Монгол угсаатны хаадын сүнс, эцэг өвгөдийн сүлд, энхжингийн бэлгэдэл болсон есөн хөлт цагаан туг бол монгол төрийн уламжлалт бэлгэдлийн нэгэн биетэй бодитой үлгэр билээ. Чухам үүгээрээ тэр нь монгол дайчин эрсийн амин насыг батлан даасан, дайсан этгээдийн сүр хүчийг мохоон бууруулагч дөрвөн хөлт хараа ихт хар сүлдийн хамт монголчуудын аугаа их шүтээн нь болдог.

 

“Монголын нууц товчоо”-нд “Төдий эсгий туургат улсыг шударгалгаж, барс жил Ононы тэргүүнээ хүрч есөн хөлт цагаан туг байгуулаад Чингис хаанаа хан нэрийг тэнд өгвөө” хэмээн тэмдэглэн үлдээсэн байна. Энэ бол Монголын түүхэнд анх удаа эсгий туургатныг нэгтгэж, 1206 онд Чингис хаанд хаан цол өргөмжилсөн түүхт үйл явдлыг тэмдэглэн дурдаж буй хэрэг билээ.

Монгол угсаатны дунд тахиж шүтэж байсан цагаан туг сүлдний тухайд олноо алдартай нь хуучин Засагт хан аймгийн Лу жанжин гүн Лувсандондовын тахиж байсан “Цагаан туг”, Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд байсан “Төрийн сүлд” хэмээх цагаан туг Засагт хан аймгийн Тарган баатар ван Базарваань ноёны хошуунд байсан цагаан туг, Өвөрлөгч нутагт бол Ордосын Үүшин хошуунд тахиж байсан есөн хөлт /найман хөлт/ цагаан туг, Авгын Да вангийн хошуунд тайж тахиж байсан цагаан туг зэрэг болно.

Цагаан туг сүлдний өргөө гэр. Говь мэргэн вангийн хошууны цагаан тугийн өргөөний тухайд авч хэлбэл оосор бүч, хошлонг нь гадагш ил гаргалгүй далд уяагаар бөхөлж, цэвэр цагаан шанз эсгийг сул нөмөргөсөн мэт барьсан, гаднаас харвал “оосор бүчгүй орд цагаан өргөө” байсан ажээ. Цагаан тугийн сүүлчийн тахилч Цогзов агсны өргөмөл хүү Гүрцоо гуайн хуучилснаар бол сүлдийн өргөө бүрэх эсгийг тугчийн багийнхан 5 мориор /зарим настан 3 мориор гэв/ зэрэг татуулан үргэлж томоор нь хийдэг байсан гэнэ. Тийм болохоор нэг эсгий нь нэг дээвэр болж байсан аж.

Оосор бүч, ханын боолт, унины сэгэлдрэг зэргийг голдуу цагаан зүсмийн ороо азаргын хялгас, орсон буурын өвдөгний зогдор сэлтээр томж хийсэн хоёр хуруу хэртэй зузаан, хошлон нь дөрвөн хуруу хэртэй өргөн байсан байна. Лу жанжин гүний хошуунд тахиж байсан цагаан тугийн өргөө нь тугчийн гэрийн баруун талд барьсан “сүлдний гэр” гэгч улаан халзтай өргөө байсан бөгөөд сүлдний өргөөг хошуунаас тусгайлан бэлдэж өгдөг байжээ. Наранбулагийн эхний тухцаг /товцог/ дээр намрын намарт гурван гэр ямагт байх бөгөөд баруун талын цагаан гэрийн гал голомтын оронд их цагаан туг, хажууд нь болор чулуун дэнлүүнд мөнх зул бадамлан асаж байдагсан гэжээ.

Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны нутагт /одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин сум/ алтан ургийн хойч Түшээт хан Гомбодоржийн хүү Анхдугаар Богд Жибзундамба-Өндөр гэгээн Занабазарын равнайлж үндэслэсэн Халхын Баруун Хүрээний /Эрдэнэ зуу хийдээс өмнө 26 километрт орших/ гол хэсэг шар банзан хашаанд гэр хэлбэрийн таван дуган байсны нэгийг “Сүлдийн сүм” гэдэг байжээ. Сүлдийн сүм нь угтаа жижгэвтэр модон дугана шиг орой дээрээ догтой байшин бөгөөд дотор нь дөрвөн талаас нь дугтуйтай төмөр донгиноос аргамжсан дөрвөн төмөр гинжээр бөхөлсөн хадаг яндар болсон цагаан үстэй туг байв. Энэ бүхнээс үзвэл цагаан туг сүлдний өргөө нь ихэвчлэн “Сүлдний өргөө” нэртэй, “далай цагаан” хэмээн нэрлэгддэг дөрвөн баганатай, арван ханатай /бас зургаа, найм ч буй/, заримдаа улаан хөлтрөгтэй, эсгий туургатан монгол угсаатны оосор бүчгүй орд цагаан өргөө байсан ажээ. Харин сүм хийдийн газар энэ нь сүм, дуганын оройтой байшин сав байсан байна.

Цагаан туг сүлдний тахилгын газар орон. Говь мэргэн вангийн хошууны цагаан тугийг тайж тахиж байсан газар нь одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Сүлдэнэ Хөх толгой хэмээх газар болно. Уул гарлаасаа бол Хөх овоо гэж нэрлэж байгаад хожим нь түүнээс дамжин хувирч Хөх толгой болоод сүлд байршуулан тахидаг байсан учир Сүлдэнэ Хөх толгой хэмээн алдаршжээ. Чухам энэ газрыг яагаад сүлд тахих газар орон болгож сонгосныг сонирхвол дээр үед үзмэрч шинжээч хүн баруунтайгуур урагшаа орсон модтой Улаан хавцгай хэмээх голын тэндээс Хөх овоог сайтар шинжээд энэ бол их эзэнтэй, садаа савдагтай, номхон дөлгөөн цагаан лустай газар байна. Иймд энд түшүүлж сүлдээ байгуулбал сайн гэсэн гэдэг. Эндэхийн хүн зоны шүтэж биширдэг Хутаг уулын лус савдаг Хөх овоо руу ирдэг дамжлага гүйдэлтэй юм гэнэ.

Ер нь Хөх овооны энгэрээс салдаггүй хоёр ооно байдаг гэх бөгөөд тэд нь Хөх овооны лусын хөлгө унаа гэж үздэг байна. Бидний бодлоор монголчууд дан хөх чулуугаар цогцлуулан овоо босгоод түүнийгээ “Хөх овоо”, “Тэнгэрийн овоо” гэхчлэн нэрлэдэг нь энд хамаатай юм шиг санагдана. Тэгээд хөх тэнгэрийн овоотой энэ газар тэнгэр язгуурт төрийн цагаан тугийг тахих нь бүр ч утга бэлгэдлийн хувьд төгөлдөр болох буй за.

Лу гүний хошуунд байсан цагаан тугийг голдуу Шонгийн хоолой хэмээх газарт тахиж байсан бөгөөд 1908, 1919 оны тахилгыг Чигтийн голын Наран хэмээх газар тус тус тахисан байна. Ер нь тугчийн удмынхны нутаглаж байсан газар нь гучин гурван Хан хөхийн өвөр, гурван голын бэлчир дэх Өндөрхангай сум, сумаас урагш хагас өртөө газар буй Наранбулаг, булгийн баруун этгээдийн Алагчулуут тал ажээ.

Тарган баатар вангийн хошууны цагаан тугийг тэр үеийн дөрвөн хошууны ардууд буюу одоогийн Говь-Алтайн Хөх морьт, Баян-Уул, Шарга, Жаргалан сумынхан нийлж, Нуур могой гэдэг газар тахидаг байсан байна. Ордосын Үүшин хошууны цагаан тугийг Нарийн голын Муу булаг хэмээх газар ихэвчлэн тахиж иржээ. Монгол нутагт цагаан туг тахиж байсан газрууд нь ихэвчлэн төвөөс алслагдмал өмнө, баруун, зүүн хязгаар байсан нь хариас халдан ирэх дайсны аюулаас сэргийлж байсан гэлтэй. Бас лус савдаг зөөлөнтэй, ариун дагшин, үзэсгэлэнт сайхан газар орныг сонгож байсан бололтой.

Цагаан туг сүлдийн тайллага тахилга. Цагаан тугийн тайлга тахилгыг газар бүрийн монгол угсаатан өөр өөрөөр нэрлэдэг байна. Говь мэргэн ангийн хошууны цагаан тугийн тайлгыг “туг тунгах” гэдэг байсан бол Лу гүний хошууны цагаан тугийн тайлгыг “сүлд цэнгэх” хэмээн нэрлэж заншжээ. Мэргэн вангийн цагаан тугийг сар бүрийн 15-нд тунгадаг байв. Туг тунгах өдөр тав гэзэгтэй төрийн хар хүнээр хонио төхөөрүүлнэ. Төхөөрөхдөө хониныхоо баруун хааг хөлийг нь үлдээж арьстай нь авна. Уушиг, зүрх, хэл, хоолой, багалзууртай нь зульц /зүлд/ гэж авна.

Шүүсний хонь нь хар цоохор, хөвхөр зүсмийнх бол болдоггүй, цагаан халзан, бор халзан, шар халзан, хар нүдэн байвал болно. Шүүсийг сүлдэнд дэвшүүлэхдээ толгойг /төөлэй/ дээр нь тавиад хоёр хаа, хоёр гуяыг нь оролцуулаад тусгай тэвшинд амьд янзаар өрж, толгойг нь сүлд рүү хандуулж тавина. Сүлдний нүүр баруун талдаа байх учраас тэнд нь тавина. Хонготой шаант, сүүлнийх нь годон хоёрыг овоонд аваачаад өргөчихнө. Зарим настан хэлэхдээ хонины баруун хааг бүтнээр арьстай нь чанаж болгоод тугандаа өргөнө, өөр нэг тэвшинд хонины толгой /төөлэй/, баруун гуяны хонго, шаант сүүлний годон, зульцыг /зүлдийг/ Хөх овоонд өргөнө.

Лу жанжин гүний хошуунд байсан цагаан тугийн хувьд 3 жилд нэг удаа намрын дунд сарын улаан тэргэл өдөр сүлд цэнгэх ёслол хийдэг байсан байна. Тухайлбал 1919 оны намрын дунд сард Тэнгэр хөх Бэлэгт тугч Наран булгийн хөл талбай дээр цагаан сүлдээ цэнгэсэн мэдээ байна. Энэ тугийн тахилга нь олон үе залгамжлагдснаараа болон тайлга тахилгынхаа өвөрмөц онцлогоор судлаачдын анхаарлыг татахуйц сонин гойд ёслол мөн болохыг онцлон тэмдэглэе.

Сүлд тахилгын ёслолыг 32 цагаан хувцастан хэмээгдэх, мөн үе хөөж залгамжилдаг, дотроо магнай харвуул /2 хүн/, цэцэд /4 хүн/, хошууч /4 хүн/, өвдөгч /10 хүн/, засуулчин /4 хүн/, баатар /4 хүн/, живэр сэргээгчин /2 хүн/, бүрээч /2 хүн/ гэх зэрэг гүйцэтгэх үүргээрээ тодорхой ч зэрэг дэвийн ялгаатай бүгд 32 тооны эр гардан хийдэг байжээ. Энэ 32 цагаан хувцастан нарыг Чингис хааны дотнын 32 баатрыг төлөөлсөн хүмүүс гэж үзэх бөгөөд хулгай хийсэн, худал хэлсэн зэрэг ямар нэгэн хэрэг хийсэн хүн байх эсэхийг нарийн харгалзан сонгодог байжээ. 32 цагаан хувцастан туг сүлдийг авчирдаг буюу буцааж залдаг нь өнгө болон тооны бэлгэдлийн хувьд ихээхэн учир утгатай зүйл юм.

Тэнгэр, онгод шүтлэгтэн хүний хувьд цагаан өнгө бол монгол домог зүй, бөө мөргөлийн төсөөллөөр нарны гэрэл, өдрийн цагаан гэгээний болон баруун зүгийн тавин таван хөх, цагаан тэнгэрийн өнгийг төлөөлдөг. Тийм учраас цагаан сүлд сахиус гэдэг маань өнгөний бэлгэдлийн хувьд мөн л энэ үзэл төсөөлөлд хамаарах тул гүн эртний уламжлалаа дагаж 32 цагаан хувцастан авчирч залдаг байна. Харин 32 гэдэг маань тоо зүй-бэлгэдэл зүйн талаасаа хоёр 16 буюу дөрвөн 8, найман 4, арван зургаан 2 буюу эцсийн бөлөгт хоёрын тооны бэлгэдлийн нэгэн цогцолбор юм.

Монгол утга соёл дахь бэлгэдэл зүйд хоёрын тоо нь арга билиг хоёр буюу эсрэг тэсрэгийн нэгдэл, ижил хосын утга, хүчин бүлийн санаа гэсэн олон өнгө аяс илэрхийлдэг. Нөгөөтэйгүүр, хоёрын тоо нь монгол тооны бэлгэдлийн цогцолборт “энэ ертөнцийг” бэлгэдэгч тэгш тооны тэнхлэгийг үүсгэдэг. Тахилгын өглөө тугчийнхаас туг-сүлдээ тахилгын газарт залж авчрахаар 32 эрчүүд одох бөгөөд тэр хүн нэг бүр дайны хөө хуяг хэлбэрийн цагаан хувцас өмсөж, цагаан зүсний морь унаж, нум саадгаа агсаж, жинхэнэ аян дайнд мордож байгаа дүртэй явдаг байна.

Эрчүүдийн унах цагаан морьдын зүсийг ч хүртэл хар нүдтэй, хөх туурайтай, гоо бие цогцостой, жинхэнэ цагаан зүсний морь байх ёстой гэхчлэн бүр нарийн сонгож тохируулахыг хичээдэг байсан гэнэ. 32 цагаан хувцастаны морьдын зүс зүсэм нь Чингис хааны Алтан ордны тайлга дээр сэтэрлэдэг Өндгөн цагаан морины зүс, шинж, эрдэм бүрдмэл байна. Тугаа тугч морин дээр авч явах бөгөөд түүний унах морь бас л цагаан зүсмийн, түүнийг хошуу ноёны адуун сүрэг дотроос барьж ирдэг байна.

Тугч тугаа морин дээр зөв талдаа, эмээлийн урд бүүрэгнээс өлгөж тогтоосон тусгай хулсан бортогонд ишээр нь суурилуулан барьж, тахилгын газар руу явахад 32 цагаан хувцастан нар түүнийг дагалддаг байна. Тэднийг тахилгын газарт хүрэх замд тусгай хэдэн хүн угтан авч ёслолын өвөрмөц хоол хонин боодгоор тайж ёслох бөгөөд бас зам гудаст туг-сүлдээ гурвантаа саатуулан зогсоож, 32 цагаан хувцастан нар түүнийг тойрч их дуугаар хашгиралдан давхилддаг заншилтай байжээ.

“Хонин боодог”-оор дайлах замын энэ ёслолоо “дагшаа хийх” хэмээн нэрлэдэг бөгөөд амсаж ёсолсны дараагаар уг хоолоо тугчийн гэрт хүргүүлдэг уламжлалтай. Туг сүлдээ тахилгын талбайд орж ирмэгц хошуу ноён угтан босож, туг залж яваа тугчийн морины жолооноос барьж, сунгаж дэвссэн цагаан эсгийнүүд дээгүүр хөтлөн явж, сүлдний өргөөний үүдэнд буулгана. Тугаа морин дээрээс авч, гэрийн үүдэнд засаж тавьсан ширээнд хатгаж байрлуултал ноён зогсож хүндэтгэдэг ёстой байна. Үүний дараа тугч бусад дагалдан явагсад суудлаа эзлэхэд тахилгын ёслолоо эхэлдэг ажээ. Тахилгын эхэнд “сүлдний өчиг тангараг” уншиж, дараа нь “тунаг амсуулах”, “живэр түгээх” зэрэг ёслол болдог байжээ. Сүлдний тангараг унших хүн гэзэгнээсээ хадаг уясан байхын зэрэгцээ гартаа заавал хадаг барьж тангарагаа уншина.

Тахилгын махан зоог хуваахад тангараг уншсан хүнд адууны өвчиж чанасан толгой зориулж тавьдаг гэх ажээ. Монгол угсаатны тайлга тахилгын соёлд адуугаар тайлга хийх нь өнө эртний уламжлалт тэнгэр тахилгын улбаа мөн гэж үзүүштэй. Гурван жил болж туг-сүлдээ тахихдаа түүний живэр үсийг сольж сэргээдэг тогтоосон заншилтай ажээ.

Шинээр солих тугны живэр үсийг маш том савтай айрганд угаадаг, тэр живэр угаасан айраг нь ёслол хүндэтгэлийн өвөрмөц ундаа болдог байна. Өөрөөр хэлбэл, тугны живэрийг ариутгаж дээжилсэн савтай чигаа-айраг “тунаг” хэмээн хүндэтгэн нэрлэж, түүнийг эрхэм дээд идээнд тооцдог сонин уламжлал буй болгожээ. Уг савтай айрагнаас тахилгад оролцож байгаа хүн бүрт амсуулдаг заншилтай байсан бөгөөд үүнийгээ ийнхүү “тунаг амсуулах” хэмээдэг байжээ.

Нөгөө нэг сонирхолтой зан үйл бол “живэр түгээх” ёслол юм. Туг сүлдний хуучин живэр үсийг “тунаг амсуулах”-ын нэгэн адил тахилгад хүрэлцэн ирсэн бүх хүнд хүртээнэ тараадаг байна. Тугны живэр-үсийг хошууны ноёны адуун сүрэгт явдаг есөн цагаан гүүний дэл, сүүлнээс дээжлэн авч зөвхөн живэрч хэмээх тусгай хүмүүс л сольдог эрхтэй явжээ.

Энд гарч байгаа “тунаг” хэмээх үг нь аливаа шингэн зүйлийн доторх өтгөрсөн хэсэг доошлон буух утга бүхий Монгол хэлний “туна-тунах” гэдэг үйл үгнээс гаралтай болов уу. Харин “живэр” гэх үг нь бөлөглөсөн үсний нэр бөгөөд “туг живэр” гэсэн хэллэг монгол угсаатны баатарлаг туульд элбэг тохиолддог. Ер нь шинэ тугны живэрийг том савтай айрганд дүрж угаадаг энэ заншил дохио зангааны бэлгэдлийн хувьд монгол бөө мөргөлд байдаг төөрөг амсуулан-амилуулан зан үйлтэй жишиж болох зүйл юм. “Сүлд цэнгэх” үед хорио цээртэй байсан үйл гэвэл туг-сүлдээ ноёдын авхай нарт “харуулдаггүй, тэдний асар үргэлж урдуураа хөшиггүй, хэрэв авхай нар туг-сүлдийг харвал ухаан алдаж ойчдог гэж ярьдаг байсан ажээ.

Цагаан сүлдийн нууц шүтээн. Сүлдэнэ-Хөх толгойд тахиж байсан төрийн цагаан тугийн баруун тийш харсан барсын арьсан эмжээртэй “нүүрнээс” цааш олон дарцаг, хадаг яндрыг нь яраад үзвэл мухар сөөм хэрийн урт чон чулуун хүний дүрсийг олон өнгийн хив хадагт ороогоод гол шилбэнээс дүүжлээтэй байсан гэнэ. Ар нуруун дээрээ чигчий хуруу орохоор гогцоотой, түүнээс нь хадгаар сүвлээд дүүжилж орхидог байсан санж. Тэр эрдэнийн улаан өнгийн хүн чулуун бурханыг шүрээр тогшиход тухайн өдөр шөнийн сарны дүрс тодорч ирдэг эрдэмтэй гэнэ. Уул бурханаа олон өнгө дарцаг, хадагт ороогоод Эзэн Чингис хааны дайн байлдааны түүх намтар бүхий мөн л хадганд боосон судрын хамт байрлуулсан байдаг гэнэ. Энэхүү улаан чон чулуун бурхныг чухам л Чингис хааны тахиж шүтэж явсан бурхан нь байх гэж лам нар ярьдаг байв.

Мөн түүнтэй хамт эртний монгол баатрын дүр байдалтай “Алтан баатар” гэгч шүтээн байдаг байжээ. Лу жанжин гүний хошуунд байсан цагаан тугийн живэр үсний дотор голд ч гэсэн бяцхан цагаан бөс хавтаганд “Чингисийн төр сүлд” гэгч зүйл байсан гэх бөгөөд түүнийг онгойлгож үзэх нь хатуу цээртэй байсан ажээ. Гэхдээ зарим живэрч нар тэр “сүлд” гэгчийг үзсэн удаа буй гэх ба сэлэм барьсан морьтой хүний дүрс байсан, энэ нь Чингис хааны “Лундаа” юм хэмээн ярьцгаадаг байжээ. Түшээт хан хошууны Баруун Хүрээнд байсан сүлдийн сүмийн цагаан тугийн дотроос хожим хадаг яндрыг дэлгэн үзэхэд соном хадгийн чинээ торгомсог эдээр урласан хар ирвэсийн зураг байв. Ийнхүү цагаан туг-сүлдийн дотор байдаг морьтой хүн дүрс, чон чулуун хүн дүрс, ирвэс мэт амьтны дүрс зэрэг нь энэ туг-сүлдийн амин сүлд “дотоод нууц шүтээн” нь бөгөөд амилуулж, амьдруулдаг гол шүншиг нь гэж хэлж болно. Үүнийг зарим судлаач нар эртний аль нэг овог аймгийн тотем амьтан хэмээн үзсэн нь ч буй. Гэтэл ихэнх туг сүлдийн “нууц шүтээн” хүн дүрстэй байгаа нь энэ бол аль нэг эрт дээр үеийн тэнгэрт хальсан өвөг дээдсийн сүлд сүнсийг оршуулсан, уур авч шингээсэн /эцсийн амьсгалыг нь шингээсэн/ эд өлгийн зүйл байгаа болов уу хэмээн сэтгэгдэнэ.

Бусад мэдээ

Feb 05, 2021 95

МОНГОЛ БАНХАР

Feb 05, 2021 69

АРГАЛЫН УТАА1

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/