Уншиж байна...

“Монгол костюмс” компанийн захирал, Үндэсний хувцас судлалын академийн тэргүүн доктор, профессор, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Б.Сувдтай ярилцлаа.
Тэртээ 2003 онд хоёр оёдлын машинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Монгол костюмс” компани өдгөө оёдлын үйлдвэр, хувцасны салон, номын сан, судалгааны төв, үзүүлбэрийн танхим, үндэсний хувцасны музейтэй “Монгол костюмс” хэмээх цогц төсөл, соёлын бүтээлч үйлдвэрлэл хэмээх онцлог бизнесийг хөгжүүлж иржээ.
Хувцас нь тухайн ард түмний эрхэлж ирсэн аж ахуйн онцлог, байгаль цаг уурын нөхцөл, түүхэн хөгжлийн замнал, хил залгаа бусад улс оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, соёлын харилцаа холбоог ямар нэг хэмжээгээр өөртөө тусгаж, улмаар уламжлагдан баяжиж байдаг эдийн соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Монголчууд бид сүүлийн үед үндэснийхээ дээл хувцсыг өмсч хэвшиж байгаа ч дээл хувцасныхаа уламжлал, ёс заншлыг тэр бүр сайн мэдэхгүй байгаа талаар ийнхүү ярьж байна.
– Ярилцлагаа таны хувцас загвартай холбогдсон түүхээс эхэлье. Та монгол үндэснийхээ хувцсыг хэзээнээс сонирхож судалсан бэ?
– Би 1980 онд ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг хувцасны инженер зохион бүтээгч мэргэжлээр төгч байлаа. Үнэ, стандартын улсын хороогоос намайг явуулсан хэрэг. Хорооноос надад байнга даалгавар өгнө.
Дипломын ажлаа бичихдээ Киевт сурдаг оюутнуудаас биеийн хэмжээ авч, судалгаа хийдэг байлаа. Сурах хугацаандаа дэлхийн хувцасны түүхийг үзэхэд монгол хувцасны талаар өчүүхэн ч зүйл дурдаагүй байхыг хараад гайхсан. Тэр үеэс монгол хувцасны талаарх судалгаагаа эхлүүлж дэлхийд таниулах зорилготой ажиллаж байна.
– Докторын зэрэг хамгаалсан сэдвийг тань тухайн үед өндөр үнэлж байсан гэдэг. Тэр судалгааны талаар танилцуулж болох уу?
– ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуульд 1997-2000 онд аспирантурт суралцаж “Монгол хувцасны элемент бүхий хувцасны загвар зохион бүтээлийг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын диссертацаа хамгаалж байлаа. Эхэн үед удирдагч багш маань сэдвийн сонголтын ач холбогдолд эргэлзэж байв. Монгол хувцасны судалгаа бараг байхгүй байсан учир тэр л дээ. Харин дараа нь багш монголчуудын дээл хувцсаа хүндэтгэлтэйгээр өргөн дэлгэр өмсч хэрэглэдэг талаар ойлгож мэдсэнээр сэдвийг баталж билээ.
– Судалгааны ажлуудаас улбаалан Үндэсний хувцас судлалын академийг байгуулсан гэдэг. Одоо тус академи ямар ажил хийж байна?
– Би 1992-2003 онуудад гадаадад ажиллаж амьдарсан. Хүн эх нутагтаа байхдаа өөрийн авдран дахь баялгийг мэдэрдэггүй юм байна. Гадагшаа гараад явахад монгол хүний, бидний бахархах ёстой зүйл юу юм, тэр тусмаа мэргэжлийн хүний хувьд би Монголынхоо юуг судлах, сурталчлах талаар их боддог болов. Тэгээд монгол хувцасны судалгаа хийж эхэлсэн. Энэ бол бидний соёлын үнэт өв юм. Энэхүү соёлоо бид залуустаа, дэлхий дахинд хэрхэн хүргэх, яаж мэдүүлэх ёстой вэ гэдэг үүднээс судалгааны ажлаа хийсэн. ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуульд аспирантурт суралцаж байхдаа монгол хувцасны түүхийг багш нартаа ойлгуулах хэрэгтэй байсан учраас нэлээд их уншиж судлах хэрэгтэй болсон.
Эргээд бодоход Урлал гоо зүйн улсын комисст хамтран ажиллаж байсан угсаатан зүйч Х. Нямбуу гуайн Төрийн шагнал авсан “Монгол хувцасны түүхэн хөгжил” Амгалан гуайн баруун аймгийн хувцас соёлын талаарх ном надад их тус болсон.
Мөн эдгээр сайхан хүнтэй хамтарч ажиллаж, монгол хувцасны тухай сонсож байсан нь их хэрэг болсон. Даяаршлын энэ эрин зуунд монголчууд бид үндэсний хувцас, соёлоо хэрхэн хадгалж авч үлдэх, цаашид судалж сурталчлах зорилгын үүднээс Үндэсний хувцас судлалын академи төрийн бус байгууллага, “Монгол костюмс” компаниа байгуулж энэ чиглэлээр ажиллаж ирлээ. Үндэсний хувцас судлалын академи залуу судлаачдыг дэмжих, монгол хувцасны талаарх судалгааны ажлыг хөгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зэргийн зохион байгуулж, ном товхимол гаргасан. Гэсэн хэдий ч Монгол хувцасны судалгаа шаардлагатай хэмжээнд биш байна, бидэнд судлах зүйл олон бий.
– Дэлхийн хувцасны загварын түүхэнд дээл хувцасныхаа түүхийг хэрхэн оруулах талаар бодол байдаг уу?
– Монголчууд цөөхүүлээ, хоёр гүрний дунд оршиж байна гээд янз бүрийн хүчин зүйл нөлөөлж байна. Ардчилал гарснаас хойш нээлттэй болж, үндсэндээ сүүлийн 10,20 жил л бид өөрсдийн хэн гэдгийг мэдэж байна. Өмнө нь түүх маань дарагдаастай , бид өөрсдийгөө ч мэддэггүй, гаднын түүх соёлыг биширч шүтдэг байлаа.
Бид өөрсдийн түүх соёлыг түгээх цаг аль хэдийнээ ирсэн гэж боддог. Монголчууд бид түүхэндээ хүчтэй явсан уу гэвэл явсан. Хүчирхэг улсуудын соёл нь хувцсаар нь түгэж байдаг. Хүчирхэг улсын нөлөөнд байгаа улсууд өөрийн мэдэлгүй өнөөх соёлыг нь даган дууриадаг. Соёл нэгнээс нөгөөд уусан шилжих нь ч бий. Өнөөдөр бидний амьдралд моод загвар яаж дэлгэрдгийг зүгээр онолын үүднээс ярья л даа. Цагаан сарын шинийн нэгний өглөө хүмүүс зурагт, сайтаар хэн гэдэг улстөрч Ерөнхийлөгчид бараалхаж золгохдоо ямар дээл өмссөн, бөхчүүд, урлагийнхан ямар хувцсаар гангарсныг харна. Тэр бол моод түгээж байгаа хэлбэр. Түүн шиг нийгэмд тухайн улс орон хүчирхэг байх үед хувцасны загвараа түгээж байдаг. Үүнийг хүмүүс харж моод дэлгэрдэг. Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад хүчирхэг байна. Тэрхүү нүүдэлчидтэй тулалдахын тулд тэдний өмсөж эдлэж байгааг судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэж хятадуудын түүхэн сурвалжид олон дурдсан байдаг. Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан зүйл маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцаснаас суурин иргэншилд авсан зүйл олон байдгийг нотолсон байдаг.
Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан. Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж ярьж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “ Энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй. Босоо захтай дээл Манжаас өмнө бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос тэр үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
– Одоо бидний “Хүннү” гэж нэрлэж байгаа дээл тэр үеийн дээл биш гэж та ярьж байсан. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
– Одоо гадуур “Хүннү” гэж нэрлэж байгаа дээл нь Хүннүгийн үеийн биш. 1924 онд Төв аймгийн Батсүмбэрийн Ноён уулнаас олдсон Хүннүгийн үеийн хоёр дээлний энгэр нь урдуураа задгай байдаг. Тухайн дээлийг сэргээн засварлахдаа буруу хийж 13-дугаар зууны үеийнх шиг хийчихсэн юм билээ.
Бидэнд 13-дугаар зууны дээлний олдворууд маш их байдаг. Тэр үед монгол дээл маш их баялаг болон хөгжиж, Юань улсын үед дээд зэргийн тансагт хүрсэн гэж судлаачид үздэг. Хэнтий аймгийн Бухын хошуунаас олдсон 13-дугаар зууны монгол язгууртны дээлийг Хүннү дээл гэж манайхан яриад сурчих шиг боллоо. Тэгж ярьж болохгүй юм. Хэнтий аймгийн Бухийн хошуунаас гурван ч дээл олдсон байдгийн нэг нь энэхүү язгууртны дээл. Мөрөн дээрээ зээгт наамалтай, ханцуйгаараа нарийхан, бүсэлхийгээрэй олон ширээстэй. Ташуу энгэртэй энэ дээл ерөнхийдөө Киданы үеэс түгээмэл хэрэглэгдэх болсон гэж судлаачид үздэг ч бидэнд 13-дугаар зууны үеийн дээлний олдвор маш их бий.
Ханцуй дээрээ хагалбартай цэрэг дээл Дугуй цахирын агуйгаас олдсон байдаг. Ер нь бол цэрэг дээлний хормой морь унахад хөл тушихгүй дэрэвгэрдүү, ханцуйг нь өнөөдөр манай харваачид ханцуйгаа сурлан боодогтой нэгэн адил сурладаг байсан ба энэ нь сум тавихад тээр болдоггүй жишээтэй. Язгууртны дээл нь олон зээгт наамалтай, алтан утас ороож хатгасан байдаг. Энэ олдвор Үндэсний түүхийн музейд бий. Тэгэхээр энэ бол 13-дугаар зууны үеийн дээл болохоос биш Хүннүгийн дээл биш. Манайд “Хүннү” дээл захиалгаар ирсэн хүмүүст бид энэ талаар тайлбарлаж хэлдэг.
– Нүүдэлчин монголчуудын хувцасны соёл бусад улсад хэрхэн нөлөөлж байсан бол?
– Монгол хувцас нэлээд зүйлийн хувцас гоёлыг Хятадад дэлгэрүүлсэн байдаг. Өмнөд Солонгосын эрдэмтэн Дондук Кимийн бичсэнээр “3-дугаар зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5, 6-дугаар зууны үед Хятадын Дон-ван мужийн Шиен-дэйгээс гаралтай солонгос, япон, хятад ёслолын хувцас, ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлийн нөлөөгөөр баяжжээ.
Энэ үед монгол хувцас өмнөд газрын Солонгос, Япон Хятадад нөлөөлсний дээр XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бөгөөд хожим манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болов” гэж бичсэн байна. Солонгос улсын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил, явцад гадаад Зүүн хойд Азийн угсаатны нөлөөллийн судалгаа” хэмээх зохиолдоо МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид орших байсан улс гүрэн, төр засаг, иргэн зон нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна.
Мөн Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд бүтээлдээ эртний Солонгосын Ёо, Кок, Коон зэрэг гурван улс хийгээд монгол төрхтөн хэлтэн ард түмэн болон харилцаа нөлөөллийн тухай, мөн Коро хийгээд гурван улсын үеийн хувцас нь умард Монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Энэ бол эртнээс нааш Төв Ази, Солонгосын хойгийн аймаг угсаатны удам, гарал, соёлтой холбоотой байсныг нотолж байна. Оросын эрдэмтэн В.С.Стариков ”Ер нь Хятад оронд носрхлоо тогтоож байсан монгол удмын нүүдэлчин аймгийн улс Юанвей, Ляо, Юан гүрний үед зүрчид хувцсыг бүх Хятад даяар дэлгэрүүлжээ” хэмээн бичжээ.
Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин Зүүн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас түгсэн гэж судлаачид үздэг.
– Глобалчлагдаж буй энэ эрин зуунд бид үндсэнийхээ хувцсыг хэрхэн үндсэн хэлбэрээр нь авч үлдэх ёстой гэж та боддог вэ?
– Глобалчлал гэдэг бүгдийг ижилсүүлэх гэсэн ойлголт. Бүгд нэг ижилхэн хувцастай байвал сонирхолгүй биз дээ. Бид юугаараа ялгарах ёстой юм бэ, ямар түүх соёлтой хүмүүс билээ, түүгээрээ бид энэ даяаршлын үед ялгарч , авч үлдэх ёстой. Хэрвээ бидэнд энэ бүхэн байхгүй бол бид хэн ч биш болно.
Нэг домгорхуу яриа байдгийг сонирхуулъя. Монголчууд цөөхүүлхнээ хэрнээ ийм хүчирхэг, ер дийлдэхгүй юм. Учир нь юундаа байна гээд судалж л дээ. Гэтэл хүчирхэг байхын аргагүй юм байна. Яагаад гэвэл дундуурыг хүртэл дүүрэн гэж бэлгэдэж чаддаг хүмүүс юм гэж, Монголчуудын сайхан нь дандаа бэлгэшээдэг, амны билэгтэй. Талын сайхан хөдөөний айлууд “болно доо болно, бүх юм сайхан байна” гэж амьдралдаа, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Энэ бол байгальтайгаа ойрхон, нүүдлийн соёл иргэншилтэйгээ холбоотой ухагдахуун юм шүү дээ. Хэзээд илүүд шунадаггүй.
Гэтэл дэлхий даяар суурин иргэншил нь мухардаад ирэхээр монгол моодонд орж, нүүдэлчдийн соёлыг судалж эхэлж байна. Учиргүй би агуу монгол үндэстэн гэхээсээ илүү түүх соёлоо маш сайн мэддэг байх ёстойг л хэлээд байна.
Нүүдэлчдээс л дэлхийн түүх эхтэй. Сүүлийн үед гангарч дэгжирхэх гэж дээл өмсч байна. Гэтэл дээлийн өнгийн олон бэлэгдэл бий. Настай хүний торго учиргүй тод биш, залуусыг бодвол хурц биш өнгөтэй байдаг. Орчин үед шинэ загварын үндэсний хувцас гаргаж байна гээд зарим дизайнер монгол хувцасны ёс заншлыг алдагдуулж байна.
Залуу дизайнерууд монгол хувцасны үндсэн элементийг зөв гаргаж урлах хэрэгтэй. Үүний тулд түүх соёлоо судлах хэрэгтэй юм.
– Ярилцсанд баярлалаа.

 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1319

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1251

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 413

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 706

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/