын өртгөөр засах боломжтойг надад мэдэгдсэн юм.
Ерөнхий менежерийн хувьд төсөвт захирагдан сонголт хийхэд хүрч засгийн газрын компьютер засварчны өрөөнд засагдалгүй 8-н сар болсон зарим эд ангийг нэмж тоносон процессорыг буцаан авч “Эм-Си-Эс”-ийн компьютер засварын газарт өгч нэхэмжлэл авч ёс журмын дагуу мөнгийг шилжүүлсэн юм.
ҮАБЗ-ийн ажлын албанд Төрийн нууц материалууд бичдэг тусгай компьютер байдаг бөгөөд тэр нь тусгай хамгаалалттай, засуулах тохиолдолд тусгай журмын дагуу ТЕГ-ын харъяа Төрийн холбооны газарт засуулдаг. Бусад компьютерүүд нь ажилтнуудын өдөр тутмын хэрэглээнд зориулагддаг бөгөөд интернетэд холбосон байдаг. Хэрэв миний бие мэдээлэл хэн нэгэнд дамжуулах зорилготой байсан гэж үзвэл процессорыг бүтнээр нь, заавал засварт өгөх хэлбэрээр гадагш гаргах шаардлагагүй, мэдээллийг хуулж авах бүх төрлийн техникийн олон боломж байсан билээ.
Гэтэл ТЕГ-аас намайг өдөр тутмын албан үүргээ гүйцэтгэсний төлөө мөрдөн цагдаж сэтгэл санааны хүнд дарамт үзүүлж байсан. Мөн гэм буруутай нь нотлогдоогүй байхад олон нийтэд мөрдөн байцаалтын нууцыг задруулж миний нэр төрийг гутаах үйлдлүүдийг удаа дараа хийсэн билээ.
Хууль зөрчсөн гэж хэлж болох ажиллагаа цөөнгүй сар үргэжилсэн. Дараа нь энэ ажиллагааг албан ёсны болгож, надад төрийн нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах явц арван нэгэн сар гаруй сунжран үргэжилсэн, олон хүн, хүч, хөрөнгө дайчилсан үйл явдал байлаа.
Энэ хэргээс хойш нэг жилийн дараа ОХУ-ын Москва хотод томилолтоор ажиллаж байхдаа оюутнуудын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон бөгөөд тэнд миний хэргийг мөрдөхөд идэвхтэй оролцсон хоёр залуу ”сургууль”-иар шагнагдаж оюутан болсонтой тааралдсан юмдаг. Харин манайд ажиллаж байсан хоёр ажилтан цэргийн цолоор шагнагдсан байсан. Жинхэнэ цаад эзэн болох улсын нууц задруулсан хэргийг анхлан санаачлагч, хэрэгжүүлэгч нь монголдоо томоохонд орох хувийн хаустаа болсон байдаг. Хүний амьдралаар тоглоом хийгсэд өмнө байсан, одоо ч байгаа. 1930-аад оны үеээс эхлэн олон мянган жирийн иргэдийг хилс хэрэгт гүтгэн амь насыг хохироосон хүмүүстэй хариуцлага тооцолгүй, гавъяа шагнал эдлүүлж, насыг өнгөрөөсөн түүх бий. Тэдэнтэй түүх хариуцлага тооцдогсон бол хүний “мах”-аар хооллогсдод амьдрах орон зай тун бага байхсан.
Сонинд гарах материал үргэжлэв. Гэхдээ өөр хэлбэртэй болов. Монгол Улсын Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж томилогдов. “Өдрийн сонин”-д “ТЕГ хэдий болтол МАХН-ын даалгавраар нэгжлэг хийх вэ”, “МАХН-ын даалгавраар тагнуулынхан иргэний эрхэнд халджээ” гэсэн цуврал өгүүлэлүүд гарав. Тэгээд удалгүй ТЕГ-ын дарга солигдсон билээ.
Хүний сэтгэлийг “тамласан”, бас эгзэгтэй, урт сунжирсан үйл явдал нэг жилийнхээ ойн дээр бүрэн дуусав. Тэр явдлаас хойш он цаг өнгөрсөн боловч төрийн нэр барьж хэлмэгдүүлэх явдал хэзээ ч гарч болохыг надад тохиосон ажиллагаа харуулсан билээ. Аливаа ажиллагаа төрийн нэрийн дор явагддаг боловч цаана нь тодорхой эзэд, хувь хүмүүс байдаг, байсаар ч иржээ.

 


Гурав. Хуулийг хэн “гууль” болгож чаддаг вэ.
Уламжлал ёсоор тэр нэгэн өглөө эрт ажилдаа ирж өнгөрсөн хугацааны мэдээлэлтэй танилцлав. Дараа төрийн албаны шалгалтад тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ажил эхлэв. Тэр ажиллагаагаа зогсоогоод орж ирэхийг Нарийн бичгийн дарга үүрэг болгсон байлаа. Тэгээд Нарийн бичгийн даргын өрөөнд товчхон яриа өрнөв.
-Та хувийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өг, гэж надад тулгав. Би түүнээс
-Та бүхэн миний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэж асуув.
-Тогтсон зүйл алга, Ерөнхийлөгч С.Элбэгдоржтой ярьсан, чамайг өөрчилвөл миний асуудлыг шийднэ гэсэн. Тохирчихсон зүйл.
-Би төрийн албанаас чөлөөлөгдөх шалтгаан байхгүй тул өргөдөл өгөхгүй.
-Тэгвэл чиний хохь болно шүү.
-Би яаж ч хохирохоос айхгүй байна. Иймэрхүү товчхон яриа болж өнгөрөв.
Өрөөндөө ороод болж өнгөрсөн яриандаа дүгнэлт хийж суулаа. Миний энд ажиллах хугацаа дуусчээ. Цаашдаа хэрхэх тухайгаа бодов. Орой гэртээ очиод гэргийтэйгээ зөвлөлдөхөөс гэж бодож суутал манай ажилтнууд өрөөнд орж ирэв. Тэд ажил хүлээж авах комисс ажээ. Үйл явц ийм хурдан өрнөнө гэж бодсонгүй. Ажлын хэсэг Нарийн бичгийн даргын захирамжийг уншиж байна. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд ажилласан найман жилийн дараа надад хуулийн хамаг хатуу, ширүүн заалтуудыг дурьдсан ажлаас хөөх тушаалыг танилцуулав. Миний оронд цагдаагийн нэг хурандааг үүрэг гүйцэтгэгчээр томилсон байлаа. Би өрөөний бүх эд хогшил, бичиг зүйлсээ хүлээлгэж өгөөд харин тамгаа хууль ёсоор томилогдсон хүнд өгнө гэж хэлээд өрөөнөөсөө гарлаа. Өдрийн 16 цаг гэхэд би аль хэдийн ажилгүй нэгэн болсон байлаа. Үйл явц дэндүү хурдан өрнөжээ.
Маргааш ажлын газартаа орж зарим нэг хүмүүстэй уулзах гэсэн боловч үүднээс аваад бүх хамгаалалтад намайг ордон руу нэвтрүүлэхгүй байхыг даалгасны дээр миний ажлын тасалгааны үүдэнд давхар хамгаалалт гаргаж өрөөнд оруулахгүй байх үүрэг өгчээ. Энэ арга барилыг өмнө сонсож байсан билээ. Цагдаагаас төрсөн генерал Ганболд “цагдаа” халалтаа хийжээ. Ажлаас гэнэт халдаг ийм аргыг тэгж нэрлэдэгийг урьд ажлаас халагдсан цагдаагийн дарга нараас сонсож байсан юм. Ийм ажиллагааны цаана төрт ёсны болон хүн ёсны наад захын хүнлэг харилцаа байдаггүй бололтой.
Төрийн албанаас хууль бусаар халагдсаны хувьд Төрийн албаны Зөвлөлд (Тэр үедээ энэ бол хугацаа алдсан хэрэг байв), дараа нь Захиргааны хэргийн шүүхэд Төрийн албанаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргасан билээ. Сунжирсан, хугацаа шаардсан, төрийн алба, захиргааны болон иргэний шүүхийн олон дамжлага, олон хүний хүч хөдөлмөрийг зарцуулсан үйл явдлууд өрнөв.
Сонирхолгүй учраас товчлон дурьдав.
-2010 оны 02 дугаар сарын 02-нд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс “Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн даргын 2009 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 15 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажлын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон” шийдвэр гаргав.
-2011 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 1\2017 тоот албан бичиг үйлдэж, Хууль зүй дотоод хэргийн сайдад, ШШГЕГ-ийн дарга, бригадын генерал М.Ганхүү “ Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нь тус Ерөнхий газрын даргатай утсаар холбогдон шүүхийн шийдвэрийг хүчингүй болго, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцалж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар мэдэгдэл ирүүлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга хурандаа Д.Ганбатад хариуцлага тооцож, хариуг эргэж мэдэгд?” гэж хүлээж авах боломжгүй зүй бус шаардлага хугацаатай үүрэг өгсөн юм.” гэж илтгэжээ.
-2010 оны 4 дүгээр сарын 20-нд Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны Шүүх хуралдааны магадлал гаргаж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хэвээр батлав.
-2011 оны 5 дугаар сард Хууль зүй дотоод хэргийн сайдаас Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Зөвлөмж өгчээ.
-2011 оны 5 дугаар сарын 4-ны өдөр 2\08 тоот Монгол Улсын хүний эрхийн үндэсний Комиссын шаардлага хүргүүлж, “ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд Хүний эрхийн комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, хариуг 7 хоногийн дотор хариу мэдэгдэхийг үүрэг болгосон.
-2011 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 869 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүх шийдвэр гаргаж, ажилд нь эгүүлэн тавьж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тогтоожээ.
-2011 оны 11 дүгээр сарын 9-нд Монгол Улсын Ерөнхий сайдаас ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргад “Шүүхийн шийдвэрийг Монгол Удсын нутаг дэвсгэрт байгаа иргэд, албан тушаалтан, байгууллага заавал биелүүлнэ” гэснийг дурьдаад шүүхийн шийдвэрийг шийдвэрлэхийг хүсчээ.
-2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 1097 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Шүүх шийдвэр гаргаж, ажилд нь эгүүлэн тавьж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг тогтоожээ.
-2013 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны хуралдааныг хийж, 34 тоот Шүүхийн тогтоол гаргаж, “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 74 дүгээр шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны 178 дугаар магадлалыг хэвээр үлдээжээ.


Энэ бүх үйл явдлууд амьдрал дээр хуулийг хэн “гууль” болгодогийн сонгодог жишээ болов.
Надад хийх ажил, санаж бодсон зүйл их байсан. Түүнийгээ гүйцэлдүүлэх боломж ирсэн бололтой. Олон жил улсад ажилласан туршлага, дээр дэлхийн 69 орны төлөөлөлтэй гар барьж уулзаж явсан болон танил талын нүүр ажилд минь ямагт дэмжлэг болж байлаа.
БНХАУ-ын бүтээн байгуулалтын их үйлс, ОХУ-ын хамтын ажиллагаа, Герман, Турк, Энэтхэг гээд олон орны эдийн засгийн хөгжил дэвшил, зон олны амьдралтай биечлэн танилцах завшаан надад заяажээ.
БНХАУ, ОХУ-ын хилийн хот Манжуураас Хайлаар хот, Хөлөнбуйрын их тал, Өвөрмонголын өөртөө засах орныг хөндлөн гулд машинаар туулж, Хөх, Бугат, Ордос Ухайн хот, Баян нуур, Алша, Шинжань Уйгар, хөх нуур, Түвд гээд олон газар аялжээ.
Ингэж явахдаа өвөрмонголчууд, Хөх нуурын дээд монголчууд, Түвдийн Тэнгэр нуур, Лхас хот тэнд амьдардаг Түвд үндэстэнүүд, Тува, ОХУ-ын буриадын нутгаар явж, ахуй амьдралтай танилцах хувь надад тохиосон.
Монголдоо шашны асуудлаар арван жил дутам хийгдэж ирсэн социологийн судалгаа удирдаж бүх аймагт байрладаг Будда, Мусальман, Исус болон бусад шашны хийд, сүм, цуглааны газруудаар орсон юм. Монголын буддагийн бүх хамба нартай уулзаж, санал бодлоо солилцох хүн болгонд олдоод байдаггүй боломж надад таарчээ.
Ийм аялал хийж явах бүртээ Тэнгэрээ шүтэх миний үзэл улам батжиж, Монголчууд бидэнд ямар их Аугаа хувь заяа ногдсоныг утга учирыг улам бүр мэдрэх болсон билээ.


Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хэргийг хэлэлцэн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 74 дугаартай шийдвэр гаргаж миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан ба ажлаас халсан захирамжийг хүчингүй болгож, эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговорыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргуулахаар шийдвэрлэсэн юм.
1. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 74 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан юм. УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагчын гаргасан давж заалдах гомдолыг хэлэлцээд 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 178 дугаар магадлал гаргасан
Ингээд нэхэмжлэгч хариуцагч нар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй учираас шүүхийн 2010 оны 74 дүгээр шийдвэр, 178 дугаар магадлал хүчин төгөлдөр болсноор түүнийг дагаж биелүүлэх үүрэг хариуцагч талд бий болсон.
2. Гэвч хариуцагчийн тал Б.Хурц, 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн иргэний шүүхийн хуралдаанаар хэлэлцэн дугаар 869 тоот шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргасны дагуу 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдаанаар хэлэлцэн дугаар 588 тоот тогтоол гаргаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй байхаар шийдвэрлэжээ.
3. Шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсноос хойш түүнийг биелүүлэх талаар туслалцаа үзүүлэхийг ҮАБЗ-ийн гишүүн Монгол улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэлд 2011 оны 8 дугаар сарын 24-нд хүсэлт гаргасан.
4. ҮАБЗ-ийн гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өгсөн өргөдлийн хариуд Монгол Улсын Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга албан тоотоор хариу өгсөн байна.
5. Монгол улсын хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид өгсөн гомдлын дагуу Шүүхийн шийдвэрийг биелүүлэх Зөвлөмжийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргад уламжилсан байна.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын дарга Ганхүүтэй биечлэн уулзаж гомдол гаргасан. Гэтэл ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин “…Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг цуцалж шүүхийн шийдвэр гүйцэтгэх талаар мэдэгдэл ирүүлсэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга хурандаа Д.Ганбатад хариуцлага тооцож хариуг эргэж мэдэгд’’ гэж хүлээн авахад боломжгүй зүй бус шаардлага хугацаатай үүрэг өгсөн юм. Цаашид дээрх байдлаар энэ төрлийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд бэрхшээл гарах хандлага бий болсоныг хууль зүй дотоод хэргийн сайдад ШШГЕГ-ын дарга М.Ганхүү 2011 оны 3дугаар сарын 24 өдрийн 1/2017 тоот албан бичгээр илтгэж байжээ.
7. 2011 оны 5 дугаар сарын 4нд № 2/08 тоот албан бичгээр Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсын Үндсэн Хуулийн “Монгол улсад хууль ёсоор оршин сууж байгаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. ”Шүүхийн тухай хуулийн ахуйн нэгж байгууллага заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн “Шүүх бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн хуулийн этгээд албан тушаалтан биелүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хуулийн итгээд албан тушаалтан биелүүлнэ гэсэн заалтыг үндэслэн хуулийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинд албан шаардлага хүргүүлсэн байна.
8. 2011 оны 7 дугаар сарын 6-нд хариуцагч талын шүүхэд гаргаж байсан гомдолд “тухайн албан тушаалд томилогдсон Б.Хурц нь Англи, Герман улсад саатуулагдан эзгүй байгаа тул албан тушаалаас нь чөлөөлж, хүлээлцүүлэх боломжгүй юм. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү’’гэж байсан.
9. 2011 оны 10дугаар сард уг албан тушаалд ажиллаж байсан Б.Хурц албан тушаалдаа эргэж орж нөхцөл бүрдсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй.
10. 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн хурлаар хэлэлцэж ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговроо гаргуулах шийдвэр гаргасан байна.
11. 2012 оны 6 дугаар сарын 14-ны өдөр Намайг Тагнуулын ерөнхий газраас төрийн нууц задруулсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн баривчилж, ШШГЕГ-ийн 461-дүгээр ангид хорьж шалгасан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Шүүхийн шийдвэрийг хэн ч биелүүлэхгүй байх эсвэл эсэргүүцэх хэрэггүй гэсэн билээ.” Гэвч хэрэг дээрээ цаашид Шүүхийн шийдвэрийн талаар хөөцөлдөх нөхцөлгүй болсон.
12. 2013 оны 02 дугаар сард ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин Монгол Улсын захиргааны хэргийг давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж ҮАБЗ-ийн Ажлын албаны даргын албан тушаалд эргүүлэн томилох тухай Нийслэлийн захиргааны хэргийн 2010 оны 74 дүгээр шийдвэрийг гүйцэтгэж Д.Жаргалсайханыг албан тушаалд эргүүлэн томилох боломжгүй шинэ нөхцөл байдал үүссэн тул шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байна.
13. 2013 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Монгол Улсын захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 32 дугаартай тогтоол гаргаж, “Хариуцагч ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 74 дүгээр шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 178 дугаар магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэж тогтоосон байна.
14. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан Шатны шүүхийн шийдвэр, дугаар 181/ШШ2018/00134 гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан 1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 54.100.413 /тавин дөрвөн сая нэг зуун мянга Дөрвөн зуун арван гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Жаргалсайханд олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн Даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж шийдвэрлэсэн билээ.
15. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан Шатны шүүхийн шүүгчийн дугаар 181/ш32018/02856 тоот, Шүүхийн шийдвэрийг албадан Гүйцэтгүүлэх тухай” захирамж,
16. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр, Шүүхийн гүйцэтгэх хуудас, Дугаар 270 гарч албадан гүйцэтгэх шийдвэр гарсан боловч өнөөг хүртэл биелэгдээгүй байна.




Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/