Уншиж байна...

Зургаан орд гучин мянган жилийн хугацаанд ээлж солигдсон сүүлчийн загасны ордын 2 000 жилийн эцсийн зууны заяа төөрөгнөөс энэхүү золгож буй Бумбын ордонгийн эхний зуун жил нь өмнөх зууныхаа үйлийн үр билээ.Өмнөх зуун бол Хүн төрөлхтний нэгдлийн гуравдах шат байсан ажгуу.Нэгдэх шат нь "амин нэгдлийн" шат байсан гэж болно.Тэр шатан дээр Хүн төрөлхтөн хүй нэгдлээрээ аж төрж байсан тул "амин нэгдэл" гэж болно.


Амь зуухын төлөөхөөс өөр эрмэлзэл хүн толгойтонд байсангүй.Хоёрдох нэгдэл нь "аймаглах нэгдэл" гэж нэрлүүштэй болой.Хүн төрөлхтөн өсч өндийж аймаг угсаа олширч улмаар хэл амаа ололцохоор нэгдэх чиглэлд орсон юм. Энэхүү "нэгдэл" нь нилээн хэрүүл зодоонтой, бас ч сарнисан хэлбэртэй байсан тул тэднийг нэгэн гэр бүлд нэгтгэх үйлсийг "мөнх тэнгэрийн хүчинд" Монголчууд Чингис Хаан Тэмүүжингийнхээ удирдлагаар хэрэгжүүлж, Номхон далайн хойд эргээс Атлантын далайн наад эрэг хүртэл өргөн уудам нутгийнхныг нэгэн том айл болгож "аймаглан нэгтгэж" өгсөн билээ.

Энэ нэгдэл төгөлдөржөөгүй, ийм маягийн нэгдлийг Англичууд, тэднийг дуурайгчид колончлох аргаар үргэлжлүүлсэн боловч нурсан.Харин Англи хэл их газар авсан.Хүн төрөлхтний хоёрдох нэгдлийн эцэсрүү гуравдах нэгдэл буюу "Ангийн нэгдэл" буй болох хөдөлгөөн өрнөсөн юм."Орон бүхний пролетари нар нэгдэхтүн!" гэж Рейн мөрний эрэг дээрээс Арийчууд урайлснаар ийм нэгдэлд хүрэх оролдлого байсан.Тэрхүү нэгдэлд хүргэх хүмүүсийг нь "ажилчин анги" гэж үзсэн байлаа.

Энэ нэгдэл бас төгөлдөржсөнгүй, мөнхүү зууныхаа төгсгөлд задарсан билээ."Бумбын ордонд" шилжин орсон хорин нэгдүгээр зуунд хүн төрөлхтөн дайны аргаар ч, үзэл суртлын зэвсгээр ч нэгдэлд өөрөөр хэлбэл дэлхийг хамарсан "дээд нэгдэл"-д хүрч чадахгүй гэдгийг ухаарсаар байна.Тийнхүү дөрөв дэх нэгдэл нь бүрэлдэхээс аргагүй болжээ.Энэхүү нэгдлийг "андалдах нэгдэл" гэж болох буй за.Энэхүү хэлбэрийн нэгдлийн анхдагчаар ангийн нэгдэлээр, дайны аргаар дэлхийг нэгтгэх гээд чадаагүй Европчууд тодорч хориод улсыг "андалдуулан".Европын Холбоо /ЕХ/ байгуулагдаж, таван хошуу бүхий цэнхэр тугтай, "Евро" гэдэг нэгдсэн мөнгөтэй болсон байна.

Гэвч энэ ЕХ бол эхлэл.Энэ зуунд ахиад гурван том холбоо төрөн гарч байж хүн төрөлхтний түүхийн "андалдах нэгдэл" буй болно.Хамгийн түрүүнд нэгд нь "ЛАН" холбоо болно.Энэ нь Арабын Лалын нэгдсэн улс юм.Ийм холбоо байгуулахад түлхээслэгч нь Америкийн Нэгдсэн Улс бөгөөд газрын тосны /нефть/ шуналаасаа болж Арабын орнууд, лалын шашинтнуудыг "ЛАН" холбоонд нэгдэхээс аргагүйд хүргэх бололтой.Энэ холбооны гол баялаг, гол тулгуур нь газрын тос, үзэл санааны үндэс нь Лалын буюу Исламын шашин, дээд шүтээн нь Аллах болно.Одоо дэлхийн 100 хүн тутмын 60 нь Ислам шүтлэгтэн байгаа билээ."ЛАНУ" холбоог үүсгэсэн зовлон тэр холбоонд түлхсэн АНУ-д тусч улмаар үндэсний хямрал гарч бас нэг "ЛАНУ" үүсэхэд хүргэнэ.Тэр нь Латин Америкийн Нэгдсэн улс юм."Америк үндэстэн" гэж байхгүй бөгөөд АНУ-ын сүлд дуулалд ч Америк гэсэн уг байдаггүй, бас одоогийн АНУ-ын хүн амын дийлэнх нь Испани хэлтэнгүүд болоод байгаа билээ.

Нөгөөтэйгүүр Латин Америкийн орнуудад Америкийн Нэгдсэн Улсын түрэмгийлэл даамжрах юм бол Латин Америк нэгдэж, андалдах нь дамжиггүй юм.Ингээд Европ, Америк, Арабын орнууд андалдсан нөхцөлд гуравдах "ЛАН" улс буй болоход хүргэх юм.Гурав дахь нь Ази, Австралийн нэгдсэн улс байх болно.Энэхүү холбоог эхний үед Хятад улс тэргүүлэх боловч түүнд хүчтэй өрсөлдөгч Энэтхэг, Австрали, бас Япон ч гэсэн мөчөөгөө өгөхгүй бизээ.Ингээд энэ хорвоо түүн дээр оршин сууж, хүн ам олширсоор буй хүн төрөлхтөн Европоос гадна А толгойтой гурван том нэгдэлд "андалдан" орших болно.

Ийм холбоонууд буй болж "андалдах" үйл явц нь хорин нэгдүгээр зууны төгсгөлд тавдах нэгдэлд хүрэх бэлтгэл болно.Тавдах нэгдэл бол "дээд нэгдэл" /супер нэгдэл/ байх юм.Энэ тухай ярихаас өмнө дээр дурьдсан бага нэгдлүүдийн заяа төөрөг ямар байхыг дурьдахгүй өнгөрөх аргагүй юм.Хүмүүс хэл амаа ололцож, өөр хоорондоо андалдаж болно.Үүнд саад болох юм нь хүмүүсээс өөрсдөөс нь хамаарна.Харин хүн төрөлхтөн өөрийнхөө оршин сууж буй дэлхийн бөмбөрцөг, түүний хуулийг зөрчвөөс сүйрэлд хүрч болох бэрхшээлтэй учирч болох юм.Тэр бэрхшээлийн дэргэд ямар ч эвсэл, холбоо нэгдэхэд хүчин мөхөсдөж болно.

Тийм аюулыг Монголчууд "гал, усны гашуун зовлон" гэж эрт дээр үеэс тодорхойлж үе дамжуулан цээжиндээ хадгалж иржээ.Ийм гашуун зовлон амсах нүглийг хүн төрөлхтөн өөрөө гардан хийсээр ирлээ.Үүнийгээ ухаарах цаг оройтох зүгтээ явж байна."Гал усны гашуун зовлон" тохиолдохыг Монголчууд "галав юүлэх" гэж нэрлэдэг.Тэгвэл энэхүү Бумбын ордон буюу Европчуудын нэрлэснээр "водолеи" /ус цутгалангийн/ ордонд аж төрөх эхний зуун өндөрлөөгүй байх цагт усан галав юүлэж мэдэх болоод байна.

Хойд, өмнөд мөсөн туйл гэсч, дэлхийн агаар утаа угаарт халж, гадаад далайн усны түвшин нэмэгдэж, дэлхийн бөмбөрцгийн 2/3 -ыг бүрхээд байгаа их ус нэмэгдэж, нам дор гэгдсэн хуурай газрууд усан дор орвоос энэ нь "усан галав юүлнэ" гэсэн үг юм. "Усан галав" юүлбэл эхлээд Япон, Хятад, Солонгос улсын нутаг живнэ.Япончууд Фүжияма уулнаас өөр авралгүй болж, тэр ууландаа ч багтахгүй сүйрнэ.Гэхдээ тэр уулнаасаа төмөр тэнхлэг тал тал тийш сарвайлган "тавцант" талбай байгуулж, дээр нь хэсэг хүнээ амьдруулах ухаан, тэнхээ бий.Хятад бол аврах гарц өлгий нь цаст Гималайн уулс, Гиндкүшийн нуруу, магадгүй Баян Хар уул усан дээр байх биз.

Хэдийгээр овоо хэдэн уултай ч гэсэн хүн ам нь хэтэрхий олон тул даац нь хүрэхгүй.Солонгос бол Пяктусан ууландаа авирах ч гэсэн мөн л хүн сүрэг багтахгүй бизээ.Тэгээд яах билээ?Хойшоогоо Монгол өөд дүрвэцгээнэ.Гэтэл Монголын говь нутаг бүхэлдээ усан бүрхэвчтэй, их нууруудын хотгор хүртэл нилдээ нуур болчихсон байх болно.Харин Их Богдын нуруу, Хэнтийн нуруу, Алтайн уулс, Хангай, Хөвсгөлийн уулс уснаас дээш шовойж байх бөгөөд тэнд Монголчууд малтайгаа бүрэн эзэгнэн суусан байх болно.Малнаас нь тэмээ, үхэр үгүй болж, сарлаг үлдэж, адуу нь цөөрөөд, хонь, ямаа нь хэмжээтэй өсдөг байх болно.Тэдгээр уулсад харийнхан санаархавч суух зайгүйн дээр халуун орны нөхцөл дутаж, хэцүүдэхээс гадна Монголчууд тэдэнд одоосийнх шиг долигнох нь өнгөрсөн байх болно.

Европын тухайд бол Альпийн нуруу уснаас цухуйж байх болно.Карпатын нуруунд Унгарууд, Пиринеид Испани, Португалууд чихцэлдэн сууж, өдөр бүр усны түвшин дээшлэхээс айцгаана.Кавказын нуруунд бол Армен, Гүрж болон уулынхан аж төрцгөөх ажээ.Африкт бол Луугийн нуруу, Атлас, Климанжаро, Этиопын уулнаас өөр авралын газар байхгүйд хүрнэ.Гэхдээ уулс нь нилээн эзэлхүүнтэй газрууд юм.АНУ-д бол-харин Анд, Кордилерын нуруу гэж байгалиас заяасан урт бөгөөд өндөр хэрэм байгаа нь үнэнхүү авралын орон болж хувирна биз.Ази тивийн хувьд Гималайгаас гадна Каракорум /Хархүром/, Гиндикүш, Гатын баруун зүүн нуруу, хойшлоод Тэнгэр уулс, Памирын уулс гэж өндөрлөгүүд Хятад, Энэтхэгчүүдийг аврахад багагүй нөөц болой.

Уралын нуруу Оросуудыг, Сияаны нуруу Тува, Буриад зоныг Верхоянск, Черкаск, Колым, Таймир зэрэг газруудад манай Монголын садангууд захад, Эвенк, Нивх болон бусдууд хоргодож үлдэх боломжтой.Өндөр уулсын бүсэд уур амьсгал нь нам дор газрынханд ширүүдэж, хүний хохирол нилээн гарах биз.Гэхдээ хүн төрөлхтөн мөхөхгүй, уулынхан болон хувирч, үлдэх болно.Тэр цагт одоогийнхны гайхуулж газрын тосыг барж, агаар мандлыг бузарладаг төмөр сүрэг буюу автомашин гэгч үгүй болно.Уртын урт төмөр зам /засмал зам/ бол үеэ бараг дуусгана.Газар тариалан мөхөж, ногоо, жимс төдийгөөр хязгаарлагдана.Улс гэх ойлголт бараг үгүй болж, өөр хоорондоо дайтах нүгэлт явдлаа мартах болно.Хот, тостод ч үгүй болно."Усан галав" юүлэхийн наад захын нөлөө иймд хүргэх юм.

Үүнээс сэрэмжлэх, усан галав юүлэхээс болгоомжлох этгээд нь хүн өөрөө юм.Одоогийнх шигээ байгаль орчноо тал бүрээр нь хэлмэгдүүлээд байвал 50 хүрэхгүй жилийн дараа ийм усан галав юүлнэ.Хэрвээ үүнийг сэрэмжилж чадваас түүндээ бардсан хүн төрөлхтний ойворгон тэнэг хэсэг нь толгой дээр гарвал "галын галав"-ыг өөрсдөө буулгаж мэднэ.Тэрхүү "галын галав" нь одоо ч бараг зурахад бэлэн болгоод далдалчихсан чүдэнз шиг байгаа юм.

Дэлхийн 2-р дайны төгсгөлд энэхүү галын галвыг асаах чүдэнзийг АНУ бэлтгээд Японы хоёр хот дээр зурж олон зуун хүний амь нас, барилга байшин, их хэмжээний хөрөнгө хогшилыг үнсэн товрог болгосон.Тэгмэгц өнөөх Зөвлөлт улс мөн тийм "чүдэнз" хийж эхэлсэн.Тэр нь "цөмийн бөмбөг" гэдгийг хэлүүлэлтгүй юм.Өнөөдөр тэр цагаас хойш нэгэн зуун дуусч, дараах зууны эхний мөчлөг эхэлж өндөрлөж байхад тэрхүү галын галав юүлэхэд бараг 10 шахам улс орон цөмийн зэвсэгтэй болоод байна.Юуны төлөө тэр вэ?Хөгжил дэвшлийн төлөө биш хүн ардыг хөнөөж, хот сууринг товрог болгохын төлөө бие биендээ заналхийлж дээрэнгүйлэх л зорилготой нь хэнд ч ойлгомжтой юм.

Сүүлийн үеийнхээр үзвэл АНУ "Пенетратор" (Нэвтрэгч) гэдэг нэр төрлийн бөмбөг хийсэн нь 300 килотоннын хүчтэй бөгөөд газрын гүнд нэвтэрдэг чадалтай (1361 мод 11) хөнөөлт зэвсэг юм.Тэднийтэй өрсөлдөгч Зөвлөлт Орос улс бас л тийм зэвсэг хийж байгааг бүүр өнгөрсөн зуун Никита Хрущев гайхуулан ярьсан нь дэлхийн хэвлэлүүдэд гарсан билээ.Цөмийн зэвсэг хийдэг, бас худалдаалан авч нөөцөлсөн улс орон одоогийн дэлхийн тив бараг болгонд байгаа юм.

Араатны чанартаа дийлэгдэж хэн нэг улс цөмийн дайн дэгдээвэл жинхэнэ "Галын галав" юүлж дэлхий гэгч бөмбөрцөг бүхэлдээ шатсан, үйрч сүйрсэн бас цацраг идэвхт бодис түгээгүүрийн булш болон хувирах юм.Тийм аюулыг дэгдээгч хэн боловч хөгжихгүй шууд л "Халуун тамд" унаж дуусах нь гарцаагүй.Тэгээд Буд юмуу Улаан нүдэн гариг шиг зэвхий хар чулуу хайрган бөмбөрцөг болж хоцороод олон мянган жилээр сэхэхгүй нурамшина.Ийм эмэгнэлд хүрэхгүйн тулд оройтоогүй дээрээ одоо л "цөмийн шүдэнзнүүдээ" мулзалж хүн ардынхаа амьдрал ахуйг өөд татах нь хойшлуулахгүй үүрэг.

Ер нь дэлхийд дэгдсэн бүх дайныг ерийн эгэл хүмүүс биш тэдэнд өргөмжлөгдсөн түшмэдүүд санаачлан дэгдээж гэмгүй мөрөөрөө аж төрж яваа залуусыг цэрэгт дайчлан олон зуу бүр саяаар нь хүртэл хядуулсан түүхтэй юм.Саяханы баримт дурьдхад НАТО-н далбаан дор АНУ Европын тодорхой улсын зүгээс Арабын ертөнцөд дэгдээсэн "Ирак, Ливи, Сири" дайнд эр цэргээс гадна энгийн номхон иргэд, хүүхэд багчуудын амь нас, гэр орон өмч хөрөнгө тооцоолошгүй их хохирол үзсэн шүү дээ.

Дайн дэгдээсэн орнууд ч гэсэн хүний нутагт тарьсан хөнөөлдөө өөрийнхөө улсын залуусыг хэдэн зуу мянгаар хядуулсан нь нууц биш.Зөвхөн тэдний цэргийн амь нас хорин мянгаас доошгүй сүйдсэн.Тэхээр бөмбөгдүүлсэн тэслүүлсэн улс орнуудын хохироп даруй нөхөх боломжгүйд хүрсэн.Гагцхүү газрын "Хар цусаараа (нөфть)" шархаа нөхөж, шархдуулагсдыг “Цатгах” арга үлдсэн.Тэр нь ч хэрэг болж эхэллээ. Өөр нэг гайхмаар юм гэвэл одоо үед дэлхийн улс орнуудын батлан хамгаалах зардал нь нэг триллион хэдэн зуун сая доллар хүрч "2010 оны тоогоор" дээд үзүүлэлт болсны 43 хувь нь АНУ (666 тэрбум) болжээ.

Бас энэ салбарын худалдааны эрэлт 5 дахин өссөн байна. Тив алгасах 180 пуужин 1000 тонн километрийн тэнхээтэй усан доогуур явах цөмийн хуягт 3 том онгоцоо далайн усанд нууж буй хоёр ч их гүрэн байна. Тэдний хүсэл бол "Цөмийн галав" л биш байгаасай. "Галав юүлэх" аюул аз болоход нүүрэлдэггүй эсвэл нүүрлэх нь хойшилдог юмаа гэхэд "Хүний галав" юүлэхийг хүн өөрөө бас "Үйлдэх" болж мэднэ.

Өмнө дурьдсан "ЛАНУ" "ААНУ" "ЛАНУ" бүлэглэлийн улсууд дотороо хэл амаа ололцож чадаж гэмээнэ энхүү 3-н нэгдэл нь бас тив хоорондын зөрчил үүсгэж мэдэх юм. Гэтэл эднээс ахмад Европын холбооны улсуудын тухайд асуудал гарна энэ холбоонд хэдийгээр "Боловсронгуй" хөгжингүй улсууд олонхи ч гэсэн амь нас нь олон зүйлээр "хэврэг" юм. Үүнд одоогоор дэлхийн хүн амын 20% Европчууд гэж байгаач гэсэн тэдгээр улсын хүн амын өсөлт зогсонги болсон бас гадаадад их гарч буй (Зөвхөн Итали улс гэхэд хүн амын 3/1 нь нутагтаа үлдсэн) болон бусад шалтгаанаар энэ зууны төгсгөл хавьд очиход хүн амын 10 орчим хувь нь болон цөөрсөн байх хандлагатай нь Европ хүний хүчин зүйлийг шийдвэрлэх үүрэг сулрах юм.

Нөгөөтэйгүүр гадаадын диаспор хүмүүсийг ихээр агуулж буй тул тэд "жин дарах” ам хэл гаргахгүй гэх магадлал байхгүй юм бас олон таван хошуу дугуйруулан дүрсэлсэн бэлэгдэлтэй энэ нэгдэлийн орнууд нь хөгжилийн хувьд жигд бусаар барахгуй тэргүүлэн яваа орнуудынхаа хөгжилийг их удаж байж гүйцэх шинжтэй нь бас нэг бэрхшээл юм.

Тухайлбал "Эв нэгдэл" орнуудын жилийн өсөлт хөгжил 4% байхаар бодход Кипер улс 21 жил болж байж Европыг гүйцэх юм. Мальта улс 29 жил, Унгар 34 жил, Словак 38 жил, Бальтийн орчмын улс 58 жил, Польш 59 жил болж байж гүйцэнэ гэсэн тооцоог эрдэмтэд гаргаад байгаа. Энэ хугацааг богиносгоход тус хүргэх хүчирхэг баян улс Европд цөөхөн бас Грек мэтийн ядуурч буй улс ч шинээр нэмэгдэж мэдэх юм.Бас "Ангийн тэмцэл" биш (ашгийн тэмцэл) гэж нэг юм бий.Энэчлэнгээ эргэцүүлэн бодход Европын холбооны ирээдүй их манантай харагдаж байгаа хэрэг.Харин Латин Америкийн нэгдсэн улс ("Нэгдсэн гэдэг нь одоогийн Америкийн нэгдсэн (соединенные штаты) гэдэг томъёогоор авч буй) бол Бразил, Аргентина, Мексик мэтийн яггүй тэнхээтэй улс орнуудын хүчин чармайлт нэгдвэл ихэд тэнхээжихээс гадна цөмөөрөө газар нутаг салангад биш нэгэн тивд оршин суугаа нь бас том үзүүлэлт. АНУ-г Европоос очиж үүсгэн байгуулсан европчуудын үр төл цөөрч нас өндөр болж Америкийн хүн амд эзлэх хувь нь жил тутам буурсаар буй " хүний хүчин зүйл" гэдэг нэг том асуудалтай АНУ тулгараад байгаа ажээ.

Хоёр зуугаад жилийн турш "Бага ястануудыг” Африк, Азиас сайн дураар нь гэхээсээ хүчлэлтээр америкт аваачиж гол төлөв "зарц" маягаар ажилуулж өөрснөө "жаргал" эдэлж байна хэмээн ойлгож бие оторлон хамаг хар бор ажлаа бусдаар хийлгэж амташсан Америкийн Европчууд нэг л мэдсэн цөөнх болж, бас дээр нь хүүхэд төрүүлэн өсгөхийг ч төдийлөн ойшоохоо больсоны балгаар уугуул хүн ам жингээ алдаж эхэлсэн бөгөөд Европ гаралтай хүн ам 1900 онд 90% байсан нь одоо 40 гаруйхан хувьтай болжээ.

1960-аад онд АНУ-д 38,8 сая Испани гаралтай, 38,3 сая хар арьстан, 13,5 сая Хавай, Номхон далайнхан, 3 сая Арабууд аж төрдөг болж, хамгийн баян муж улсын 35 сая хүний 49% нь цагаан бус хар арьстнууд болоод шинэ зуунд АНУ -ын ерөнхийлөгчөөр хар арьстан сонгогдон ажиллаж байгаа билээ. Нөгөө нэг томоохон хүчин зүйл нь хэл юмаа.Одоо АНУ-ын хүн амд Испани хэлтэнгүүд бий болж, АНУ-ын 50 муж улсын 28-д нь Испани хэлтэнгүүд эзэгнэн суурьшжээ.Нөхцөл байдлыг эргэцүүлэн бодвоос АНУ бус ЛАНУ / Латин Америкийн Нэгдсэн Улс/ байгуулагдахад тун ойрхон очжээ.

Хоёр дахь "ЛАНУ" буюу Лалын Арабын Нэгдсэн улс буй болоход АНУ -ын бусармаг бодлого их түлхээс болж байгааг өмнө нь дурьдсан.Лалын бусад Ислам шүтлэгтэнгүүд дэлхийн тив бүрд бас томоохон улс болгонд /түүний дотор Монголд ч орж ирсэн/ цөөнгүй бөгөөд 100 хүний 60 нь гэсэн тоог өмнө нь дурьдсан.АНУ-д гэхэд л 3 сая гаруй Лалын шашинтан байгаа нь бие, нас, санхүүгийн өндөрлөгүүдэд гарч чадсан нь ихэнхи нь юм. Хориод жилийн тэртээд Лалын шашинтнууд:
-Францад 3 сая
-Германд 2 сая
-Англид 2 сая
-Италид 0,5 сая /500 мянга/
-Скандинавт 0,5 сая /500 мянга/
-Нидерландад 0,3 сая(ЗООмянга)
-Автрид 0.3 сая
-Швевйцарьт 0.2 сая байгаа тоо гарсан нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээс биш хасагдсангүй ажээ.Хүний хүчин зүйлээс гадна Лалын Арабуудын гарт газар нутаг нь бас "мөнгө" гэдэг генералисимиус, "Нефть" гэдэг маршил байгаа билээ.Энэ хоёр нь мөнгө болоод нефтнээс хараат оронуудыг "бөхөлзүүлэх" чадалтай юм.

Хэрвээ АНУ- болон европын хэд хэдэн орон "нефть" гэдэг газрын хар тосноос хараат бус байсан сан бол Арабын орнуудруу бүлэглэн дайрч хүч түрэмгийлэх шалтгаан байгаагүй гэж болно. Дэлхийн нэфть хэрэглэгчдийн тэргүүнд яваа АНУ хэрвээ шинжлэх ухаан техникийн "хувьсгал" хийж чадахгүй суугаад байвал "төмөр сүргээс" эхлээд өлбөрч ахиад л зэвсэг барихад эрх мэдэлтэнгүүд, ард нь суудаг баячуудыг турхирах магадгүй зүйл. Тийм турхиралтын балгаар Ливи, Сири, Ирак, Египет улс хөлд нь чирэгдэж асар их хохирол үзсэн нь нууц биш юм.

АНУ анх 2002 онд хэрэглэдэг нефтийнхээ талаас илүү хувийг гадаадаас импортолдог болж 17-18 миллярд барель нефть бүхий Ирак улсад үл ялих шалтгаан гарган дайн дэгдээсэн нь уламаар Сири, Ливан цаашлаад Иранд ч халдах магадлалтай болсон.2025 онд гэхэд АНУ гадаадаас импорпортлох нефть нь 70-н хувь болон өсөх төлөвтэй юм.Гэвч эв эеэр биш зэвсгийн хүчээр асуудал шийддэг хоцрогдлын зуун өнгөрсөн.Бас тийм оролдлогын зууны сургамж нь лалын ертөнцийн санаа бодлыг нэгэнт өөрчилсөөр "ЛАНУ" байгуулагдахад өөрийн эрхгүйгээр хүргэж болно.

Гуравдахь нэгдэл буюу "ААНУАзи, Австралын нэгдсэн улс байгуулагдах шинж тэмдэг нь хэдийнэ мэдэгдэж Ази, номхон далайн орнуудын уулзалтууд болсоор байгаа билээ.Тийм уулзалтад Казахстан улс хүртэл идэвхтэй оролцож байдгийг нийтээр мэднэ.Монгол улс бол түүнд ажиглагчаар оролцдог юм.Энэ нэгдэл тийм ч амархан бас санаснаар буй болохгүй нь мэдээж юм. Япон, Хятад, Энэтхэг, Австрали зэрэг биеэ даасан томоохон бас цөмийн зэвсэг болон сансарын хөлөгтэй бие даасан тусгаар тив /Австрали/ эзэгнэсэн зэрэг улс орнуудын нэгдэл гэдэгт бол тийм ч амархан "нийлчих углуурга" одоогоор байхгүй.

Довтлон эзэгнэх биш "дотор санаагаар" л хэрэгжиж мэдэх үзэгдэл юм. 2025 он гэхэд: Энэтхэг 1 тэрбум 231 сая Хятад 1 тэрбум 198 сая Пакистан 306 сая Индонез 251 сая Бангаладеш 178 сая хүн амтай болох эрдэмтдийн тооцоо гарсан байна. Энэ нь гурван тэрбум 170 аад сая хүн гэсэн үг буюу одоогийн дэлхийн хүн амын бараг тал хувьтай тэнцэх их тоо юм.Хүний олноороо давамгайлна гэвэл Хятад, Энэтхэг хоёр ААНУ-нэгдлийг аль нэг нь толгойлох биз.Гэхдээ хоёр тив дамжсан нутагтай нэгэн том улс Хятадтай хил залгаа байгаа нь Орос улс юм.Эднийх Европын холбоонд нэгдээгүй ч Украйн, Кавказын улсуудын байдал эгзэгтэй юм.

Уул нь 16 улсыг нэгтгэсэн Зөвлөлт Холбоот улсыг байгуулж, бараг 80-аад жил "хамтралжуулж" байсан энэ орон өөрийнхөө дэвшүүлсэн гол төлөв Сибирь талруугаа хэлтийсэн удирдагч нарыг (Горбачав, Ельцин) тэргүүн дээрээ өргөмжилсний дараа салж бутарч дунд Ази, Казахстан, Кавказ нутгийнхнаасаа салсан билээ. Тийнхүү "задарсны" дараах Орос орны байдал гэвэл:

Бага ястнуудын гүнд живэх / Америкийн Европчууд Испани болон хар арьстнуудад живэх ёр орсон шиг / аюулаас салж тусгаарласан боловч өөрснийхөө (орос үндэстэн) өсөлтөөр өнөржих боломж хангалт муутай, Жирэмсэн орос эхчүүдийн 60 хүртлэх хувь нь абортоор үрээ хөндүүлдэг. Хүн ам нь жил бүр нэг саяар хорогдож буй (настайчууд нь сэтгэлээр унаж, бас архинд толгойгоо мэдүүлж, бусад шалтгаанаар)

Дөрвөн хүүхэд төрхөд гурав нь лалын шүтлэгтэн байсан боловч одоо жаахан өөрчлөгдсөн байгаа ч татар, башкир, тува, халмиг, буриад, якут, эвенк, нивх гэх мэтчлэн монголиодууд ихэнх нутаг дээр нь аж төрдөг гэх мэтчлэн эрэгцүүлэн бодох зүйл нэг бус байгаа билээ. Канад, Австралын байдал ч хүн амын хувьд Оросыг санагдуулхаар байгаа төдийгүй Европын баруун хэсгийн хүн амын цоорхойг нөхөхөөр үлгэр үзүүлэх орон нь Польш болж тэдний үр хөндөлтийг (аборт) хуулиар хориглосон.

Европын цорын ганц орон болоод буй нь ч тоомжиролгүй өнгөрөөх асуудал биш буйзаа.Ямар ч гэсэн хүн амзүйн бодлого шинчлэл шаардаж байгаагаар барахгүй олон улс орны хувьд бас нэгэн төрлийн "Хавдар" үүсгэх төлөвтэй юм."Нэг гэр бүл нэг хүүхэд" гэдэг бодлого дэвшүүлсэн Хятад ард улс уул бодлогоо хэтэрхий яс баримталсанаас үндэстний хувьд хөгшрөх хандлагатай болж саяхнаас "Хоёр хүүхдийн" зөвшөөрөл өгч эхэлсэн нь ч бас эрэгцүүлэн бодууштай зүйл.ЛАНУ, ААНУ, ЛАНУ нэгдэлүүд бүрэлдэн тогтох юм бол энэ нь хүн төрлөхний "дээд нэгдэлийн" (Супер нэгдэл) босго болох юм.Энэ босгоор алхан ормогц "Дээд нэгдлийн" Хүн төрлхтөн төлөвшин тогтох болно.Супер нэгдэл буюу дээд нэгдлийн онолыг үүсгэгч нь Эйнштейн боловч тэрээр түүнийг төгөлдөржүүлж чадаагүй юм.

Гэтэл 21-р зууны босгон дээр монголын эрдэмтэн Бэсүд Ч.Эрдэнэ уул онолын бүрэн төгс цогцыг бүрдүүлсэн юм.Түүний тодорхойлсоноор "Монгол төвт дэлхий" бол супер нэгдлийн онолын биелэл болох юм. Ийм нэгдэл нэгдэлт дэлхийг буй болгохоор монголчууд 13-р зуунд Чингис хааныхаа удирдлагаар хэрэгжүүлж номхон далайн хойт эргээс Атлантын далайн наад эрэг хүртэлх өргөн зайд улс орнуудын агуу том нэгдлийг байгуулж, Хүн гүрний эхлүүлсэн алхамыг бараг 80 хувьд хүргэсэн боловч тэр их үйлийг бүтээгчдийн нас мөнх биш тул үр хүүхэддээ захиж үлдээх цагт их эзний итгэлийг хүлээсэн Өгөөдэй "өөхөнд боосон ч үхэр шиншихгүй" "өвсөнд боосон ч нохой идэхгүй" тийм хойч үе гарч ирэхвий гэхээс айж байгаагаа хаан эцэгтээн шууд хэлсэн байдаг. Тэр үг нь хэдэн зуунаар хол харсан хүний мэргэн санаа байсан тул хэрэгжиж эхэлсэн юм.Ухааны чадал заасан түүхэн энэ үйлсэд нь зөвчөө орсон юм. Дэлхийчилсэн их гүрний буурийг зассан хөх монголчуудын хойч үеийг

1791 онд
-Зүүн урдаас нь шарлуулж Зүрх зоригийг нь мохоосон

1921 онд
-Баруун хойноос нь улааруулж Бага ихгүй улаан туг бариулсан

1991 онд
-Тал талаас нь цоохортуулж Таних тэмдгийг нь баллуурдсан Энэ юу гэсэн үг вэ гэвэл бусдад "уруу татагдаж ухаан төөрөгдсөн "гэсэн үгээ.

Тэгээд дэлхийн супер нэгдлийн үйлс нэг хэсэгтээ замхарсан хүчээр, зэвсгээр сэргээх оролдлого Герман, Гүрж хүмүүс гаргасан боловч бүтээгүй.Харин Оросын удирдлагууд 20-р зууны сүүлрүү "глобалчлах" /дэлхийчлэх/ гэдэг асуудал дэвшүүлсэн нь Америк болон барууны орнуудын түлхээс орсон үзэл санаа байх талтай.Европ эхлээд Европчлогдож байна."Дэлхийших" үйл явц нь өмнө дурдсан гурван янзын "ЛАНУ" хэлбэрээр эхний үе шат нь тавигдах бизээ.

Ийм хэлбэр нь дайн, түрэмхийллийн бус аргаар, буюу Монголын их хаадаас Ромын Папад бүүр тэртээ дээр үед бичсэн илгээлтэндээ дэвшүүлсэн үзэл санаагаар хэрэгжих юм.Тэр нь 1305 онд Өлзийт хаанаас Францын Гуа Филипп хаанд илгээсэн илгээлтэд дэвшүүпсэн "Үнэнхүү зохилдохуйгаас сайн юун ахуй" гэсэн онол баримтлал билээ.Энэ энгийн боловч онцгой үзэл баримтлалыг хэрэгжүүлэн дэлхийн хүн төрөлхтнийг "супер нэгдэлд" хүргэхэд зэвсэг биш ухаан хэрэгтэй юм.

Хорин нэгдүгээр зуун бол мэдээллийн зуун, оюун ухааны зуун болох бөгөөд цааших зуунуудад хүний оюун ухаан улам гүнзгийрэн, дэлхийших болно.Оюун ухааны гол хөдөлгүүр нь хүний уураг тархи, түүний чадал тэнхээнээс ундарна. Хүн төрөлхтний гурван өнгө арьстан нь: Монголоид, Негритюд, Европеид бөгөөд тэдний тархи нь
-Негритюд буюу хар арьстнууд 1280 грамм
-Европеид буюу цагаан арьстных 1330 грамм
-Монголоид буюу шар арьстных 1382 грамм жинтэй ажээ.

Монгол хүний тархи хар, цагаан арьстныхаас 50 гр-аар илүү байдаг байна.Өөрөөр хэлбэл тархины чадамж /ухаан/ нь Монгол хүнийх бусдаас өндөр ажээ.Түунийг бас Айкью /10/ гэдэг хэмжүүрээр авч үзэхэд дэлхийн 185 орны хүмүүсээс Монголчууд 21-р байрт орсон судалгаа бий."Хэрвээ ирэх зуунд байгалийн онцгой үзэгдэл болохгүй бол хүн төрөлхтөн оюун ухааныг шүтнэ.Тэгвэл Монголчууд гарцаагүй тэргүүлнэ.Учир нь тэдний тархи Хамгийн том нь /1382 гр/ юм" гэж Германы нэрт эрдэмтэн О.Форте бичжээ.

Үүнийг нотлох мэтээр сүүлийн энэ зууны эхний үед манай Монгол залуучууд гайхмаар нээлт, бүтээлүүд хийж эхэлсэн бөгөөд түрүүчийн хэдэд нь төр шагналаа хайрласан нь сайшаалтай юм. "Супер нэгдэл" буюу "дээд нэгдэл"-д хүрэх 22-р зууны Төв Азийн зулай дээрээс Монгол ухааны бамбар гэрэлтэж, хүн төрөлхтөнд замчлан, "үнэнхүү зохиолдохуйгаас өөр сайн юун ахуй" гэдэг үзэл баримталлаа мандуулах болном за!

Жич: Дэлхийн тив бүрт холын болон ойрын элгэн садангууд маань сууцгааж байгаа шүү.

Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын Уран зохиолч, эрдэмтэн, сэтгүүлч Л.Түдэв


Бусад мэдээ

Mar 12, 2024 91

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/