Уншиж байна...

Иран бөх Монголын өмнөөс барилдаж буй анхны тохиолдол биш гэдгийг та нарын ихэнх нь мэдэхгүй байх. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсаны "Хүний явдал, орчлонгийн дэнс" гэх хорвоогийн элдэв сонин үүх түүхийг эмхэтгэж гаргасан бяцхан номонд энэ тухай дурдсан нь бий.

Өгөдэй хааны үед өнөөгийн Ираны нутагт дийлдэшгүй хүчтэй, уран барилдаанч бөхийн сураг гардаг байжээ. Их хаан зарлигдаж түүнийг хоёр жилийн хүнд бэрх аян зам туулуулан байж Хархоринд авч ирэв. Ингээд Монгол бөхчүүдтэй барилдуулж үзэхэд түүнийг давах нэгээхэн ч гарсангүй гэнэ. Иймд хаан түүнд хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээ шагнал болгон өгч Монгол нутагт үлдэхийг зарлигдсан байна. Өнөөгийнхөөр бол иргэншилийг нь сольчихсон гэсэн үг. Тэгээд долоо хоногийн дараа өнөөх амьд "шагнал"аа дуудаад юу болсоныг асууж гэнэ. Эмэгтэй "надад огт ойртсонгүй" гэхийг сонсоод хаан бөхийг дуудаж учрыг асуухад "хаантан минь миний толгой бөх барилдаж таныг цэнгүүлэх үүрэгтэй билээ. Хэрэв би эмэгтэй хүнтэй ойртож гэмээ нь ядарч сульдан, өрсөлдөгчдөө ялагдах үндэс болох тул..." хэмээн тайлбарласан байдаг. Өгөдэй хаан "чи зугаацуулахаас гадна бидэнд үр удмаа үлдээх ёстой, үгүй гэвэл бидэнд бөх олон бий, нэгний толгой мултарах харамсалтай биш" гэж байж албан ёсны хүргэнээ болгосон түүхтэй. Энэ түүхээс тэр цагт л Иранд бөх нь цэрэг дайны гэх анхдагч шаардлагаас давж, зугаа цэнгээний буюу спорт түвшинд хүрсэн байсан тухай анзаарагдана. Байлдааны мөнхийн бэлэн байдалд байх цэрэг армитай улсад очиж буй бөх өөрийг нь зөвхөн барилдуулж түүнээ харах сонирхолтой хэмээн бодож буйгаас анзаарагдаж байгаа биз дээ... Энэ ч яахав тэр үеийн түүх агаад хүчтэй байхдаа бид хүчээр иргэншилийг нь солиулдаг байв. Тэгээд хөдсөн дээл нөмрүүлж, монгол хүүхэн тэврүүлнэ. Харин өнөө цагт Саейд Моллай өөрөө биднийг гуйж ирэв. Бид хэн нэгнийг зандарч чадахаа байгаад өөрсдөө хоёр хөршдөө үргэлж зандаруулж, бусдын өмнө хормой дэвсэн гуйлга гуйх энэ цагт шүү дээ. Урьдын хүч чадлын сураг үгүй болж эгээ л хүн мичнээс үүссэн гэдэгт итгэмгүй шиг тэр цагийн хаадын үр үндэс гэхэд үнэмшимгүй доройд баригдсан биднээс иргэншил гуйж, төрийн далбаан дор минь барилдах эрх олж авсан. Манайхан жаахан андуураад байна. Хакухо японы иргэншилтэй ч гарцаа байхгүй Монгол хүн. Тэрэн шиг энэ залуу манай иргэншилтэй, манай далбаан дор зодоглох хэдий ч гарцаа байхгүй иран хүн. Түүний зүрх сэтгэлд фарс аялгаар ярих нутгийн хүн ард, аав ээж, өссөн төрсөн хот тосгод, дундад азийн толгорхог нутаг нь хадаастай бий. Түүнд Монгол уртын дуу таалагдах ч анхны хайрынх нь дурсамтай холбоотой иран дууг нь давна гэж байхгүй. Моллайн нандин бүхэн ирантай холбоотой. Ираны засгийн газраас түүнд үзүүлсэн шахалт ч эцсийн эцэст эх нутгаа, үндэс угсаагаа үзэн ядах шалтаг болохгүй. Бөхийн амжилтын оргил үеэ мэдэрч, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн учраас л тэр иргэншилээ сольсон. Гэхдээ дэлхийн аварга гэх ланжгар цолыг авсан хүнд баян тансаг орноос, үгүй ядахдаа бүр хятадаас ч иргэншил гуйх боломж бий. Дор хаяж л шашин шүтлэг ойролцоо казакстан биднээс хэд дахин илүүг түүнд өгч чадна. Гэвч тэр маш сайн бодож Монголыг сонгосон юм. Монгол нь Ирантай олон улсын маргаангүй. Тэр бүү хэл Ираны хувьд манай юм бүхэн ач холбогдол багатай. Гэсэн атлаа Жудо сайн хөгжсөн. Бэлтгэл хийх бололцоо өндөр, бэлтгэл хангагчид нь хүртэл маш хүчтэй. Ямартай ч амжилтын төлөө болохоос мөнгөний төлөө эх орноосоо урвасан гэж хэлэгдэхгүй тийм л газрыг сонгосон нь Монгол юм шүү дээ. Хэзээ нэгэн цагт буцаад очих бололцоо гарвал энэ бүхэн давуу тал болно гэдгийг ойлгож байгаа. Мэдээж Иран буцааж түүнд иргэншилээ олгодоггүй юм аа гэхэд хэзээ нэгэн цагт ойлголцол үүсэж Монголын иргэний хувиар эх нутагтаа очиход ч төвөг чирэгдэл аль болох бага гэж тооцсон биз. Эцэст нь манай танай нутаг гэж маазрах, Молом нэр өгөх ч дээ хөгжилтэй болохоос биш хүнлэг үйлдэл бол биш шүү. Тэр Ираны нэрийн өмнөөсөө чөлөөтэй барилдаж чаддаг байсан бол өнөөдөр алт авчих байсан ч байж мэднэ. Эх орноо, гэр бүлээ санахын хэцүү чинь явж явж хамгийн том шаналал шүү дээ... Түүнийг тамирчин хүнийх нь хувьд хүндэлж, өөрийнхөө мөрөөдлийн төлөө зүтгэхдээ Монголын нэрийг гаргаж байгаад нь л ханацгаая. Бүрх малгай хазгай тавьж, Монгол дээл өмссөн Моллай гэх залуу охиныхоо духыг үнэрлэж гарынхаа тосыг энгэртээ арчиж буйгаар төсөөлөх эрх бидэнд байхгүй.

Бусад мэдээ

Mar 12, 2024 91

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/