Уншиж байна...

Ардын жүжигчин А.Энхтайван: Чингис хааны дүрийг бүтээсэн хүн бүхэн Их хааныхаа өмнө “өр”-тэй
Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Агваанцэрэнгийн Энхтайвантай уулзаж хөөрөлдлөө. Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 1958 онд төржээ. Тэрээр УБДС-ийн кино драмын ангийг 1980 онд, ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуулийг 1985 онд дүүргэжээ. Сонгодог урлагийн академик театрт гоцлол дуучнаар ажиллажээ. Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1996 онд хүртсэн жүжигчин маань Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”-гийн Төмөртөр хаан, Ц.Нацагдоржийн “Гэсэр”-ийн Гэсэр, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н түвд худалдаачин, Ж.Вердийн “Риголетто”-гийн Герцог зэрэг үндэсний болон сонгодог дуурийн гол дүрүүдэд амжилттай дуулж жүжиглэжээ. Тэрээр дэлхийн сонгодог болон Монголын үндэсний олон дуурийн дүр бүтээснээс гадна “Балжийн гол”, “Ононы шугуй”, “Хан Хэнтий уул минь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” зэрэг олон дууны аялгуу зохиосон уран бүтээлч билээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чингис хааны дүрийг, дэлхийн кино урлагийн түүхэнд бүтээсэн анхны монгол хүн юм.
-Таны уран бүтээлд буриадуудын тухай их тусгадаг. Өөрөө буриад хүн үү?
-Би ч одоо буриадсаад байх ч юу байхав. Хүмүүс намайг “Чи буриад” л гэдэг юм. Би ч айхтар “Би буриад биш” гэж зүтгэдэггүй. Тэгэхдээ унаган удам угсаагаараа би цэвэр халх монгол хүн. Миний ус нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын зааг.
Аав минь надад Баян-Адаргын Баян-Өлзийт багт төрсөн гэдэг. Сүүлд сонсох нь ээ, Биндэрийн Бор-Овоогийн Уртын эх газар төрсөн гээд байгаа. Миний бие бол Бор-Овоогийн Уртын эхийг л тоонотоо гэж бодох болсон. Биндэр гэхээр хүмүүс буриад гэж ойлгох нь бий. Аав ээж хоёр минь хоёулаа халх, бүр боржигон хүмүүс юм.
-Өө, та чинь тэгвэл ёстой цэвэр халх монгол хүн байна шүү дээ?
-Аав Шаравын Агваанцэрэн Хөвчийн Жонон вангийн нутаг Баян-Адаргын хүн. Хөвчийн Жонон вангийн хөх харчуулын нэг л гэж би өөрийгөө боддог. Ерэн нэгэн онд би удам угсаа, гарал үүслийнхээ талаар ааваасаа асууж байлаа. Тэгэхэд аав минь Хэнтийн Өндөрхаанд бие муу хэвтэрт байсан.
Би гэдэг хүн эзэн хааныхаа дүрд тоглоод байж байдаг. Балжинням найруулагчаас хоёр хоногийн чөлөө аваад Өндөрхаанд очиж байв. Тэр бол аавтайгаа уулзсан, үг яриаг нь сонссон сүүлчийн уулзалт байлаа даа. Би хөвч тайгаар нутаглаж байсан монголчуудын их дээд удам угсаатны нэг нь юм.
-Удам судраа хөөхөөр Чингис хаантайгаа холбоо сүлбээтэй болох нь уу, тэгээд?
-Мэдэхгүй, тэрийг би одоохондоо сайтар судлаагүй байна. Тэгэхдээ аавын маань аав Намсрайжав тайж гэж дөтгөөр зэргийн хохь тайж хүн байсан. Хөгшин ааваас маань дөрвөн сайхан хүү төрсний отгон нь миний аав. Аавыг хоёр настай байхад айлд өргүүлсэн юм билээ.
-Урлагийн хүн болох гэж багаасаа мөрөөдөж байв уу?
-Би эмч болох гэж зүтгэдэг, бүр бэлдэж байсан хүн. Аравдугаар анги төгсөхөд Анагаах ухааны их сургуулийн хуваарийг “Хармааны оноо илүү” гэдэг шалтгаар өөр хүн луйвардаад авчихаж байсан. Тухайн үед би “Очиж, очиж миний хуваарийг аваад байхдаа яахав дээ” гэж гомдож л байсан.
Зарим нэг хүн надад гай болох гээд тус болчихсон юм болов уу гэж боддог юм шүү. Хүүхэд байхдаа ганц нэг хүүхдийн дуу дуулдаг байсан л даа.
-Урлагийн сургуульд тэгээд яаж оров?
-Тэгээд хотод орж ирээд Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулж орсон. Том эгчийн маань нөхөр тэнд шалгуулах санал тавьсан л даа. Ээждээ хэлж, ээж намайг дагуулж очиж шалгуулж оруулсан. Хөгжим бүжигт байх дөрвөн жилийн хугацаанд хөгжмийнхөө суурь боловсролыг, урлагийн хөлөө олсон гэж боддог юм.
Хайдав багш дээрээ дөрвөн жил хичээллэж, Оросын мэргэжилтэн багш нараар хөгжмийн онолын хичээл заалгаад, Уралын Хөгжмийн дээд сургуульд явсан хүн шүү дээ. Тэндээс л урлагийн амьдрал эхэлсэн.
-Та хөгжмийн зохиолчийн хувьд дууны болоод хөгжмийн уран бүтээл аль хэр хийв дээ?
-Миний мэргэжлийн дуучдад зориулсан, симфони оркестртой дуулах хоёр зуугаад дуу бий. Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони хоёрын ноотны санд байгаа нь гэсэн үг шүү дээ.
Сүүлийн үеийн медиа хөгжимтэй хийсэн нийтийн дуу гурван зуугаад орчим юм байна. Нийтдээ таван зуугаад дуу хийсэн юм болов уу. “Хүн танаа”, “Тэмүжин Танаа” гэсэн хөөрхөн симфони удиртгал маягийн юмнууд бий. Бас таван киноны хөгжим бичсэн байдаг юм.
-Ямар ямар кинонуудын хөгжим билээ?
-Хамгийн эхлээд “Мойлхон” киноныхоо хөгжмийг дангаараа бичсэн. Энэ хөгжмийн симфони оркестрийн хөрвүүлгийг 2008 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, “Чингис хаан” одонт, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ах маань хийж өгч байсан.
Казах, Монголын хамтарсан “Хүмүчи мэргэн” киноны хөгжмийг бичсэн. Японд болсон олон улсын кино урлагийн наадмаас хөгжим нь гранпри шагнал хүртэж байлаа. “Үхэрт Хүйтэн” гэж киноны хөгжим байна. Үхэртийн нууранд Хүйтэний булаг нь цутгадаг. Энд 1915 оны үед амьдарч байсан хоёр сайхан залуу хосын тухай “Үхэрт Хүйтэн” хэмээх ЮНЕСКО-д бүртгэгдсэн дуу байдаг.
Энэ дуунаас домоглосон киног манай эхнэр Б.Баярмагнай бичиж, Өмнөд Монголын гурван баргынхантай хамтарч хийсэн юм. “Тэнгэрийн хүү” гэдэг түүхэн кино, Улаанбаатарын шар хантаазтнуудын тухай “Бардо” гэсэн кинонуудын хөгжмийг бичсэн юм байна. “Тэнгэр язгуур” хэмээх дуулалт киног 2016 онд хийлээ. Гоцлол, ари, романс, дуэт, квартет, найрал дуу гээд бүрэн хэмжээний төрлүүд багтсан дуулалт кино л доо.
-“Морин хуур” наадамд аялгууг нь зохиосон дуугаараа тэргүүн байр эзэлж байсан даа?
-Дуунд дуртай Монголын ард түмнийг баясгаж цэнгүүлдэг оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур” наадмыг 1987 оноос зохиох болсон байдаг. Би гучин нэгдэх удаагийн наадмын тэргүүн шагналыг хүртсэн. Өмнө нь бараг хорь гаруй наадамд нь ямар нэгэн байдлаар оролцсон байсан.
Оны шилдэг дуу, хөгжмийн зохиолч, шилдэг уран бүтээлч шалгаруулна гэдэг анхандаа тодорхой хүрээний ажил байснаа сүүлдээ нийтийг хамарсан зүйл боллоо. Энэ наадамд эхэндээ хөгжмийн зохиолчид л оролцдог байлаа.
-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Ижийнхээ ачийг яалаа даа” шүлэгт та сайхан аялгуу зохиосон шүү…
-1989 онд “Залуучуудын үнэн” сонин дээрээс яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Ижийнхээ ачийг яалаа даа” хэмээх шүлгийг олж үзээд ая хийхээр шийдлээ. Гурван бадаг бүхий тэрхүү шүлэг миний сэтгэлийг их хөдөлгөсөн юм. Дэвтрийн гол цаас урж аваад харандаагаар шугамдаж нотоо тэмдэглэн төгөлдөр хуурын хэсгийг нь бичсэн.
Ингэж “Ижийнхээ ачийг яалаа даа” дууны хөгжим бүтсэн. Тэр оны намар Дуурийн театр улирлын нээлтээ хийхээр болж, “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор бэлдэж байсан. Энэ тоглолтод Нансалмаагийн дүрд ардын жүжигчин Х.Уртнасан гуай хуваарилагдсан байлаа. Түүнд хийсэн дуугаа сонирхуултал “Сайхан болж. Эгч нь аваад дуулчихъя” гэсэн. Тэр оныхоо “Алтан намар” хөгжмийн наадамд би энэ дуугаараа оролцож хоёрдугаар байр эзэлсэн дээ.
-Дууны уран бүтээл сүүлийн үед нэг л ахицгүй санагддаг. Танд юу гэж бодогдох юм?
-Үнэн шүү. Найман настай балчраас наян настай буурал хүртлээ гэртээ “Найгал гол”-ыг найгатал нь найман түмнээ жаргатал нь дуулдаг байсан хоолойны чадал багтаамж сүүлийн хориод жил тун багасаж ирлээ.
Хөдөөгүүр явж байхдаа ажиглахад “Тэрний дуулдаг, энэний дуулдаг дуу” гэсэн үглэдэг муусайн дуу л сонсогдож байх юм. Том дуунуудыг дуулахад сонирхолтой болгох, “Дуулдаг хүн дуулаад явмаар, дуулдаггүй хүн сонсоод явмаар” дуунуудыг төрүүлэхэд “Морин хуур” наадам чухал нөлөөтэй. Айлын найран дээр очоод “Эр бор харцага”-ыг бөөнөөрөө дуулахад хэчнээн том багтаамжтай дуу билээ дээ. “Хэрлэнгийн баръяа” гэхэд аль хэр чадалтай хоолойг шаарддаг билээ.
Ардын бэсрэг дуунууд гэхэд л дээшээ, доошоо гүйсэн, үсэрсэн ямар мундаг дуунууд байдаг билээ дээ. “Өөрийн нутаг” гэсэн дуу байлаа гэхэд л тэр дээр цангинаж байснаа тэртээ доошоо унаад л ямар гайхамшигтай нугалаа, аязтай сан билээ. Монголчууд маань ийм сайхан дуунуудаараа хоолойгоо хөгжүүлж ирсэн байна.
Сүүлийн жилүүдэд алдагдсан хоолойн чадлыг нөхөхөд “Морин хуур” наадам маш их нөлөөлнө. Эл наадамд мэргэжлийн бүх төрлөөр нь шалгаруулах хэмжээнд оччихлоо. Мэргэжлийн, нийтийн, эстрадын дуу гэсэн төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулж эхэллээ. Энэ бол яах аргагүй дэвшил шүү.
-Та “Дангина” дууныхаа тухай яриач?
-Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ганболдын Сонинбаяр бид хоёр хамтарч хэд хэдэн дуу бүтээсэн. “Цэцэн ханы нутаг” гэсэн сайхан дуу хийж дуучид кино концерт маягийн юм хийж дууллаа.
Сонинбаяр найрагч “Дангина” хэмээх шүлгийг хоёр жилийн өмнө өгсөн юм. Бодож явсаар аялгууг нь хийж, найруулгыг нь “Анир” студийн Алтанхуяг 2016 оны өвөл хийсэн. Энэ дууг анх Хэнтий нутгийн хүү, дуучин Чулуунбаатар дуулсан юм. Дуучин Цэрэнчунт бас дуулж, цахимд ч тавьсан.
Хэнтийн Батширээтийн хүү, дуучин Нямдаваа маань “Дангина”-г дуулж “Морин хуур”-т оръё гэж гуйсан. Би өмнө нь Нямдаваад “Балжмаахан”, “Сэнхэр нутаг” гэсэн дуу хийж өгч байлаа. Буриад талын уран бүтээлийг хөгжүүлье гэсэн буриад сэтгэлгээтэй хүүхэд л дээ.
Нямдаваа “Дангина”-гаар нэгдүгээр шатнаас л өндөр оноо авсан. Хоёрдугаар шатанд тасархай оноо авч тэргүүлсэн. Сонинбаяр дууны үгээ бүгдийг буриад аялгад оруулъя гэхэд нь би “Хэрэггүй ээ, өнөөдөр халх талдаа үгтэй байж нийтийн хүртээл болно. Буриад тал нь цөөхөн. Тэгэхээр цөөнхөд зориулсан юм болчихно. Халхуудынхаа дунд амьдарч буй юм чинь халхууддаа зориулсан байх нь зөв юм уу” гэж учирлаж байж энэ дуу бүтсэн дээ.
Үнэндээ Монгол Улсад 48-49 мянган буриад байдаг юм шүү дээ. “Дангина” дууны нэртэй кино зохиолыг соёлын тэргүүний ажилтан Бямбаагийн Баярмагнай бичсэн дээ.
-“Дангина” юун тухай кино билээ?
-Дангина гэдэг чинь ерөөс дагина гэсэн үг л дээ. Дагина гэж гоо сайхан, үлгэрийн гүнжийг л хэлдэг шүү дээ. Үлгэрийн буюу Хурмастын хааны охиныг дагина гэдэг. Киноны гол санаа нь юу вэ гэвэл Асур тэнгэрийн долоон гүнж газар дэлхийд бууж цэнгэг усанд булхаад нисдэг. Газарт буухдаа гоо сайхан долоон охин болдог, нисэхдээ хун болон оддог.
Есдүгээр зууны дунд үед монгол нутагт аж төрж асан Хорь Түмэдийн ноён Хорилардай мэргэн долоон гүнжийг бууж ирэхийг ан хийж явахдаа хараад нэгнийх нь хунгийн өмсгөлийг нуугаад авчихаж байгаа юм. Энэ дагина энд үлдсэнээр киноны үйл явдал цааш өрнөдөг. Манай буриадуудын дунд Дангина гэдэг үг тэр домгоос улбаатай болов уу гэж би боддог юм.
-Ардын уран зохиолч С.Эрдэнэ, төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, эрдэмтэн-зохиолч Дүгэржавын Маам нарын их туурвилчдын зохиолыг нь бичсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Их хааныхаа дүрийг бүтээх их хувь заяа танд л тохиож дээ. Та энэ дүрээрээ дэлхийн монгол туургатны их хаан боллоо. Тантай уулзатлаа би “Их хаан”-аа хэмээн дотроо ихэд сүслэн хүлээж байлаа?
-(Инээв) Монголчуудын нандигнан хадгалж, өнөөг хүртэл шүтэн биширч, үр хүүхдэдээ үлгэр мэт ярьж өгдөг нэг том бүтээл бол “Монголын нууц товчоон” юм. “Монголын нууц товчоон” хэмээх энэ агуу бүтээлийг нэлээд хэдэн орон амьдруулах, дүрсжүүлж, кино болгохоор зориглосон байдаг юм билээ. Монголчуудын хувьд наян есөн оны өвөл Чингис хааныг мөнхжүүлэхийн тулд зүтгэсэн.
Тэр үед С.Эрдэнэ, Д.Батбаяр, Д.Маам нарын агуу их зохиолчид зориг шулуудан зохиолыг нь бичсэн. “Мандухай цэцэн хатан” Ш.Нацагдорж гуайн бичсэн зохиол шүү дээ. Хаалттай нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байсан түүх гээч юмаа их сайхан зохиомжилсон бүтээл шүү дээ. Дүрийг нь ч манай Сувдаа эгч сайхан гаргаж ирсэн.
“Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хувьд бол хөдөлгөж болшгүй нэг зүйл “Монголын нууц товчоон” хэмээх судар байсан. Энэ судраар Өмнөд монголчууд маань кино хийчихсэн, Америк, Германчууд кино хийчихсэн үе шүү дээ. Миний хувьд төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ахад их талархаж явдаг.
-Жанцанноров гуай таныг “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны кинонд тогло гэсэн юм уу?
-Наян есөн оны арванхоёрдугаар сард төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Нацагдорж багшийн “Үүлэн заяа” дуурийн нээлтийг хийсэн. Би тэр үед ДБЭТ-таа ажиллаж байлаа. Эхний тоглолтыг үзэж гарч ирээд Жанцанноров гуай “Энхтайван чамд баяр хүргэе. Чи маргааш дуулах уу” гэсэн. “Дуулна аа” л гэлээ. Тэгсэн маргааш нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны багийг тэр чигээр нь авчирч үзүүлээд, надтай уулзан, Кино үйлдвэр дээр намайг аваачсан. Тэгэхэд Монголын урлагийн байгууллагуудаар хот хөдөөгүй яваад таван зуу гаруй проб хийчихсэн байсан шүү.
-Хөөх, ёстой олон хүн шалгаруулалтад орж байж дээ?
-Ерэн оны хоёрдугаар сар хүртэл видео проб хийгээд “Та тэнцлээ” л гэсэн. “Би тоглохгүй, Дуурьтаа ажиллана” гэлээ. Эрдэнэбулган ах намайг “Тэр кинонд тогло чи. Чи наад толгойгоо мэддэг юм уу. Наадах чинь төрийн мэдлийн улсын толгой. Чи юундаа хийж энд хоргодоод байгаа юм” гээд сандлын мод бариад хөөж байсан даа.
-Таны үнхэлцэг хагарахаа шахсан биз?
-Тэгснээ дараа нь намайг өрөөндөө дуудаад “Эзэн Богд Чингис хааны дүр гэдэг чинь хүнд тийм амархан олддог юм биш. Чи яв, тогло. Чиний 875 төгрөгийн цалинг 1250 төгрөг болгож Кино үйлдвэр рүү шилжүүллээ. Яамны сайдын цалин гэсэн үг. Хоёрхон жил шүү дээ. Завсарт нь Дуурьтаа дуулаад явж бай” гэсэн.
Би чинь Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд дөнгөж тавхан жил дуулж байсан үе байхгүй юу. Би энэ таван жилд Дуурийн театртаа эрэгтэй хүний нарийн тенор хоолойны сонгодог бүх фактурыг хийчихсэн байсан юм. Тэрийгээ хаяад явна гэдэг надад их гунигтай байсан.
-Босгосон бүхнээ л нураана гэсэн үг байжээ дээ?
-Кинонд хоёр жил явчихаад ирээд дуулна гэдэг дахиад шинээр сурахтай адил юм болно шүү дээ. Хөгжим гэдэг чинь тийм нарийн, тэгж хүний ой тойнд шингээж байж, цэг таслалгүй гэдэг шиг бүх пауз энэ тэрийг цээжилж байж дуулдаг байхгүй юу. Булгаа ахыг учирлаад байхаар аргагүй Кино үйлдвэр рүү шилжиж очсон доо.
-Чингис хааны дүрд таны төрх л ойрхон байсан юм байх даа?
-Ер нь манай Балжинням багш ярьдаг юм. “Анх чамайг хааны 45 насны дүрд будуулаад ороод ирэхэд гол руу зураад л явчихсан” гэдэг юм. Би хэний дүрд тоглож буйгаа ч эхэндээ мэдээгүй. Төрийн соёрхолт зураач Пүрэвсүхээс асуухад “Яг шүү” гэж байсан. Эрдэнээ гуай, Батбаяр гуай, Маам гуай, Шаравдорж гуай нар намайг гарсны дараа “Ёстой сонин хүүхэд юм аа. Энэнтэй л ажиллая” гэцгээсэн байдаг юм.
-“Мөнх тэнгэрийн хүчин дор”-оос өөр ямар кинонд тоглолоо?
-Энэ кинонд тоглосноос хойш маш олон найруулагчид “Кинонд тоглооч” гэж урьж байсан. Төрийн шагналт найруулагч Балжинням багшдаа хэлтэл “Үгүй яахав дээ, Чингисээс илүү дүр бүтээнэ гэвэл тоглоод явахгүй юу” гэсэн. Тэгээд л би тэр саналуудыг хүлээж аваагүй дээ.
-Танаас хойш маш олон Чингис “төрсөн” дөө?
-Гаднахаа тоочихоо байг гэхэд дотооддоо маш олон Чингис төрсөн. “Хасар” Жагаа маань Чингист тоглолоо, Жамухад тоглосон Цагааны Төмөрбаатар маань Чингист тоглосон. Манай Шихихутагт тоглосон Батбаатар маань ч нэг Чингисийн дүр гаргасан. Махааны Оргил бас “BBC”-гийн ч бил үү, Чингист тоглосон гээд яриад байдаг.
Би мэргэжил нэгт урлагийнхан, жүжигчдээ Чингис хааны дүрд тоглохыг ер буруушаадаггүй. Монгол эр хүн болж төрснийхөө хувьд тоглох л ёстой, бүтээх л учиртай. Гагцхүү хэн нь ямар дүр бүтээж, яаж ард түмэнд хүрсэн бэ гэдгийг манай ард түмэн өөрснөө л шийднэ. Аль Чингисийг шүтэх нь тэдний л дур. Өнөөдрийн байдлаар Чингис хаанд тоглосон бүх найзууддаа би баяр хүргэе. “Атга нөж” жүжигт Догмидын Сосорбарам маань сайхан дүр бүтээлээ. Би харин эдэндээ нэгэн зүйл учирлах гэсэн юм.
-За юу учирлах нь вэ?
-Чингис хааны дүрийг бүтээсэн хүн бүхэн Их хааныхаа өмнө өртэй. Тиймээс энэ сайхан дүрийг бүтээсэн Монголын уран бүтээлчид минь ээ, бүгдээрээ нэгдэж нийлээд Бурхан Халдун уулан дээрээ очдоггүй юм гэхэд наад Цагаан арал дээрээс нь Бурхан Халдуныхаа оройг харж байгаад Их хааныхаа ариун цагаан сүнсэнд хүндэтгэл үзүүлсэн нэг юм зохион байгуулах юм сан.
Их хааныхаа хувцас хунаргүй ч байсан амьдралынхаа жирийн хувцастайгаа очоод үнэн сэтгэлээсээ өчил өчөөд сайхан тахилга тайлга хийчих юм сан гэж би боддог юм. Тэгвэл мөн ч сайхан аа. Үүнийг л дамжуулж өгөөч гэж гуйя даа.
Л.Батцэнгэл

zxc4571
zxc4571
zxc4572
zxc4572
zxc4573
zxc4573
Previous Next Play Pause
zxc4571 zxc4572 zxc4573

 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1319

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1251

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 414

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 706

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/