Уншиж байна...

1937 оны есдүгээр сарын 10-нд Монголын улс төр, цэргийн зүтгэлтнүүдийг бөөнөөр нь баривчилснаар их хэлмэгдүүлэлт гүнзгийрсэн бол мөн оны аравдугаар сарын 2-нд гурван хүний бүрэлдэхүүнтэй “Онцгой Бүрэн эрхт комисс” гэгчийг шүүхээс гадуур бий болгож, хүмүүсийг барьж хорих, шүүн шийтгэх онцгой эрхийг олгосноор Монгол улсад өргөн хүрээтэй улс төрийн хядлага эргэлт буцалтгүй эхэлжээ. Тус комисс нэг жил зургаан сарын хугацаанд буюу 1939 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл “бүгд 51 удаа хуралдаж, 25800 хүний хэргийг таслан шийтгэжээ. Эдгээрийн 19 мянга орчим нь лам нар байсан бөгөөд 17 мянгыг нь буудан алах ялаар шийтгэсэн байна” .


Үүнээс үзвэл Монгол улс, үндэстний эсрэг яргалал үйлдэгчдийн хатгах жад, хангинах зэвсгийн торгон үзүүр чухамхүү лам нарын эсрэг чиглэсэн нь тодорхой бөгөөд цэрэг улс төр, төр захиргааны байгууллагын олон мянган ажилтан, албан хаагч, бичиг соёл, шинжлэх ухааны зүтгэлтэн, Монголоо гэсэн мянга түмээр тоологдох хүний амь насыг хөнөөжээ.

1930–аад онд БНМАУ-д лам нарын эсрэг тэмцлийг тууштай хийх үүрэг даалгаварыг Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын эзэн И. В. Сталин тэргүүтэй ЗХУ-ын удирдлагын зүгээс Монголын эрх баригчдад удаа дараа өгч, зарим тохиолдолд биелүүлсэнгүй хэмээн зэмлэн буруушааж, илэрхий зааварлан тушааж, ятган шаардаж, элдвээр дарамталж байж гүйцэлдүүлэх харгис бодлого баримталж байсан нь хоёр улсын удирдагчдын хэд хэдэн удаагийн уулзалт ярианы явцад И. В. Сталины хэлсэн үг, яриа, байр сууриас тодорхой илрэн гарч байлаа.
Тухайлбал И.В. Сталин 1933 оны арванхоёрдугаар сарын 25-нд Ерөнхий сайдын орлогч бөгөөд Сангийн Яамны сайд С.Довчин, МАХН-ын ТХ-ны нарийн бичгийн дарга Б.Элдэв-Очир нартай уулзсан уулзалт дээр: “Лам нар чинь улсын доторхи улс гэсэн үг байна. Чингис хаан бол үүнийг хүлцэхгүй, тэднийг бүгдийг хядах байсан” гэж зааварласныг доктор Д. Өлзийбаатар тэмдэглээд “лам нарын асуудлыг шийдэх арга бол “хядах” л юм гэхдээ бүгдийг нь гэсэн санаагаа шууд илэрхийлжээ” хэмээн дүгнэсэн нь чухам голыг нь олсон дүгнэлт юм.
Улмаар ЗХУ-ын эрх баригчид Монголын лам нарын эсрэг тууштай тэмцэхийг онцлон анхаарч, БХК(б)Намын Төв Хорооны түвшинд тусгайлан хэлэлцэж, шийдвэр гаргажээ. Тухайлбал, 1935 оны аравдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа “Лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага нь Монголын олон улсын байдал хурцдах тусам төдий чинээ хүчтэй болж Японы булаан эзлэгчдийн талд орж, өөрийн ард түмнээс урвагчид болох тул лам нартай хийх тэмцлийг сулруулахгүй байхыг Монголын удирдлагад зөвлөх”-өөр шийдвэрлэж, дээр нь ТХ-ны “УТТ-ны санал авснаар” гээд дор нь Төв Хорооны нарийн бичгийн дарга И. В. Сталин” гэсэн баримт байна.

1935 оны арван хоёрдугаар сарын 30-нд И. Сталин, В. М. Молотов, К. Ворошилов нар П.Гэндэн, Г.Дэмид, Д.Намсрай нарыг Кремльд хүлээн авч уулзсан уулзалт дээр И. В. Сталин:
“Ер нь Гэндэнгийн Засгийн газар ба нөхөр Намсрайн Дотоодыг хамгаалах лам нартай тэмцэл хийхгүй, бүр тэднийг хөхиүлэн сайшааж байгаа…” хэмээн зэмлээд П.Гэндэнд хандаж: “Та лам нарыг гомдоохгүйгээр үндэсний тусгаар тогтнолоо хамгаалахыг хүсэж байна уу” гэж асуугаад “Тэр лав нийцэшгүй зүйл, лам нарын эрх ашгийг зөрчихгүйгээр үндэсний эрх ашгийг хамгаалж болохгүй” гэж өөрөө хариулжээ. Цааш нь: “та нарт лам нартай тэмцэх дур хүсэл алга байна. Хооллохдоо дур хүсэлтэй хооллох хэрэгтэй. …тухайлбал Дэмид өөрийн санал бодлоо зөв илэрхийлж байгаа шиг лам нартай хатуу тэмцэл явуулах шаардлагатай байна” гэсэн шаардлага тавьжээ.
Үүнээс хойш ч Сталин лам нарыг устгах асуудлыг дараа, дараачийн уулзалт дээр дахин давтан тулган шаардсаар байсан бөгөөд 1936 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн уулзалт дээр “Үндэсний хүчирхэгжил лам нарын хүчирхэгжилтэй зэрэгцэн байх нь тааршгүй зүйл юм. Лам нар бол …уналтын бүтээгдэхүүн мөн. Чингис хааны үед лам нар байгаагүй. Монголд лам үүсч хөгжсөн нь Монгол гүрний уналттай холбоотой” хэмээн онцлон сэнхрүүлэхийг оролджээ. Сталин энэ үгийнхээ дараа “лам нарын эсрэг жинхэнэ ёсоор тэмцэгч Засгийн газар шаардагдаж байна. Ийм Засгийн газар бидний холбоотон байх болно” хэмээн өөрийн байр сууриа тулган хатуу мэдэгджээ.

Тийнхүү Монголыг монголоор нь багалзуурдуулах их гүрний бодлого эрчээ авч, Сталины хүсэл, шаардлагыг биелүүлэх улс төрийн хядлага 1937 оны намар Чингисийн Монголын гал голомтыг сахисан БНМАУ-д өрнөсөн нь Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт үйл явдлын нэг болон хувирчээ.
Харин Сталины хувьд Монгол дахь хэлмэгдүүлэлт нь өргөн хэмжээний “цэвэрлэгээ”, Японтой тулахын өмнөх бэлтгэл байж. Тийм л учраас Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн цаад учир шалтгаан нь ЗХУ-ын коммунист нам, Коминтерний дээрэнгүй “гео” үзэл суртлын бодлого, Японы Ази дахь цэргийн үйл ажиллагаатай холбоотой ажээ. Өөрөөр хэлбэл ХХ зууны эхэн үеийн олон улсын харилцааны хурцдал, их гүрнүүдийн нөлөөний хүрээгээ тэлэх, бодлого, түүний шууд үр дагавар байжээ.

1937 оны зургадугаар сард ЗХУ ба Япон хоёр улсын харилцаа хурцадсан. Долдугаар сард Япон, Хятадын хооронд бүрэн хэмжээний дайн дэгджээ. Энэ дайнд ЗХУ нь Хятадыг дэмжиж олон зөвлөх, нисгэгчдээ илгээж, манай нутгаар их хэмжээний зэвсэг зөөвөрлөн хүргэх, ингэснээрээ Хятадын байлдах чадварыг нэмэгдүүлж Японы Алс дорнод руу хийх довтолгооны хүчийг саатуулах бодлого баримталжээ. Тухайн үед И.В.Сталин Японы цэрэг БНМАУ-аар дамжин Байгаль нуурийн районд довтлохоос асар их болгоомжилж байсан. Хэрэв байдал өөрөөр эргэж Японы цэрэг Монголд орж ирээд Орост довтолвол Байгал нуураар зогсохгүй ЗХУ-ын Алс Дорнодын цэргүүд ар талаасаа таслагдаж, улмаар Сибирийн төмөр замыг алдах аюулд хүрнэ. Хэрэв тэгвэл Орос сүйрнэ гэж Сталин үзэж байж. Мөн Хятадын цэргүүд Японы дайралтаас ухарч Монголд ороод ирвэл тэдний араас нь Японууд БНМАУ-д цөмрөн орж, улмаар монголын цэргийг өөртөө хавсаргаад Байгаль нуурын районд довлох вий гэдгээс ихээхэн болгоомжилэ байлаа. Учир нь Барга Монголын цэрэг эрс Японы тугын дор явах тул Ар Монгол Японтой хамсахаас давхар сэргийлсэн хэрэг.

И.В.Сталин энэ санаагаа 1937 онд Монголд илгээсэн М.Ф.Фриновскийд өгсөн заавартаа хэлсэн. Бас 1945 оны зун Хятадын Ерөнхий сайд Сун Цзы Вэнтэй уулзахдаа ч тайлбарлаж ярьсан байдаг. “Чамд би даруухан хэлэхэд Ар монголыг яагаад авах гээд байна вэ гэвэл цэрэг стратегийн байр сууринаас энэ хэсэг газрыг хэрэгтэй гэж үзээд байгаа юм” гэж шулуухан хэлжээ. Тэгэхэд Сун Цзы Вэн: “Бид гадаад монголын асуудлыг одоо босгож ярихгүй, унтаж байгаа нохойг тайван орхицгооё” гэж байжээ. Өөрөөр хэлбэл ЗХУ болон Хятадын хооронд Монголыг жийргэвч, халхавч байдалтайгаар нэр төдий оршин тогтнуулах талаар ЗХУ-ын удирдлагаас явуулсан гео-улс төрийн бодлого нь Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлтийн бас нэг шалтгаан, үндэс болсон гэж үзүүштэй.
Хятадын удирдагч Чан Кайши дурдатгалдаа: “дэлхийд хувьсгал хийх гэсэн Оросын төлөвлөгөө үндэсний тусгаар тогтнолд барууны колоничлолоос илүү аюул учруулна” гэж бичсэн нь бий.
Монголд их аюул учирчээ. 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтийн уршгаар Монгол оронд хэрэгжиж байсан хөгжлийн хувьслын зарчим алдагдаж, ард түмний эрх ашигтай яв цав нийцэж байсан ардчилсан шинжтэй өөрчлөлт гажуудан, Монгол улс зөвлөлт хэв маягийн социалист нийгэм байгуулах туршилтын талбар болон хувирчээ.
Улс төрийн их хэлмэгдүүлэлтийн уршгаар БНМАУ-ын хууль тогтоох дээд байгууллага Улсын Бага Хурал, эрх баригч МАХН, МАХЦэргийн удирдлага, удирдах байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах бүрэлдэхүүнгүй болтлоо хядлагад өртөж, улс төрийн авторитари, тоталитари дэглэм хуваарьгүй ноёрхох болсон юм.
Зах зээлийг баримжаалсан эдийн засгийн хөгжлийн явц тасалдаж, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр улс орны хөгжил яваандаа удаашрахад хүрчээ.

Монголын 30 гаруй мянган эр хүн хэлмэгдэлд өртөн хорогдсон нь тус улсын хүн амын хүйсийн харьцаа, хүн амын нөхөн үржихүйд сөрөг үр дагавар учруулжээ. Шинээр үүссэн сэхээтний давхраа хүнд цохилтод өртсөнөөс түүнийг дахин бэлтгэх шаардлагатай болсон юм.
Монголын түүх, эдийн болон оюуны соёлын асар их ололт, хэдэн зууны турш бүтээн туурвисан үндэстний дархлаа, урлагийн хосгүй үнэт дурсгалууд, 767 сүм хийд сүйрэлд автаж, монголын нийгмийн оюун санааны амьдрал, соёлын өв сан, хэв заншил, нийгмийн харилцааны ёс журамд асар их гарз хохирол учирсан байна.
Үндэсний уламжлал, өв соёлын залгамжлалыг үгүйсгэн тасалдуулж, үндэс язгуураа гэсэн эх оронч үзэл санааг “үндсэрхэг үзэл” хэмээн хавчин хяхаж, шударга зарчимт шүүмжлэл, бүтээлч санал, санаачилгыг “сэхээтний төөрөгдөл” гэх мэт нэр хаяг оноон хэлмэгдүүлж, олон урьгалч үзэл, чөлөөт сэтгэлгээг хязгаарлан боогдуулж байсны улмаас хүн амын дунд идэвхгүй, үлбэгэр дорой байдал, бэлэнчлэх сэтгэлгээг төлөвшүүлэхэд хүргэжээ.
Ийм учраас Монголд дахин улс төрийн их хэлмэгдүүлэлт, хэлмэгдлийн алдаа дахин давтагдах ёсгүй юм.
Тийм учраас Монголчууд бид манай газар нутаг, их баялагт шунасан гадаадын шунахайрал, их гүрнүүдийн авах, идэх, тонон луйвардах бодлогын золиос болох болчимгүй оролдлого, улс төрийн зорилготой элдэв явууллагад автахгүй байхыг улс төрийн хядлаг, хэлмэгдүүлэлтийн гашуун түүх сануулж байна.

1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үр дүнд 1992 онд шинэ Үндсэн хуультай болж эрх зүйт төр төлөвшин, хүний эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулсан хууль, эрх зүйн тогтолцоо бүрэлдэн бий болсон. Үүний хамт хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн ба төрийн бус байгууллага, холбоод ажиллаж байгаа нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн аливаа илрэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох бодитой хүчин гэж үзэж болох юм. Хэдийгээр эрх зүйт төрийн тогтолцоо бүрэлдсэн нь улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй байх нөхцөл мөн боловч, хөгжлийн түвшин доогуур, хүн амын амжиргааны түвшин дорой, нийгмийн сэтгэл зүй хэврэг байгаа энэ үед улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдахгүй гэх баталгаа бага юм. Монголын жирийн иргэдээс эхлэн улс төрчид, төрийн бодлоготон хүн бүр хэлмэгдүүлэлтийг дахин давтагдуулахгүйн төлөө хичээх учиртай бөгөөд үүний хамгийн гол баталгаа нь бидний Монголынхоо төлөө эе эвээ эрхэмлэхэд л оршино.
Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны доктор 
Дамдинсүрэнгийн ХОРОЛДАМБА

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/