Улсын ИхХурлын гишүүн асан О.Дашбалбар
монгол үндэстэнд газар нутаг хэрэгтэй тухай
1997 оны 1 дүгээр сард “Хөх тэнгэр” сонинд
“Газрын төлөө тулалдаан эхэллээ” нийтлэлдээ
бичсэнийг уншигч Та бүхэнд цуврал болгон
тольлуулж байна.

Эхлэл
Азийн цээжинд оршдог, буурал түүхийн өлгий, Монгол Улсын нутаг дэвсгэрийн хамгийн баруун захын цэг нь бүдүүвчээр Монгол, Орос, Хятад улсын хилийн уулзварт байгаа Алтай Таван богд уул гэдэг боловч, чухамдаа түүнээс ялимгүй баруун өмнө зүгт 50-иад километрт орших Монгол Алтайн нурууны гадагшаа цүлхийсэн хэсэгт байгаа 3245,6 тоот Мааньт уул юм. Мааньт уул нь хойт өргөрөгийн 48 градус 53 минут, дорнод уртрагийн 87 градус 44 минутад оршино.

 

Хамгийн зүүн захын цэг нь Соёлз уул хэмээх боловч чухамдаа Соёлз уулын оройгоос ялимгүй зүүн хойгт зүгт 7,1 км-т байгаа Модотой хамрын 1290,0 тоот бөгөөд тэнд босгосон Монгол, Хятадын хилийн 539 дүгээр тэмдэг юм. Модотой хамар нь хойт өргөрөгийн 46 градус 43 минут, дорнод уртрагийн 1019 градус 56 минутад оршдог билээ.

Хамгийн хойт захын цэг нь Хөвсгөлийн Тэнгис голын эхний Монгол Шарын даваа юм. Энэ даваа дээр босгосон Монгол-Оросын хилийн 331 дүгээр тэмдэг нь хойт өргөрөгийн 52 градус 09 минут, дорнод уртрагийн 98 градус 58 минутад орших тус орны хамгийн хойт захын нэг билээ.

Хамгийн өмнөд захын цэг нь Орвог гашууны Бор толгой юм. Энэ толгой дээр Монгол, Хятадын хилийн 258 дугаар тэмдгийг /хойт өргөрөгийн 41 градус 35 минут, дорнод уртрагийн 105 градус 00 минут/ босгожээ.

Монгол Улсын нийт хилийн эргэн тойрон нь 6161 км, 895 м урт, 1 сая 566 мянга гаруй хавтгай дөрвөлжин килолметр уудам энэ нутгийг та бид эх орон, газар шороо минь, тусгаар тогтнолын алтан өлгий минь гэж хайрлан хүндэтгэж, хамгаалан амьдарсаар мянга, мянган оныг элээсэн бүлгээ. “Дайсны гутлыг долоож амьдарснаас, нэр төртэй үхсэн нь дээр” гэж үздэг омог бардам өвөг дээдэс минь бидэнд амь насаараа үллдээж өгсөн Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө төр, ард түмэндээ би Улсын Их Хурлын гишүүний хувьд өргөсөн тангараг, үүргийнхээ дагуу хандаж байна.
- Гадаадынхан юу хүсч байна вэ?
- Яагаад?
- Ядарсан хүмүүс газраа бидэнд худалдах, өмчлүүлэх, үгүйдээ түрээслүүлэх зам үлдэнэ.
- Монголчууд өөрсдөө юу хүсч байна?
- Газраа түргэн хувьдаа өмчлөх юмсан гэж...
- Яагаад?
- Зарах, үгүйдээ түрээслүүлбэл хэдэн “доллартай” болно.
- Газаргүй болоод иргэд яах вэ?
- Ямар хамаатай юм, өнөөдөр л болж байвал зуун жил амьдрах биш. “Надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэж байна.
- Газар бол таны үндсэн хөрөнгө, газраа гадаадынханд барьцаалах, түрээслэх, өмчлүүлэх, худалдах нүгэл үйлдвэл иргэн та “гишгих газаргүй хөл” болно доо...

Хүнээс аваагүй миний нутаг
Амьдрах орон зайн төлөө тэмцэл овог аймаг үүсэн бий болсон цагаас өнөөг хүртэл тасралтгүй үргэлжилж хүн төрөлхтний мянга мянган жилийн тэмцэл тулаан зөвхөн амьдрах орон зайгаар хэмжигдэж байлаа. Амьдрах орон зай гэдэг маань хүний хувьд юуны өмнө газар юм.

Газар гэдэг маань Эх орон юм.
Үндэстэн оршин тогтоно гэдэг юуны өмнө газар нутагтай байхын нэр
Улс орон гэдэг ч газар нутаг гэсэн ойлголтоос эхэлнэ.

Тэр газар дээр амьдардаг ард түмэн нь эцэг дээдэс, үе удмаараа эх орон гэж нэрлэсэн газраа аж төрж, хөдөлмөрлөж үр хүүхэд төрүүлж, дурлаж хайрлаж, бүтээж туурвиж, тэр газартаа уусан шингэж, Эх орныхоо нэг хэсэг болдог. Тэгээд ч бид эцэг дээдэс минь үе үеэрээ шингэсэн тэр газрыг Эх орон гэж ариунаар нэрлэн дуудаж, “Хүнээс аваагүй миний нутаг, хүнд өгөхгүй ганцхан нутаг” гэж тэмцэн ирсэн амуй /О.Дашбалбар/

Өнөөдөр амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө тэмцэл дэлхий дахинд урьд байгаагүй хүчтэй өрнөж, Израйль, Палестин хоёр газрын төлөө мөнхийн хэрүүл хийж, Чечень, Орос хоёр цус урсган тулалдаж, Боснийн серб, хорватууд хэдэн жил алалцаж, Парсалийн арал Хятад, Вьетнам хоёрын хоолойд тээглэсэн яс болж, хойт, өмнөд хоёр Солонгос бие биеэ отож,Канадаас Квебекүүд салан тусгаарлахаар тэмцэж, англи, ирланд хоёр муудалцаж, армен, азарбайжин хоёр ч үе үе энд тэндээ хүрч, фолклендын арлуудыг Аргентин, Англи хоёр булаалдаж, Турк, Грек хоёр Эгейн арлаас болж золтой л байлдсангүй. Ирак, Кувейт хоёр дайсагнаж, Хятад Тайвань руу санаархаж, Курилын арлуудаас болж Орос, Япон хоёр муудалцаж, Тажик, Аган хоёр ч хилийн зөрчил буудалцаан тасрахгүй, Энэтхэгт ч Кашмирын салан тусгаарлагчдаас болж амар заяа үзэхгүй зовсоор ... Мөн Синкаку арал зүүн өмнөд Азийн хэрүүлийн алим болж байна.

1960-аад оны эхээр “Хоёр миллиард хүнийг хот сууринтай нь багтаасан” гэж шүлэгт ордог байсан дэлхий маань 1990-ээд онд буюу гуч гаруйхан жилийн дотор зургаан тэрбум гаруй хүнтэй болж, хэрүүл тэмцэл, дайн тулааны утаа униар дунд үйлийн үртэй биднийгээ дааж ядан эргэлдсээр л ...

Дэлхий дахин амьдрах орон зайгаа тэлэхийн төлөө, газраа тэлэхийн төлөө тэмцэл эхэлж, харин ганцхан Монголд амьдрах орон зайгаа танах, газраа худалдах үйлс эхлэв.

“Миний газар нутгийг бурхан гуйсан ч битгий өг”
/Эх оронч Галдан Бошигт/
Дэлхий дахинд аугаа их задрал явагдаж, нэгдмэл байсан улс орнууд тархай бутархай жижиг улс орон болон хувирч, өвөр зуураа тасралтгүй тэмцэж, хуучин хүчтэй их гүрнүүд нөлөөгөө алдан оронд нь өөр хүчирхэг гүрэн улсууд дэлхийг хувааж идэхээр зэхэж, задарсан бүхнийг эргэж хүчээр нэгтгэж, “ардчилал”, “хүний эрх” гэж чалчигчдад “тэр чинь хоосон цууриа, элэнцгийн чинь “хүний эрх”, “ардчилал”.
Огт байхгүй юмны төлөө битгий донгос, дэлхийг чинь бид төвхнүүлээд өгье” гэж цөмийн зэвсгээ туршиж, пуужингаа онилж, танкаа бэлдэж байна.

Хүн төрөлхтөн асар их зэвсгийг зүгээр л тоглож, бие биеэ айлгах гэж бүтээгээгүй нь тодорхой.

Германы газар зүйч Ф.Ратсель: “Организм бүр амьдрах орон зайн төлөө тэмцэл явуулдаг” гэж бичжээ. Олон эрдэмтэн, философичид үүнийг баталсан. Е.Обст, К.Шмидт, А.Хетнер, Г.Гримм, А.Грабовски гээд хэдэн арваар нь дурдаж болно.

Аугаа их тэмцэгч, эх оронч Галдан Бошигт “миний газар нутгаас бурхан гуйсан ч бүү өг” гэж гэрээсэлжээ.

Газар бол эрх чөлөө. Газаргүй Израйлчууд дэлхийгээр нэг хэрэн хэсэж мянга мянган жил яаж зовсныг санагтун. Газаргүй палестинчууд хэдэн арван жил үйл тамаа эдэлснийг санагтун. Газаргүй курдууд яаж бусдын идэш болж буйг харагтун. Эрх чөлөө ардчиллаар халхавчилсан, ард түмний эрх ашгийг хохироогчид “Үнэн гэдэг Хималайгаас өндөр” гэдгийг умартаж, газрыг хувьд өгөх, өмчлүүлэхийг санаархаж байна. Ийм хуулийн төсөл ч бэлэн боллоо. Монголын түүх ийм юмыг хэзээ ч үзээгүй. Нар, ус, агаарын адил газар маань нийт ард түмний өмч байлаа. Өнөөдөр монгол хүн өөрийнхөө эх оронд хүн шиг алхалж, дуртай газраа өргөө гэрээ барих эрхгүй болох нь ...Дуран барьсан америк хаа сайгүй давхиж, дугуй унасан хятад энд тэндгүй жирийж, “Би энд насаараа сууна” гэж япон авгай сайрхаж, найрын ширээний ууц таллах гэж байгаа юм шиг дэлхийн улс орнууд Монголын зүг ширтэж шүлсээ залгилж, зарим нь бүр дэргэд нь зогсоод тарган иргэний сүүлийг тэмтэрч үзээд аль олигтойг нь шилж авдаг шиг аашилж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэхийг би огтхон ч эсэргүүцээгүй байна. Гагцхүү цаг нь болоогүй гэдгийг л хатуу сануулж байна.

Ард түмэн нийтдээ ядуу дорой байна. Авсан газраа гадаадынханд урт хугацаагаар түрээслүүлнэ. Нэг үгээр хэлбэл монгол хүний нэр дээр гадаадын хүмүүс газар нутгийн маань эзэн болох нөхцлийг бүрдүүлж өглөө.

Ядуу дорой амьдралтай монголчууд газраа гадаадынханд түрээслүүлж, ашиглуулж, эзэмшүүлж, оронд нь гол зогсоох төдий юм авна. Америкийн Жон ч байна уу, Хятадын Ху овогт ч байна уу, Германы Шмит ч байна уу хамаа алга. Тэд Монголын Доржоос юм уу, Балдангаас бай, эсхүл Батаас ч юм уу, Гончигоос ч юм уу газрыг нь 60 жилээр түрээсэлж аваад, түүнд зохих мөнгийг нь өглөө... Одоо гучтай юм уу, дөчтэй Жон, Дорж, эсхүл Ху овогто, Бат дөрвийн хэн нь ч 60 наслахгүй. Сайн бол 30-40 жил амьдраад мажийна. Цаашаа яаж вэ? Үр хүүхэд нь өв залгамжилж, гэрээ түрээсийг үргэлжлүүлэн, сунгаж ч болно.

Жон юм уу, Ху овогт ч юм уу, Доржийн юм уу, Баабарын ч юм уу газар дээр хөрөнгө оруулалт хийж, орон сууц, үйлдвэр, юм юмтай л болно. Тийм их хөрөнгө зарчихаад “Энэ газар Доржийнх байгаасай, би сүүлд нь буцааж өгнө” гэж толгой нь хамуурсан амьтан л бодох байхдаа. Баян хүн таван хаанд нүүртэй. “Энэ газар яахаараа Доржийнх юм уу, Батынх байх ёстой билээ?. Минийх байж болохгүй гэж үү?” хэмээн Жон ч юм уу, Ху овогт ч юм уу сэтгэж эхэлнэ.

Газрын эзэн Дорж юм уу, Бат боловч өөрийн газар нутаг дээр хэсэгхэн зайд боол зарц мэт амьдарч, нэгэнт газрыг нь 60-70 жил түрээсэлж аваад байр сууц, үйлдвэрээ барьсан хар эзэн нь хаан шиг данхалзана биз дээ. Аз болж Доржид охин, Жонд үе тэнгийн хүү байя гэж бодъё. Хоёр залууг нийлүүлэх шиг амар юм баян Жонд юу байх билээ? Эсхүл Ху овогтод гооохин, Батад хүү байлаа гэж сэтгэе. Жоны болон Ху овогтын хувьд аль болохоор залуусыг нийлүүлэх нь оройн дээд хүсэл. Залуусыг ямар ч аргаар хамаагүй гэрлүүлж дөнгөнө.

Чингээд л гурав дахь үе дээрээсээ монгол газрын маань хэсэг Ху овогтын охин, Батын хүү хоёроос гарсан эрлийзийн өмч болох нь тэр. Тэр амьтан нэгэнт монгол эцгээс төрсөн, монгол нутагт төрсөн юм чинь яах билээ? Хүний эрх, ардчилал... Хэанбугай ч, юу ч хэлж чадахгүй. Тэр хүүхэд 16 хүрээд монголын иргэн болж, паспорт авна. Ху овогт өвөөгийнхөө буянаар газар, байр сууц, үйлдвэр бүгдийг өвлөнө.

Доржийн охин, Жоны хүү хоёроос бас нэг эрлийз төрнө. Түүнийг америк гэх үү?... монгол гэх үү? Ямар ч гэсэн монхор шар хамартай, ногоон нүдтэй тэр хүү бас л Монголд төрсөн гээд монгол паспорт авч, монгол эцэгтэй гээд Монголын газраас өмчилж л таарна. Ийнхүү монгол улс нь үндэстнийхээ хувьд нэг үндэстэн, нэгдмэл байдлаа алдаж, гурав дахь үеэсээ эхлэн эрлийзжих, бусад үндэстэнд уусах бодит аюул заналхийлж байна.
“Хайрт нутгаа алдаад зуун хөлтэй үлдлээ гэхэд
Хаана тэр хөлөөрөө гишгиж явах юм бэ?... гэж татарын яруу найрагч Муса Жалиль хэлсэн.

Хөрөнгө мөнгө, эрх ашгийн төлөө эх орныхоо тусгаар тогтнолыг юугаар ч солихоос буцахгүй улс төрийн хүч, хэсэг бүлэг хүмүүс өнөөдөр, өвөг дээдсийн минь мянга мянган жил цусаа ч урсгаж, амиа ч алдаж, тэмцэж үлдээсэн газар нутгийг маань ийнхүү тайван замаар харийнхны идэш болгох гэж байна. Яах гэж бидний өвөг дээдэс сөөм газрын төлөө амиа алдаж, алхам газрын төлөө цусаа урсгаж, залуу насаа Тужийн нарс, Сэлэнгийн тохой, Хамар Даваа, Хайлааст манханд үрсэн юм бэ?

Өнөөдөр яагаад заавал хөрөнгө оруулалт нэрээр гадаадынхнаар Монголыг дүүргэж, газрыг нь тэдний мэдэлд өгөх гээд байна вэ?

Бусад мэдээ

Feb 05, 2021 73

МОНГОЛ БАНХАР

Feb 05, 2021 53

АРГАЛЫН УТАА1

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/