Уншиж байна...

Монголын тайз дэлгэцийн урлагийн нэгэн үеийн төлөөлөл, авьяас чадвараараа үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн, чадварлаг нэгэн эрхэм бол соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Дашнямын Бямбацогт билээ. Тэрбээр “Live Theatre Mongolia”-г үүсгэн байгуулан, уран сайхны удирдаачаар ажиллаж буй. Театрын баг бүрэлдээхүүний хувьд шинэ, залуу уран бүтээлчид дийлэнх, камерны буюу бага оврын, цөөхөн хүнтэй, драмын, цэвэр амьд харьцааны уран бүтээл туурвихаараа онцлог тус хамт олон анхныхаа уран бүтээлийг үзэгчдэд барихад бэлэн болоод байгаа ажээ.
Шинэ театр, шинэ илэрхийлэл, шинэ мэдрэмж, шинэ хамт олон болох "Live Theatre Mongolia"-ийн уран сайхны удирдаач, "Устгал" жүжгийн ерөнхий найруулагч Д.Бямбацогттой хүүрнэлдэх боломж тохиосон юм.


"Монгол хүний оюуны ур чадвар
дутуу үнэлэгдэж болохгүй"
-Театрын нэрний тухайд чухам яагаад ийм нэр өгсөн юм бэ?
-Театрын нэрийн хувьд “Live Theatre”. Урьд нь бид олон нэр өгч үзсэн. "Live" гэдэг үг нь амьд, шууд харьцаа гэсэн утга бүхий учир бид энэ нэрийг сонгож тогтсон. Хүмүүсийн дунд гадаад нэр өглөө гэсэн зүйл яригдаж байна лээ. Англи хэл бол дэлхийн хэл шүү дээ. Технологи өндөр хөгжиж буй, сошиал ертөнцөд энэ үгийг мэдэхгүй хүн ховор.
-Танай театрын хувьд хамгийн анхны жүжиг шүү дээ. Сэтгэгдэл ямар байна вэ?
-Театрынхаа нээлтийг хийх гэж байгаадаа бид бүхэн их баярлаж, сэтгэл догдолж байна.
-Та уншигчдад маань театрынхаа уран бүтээлчдийг танилцуулаач?
Театрын уран бүтээлчдийн хувьд бүгд мэргэжлийн, их дээд сургууль төгссөн, уран бүтээлч, жүжигчид байна. Үзэгчдэд хараахан танил болж амжаагүй, авьяаслаг, чадварлаг залуучууд байгаа. Бидний уран бүтээлийг ирж үзээд үзэгчид маань жүжигчдийн уран чадварыг үнэлэх биз ээ.
Манай театр нь монголын бүх уран бүтээлчдийг хамрах боломжтой. Учир нь энэ бол хувийн театр. Нөгөөтэйгүүр бид өөр уран бүтээлчидтэй чөлөөтэй хамтарч ажиллах бодолтой байна. Тиймээс ч Монголын өнцөг булан бүрт байгаа авьяаслаг уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад нээлттэй.
Мөн бид энэ театрыг анхнаасаа маш зөв зохион байгуулалттай байгаасай гэж хүссэн. Манай театр дотроо залуу уран бүтээлч, зохиолчдын “Үүдэл” гэж багтай. Шүүмж судлалын хэдэн залуучуудтай. Бидний жүжиг гарсны дараа мэргэжлийн талаасаа бодол саналаа чөлөөтэй илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой. Үзэгчдийн сэтгэгдлээс арай өөр гэсэн үг. Тайз, зураг, хувцасны баг, уран бүтээлийн баг, удирдлагын баг, гадаад харилцааны багтай гэх мэтээр үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна даа.
"Үзэгчид маань энэ театрыг гар дээрээ
өлгийдөөд аваасай л гэж хүсч байна"
-"Live Theatre Mongolia" хамт олны зорилго юу вэ?
-Өнөөгийн нийгмийн нөхцөл байдалд гарцаагүй хошин шог, инээдмийн төрөл жанраас гадна амьд, үнэн бүтээлийн шаардлага, нийгмийн эрэлт хэрэгцээ байна гэж манай залуучууд хоорондоо ярилцаад театраа байгуулья гэж зориглосон юм. Үзэгчид маань тодорхой хэмжээнд соёлтой болж. Урлагийн ямар төрөл жанрыг сонгох вэ гэдэг дээр сонголт хийх хэмжээний боловсролтой болсон байна. Тэр дундаа театрын жүжгийн, амьд харьцааны орон зай зайлшгүй үзэгчдэд үгүйлэгдэж байна. Ер нь бол монголд сэргэн мандалтын үе ирчихээд байна гэж хувьдаа бодоод байгаа. Тийм ч учраас уран бүтээлчид, үзэгчид маань бүгд зэрэг хөгжиж, өөрчлөлтийг монголд авчрах хэрэгтэй. Би учиргүй хувьсгалд уриалаад байгаа юм биш л дээ. Гэвч хувьсан өөрчлөлтөнд орохгүй бол дэлхий өнөөдөр хавтгай болчихсон, глобалчлагдаж байгаа ийм цаг үед хөгжлийг гүйцнэ гэдэг бэрх. Монгол хүний оюуны ур чадвар дутуу үнэлэгдэж болохгүй.
-Магадгүй кино продакшн байж болох байсан шүү дээ. Яагаад заавал театр гэж?
-Драм бол бүх урлагийн суурь. Бүх урлагийн төрөлд жүжигчний уран чадварын хичээл ордог. Тэгэхээр театр гэдэг бол хамгийн чухал суурь гэсэн үг юм. Гэхдээ театрт ч гэсэн хувьсал, өөрчлөлт хэрэгтэй байна. Театр шинэчлэгдэх, шинэ зүйлийг үзэгчдэд хүргэх зайлшгүй хэрэгцээтэй байна. Хувьсалаар л энэ цаг үетэй хөл нийлүүлэхгүй юм бол болохгүй. Үүгээр хуучнаа үгүйсгэж байгаа юм биш л дээ. Хуучнаас бид авах юмаа авна. Үлдэх нь тэртээ тэргүй үлдэнэ шүү дээ. Хуучингүй шинэ гэж үгүй. Тэгэхээр энэ ахмад үеэсээ залуу үедээ залгаа болж байгаа би өөрийнхөө хувьд хийх ёстой юмаа хийчихээд л энэ ертөнцөөс буцмаар байна. Үр, бүтээл хоёр л үлддэг хорвоо гэдэг дээ.
-Тэгвэл нээлтийн жүжгийн тухайд? Яагаад заавал тус жүжгийг сонгох болсон юм бэ?
-Би энэ театрын уран сайхны удирдаач гэж явдаг. Манай жүжгийн ерөнхий продюсер Б.Балжинням гэж залуу бий. Жүжгийн зохиолын хувьд авсртийн зохиолч П.Туриннигийн бүтээл “Хархны устгал” буюу орос хэлнээ “Үхэр оготны ав” гэж орчуулагдсан байдаг. Бид бүхэн “Устгал” нэрээр тайзнаа тавьж байна. П.Туринни зохиолчын бүтээлийг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, оюутнууд сайн мэдэх байх.
Хүн яах гэж төрдөг юм бэ? Хорвоод яах гэж ирдэг юм бэ? Амьдралд үнэн шударга зүйл гэж байна уу, үгүй юу? гэдгийг л хамтдаа хайж, тэмтэрч, эндээс тодорхой хэмжээний гаргалгааг олж авах нь л энэ жүжгийг тавих болсон шалтгаан, үндсэн санаа юм. Жүжгээр өнөөдрийн нийгэмд байгаа бузар булай, муу муухай бүхнийг устгах хэрэгтэй гэсэн санааг илэрхийлэхийг зорьсон.
Цохож дурьдахад одоогоос 23 жилийн өмнө 1995 онд Соёлын төв өргөөний тайзнаа Монголд анхны абсурд жүжиг гэж энэ жүжиг тоглогдож байсан түүхтэй. Тухайн үед жүжгийн найруулагчаар Ё.Алтангэрэл, гол дүрийн эрэгтэйд миний бие, гол дүрийн эмэгтэйд н.Долгор бид гурав хамтарч ажиллаж байсан. Тэр үедээ ганцхан удаа л тоглосон. Маркетинг, менежмент ч гэж байхгүй, сайн хөгжөөгүй байсан үе л дээ. Ёстой бид уран бүтээлийн эрч хүчээрээ, залуу халуун байсан учир зүтгээд л тоглож байсан санагддаг юм. Тухайн үед өрөнд ороод л тоглож байсан. Урлагийн гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана манай жүжгийг үзээд шүүмж бичиж байсан олзуурхууштай үйл явдал болж байлаа. Түүний шүүмжинд монголын тайзан дээр тавигдаж байгаа анхны абсурд жүжиг гэж тодотгосон байсан. Учир нь энэ жүжиг тухайн үед европд маш алдартай байсан. Жүжгийн агуулгыг үзэгчид ирээд үзвэл ярьснаас илүү сонирхолтой болов уу. Үзэгчид маань энэ театрыг гар дээрээ өлгийдөөд аваасай л гэж хүсч байна.
-Театрын цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
-Цаашдаа бид олон төрлийн бүтээлүүд туурвих бодолтой байна. Эмгэнэлт, инээдэм, туульсын драмын жүжгүүд тавих болно. Олон улсын театрын уралдаант тэмцээнүүдэд уран бүтээлээ сойх зэрэг олон төлөвлөгөө манай театрынханд байна. Бидний эхлүүлж буй үйл хэрэгт сайн муугийн асуудал яригдах л байх. Сайнтай муутай байж л аливаа юм үнэн оршдог.
-Өнөөдөр драмын урлагийн чиг хандлага хаашаа чиглэж байна гэж та бодож байна?
-Улаанбаатарт өнөөдөр драмын жүжиг тавьж байгаа ганцхан театр байна. Театрын уран бүтээлч хүний хувьд би сэтгэл дундуур явдаг. Мэдээж хангалтгүй. Хангалтгүй учраас л өнөөдөр энэ театрыг үүсгэн байгуулсан.Бөөсөө арилгахгүйгээр бид хөгжлийн тухай ярьж болохгүй. Адгууслаг шинжээ хадгалаад, адгууслаг шинжнээсээ салахгүйгээр бид хотжихгүй. Тийм учраас л өнөөдрийн театрын урлагийн түвшин ямар байна вэ гэдгийг дүгнэж ярих биш хийж л харуулья гэж бодож, зорьсон юм. Хийснээс минь хүмүүс миний үгийг сонсоод, хийснээс минь хүмүүс намайг ойлгоосой гэж хүсэж байна. Миний бодол санаа, бүгд уран бүтээлд маань шингээстэй байгаа. Үзэгчдийн гоо зүй, театрын боловсролд дусал ч атугай нэмэр оруулж байвал бидний ажил бүтлээ л гэсэн үг. Цаашид би өөрөө ч гэсэн тайзан дээрээ дүр бүтээнэ.
-Та театрын үнэнч үзэгчиддээ хандаж юу гэж хэлмээр байна?
-Театр бол хүний сэтгэлийг ариусгагч. Энэ их бухимдалтай, зүг чигээ алдчихаад байгаа нийгэм цэгцтэй байгаасай гэж би хүсдэг. Тийм байхын тулд хүн өөрөөсөө эхлэх ёстой. Бүгд өөрсдийнхөө үзэл бодлыг нэг нэгэндээ тулгахгүйгээр амьдрарч чадвал амьдрал энгийн. Гэхдээ тэгэхгүй байгаа учир л амьдралд зөрчил, мөргөлдөөн, тэмцэл гараад эхэлдэг. Тиймээс л хүмүүс театрт ирж сэтгэлээ ариусгадаг байгаасай, театраас сэтгэлийн гоо сайхныг мэдэрч, сэтгэлийн дутуу, дундуур байгаа бүхнээ дүүргэж аваасай л гэж хүсч байна. Театр амьд учраас хүчтэй. Тийм хүчтэй байдаг болохоор л бид бүхэн театрт дурладаг шүү дээ.
Н.Даваасүрэн

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/