Уншиж байна...
“Ганьсү мужийн баруун хойд хэсэгт байрладаг Ань Наньба зэрлэг тэмээний үндэсний байгалийн хамгаалалтын бүсэд хавтгай хамгаалах ажил бэрхшээлтэй тулгарсаар байна. Зэрлэг амьтныг хамгаалах байгууллагын дүгнэлтээс үзвэл одоохондоо Хятад болон Монголын нутагт 1000 хүрэхгүй хавтгай үлджээ. Ань Наньба нь хавтгайн гол амьдрах бүс нутаг юм. Одоо Хятад улсад 600 хавтгай байна. Энэ амьтны нөгөө гол нутаг болох Монгол Улсад 300 орчим хавтгай байна. Үүнээс үзвэл дэлхийн зэрлэг тэмээний нийт тоо 1000 хүрэхгүй байна” гэж “Синьхуа” агентлаг 2011 оны арваннэгдүгээр сард мэдээлж байсан бол саяхан “Хятадын байгаль хамгаалагчид хилийн ойролцоох нутгуудаар судалгаа хийж явахдаа 124 хавтгайтай таарчээ. Эдгээр зэрлэг тэмээ Монголын нутгаас орж ирэн, идээшиж байна” хэмээн мэдээлэв. ХАВТГАЙН ГАЗАР НУТАГ 30 ЖИЛД 15.000 АМ КМ-ЭЭР ХУМИГДЖЭЭ Хавтгай хэдийгээр Монгол Улсын баруун өмнөд, БНХАУын баруун хойд хэсэгт цөөн тоогоор сүрэглэн амьдрахдаа хил дамнан нүүдэллэж явдаг ч гэлээ сүүлийн жилүүдэд малчдад шахагдан, малд бэлчээр нутгаа алдаж байгаа нь үнэн. Жилээс жилд сая саяар өсөн үржиж байгаа мал сүргээ малчид зэрлэг амьтдын газар нутгийг булаан идээшлүүлж байна. Дээрээс нь олз хайгч нинжа нараас үргэн дайжиж буй амьтдаа буцаан даллах бодлого манай улсад алга. Түүнээс болоод хавтгай эх нутгаасаа дайжиж, эргэж ч харалгүйгээр харийн нутаг руу үүрд явж байгааг үгүйсгэх аргагүй. Манай оронд хэдэн хавтгай нутаглаж буйг яг таг хэлэх хүнгүй, нэг хэсэг нь устаж байна гэхэд нөгөө нь түүнийг үгүйсгэж сууна. Зэрлэг тэмээ Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай, Баянхонгор аймгийн таван сумын 44 мянган ам км нутаг дэвсгэрт нутагладаг (1980-аад оны үед) гэж үздэг байсан бол өдгөө Майхан ус, Хар хайрхны нуруу, баруун урагшаа Сайрын хошууны булаг, Гурван шар уул, Бэлийн хэлтэс, Нүдэн булаг, зүүн тийш Талын мэлтэс, Наран сэвстэй, Булган хошууны нурууны урд бэл, Хатан суудлын нурууны өвөр бэл, зүүн хойшоо Хөх хулсны нуруу, Ланзатын нурууны зүүн хэсэг, хойд зүгт Эдрэнгийн нурууны зүүн өмнөд болон өвөр бэлээр Цулбуур харын нуруу хүртэлх 29.000 ам км нутагт амьдарч байна. Энэ нь 1900-1920 оны үеийнхээс 3.5 дахин бага нутаг юм. Хавтгайн газар нутаг ийн хумигдаж байгаа нь энэ амьтан Монголд цөөрч, харьд хулжиж буйг илтгэх бас нэг нотолгоо бус уу. SOS ЖАГСААЛТЫН НАЙМДУГААРТ ХАВТГАЙГ БҮРТГЭЖЭЭ 1873 онд Оросын судлаач Н.М.Пржевальский Төв Азид хийсэн хоёр дахь судалгааныхаа үеэр хавтгайг харж, ийм амьтан байдгийг шинжлэх ухаанд “хэлж өгсөн” түүхтэй. Хавтгай агнахыг манай улс 1930 оноос хуулиар хориглон, 1958 онд дархалж, 1975 онд Говийн их дархан газар бол энэ амьтны үндсэн тархац нутаг болохыг тогтоожээ. Ан агнуурын тухай 2000 оны хуульд хавтгайг байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац хязгаарлагдмал, устах аюулд орсон, нэн ховор амьтны ангилалд оруулсан байна. Монгол Улс нэн ховор, ховор амьтдыг хамгаалах Биологийн төрөл зүйлийн конвенц (SBD)-д 1993 онд, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалахыг хориглох тухай конвенц (CITES)-д 1996 онд, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай Бонны конвенц (CMS)-д 1999 онд нэгдэж, хавтгайгаа бүртг үүлсэн тул энэ амьтныг хамгаалах нь олон улсын өмнө хүлээсэн том үүрэг болж байгаа юм. Гэтэл манай улс энэ үүргээ биелүүлэхийн оронд аргацаасаар өдий хүрэв. Уг нь энэ хосгүй ховор амьтан тэнэгэр говьдоо идээшилж, хавтгай Монголд байдаг хэмээн дэлхийд зарлуулж байвал бидний, Монголын бахархал. Гадаадын эрдэмтэд хавтгай бол дэлхийн гайхамшиг юм хэмээн онцолж, Амьтан судлалын нийгэмлэг Эволюцийн хувьд тусгаар, генетикийн хувьд устах аюулд орсон зүйл (EDGE) хэмээх хөтөлбөр (SOS жагсаалт гэж болох)-т хавтгайг оруулж, жагсаалтын наймдугаарт бүртгэжээ. Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ховордсон ан амьтныг унаган байгальд нь хадгалан хамгаалах ажлыг сайжруулж, хавтгай тэмээ зэрэг нэн ховор амьтдыг идээшил нутагт нь өсгөн үржүүлэх, тэдгээрийн генийн санг хамгаалахад биотехнологийн ололтыг ашиглах”-аар заасны дагуу 2010 оны есдүгээр сард БОАЖЯ гадаад, дотоодын судлаачдыг хамруулсан томоохон хурал зохион байгуулж, “Хавтгай хамгаалах үндэсний хөтөлбөр” боловсруулж эхэлсэн ч одоо болтол гарт баригдаж, нүдэнд харагдах юм хийсэнгүй. 2003-2007 онд Байгаль орчны яам НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран, “Их говийн экосистем, түүний шүхэр зүйлийг хамгаалах” төсөл хэрэгжүүлсэн нь чамгүй үр дүнд хүрчээ. Гэвч уг төслийн хүрээнд хавтгайн хорогдлын шалтгааныг тогтоох байсан ч эрдэмтэд үүнд хариулт өгөөгүй байх юм. Биологийн хүрээлэн, АНУын Денверийн амьтны хүрээлэн хамтран хавтгайн байршил, нүүдлийн замыг тодорхойлох, ажиглалт хийх зорилгоор 2003 оны аравдугаар сард нэг хавтгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн байна. Мөн олон улсын “Тахь” групп, ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран 2007 оны тавдугаар сард нас гүйцсэн гурван буур, хоёр ингэн хавтгайг хүзүүвчилсэн байна. Үүний гурвыг Буурын хяр, Атасын шал, Давхар харын нуруунаас барьсан бол хоёрыг нь Хар сайрын хөндийгөөс барьж хүзүүвчлээд, буцаан тавьжээ. Гэсэн ч ганц л хавтгайд зүүсэн хүзүүвчний дохиолол ажилласан гэнэ. 1998 онд хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах талаар БОЯ, ШУА, МУИС, Улсын багшийн их сургууль, ХААИС, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчид оролцсон зөвлөлгөөн болж, хавтгай тэмээ, монгол бөхөнг хамгаалах, нөхөн сэргээх тухай санамж бичиг баталжээ. 2001 онд Бээжинд болсон хавтгай хамгаалах олон улсын бага хурлын үеэр Хавтгай хамгаалах сангаас Монгол, Хятадын Засгийн газрын хооронд дэд сайдын хэмжээний уулзалт зохион байгуулж, хавтгай тэмээг хамгаалах, харилцан мэдээлэл солилцох тухай хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Харамсалтай нь эдгээр хурал, цаасны үр дүн чамлалттай. 1980-1982 ОНД ОНГОЦООР ТООЛЛОГО ХИЙЖЭЭ 1943 оны үед Монголд 300-гаад хавтгай байсан гэх тоо дуулддаг бол 1980-1982 онд 500-800 бий гэсэн тоо гарчээ. Манай улс 1980-1982 онд “АН- 2” онгоц, автомашин ашиглан, Алтайн цаад говьд хавтгайн тооллого явуулсан байна. Үүний үр дүнд манай эрдэмтэд хавтгайн онцгой шинж, экологийн үндсэн үзүүлэлт, тоо толгой, байршлын талаар төсөөлөлтэй болсон аж. Үүний дараа Говийн их дархан цаазат газрын мэргэжилтнүүд 1982-1988 онд хавтгайн тоо толгой 500-600-гийн хооронд хэлбэлзэж байна гэж тооцоолжээ. 1997 оны гуравдугаар сард Монгол, АНУ, Германы судлаачид хамтран, агаарын тооллого хийгээд 802 хавтгай бий гэж мэдээлсэн байна. 1980-1982, 1997 онд хийсэн тооллогын дүнгийн зөрүү их байгаа нь судалгааны арга, боловсруулалт, судалгаа хийсэн газар нутгийн хэмжээ өөр байсантай холбоотой бололтой. 2004-2005 онд нэгдсэн аргачлалаар улирал тутамд тодорхой замналын дагуу хийсэн тооллого, судалгааны дүнд Алтайн өвөр говь, Говийн их дархан цаазат газрын “А” хэсэгт 463 хавтгай байгааг тогтоожээ. Үүнийг үнэнд ойр тоо хэмээн судлаачид үзэж байна. Хамгийн сүүлд БОНХЯ-ны захиалгаар ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУБИС, Хавтгай тэмээ хамгаалах сан, БХЭОЗХ хамтран, 2012 оны намар хавтгайн тооллого хийж, Монгол Улс 800 гаруй хавтгайтай гэж дүгнэжээ. ГАРШУУЛСАН ХАВТГАЙ ҮРЖИЖ ОЛШРОХДОО ТААРУУ БАЙНА Хавтгай 2-3 насандаа өөрийн бие даасан сүргийг үүсгэдэг. Энэ үедээ анхаарал сэрэмж муутай, айж зугтаахын оронд сонирхох, тандах нь давамгайлдаг тул чонын идэш болох, бууны овоо хараанд орох магадлал өндөр байдаг аж. Устаж буй энэ амьтныг аврахын тулд Баянтооройгоос 2001 онд 11 ботго барьж, Баянхонгор аймгийн Эхийн голд аваачин, хоёр жил гаршуулжээ. 2003 оноос Английн Хавтгай хамгаалах сан, Ховор амьтан хамгаалах үндэсний комиссын дэмжлэгээр уг 11 хавтгайг Баянтооройд буцаан авчирч, үлдсэн хоёр ингэтэй нийлүүлснээр хавтгай гаршуулах ажил үргэлжилж байна. Одоо Захын усны үржүүлгийн төвд малчин, малын эмч нар хавтгайг хүний оролцоотой үржүүлэн, байгальд буцаан тавих үйл ажиллагаа явуулж байна. Гаршуулсан хавтгайн зэрлэг байдлыг нь алдагдуулахгүйн тулд дөрөвдүгээр сарын 20-нд бэлчээрт тавьж, аравдугаар сарын 20-ны үед ороо нь орох цагаар хашиж, алсаас өвс тавьж өгдөг аж. Баянхонгор аймгийн Аудитын газрын дүгнэлтээс үзвэл гаршуулсан хавтгай тооны хувьд өсөлт муутай байгаа аж. Хавтгайн ботгоны бие дааж амьдрах чадвар муу байгаагаас өсөж олшрохгүй байгаа бололтой. Хавтгай гаршуулагчид өвөл орооны үед хавтгайн буур, үржлийн ингийг хашаанд тусгаарлан нийллэгт оруулах, хээлтэй ингийг тэжээж тордон эсэн мэнд төллүүлэх, төлийг нь бүрэн торниулах, зун, намарт задгай бэлчээрт хариулж тарга хүч авахуулахын хажуугаар ажиглалт, судалгаа явуулдаг гэнэ. МОНГОЛ, ХЯТАДЫН ХАВТГАЙ ХАМГААЛАХ ЯЛГАА Манай улс Говийн их дархан газрыг 1976 онд дархан цаазтай болгож, улсын тусгай хамгаалалтад авсан ч хавтгай хамгаалах талаар одоо болтол нэгдсэн бодлого, хөтөлбөргүй сажилж ирлээ. Энэ ажилд улсын төсвөөс мөнгө зарцуулдаггүй, хавтгай хамгаалах ажлыг өдий хүртэл гадаадын байгууллагуудад ацаглан орхижээ. Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа 2005 онд 3.0 сая, 2006 онд 35.5 сая, 2007 онд 67.9 сая, 2008 онд 106.4 сая, 2009 онд 103.5 сая төгрөгийн санхүүжилт улсаас авчээ. Үйл ажиллагааны зардлын 75.5 хувийг нь цалин эзэлдэг энэ байгууллагад хавтгай хамгаал, өсгөж үржүүл гэж мөнгө өгдөггүй. Ажилтнуудад нь хавтгай хамгаалах сэтгэл зүтгэл байлаа ч түүнийгээ мөнгө болгон судалгаа шинжилгээ хийж, өвс, ус, хужир болгон хавтгайд тавьж өгч болох биш дээ. Засгийн газрын 2006 оны 87 дугаар тогтоолоор дархан цаазат газрын цөлийн нөхцөлд нэг байгаль хамгаалагчид 200 мянган га талбай хариуцуулахаар тогтоож өгчээ. Үүгээр бол 4.4 сая га талбайтай Говийн их дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд 22 байгаль хамгаалагч ажиллах ёстой атал 11 ажиллаж байна. Гэтэл Хятад улс 2003 оноос Шиньжанд Лоб нуур, Ганьсүд Ань Наньба гэх, хавтгай хамгаалах байгалийн хамгаалалтын бүс дараалан байгуулсан юм. 78 мянган ам км газар нутагтай энэ хоёр нөөц газрыг хавтгайд тусгайлан зориулжээ. “Олон жилийн уйгагүй хүчин зүтгэл, төрөөс мөнгө санхүү, бодлогоор дэмжиж байгаагийн хүчинд Хятадад зэрлэг тэмээний тоо мэдэгдэм нэмэгдэж байна” хэмээн урд хөршийнхөн ам бардам байна. Тэд хавтгайн тооллого, судалгаа шинжилгээг ч тасралтгүй хийж, өөрийн нутаг дахь хавтгайг Монголын хил давуулахгүй байх, Монголын талаас орж ирсэн хавтгайг тэндээ үүрд нутагшуулахад ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдав. Хятадууд үүл буудан бороо оруулж, хавтгай хамгаалах нутгаа өвстэй, устай байлгахад анхаарч байна. Амьтан ч бас амьд юм хойно устай, ургамалтай айх аюулгүй газар бараадах нь мэдээж. Хавтгай Монголоос хулжиж, хүний нутаг руу үүрд одвол хятадууд “Хавтгай гэх хосгүй ховор амьтан зөвхөн манайд л байдаг” хэмээн сайрхаж, хавтгайгаа үзүүлэхээр гадаадынхныг урин дуудаж, Хятадыг сурталчлах нэрийн хуудсаа нэгээр нэмнэ. Английн Хавтгай тэмээ хамгаалах сан зэрэг байгууллага хандив тусламжаа тэр үед зөвхөн тийш л чиглүүлнэ. Харин тэр үед бид яах вэ. Хятадаас хавтгайгаа гуйх уу, гадаадын амьтны хүрээлэнгүүдээс хайх уу.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/