Уншиж байна...

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан зохиолч Б.Наминчимэдтэй уг гарвал, эх орон, тусгаар тогтнол болон түүний шинэхэн романы талаар ярилцсаныг сэргээн нийтэлье.
-Говь-Алтайнхан сайн бичдэг гэх яриа явдаг.
-За.
-Энэ нутгийнхан үгээр аливааг илэрхийлэхдээ ер илүү байх шиг, олон зохиолч, сэтгүүлч төрдөг шиг дүр зурагт та хэр үнэмшилтэй ханддаг вэ?


-Социализмын үед “Говь-Алтайн гурван санд 300 зохиолч бий” гэлцдэг байсан гэдэг. Увс бөхөөр тасардаггүй шиг, Говь-Алтай зохиолчоор тасарч байгаагүй юм байна. Ч.Лодойдамба, Л.Түдэв, М.Цэдэндоржоос эхлээд С.Пүрэв, Д.Норов, Т.Очирхүү гээд явж өгнө. Залуу үеэс ч Х.Нямхишиг, Б.Баясгалан нар хүчтэй гарч ирж байна. Миний үеийнхнээс ч Х.Чилаажав, М.Эрдэнэбат, Б.Шүүдэрцэцэг, Р.Эмүжин бүгд орно. Тэгэхээр нэлээд олон байж магадгүй, албан ёсоор тоолж, дэнсэлсэн юм алга л даа.
Ер нь Говь-Алтайнхан аман билиг буюу хууч яриа сайтай хүмүүс. Зохиолчдоор түрэх шинжтэй байгаа бол түүнд гурван шалтгаан бий болов уу гэж таадаг.
Нэгт, Говь-Алтай бол олон хөлийн газар. Олон хөлийн газар гэхээр гайхах байх.
Хуучин цагт төв халхаас баруун тийш явдаг үндсэн зам түүгээр дайрна. Төв Монголоос баруун тийш чиглэсэн аян дайны замууд ч Говь-Алтайг дайран өнгөрсөн байдаг. Үүнийг батлах хэд хэдэн түүхэн үндэслэл хэлж болно л доо. Чингис хаан 1206 онд Баруун түмний ноёноор Боорчийг томилсон. Боорчи тэр үед Говь-Алтай аймгийн Тайшир, Дэлгэр сумын цаахна Боорчийн хоолой гэдэг газар нутаглаж байсан байх магадлалтай, аман яриа бий. Мэдээж тэнд зам харилцаа сайн байсан байж таарна. Багадаа 10 түмэн цэрэгтэй байсан байж таарна. Агтыг адуулах газар бол мөн говь гэхэд говь биш, Говь-Алтай байхад тохиромжтой. Мөн Торгоны замын өмнө зүгийн салбар байсан байх ч магадтай. Эргэл мөргөл хийж явдаг бадарчин нарыг ч ярьж болно. Энэ их арвин баялаг үйл явдал бол ой санамж, хууч яриа үлдээдэг. Энэ хууч яриаг сонсож өссөн хүмүүс зохиолч бололгүй яах вэ.
Ч.Лодойдамба гуайн “Тунгалаг тамир” гэлтгүй олон зохиол нутгийн хууч ярианд шууд үндэслэсэн байдаг. Говь-Алтайд домог хуучгүй жалга гэж бараг байхгүй. Л.Түдэв гуай “Уулын үер” зохиолоо хууч яриаг маш сайн баяжуулж бичсэн. “Уулын үер” роман дээр гардаг, цэрэгт явуулахгүйн тулд хурууг нь тастсан тэр хүнтэй би багадаа уулзаж байх жишээтэй. Тийм хууч ярианд, ид шидийн юм шиг сонин ертөнцөд өснө. Би аав, эмээгийн, аавын үеийн хэдэн хөгшчүүдийн ярьдаг байсан хууч ярианы 40-50 хувийг л санаж үлдсэн. Бусдыг нь хоолтойгоо холиод мартсан. Санахдаа хольж хутгана. Санаж үлдсэнийхээ аравны нэгийг хураахад л “Цагаан бороо” шиг роман гарч байгаа юм. Цааш бичээд байвал бичээд л байна. Хамгийн сайн санаж буйгаа зүгээр цуглуулаад бичихэд л тийм. Энэ зохиолч төрөх үндэс байж тун магадгүй. Ховд, Баян-Өлгийд хууч яриа ярих ч Говь-Алтай шиг баялаг нь үгүй. Захын хөгшин л үлгэр домог шиг юм ярина.
Хоёр дахь үндэслэл бол, Говь-Алтай өвөрмөц онцгой нутаг. Уул ус, говь хангай нь тэнцүү. Үргэлжилсэн нурууг давангуут үргэлжилсэн их говь угтах жишээтэй. Өвөрмөц, эрс тэс байгалийн үзэмж хүний гоо зүйн мэдрэмжийг ямар нэгэн байдлаар өдөөдөг байж магадгүй. Дандаа нэг төрлийн тал харсан хүмүүсийн ааш дөлгөөн тайван. Огцом цавчим уултай нутгийн хүн догшин. Манайд аль аль нь байдаг. Би өөрөө Хантайширын нуруунд зусаад, бууж ирээд говьд нь өвөлжчихдөг айлын хүүхэд. Заг, хар мод нэг нэгнээ хардаггүй юм гэж хууччуул ярьдаг. Харин Говь-Алтайд тэр үг хүчин төгөлдөр байж чадахгүй. Сүрдэг хад цохио, ой мод, огцом бууж буй догшин гол, хэсэг яваад л амгалан тайван говь орж ирдэг байгаль хүний мэдрэмжийг баялаг болгодог байж мэднэ.
Гурав дахь нь бол нэлээд фантастик маягийн шалтгаан. Би дандаа магадгүй гэж онцлоод байгаа шүү. Манайхан ярьдаг юм, зохиолчдыг харахаар яг цөөн хэдэн газар төрсөн байгаа юм. Хантайширын нуруу, Сутай уул, Асгат хайрхан гээд том хэдэн уулсаа тойрсон хэдэн нутагт зохиолч голдуу хүмүүс төрөөд байх шиг. Уул усаа тойрсон эрчим энерги байж магадгүй гэж нутгийн хүмүүс ярьдаг байхгүй юу. Батлах ч, үгүйсгэх ч боломжгүй байгаа юм.
-Энэ миний хувьд антропологийн судлууштай сэдэв гэж бодогддог. Удам дамжин нутагласан нутаг орны газар зүйн болоод бусад онцлог өвдөгддөг, зан байдалд илэрч гарч ирдэг шиг.
-Антропологи хүнийг биологийн болон нийгэм, соёлын түвшинд авч үздэг. Харин түүнээс цааш гурав, дөрөв дэх хэмжээст авч үзэх боломжтой гэдэг. Одоо генетик мэдээллийн тухайд бол хангалттай судалсан. Тэр гарцаагүй байна. Нийгэм, соёлын нөлөөнөөс илүү генетикийн мэдээлэл илүү хүчтэй байх магадтай. Хаана нутаглаж өссөнөөс хамааран өвөг дээдсийн генетикийн мэдээлэл өвлөгддөг, тэр нь өдөөгдсөн үед маш хүчтэй илэрч гарч ирдэг юм байна. Би үүнийг практик дээрээс их олж хардаг.
-Энэ сэдэв жишээ нь бидний өнөөдөр ярилцах эх орон, уг гарвалаа эргэж бодохын шалтгаантай уялдаж байгаа юм. Ер нь монгол хүн үндэс язгуураа ухан судлах хэрээр ямар сонирхолтой дүгнэлтүүдтэй танилцах боломжтой бол?
-Үзүүр, язгуур гэж хуучны уламжлалт ойлголт байна. Тэр нэн чухал. Өвөг дээдсийн генетик мэдээллийн чадамж тодорхой өдөөгдсөн орчинд маш хүчтэй илрэх магадлалтай гэж түрүүнд ярилаа. Залууст өвөг дээдсийн эх нутгийн эрчим, энерги, ямар нэгэн сүнслэг далд хүч өвлөгдсөн байх магадлалтай. Би шууд “Байгаа” гэж хэлэх бололцоо байхгүй. Гэхдээ туршлага харахад байж магадгүй гэсэн сэжүүр маш олон тохиолддог.
Монгол хүн гээд ярихаар үндэстнээ дөвийлгөх гэсэн үзэл гэж ойлгогдох гээд байдаг л даа. Монгол хүнд давуу тал ч, сул тал ч олон. Харин монгол хүмүүст байдаг онцгой нэгэн шинж бол нутгаа гэсэн сэтгэл. Бусад үндэстэнд төрсөн тосгоноо гэх юм байлгүй яах вэ. Харин монгол хүнд байдаг төрсөн нутгаа эгээрэх, байж ядуулах сэтгэлтэй харьцуулах аргагүй. Монгол хүн, монгол мал. Хонь, ямаа ч нутаг руугаа гүйдэг. Адуу бол маш сайн гүйнэ. Саяхан бид хаа байгаа Хэнтий, Дорнодын морийг Говь-Алтайд авчраад, нутгаадаа гүйхийг нь бичиж баримтат кино хийлээ. Үүнд орчин цагийн боловсролтой залуус шоолох маягтай ханддаг юм. Иймд үүнийг бүр харуулъя гэж ийм кино хийхээр санаачилсан гэсэн. Гүйх гүйхдээ анчин хүн шиг мөрөө буруулна, тойрно. Үүнтэй ижил монгол хүн нутгаа их үгүйлдэг, санадаг. Гадаад дахь монголчууд “Халуун элгэн нутаг”-аа дуулах дуртай, царайнд нь ер бусын илэрхийлэл харагддаг, хоолой нь зангирч, нүдэнд нь нулимс цийлэгнэдэг. Бусад улсын хүмүүст ийм хүчтэй илэрхийлэл харагдана гэж бодохгүй байна.
Манайх 1976 онд хотод нүүж ирсэн. Хоёр жил болоод, хотын айл болох шинжтэй байтал аав ч, ээж ч нутгаа санаад болдоггүй. “Шөнө зүүдэллээ, халиураад л харагдаад байна” гээд. Тэгээд буцлаа. Ороод ирэхэд жаргаж байгаа тэнгэрийн улаан хаяаны наана хөх дөл шиг шовгор уулс харагдсан, Хантайширын нуруу. Бор овоог давсны цаад нуруун дээр л гарсан байх, одоо бодох нь ээ. Аав, ээж хоёр уралдаж буугаад л нутгаадаа сүү өргөн, сөхөрч суусан. Би сонирхоод урдуур хойгуур нь гүйхэд ээжийн нүднээс нулимс гарч байсан. Тэр их сонин. Нутгаа тэгж санадаг. Тэр сэтгэл зүй үнэхээр онцгой.
Эртний Дундад азийн яруу найрагт “Наран ургах зүгт эх нутаг минь бий гэж насан туршдаа залбирч яваарай” гэсэн мөр бий. Эх нутагт хүний нандин сайхан бүхэн бий. Аав ээжийн хайр, анхны хайр, зовлон жаргал бүрийг туучсан дурсамж бүр эх нутагт үлдсэн байдаг.
-Та тэгэхээр монголчуудыг угтаа их эх оронч хүмүүс гэлээ. Одоо бол Монголоос л явах сан гэцгээх болжээ?
-Энэ бол ахуйтай л холбоотой. Монголд цэвэрлэгч хийгээд ч болов амьдрах бололцоо бага. Нэлээд ядарч амьдарна шүү. Гэтэл хөгжсөн оронд цэвэрлэгчийн нэг сарын цалингаар салгалсан машин аваад уначихна. Манайхны энэ их улс төрийн тэмцэл хагарал, оюун санаа, ёс зүйн уналт л энэ бүхний шалтгаан. Ёс зүй, оюун санаагаар 1990 оноос хойш “шааригдлаа”. Тулах тулгуургүй болчихсон.
Ардчилал ярьдаг, ардчилал бол бидний үзэл санаа биш шүү дээ. Бидэн шиг нэг хоёр том хөршийн дунд байдаг цөөн хүмүүс өөрсдийн гэсэн үзэл санаатай байх ёстой. Бидэнд өөрийн гэсэн язгуурын хүчтэй үзэл санаа, сэргэн мандлын үзэл санаа хэрэгтэй. Тийм юмгүй болохоор оюун санаа тулах тулгуургүй болоод унадаг. Тийм үед ёс зүй доройтдог. Үүний үр дүнд Монголд амьдрах хэцүү гэдэг нийтлэг уур амьсгал үүссэн.
-Ийм үед нь эх орны тухай ярихаар хоцрогдсон, хуучинсаг гэж буугаад болдоггүй. Уг нь хөндүүштэй асуудал юм. Энэ сэдвээр яаж дуугармаар юм бэ?
-Өнөөдөр өөрөөсөө харамлаж байж илүүчилсэн бага сага мөнгөөр хүүхдэдээ шинэ жилийн бэлэг авч өгөх хэмжээний байгаа залуу эцэг, эхчүүдэд “Эх орноо бод” гэж хэлэх нь утгагүй тэнэг асуудал. Өмнөөс чинь нулимна. Ахуй суурь асуудал мөн үү, мөн. Хүн нэг талаас байгалийн, нөгөө талаас оюун санааны амьтан шүү дээ. Даанч бид сүүлийн 30 жилд оюун санааны амьдралыг ор тас мартсан. Зөвхөн ахуй хөөгөөд ирэхээр хоол иддэг, хувцас өмсдөг хүн сүрэг болж хувирна. Ийм нөхцөлд эх оронч байх тухай ярина гэдэг, хатуу хэлэхэд газраар гүйж яваа хулгана зурмыг “Яагаад тэнгэрээд нисэхгүй байгаа юм” гэж асуугаад, түүнийх нь нөлөө буруутган шоолж буйтай ижил.
Үндэсний үзэл санаа гэж ярихаар мушгин гуйвуулж ойлгох тал бий. Бидэнд өөрийн юм гэдэг ойлголт өөрөө маш чухал. Зүйрлүүлж хэлэхэд, ямар ч ургамалд өөрийн ургадаг тааламжтай эко орчин гэж байна. Хэдэн арав, зуун үеэрээ дамжуулж бий болгосон өөрийн гэсэн оюун соёлын үнэт өв дээр л тухайн үндэстэн хамгийн сайнаар босож ирдэг.
Солонгосчуудын маягаар амьдраад хэсэг хугацаад ахуйн асуудлаа шийдлээ гэхэд уртдаа тогтвортой хөгжлийн суурь болж чадахгүй байх жишээтэй. Барууны либерализмаар асуудлыг шийдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл бид ахуйн бус оюун санааны талаас харж байх ёстой. Тэр “Миний юм” гэдэг нийтлэг үзэл санаан дээрээ нэгдэнэ гэсэн үг. Би өнөөдөр нойр, хувцас муутай л явж байна. Наад захын үйлчилгээний байгууллага өмссөн зүүснээр дорд харах байдал мэдрэгддэг. Хуучин ийм байсан гэж би бодохгүй байна. Эцсийн дүндээ монголчууд нэг нэгэндээ хог новш, хулгайч болж харагддаг ийм байдал удаан үргэлжилж болохгүй.
Мөн муу руугаа гулсаж байх үед дотроосоо эсэргүүцсэн сөрөг реакц бий болдог, үндэстэн дотроосоо. Тэр сөрөг реакц хүчтэй харагдахгүй. Өөрсдийн ялгарах ялгарлыг хайгаад хайгаад тэр бас тодорхой харагдаж өгдөггүй. Үүнд учир бий. Хярамцаг шиг цаг үеүдэд бид таслагдсан. 300-аад жил Манжийн дарлалд байж, араас нь социализм туулж, зах зээлд шилжсэний дараа бид язгуур соёлыг хэлбэрийн хувьд л хардаг болсон.
Ер нь соёл гэдэг бол тухайн үндэстний өөрийнхөө ахуйн өвөрмөц орон зайнаас ертөнцийн зүй жамыг танин мэдэж, танин мэдсэн философи нь ахуй дээр илэрч байгаа илрэл шүү дээ.
Хүннү бол багадаа 2500 жилийн төрт ёсны түүхтэй. Түүний өмнөх Буган соёлыг төрт ёстой байсан гэж түүхчид үзээд байна. Тэгэхээр бараг 3 мянга гаруй жилийн өмнөөс төрт ёсны түүхтэй ард түмэн байх нь. Энэ бол үндэстний ертөнцийг танин мэдэх бололцоо илүү баялаг болох хугацаа.
Монголчууд ширээн дээр сууж болохгүй, шанаагаа тулж болохгүй гээд амьтай болоод амьгүй бүхэнтэй харьцдаг харьцаанд ямар нэг заншил заавал шингээсэн байдаг. Үүнийг догматизм, хоцрогдсон үзэл гэж үзээд байдаг. Морь мал, аяга таваг, гэрийн босго тотгоноос эхлээд бүгдэд заншил бий. Энэ бол ертөнцийн зүй жамыг ажиглалт ба туршлагаар танин мэдэж, түүнийгээ системчилж, кодолж үлдээсэн хэрэг. Үүнийг ангилаад харвал цаана нь асар их философи байгаа нь харагддаг.
Өөрийн юм өөр шүү дээ. Заавал өөр, сэтгэл зүрхэнд өөр байдаг. Алсарч таслагдсан, дээр нь нүүдэлчин ард түмэн боть ботиор ном бичин хадгалаад байдаггүй. Тэр боть номууд нь зан заншлууд, ардын аман зохиол юм. Тэгж, ингэж болохгүй гэдэг нь зүгээр нэг хорио цээр биш, танин мэдэхүйн илрэл.
Г.Хегел төр бол оюун санаа юм гэж үзсэн. Монголчуудын танин мэдэхүй Г.Хегелийнхтэй маш ойрхон. Товчхон хэлэхэд, ертөнц бол цул юм байна. Ил болон далд үй түмэн сэжмээр шүтэн барилдсан, хэлхэлдсэн, салах аргагүй цул юм байна гэж үздэг.
Барууны соёл иргэншил эго центрист үзэлтэй. Харин монголчууд хэзээ ч өөрсдийгөө ертөнцийн төв гэж үзэж байгаагүй. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд, нутгийн хөгшинтэй уулзаад суухад “Босгоны цаана байгаа шагайн чинээ чулуунд өөрөөрөө байх эрхийг нь үлдээ. Дур мэдэн засаж зороод гоёл болгон тавих эрхийг та нар өөрөө өөртөө л өгч байна. Гараг дэлхийн эзэн гэж хэн та нарт хэлсэн юм бэ” гэж ярьж байгаа юм. Оршихуйг хүндэлж байна шүү дээ.
Ил болоод далд учир шалтгааны тодорхой хэсгийг бэлгэдэл зүй гэж томъёолж тайлбарлаад байхгүй юу. Ертөнц цул, бүгд хоорондоо холбоотой юм бол нэг амь бий. Амь буюу нэг зүй тогтол. Үүнийг бид ажиглалт, туршлагаар танин мэдэж, тэнгэрийн жам гэж нэрлэсэн. Өөрөөр хэлбэл оршихуйн жам. Тэр оршихуйн жамыг дагаж мөрдөхөө хүний амьдралын хамгийн үнэ цэнтэй хэв, ёс гэж үздэг. Хэрэгжүүлэгч нь төр.
Тийм учраас тэнгэрийн жамыг ахуй дээр хэрэгжүүлэгч нь учраас монголчууд төрөө дээдэлдэг. “Төрийн минь сүлд өршөө” гэдэг. Барууны соёлд төрийг аль болох хүчгүйдүүл, ахуйн соёлыг хэрэгжүүлэхээр бүтээсэн зүйл л гэж үздэг. Монголчуудын хувьд төр бол өөрөө төрсөн зүйл. Яагаад гэвэл тэнгэрийн жамыг сахиулагч. Ийм болохоор Чингис хаан “Миний дээр төр, төрийн дээр тэнгэр бий” гэж хэлсэн. Эсрэгээрээ Францын XIV Людовик хаан “Төр бол би юм” гэсэн.
Ёс зүй байхгүй бол мянга мянган хууль гаргаад нэмэргүй. Ёс зүйгүй хүмүүс хуулийн дээр байж чадна. Үүнийг бид өдгөө маш тодорхой харж байгаа.
Баруунд ёс зүйг зөвхөн хүн хоорондын, нийгмийн харилцааны түвшинд авч үздэг. Харин Монголд зөвхөн нийгмийн харилцаанд төдийгүй хүн ба байгалийн хүрээнд авч үздэг. Тэгэхээр тэр хорио цээрүүд бол ёс зүйн хорио цээрүүд юм. Түүнийг бид судлахын оронд мухар догматизм гэж хаяж болохгүй. Ялангуяа шинжлэх ухааны догматизм хамгийн хортой. “Үүнээс цааш боломжгүй” гэж үздэг хүмүүс. Угтаа амьдрал боломжийн хязгаараар дүүрэн байдаг. Физик орчинд ч тэр.
Монголчуудад ёс зүй гэдэг асар өргөн хүрээний асуудал. Орчлон оршихуйн зүй жамыг сахих нь, хадгалах нь монголчуудын хувьд ёс зүй. Судлаач Ч.Эрдэнэ гуай “Оршихуйн төлөө оршихыг ёс зүй” гэж их сайхан тодорхойлсон.
Бидэнд дүрчилсэн бурхан байхгүй, харин жам бий.
Ингэж бүрэн цогцоор нь ухаж гаргаж ирэх юм бол үнэлж барахын аргагүй өөрийн гэсэн оюун санааны тулгууртай болно. Хэн нэгэн К.Маркс, Ж.Кейнс, Милтон Фридманыг дагах шаардлагагүй болно. Эхэнд хэлсэнчлэн, үндэстэн өөрийн танин мэдсэн суурь оршихуйд л хамгийн сайнаар хөгжих боломжтой.
-Харин тусгаар тогтнолоо алдсан улсын иргэд л уг гарвалаа илүү сайн эрж, судалдаг зөнтэй гэмээр ажиглагдах юм. Бид олон зуун жилийн түүхтэй ард түмэн мөртлөө сүүлийн хагас мянганд их эрсдэлүүдтэй нүүр тулсан. Харин өнөө цагт газар нутагтай, тусгаар тогтнолтой, парламентын засаглалтай гээд байж байгаа нь бас баярламаар хувь заяа ч юм шиг санагдана, тэдгээр түүхэн эрсдэлүүдийг унших бүр. Тэгэхээр, тусгаар тогтнолын үнэ цэнийг яаж харах хэрэгтэй юм бэ?
-2007 онд Индианагийн их сургуульд орох санаатай TOEFL-ийн шалгалт өглөө. Тэнд XIV Далай ламын төрсөн ах Норов Ринбүчийн байгуулсан Төвөдийн сүм байсан. Сүмээр орж гарахад нэг бус удаа таарсан Даши гэдэг миний үеийн залуу байв. Тэр надтай хамт шалгалт өглөө. Миний урд суулаа. Шалгалтын цаасан дээр улсынхаа кодыг бичнэ. Даши гэтэл асууж байна, “Багш аа, би улсынхаа кодыг олохгүй байна” гэж. Багш өөрөө жаал хайгаад, сүүлд нь сургалтын алба руу ярих шиг боллоо. Тэгснээ Дашид, “Энэ дэлхий дээр Төвөд гэж улс байхгүй юм байна. Та БНХАУ-ын кодыг бичнэ” гэж хэлэв.
Би ард нь суусны хувьд Дашийн царай ямар болсныг хараагүй. Харин багшийн царайгаар Дашийн царайг төсөөлж байгаа юм. Таг хөшиж сууж байгаад, чимээгүй босоод гараад явсан. Тийм шоконд орсон хүн яаж шалгалт өгөх вэ дээ. Түүнд эх орон бүгдийн дайтай үнэ цэнтэй байна. Би иймэрхүү жишээ нэлээд олныг дурдаж болно.
Өвөрмонголчуудын аль оюунлаг сортоотой тал нь монгол уг гарвалаа хайж судалдаг. 2012 онд бил үү дээ, Бээжин ороод буцахад Өвөрмонголдоо манай Б.Лхагвасүрэн шиг нэртэй том зохиолч хүн биднийг гаргаж өглөө. Чемоданыг автобусны тээш хадгалах сав руу хийх гэтэл жолооч хятад залуу авч шидээд, Өвөрмонголын тэр том зохиолчийн нүд рүү нь чичлээд орилж байна. Түүний өмнө юу ч хэлж чадахгүй номхон зогсож байна. Хятадын жирийн нэг жолоочид Өвөрмонголын оюун санааны том зохиолч чухал биш. Байдаг л нэг Баагий харагдаж байгаа юм. Ийм үед дотроосоо тэр орон зайг үгүйлж, асаад ирдэг юм байна.
Бидний хувьд эх орон, тусгаар тогтнол бий тул үнэ цэнийг нь тэр бүр мэдрэхгүй байгаа юм. Монгол хүмүүсийн үнэ цэнтэй бүгд энд л бий. Бид энд төрсөн, хүүхэд насаа үдсэн. Зовсон, жаргасан нь чухал биш. Сайн, муу бүхнээ энд үзэж буй. Бид цагаачлаад явж болно. Хаана ч цагаач л харагдана. Мундаг гадаад хэлтэй байж болно. Байдаг л нэг Ази харагдана. Гэвч байдаг л нэг Азиас өөр харагдах, үнэлэгдэх боломж бол монгол гэдэг ялгарлалаа тээн илэрхийлэх. Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгал хүмүүсийг стандартчилаад эхэлсэн. Одоо бараг био-робот шахуу болгох нь. Хүн бүгд үйлдвэрийн бараа шиг, сэрэл мэдрэмж ч, таашаал сонирхол ч ижил болчихвол ямар ч үнэ цэнгүй болно. Үндэстний хувьд ярихад мөн ижил. Иймд өөрсдийн гэсэн тэр ялгарлаа тодорхойлох, тээх хэрэгтэй. Тэгж байж бид үнэ цэнтэй оршино л гэсэн үг. Заавал монгол дээл өмсөхдөө чухал биш л дээ. Гол нь бидэнд ялгарах юм асар их байгаа. Тэр бүгдээ харамсалтай нь үгүйсгэдэг.
-Судалсан нь ч бас бага байх шиг. Та сая ахуй ийм байхад залуусыг буруутгахад хэцүү гэсэн. Гэхдээ ямар нэг хөшүүрэг хэрэгтэй биз?
-Бид нэгдүгээрт үндэстний ялгарах үзэл санаагаа цогцоор нь босгож ирэх, тодорхойлох хэрэгтэй. Үүнд урлаг уран сайхан, сэтгүүл зүйн оюунлаг салбарынхан нэгдэн хичээж зүтгэвэл бололцоо бий. Энэ философийг системтэйгээр гаргаж ирэх ажил тийм амар биш. Энд тэнд хүмүүс элэг доог болон, алдаж онон хийгээд л байна.
Нөгөө талд, Brain Drain буюу гадагшаа дүрвэж буй оюунлаг хэсгийг дэмжих хэрэгтэй. Яах вэ, манай залуус юм үзэг. 10 залуугийн гурав нь тэндээ шингээд үлдэг. Зарим нь үлдсэн ч эх орноо санадаг, тэмүүлдэг, ар гэртээ хэдэн ам.доллар явуулдаг байг. Гадаадад байгаа монголчуудаас жил бүр Монгол руу гуйвуулдаг мөнгөн дүн ямар ч хүчирхэг гүрний буцалтгүй тусламжаас илүү гэдэг. Гадаадад байгаа монголчуудаа дэмждэг төрийн тусгай бодлого хэрэгтэй. АНУ-ын хоолны салбарт хятадууд, зочид буудлын салбарт энэтхэгүүд нөлөөтэй. Ингэж гадаадын тодорхой зах зээлийг эзлэхэд төрийнх нь бодлого нөлөөлсөн. Стокгольмын 100-аад сүши рестораны дийлэнх нь монгол эзэнтэй болжээ. Энэ бол өөрөө, органикаар бий болсон амжилт. Харин төр дэмжээд ирвэл монголчууд дэлхийн өнцөг булан бүрд амжилттай амьдрах, улмаар эх орондоо эерэг нөлөөлөл, өөрчлөлт авчрах бололцоотой.
Ерөөс монгол хүн гэж хэн бэ. Монгол хүнд ямар сайн тал, муу тал байна вэ. Үүнийг судалгаагаар гаргаж, сайн талыг дэмждэг, муу талыг дардаг бодлого гаргах шаарлагатай. Хүчирхэг гүрнүүд үүнийг хийдэг. Бид энэ талаар А ч үгүй сууж байгаа. Гэтэл өнөөдөр бид нэг нэгнээ гахай, нохойгоор нь дуудаад суудаг. Эцсийн эцэст нэг нэгнийхээ төлөө санаа тавьж чаддаг чанараар нь үндэстний эв нэгдлийг хэмждэг. Бид гуравхан саяулаа. Хэдэн зуун сая хүнтэй улсууд ийм бодлого барьж байхад бид дунд нь алмай царайлаад сууж болохгүй. Тэгэх юм бол нэг л өдөр энэ газар нутагтаа эзэн байх эрхээ сайн дураараа алдах аюултай.
-Энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байгаа хүмүүс хэр олон бий вэ?
-Сайн дураараа ажиллаж буй хувь хүмүүс л байна. Гэтэл энэ бол мөнгө зарж, институтийн түвшинд хийх ёстой ажил. Хувь хүмүүсийн ажил биш л дээ. Манай Үндсэн хууль амьгүй. Үндэсний онцгой өвөрмөц шинжийг баталгаажуулдаг механизм байхгүй. Бидэнд Үндсэн хуулиас эхлээд өөрчлөх, шинэчлэх юм их байна.
-Таны шинэ роман мөн хууч ярианд үндэслэв үү?
-Үгүй. Ерөөс та нарын насны залуусын хайр дурлалын асуудал.
-“Галт шувуу” шинэ романы талаар та хүлээлт үүссэн уншигчдад хэдэн үг хэлээч?
-Би их олон зохиол бичээгүй л дээ. Харин үүнийгээ, өдийг хүртэл өөрийгөө уран зохиолын амин сүнстэй юм бичлээ гэж бодож байна. Яг урлаг, дүр бүтээх талаасаа. Дүр бүтээхгүйгээр уран зохиолын асуудал ярих бололцоо байхгүй. Өмнө нь би дүр бүтээх оролдлогууд хийж л байсан. Гэхдээ үүн дээр нэлээд дотогшоо мэдэрч хийж чадав уу даа гэж бодсон. Дүрээ мэдрээд ирэхээр бараг надад амьд болж, тэдэнтэйгээ ярьж байгаад бичнэ. Ядрахгүй, урсана. Хавар нэг долоо хоног, намар 10-аад хоног л суулаа. Хөвөрдөөд явчихдаг. Дүр амьдарна гэдэг уран бүтээлчийн хувьд нэг талын аз жаргал. Дүртэйгээ хамт амьдарч, уйлбал уйлж, инээвэл инээгээд бичээд явах нь их аз жаргал.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1320

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1252

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 414

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 708

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/