Уншиж байна...

“Монгол костюмс” компанийн захирал, Үндэсний хувцас судлалын академийн тэргүүн доктор, профессор, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Б.Сувдтай ярилцлаа.
Тэртээ 2003 онд хоёр оёдлын машинтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Монгол костюмс” компани өдгөө оёдлын үйлдвэр, хувцасны салон, номын сан, судалгааны төв, үзүүлбэрийн танхим, үндэсний хувцасны музейтэй “Монгол костюмс” хэмээх цогц төсөл, соёлын бүтээлч үйлдвэрлэл хэмээх онцлог бизнесийг хөгжүүлж иржээ.
Хувцас нь тухайн ард түмний эрхэлж ирсэн аж ахуйн онцлог, байгаль цаг уурын нөхцөл, түүхэн хөгжлийн замнал, хил залгаа бусад улс оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, соёлын харилцаа холбоог ямар нэг хэмжээгээр өөртөө тусгаж, улмаар уламжлагдан баяжиж байдаг эдийн соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Монголчууд бид сүүлийн үед үндэснийхээ дээл хувцсыг өмсч хэвшиж байгаа ч дээл хувцасныхаа уламжлал, ёс заншлыг тэр бүр сайн мэдэхгүй байгаа талаар ийнхүү ярьж байна.
– Ярилцлагаа таны хувцас загвартай холбогдсон түүхээс эхэлье. Та монгол үндэснийхээ хувцсыг хэзээнээс сонирхож судалсан бэ?
– Би 1980 онд ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуулийг хувцасны инженер зохион бүтээгч мэргэжлээр төгч байлаа. Үнэ, стандартын улсын хороогоос намайг явуулсан хэрэг. Хорооноос надад байнга даалгавар өгнө.
Дипломын ажлаа бичихдээ Киевт сурдаг оюутнуудаас биеийн хэмжээ авч, судалгаа хийдэг байлаа. Сурах хугацаандаа дэлхийн хувцасны түүхийг үзэхэд монгол хувцасны талаар өчүүхэн ч зүйл дурдаагүй байхыг хараад гайхсан. Тэр үеэс монгол хувцасны талаарх судалгаагаа эхлүүлж дэлхийд таниулах зорилготой ажиллаж байна.
– Докторын зэрэг хамгаалсан сэдвийг тань тухайн үед өндөр үнэлж байсан гэдэг. Тэр судалгааны талаар танилцуулж болох уу?
– ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуульд 1997-2000 онд аспирантурт суралцаж “Монгол хувцасны элемент бүхий хувцасны загвар зохион бүтээлийг боловсронгуй болгох нь” сэдвээр докторын диссертацаа хамгаалж байлаа. Эхэн үед удирдагч багш маань сэдвийн сонголтын ач холбогдолд эргэлзэж байв. Монгол хувцасны судалгаа бараг байхгүй байсан учир тэр л дээ. Харин дараа нь багш монголчуудын дээл хувцсаа хүндэтгэлтэйгээр өргөн дэлгэр өмсч хэрэглэдэг талаар ойлгож мэдсэнээр сэдвийг баталж билээ.
– Судалгааны ажлуудаас улбаалан Үндэсний хувцас судлалын академийг байгуулсан гэдэг. Одоо тус академи ямар ажил хийж байна?
– Би 1992-2003 онуудад гадаадад ажиллаж амьдарсан. Хүн эх нутагтаа байхдаа өөрийн авдран дахь баялгийг мэдэрдэггүй юм байна. Гадагшаа гараад явахад монгол хүний, бидний бахархах ёстой зүйл юу юм, тэр тусмаа мэргэжлийн хүний хувьд би Монголынхоо юуг судлах, сурталчлах талаар их боддог болов. Тэгээд монгол хувцасны судалгаа хийж эхэлсэн. Энэ бол бидний соёлын үнэт өв юм. Энэхүү соёлоо бид залуустаа, дэлхий дахинд хэрхэн хүргэх, яаж мэдүүлэх ёстой вэ гэдэг үүднээс судалгааны ажлаа хийсэн. ЗХУ-ын Киев хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургуульд аспирантурт суралцаж байхдаа монгол хувцасны түүхийг багш нартаа ойлгуулах хэрэгтэй байсан учраас нэлээд их уншиж судлах хэрэгтэй болсон.
Эргээд бодоход Урлал гоо зүйн улсын комисст хамтран ажиллаж байсан угсаатан зүйч Х. Нямбуу гуайн Төрийн шагнал авсан “Монгол хувцасны түүхэн хөгжил” Амгалан гуайн баруун аймгийн хувцас соёлын талаарх ном надад их тус болсон.
Мөн эдгээр сайхан хүнтэй хамтарч ажиллаж, монгол хувцасны тухай сонсож байсан нь их хэрэг болсон. Даяаршлын энэ эрин зуунд монголчууд бид үндэсний хувцас, соёлоо хэрхэн хадгалж авч үлдэх, цаашид судалж сурталчлах зорилгын үүднээс Үндэсний хувцас судлалын академи төрийн бус байгууллага, “Монгол костюмс” компаниа байгуулж энэ чиглэлээр ажиллаж ирлээ. Үндэсний хувцас судлалын академи залуу судлаачдыг дэмжих, монгол хувцасны талаарх судалгааны ажлыг хөгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зэргийн зохион байгуулж, ном товхимол гаргасан. Гэсэн хэдий ч Монгол хувцасны судалгаа шаардлагатай хэмжээнд биш байна, бидэнд судлах зүйл олон бий.
– Дэлхийн хувцасны загварын түүхэнд дээл хувцасныхаа түүхийг хэрхэн оруулах талаар бодол байдаг уу?
– Монголчууд цөөхүүлээ, хоёр гүрний дунд оршиж байна гээд янз бүрийн хүчин зүйл нөлөөлж байна. Ардчилал гарснаас хойш нээлттэй болж, үндсэндээ сүүлийн 10,20 жил л бид өөрсдийн хэн гэдгийг мэдэж байна. Өмнө нь түүх маань дарагдаастай , бид өөрсдийгөө ч мэддэггүй, гаднын түүх соёлыг биширч шүтдэг байлаа.
Бид өөрсдийн түүх соёлыг түгээх цаг аль хэдийнээ ирсэн гэж боддог. Монголчууд бид түүхэндээ хүчтэй явсан уу гэвэл явсан. Хүчирхэг улсуудын соёл нь хувцсаар нь түгэж байдаг. Хүчирхэг улсын нөлөөнд байгаа улсууд өөрийн мэдэлгүй өнөөх соёлыг нь даган дууриадаг. Соёл нэгнээс нөгөөд уусан шилжих нь ч бий. Өнөөдөр бидний амьдралд моод загвар яаж дэлгэрдгийг зүгээр онолын үүднээс ярья л даа. Цагаан сарын шинийн нэгний өглөө хүмүүс зурагт, сайтаар хэн гэдэг улстөрч Ерөнхийлөгчид бараалхаж золгохдоо ямар дээл өмссөн, бөхчүүд, урлагийнхан ямар хувцсаар гангарсныг харна. Тэр бол моод түгээж байгаа хэлбэр. Түүн шиг нийгэмд тухайн улс орон хүчирхэг байх үед хувцасны загвараа түгээж байдаг. Үүнийг хүмүүс харж моод дэлгэрдэг. Хятадууд өөрсдийг нь амар тайван амьдруулдаггүй нүүдэлчид яагаад хүчирхэг байна. Тэрхүү нүүдэлчидтэй тулалдахын тулд тэдний өмсөж эдлэж байгааг судлан өөрсдөдөө авч хэрэгжүүлж байж л бид нүүдэлчдийг ялан дийлэх ёстой гэж хятадуудын түүхэн сурвалжид олон дурдсан байдаг. Хятадууд манай уламжлалт дээл хувцаснаас өөрсдийн дээлэндээ авсан зүйл маш их. Үүнийг ганц би биш олон эрдэмтэн тодорхойлсон. Орос, Япон, Солонгосын эрдэмтэд хүртэл нүүдэлчдийн хувцаснаас суурин иргэншилд авсан зүйл олон байдгийг нотолсон байдаг.
Тэр бүү хэл 2010 онд манайх олон улсын том хурал зохион байгуулахад Хятадын Шанхайгаас Бао Мин Шин гэдэг Хятадын нэлээн нэртэй хувцас судлаач эрдэмтэн “Үнэнийг хэлэхэд Хан үндэстэн нүүдэлчдээс их юм авсан. Би танай хувцасны энэ баялагт үнэхээр их атаархдаг” гэж ярьж байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. Гэтэл бид өвөг дээдсийнхээ өв соёлыг сайн мэдэхгүй байж “ Энэ босоо зах Хятадынх” гээд байдаг. Энэ болгоныг судлаачид маш сайн судлах хэрэгтэй. Дээр нь судалгааныхаа үндсэн дээр “энэ манайх” гэж өөриймшүүлж байх хэрэгтэй. Босоо захтай дээл Манжаас өмнө бүр Киданы үед байсан. Киданы үеийн босоо захтай дээлийн олдвороос тэр үед монгол дээлний загвар үндсэн хэлбэрээ олсон гэж монгол хувцасны судлаачид үздэг. Бид энэ танин мэдэхүйн ойлголтыг зөвөөр тайлбарлаж өгөх хэрэгтэй.
– Одоо бидний “Хүннү” гэж нэрлэж байгаа дээл тэр үеийн дээл биш гэж та ярьж байсан. Үүнийг тайлбарлаж өгнө үү?
– Одоо гадуур “Хүннү” гэж нэрлэж байгаа дээл нь Хүннүгийн үеийн биш. 1924 онд Төв аймгийн Батсүмбэрийн Ноён уулнаас олдсон Хүннүгийн үеийн хоёр дээлний энгэр нь урдуураа задгай байдаг. Тухайн дээлийг сэргээн засварлахдаа буруу хийж 13-дугаар зууны үеийнх шиг хийчихсэн юм билээ.
Бидэнд 13-дугаар зууны дээлний олдворууд маш их байдаг. Тэр үед монгол дээл маш их баялаг болон хөгжиж, Юань улсын үед дээд зэргийн тансагт хүрсэн гэж судлаачид үздэг. Хэнтий аймгийн Бухын хошуунаас олдсон 13-дугаар зууны монгол язгууртны дээлийг Хүннү дээл гэж манайхан яриад сурчих шиг боллоо. Тэгж ярьж болохгүй юм. Хэнтий аймгийн Бухийн хошуунаас гурван ч дээл олдсон байдгийн нэг нь энэхүү язгууртны дээл. Мөрөн дээрээ зээгт наамалтай, ханцуйгаараа нарийхан, бүсэлхийгээрэй олон ширээстэй. Ташуу энгэртэй энэ дээл ерөнхийдөө Киданы үеэс түгээмэл хэрэглэгдэх болсон гэж судлаачид үздэг ч бидэнд 13-дугаар зууны үеийн дээлний олдвор маш их бий.
Ханцуй дээрээ хагалбартай цэрэг дээл Дугуй цахирын агуйгаас олдсон байдаг. Ер нь бол цэрэг дээлний хормой морь унахад хөл тушихгүй дэрэвгэрдүү, ханцуйг нь өнөөдөр манай харваачид ханцуйгаа сурлан боодогтой нэгэн адил сурладаг байсан ба энэ нь сум тавихад тээр болдоггүй жишээтэй. Язгууртны дээл нь олон зээгт наамалтай, алтан утас ороож хатгасан байдаг. Энэ олдвор Үндэсний түүхийн музейд бий. Тэгэхээр энэ бол 13-дугаар зууны үеийн дээл болохоос биш Хүннүгийн дээл биш. Манайд “Хүннү” дээл захиалгаар ирсэн хүмүүст бид энэ талаар тайлбарлаж хэлдэг.
– Нүүдэлчин монголчуудын хувцасны соёл бусад улсад хэрхэн нөлөөлж байсан бол?
– Монгол хувцас нэлээд зүйлийн хувцас гоёлыг Хятадад дэлгэрүүлсэн байдаг. Өмнөд Солонгосын эрдэмтэн Дондук Кимийн бичсэнээр “3-дугаар зууны үед скифийн өмд Грекд дэлгэрч, Хүннү өмд Хятадад нөлөөлөв. 5, 6-дугаар зууны үед Хятадын Дон-ван мужийн Шиен-дэйгээс гаралтай солонгос, япон, хятад ёслолын хувцас, ираны углаа хувцас, төв азийн нүүдэлч иргэний дээлийн нөлөөгөөр баяжжээ.
Энэ үед монгол хувцас өмнөд газрын Солонгос, Япон Хятадад нөлөөлсний дээр XII зууны үед монгол хувцас Хятадад дахин нөлөөлсөн бөгөөд хожим манжийн хувцас нөлөөлж одоогийн хятад үндэсний хувцас бий болов” гэж бичсэн байна. Солонгос улсын профессор Им Мүн Ми хатагтай “Нангиадын уламжлалт хувцасны өөрчлөлтийн төлөвшил, явцад гадаад Зүүн хойд Азийн угсаатны нөлөөллийн судалгаа” хэмээх зохиолдоо МЭӨ 3000 жилээс 1930 он хүртэлх хугацаанд Төв Ази, Зүүн хойд Азид орших байсан улс гүрэн, төр засаг, иргэн зон нь нангиадын олон үеийн хувцсанд харилцан нөлөө үзүүлсэн тухай тэмдэглэсэн байна.
Мөн Солонгосын хувцасны нийгэмлэгийн ерөнхийлөгч Пан Күн Я нэлээд бүтээлдээ эртний Солонгосын Ёо, Кок, Коон зэрэг гурван улс хийгээд монгол төрхтөн хэлтэн ард түмэн болон харилцаа нөлөөллийн тухай, мөн Коро хийгээд гурван улсын үеийн хувцас нь умард Монголтой адилхан байсан тухай өгүүлжээ. Энэ бол эртнээс нааш Төв Ази, Солонгосын хойгийн аймаг угсаатны удам, гарал, соёлтой холбоотой байсныг нотолж байна. Оросын эрдэмтэн В.С.Стариков ”Ер нь Хятад оронд носрхлоо тогтоож байсан монгол удмын нүүдэлчин аймгийн улс Юанвей, Ляо, Юан гүрний үед зүрчид хувцсыг бүх Хятад даяар дэлгэрүүлжээ” хэмээн бичжээ.
Монголын өвөг дээдэс болох дунху, кидан, сяньби нарын хувцасны загварыг манж нар дууриаж, улмаар манж нараар дамжин Зүүн өмнөд Азийн орнуудад монгол хэв хийцийн хувцас түгсэн гэж судлаачид үздэг.
– Глобалчлагдаж буй энэ эрин зуунд бид үндсэнийхээ хувцсыг хэрхэн үндсэн хэлбэрээр нь авч үлдэх ёстой гэж та боддог вэ?
– Глобалчлал гэдэг бүгдийг ижилсүүлэх гэсэн ойлголт. Бүгд нэг ижилхэн хувцастай байвал сонирхолгүй биз дээ. Бид юугаараа ялгарах ёстой юм бэ, ямар түүх соёлтой хүмүүс билээ, түүгээрээ бид энэ даяаршлын үед ялгарч , авч үлдэх ёстой. Хэрвээ бидэнд энэ бүхэн байхгүй бол бид хэн ч биш болно.
Нэг домгорхуу яриа байдгийг сонирхуулъя. Монголчууд цөөхүүлхнээ хэрнээ ийм хүчирхэг, ер дийлдэхгүй юм. Учир нь юундаа байна гээд судалж л дээ. Гэтэл хүчирхэг байхын аргагүй юм байна. Яагаад гэвэл дундуурыг хүртэл дүүрэн гэж бэлгэдэж чаддаг хүмүүс юм гэж, Монголчуудын сайхан нь дандаа бэлгэшээдэг, амны билэгтэй. Талын сайхан хөдөөний айлууд “болно доо болно, бүх юм сайхан байна” гэж амьдралдаа, байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байдаг. Энэ бол байгальтайгаа ойрхон, нүүдлийн соёл иргэншилтэйгээ холбоотой ухагдахуун юм шүү дээ. Хэзээд илүүд шунадаггүй.
Гэтэл дэлхий даяар суурин иргэншил нь мухардаад ирэхээр монгол моодонд орж, нүүдэлчдийн соёлыг судалж эхэлж байна. Учиргүй би агуу монгол үндэстэн гэхээсээ илүү түүх соёлоо маш сайн мэддэг байх ёстойг л хэлээд байна.
Нүүдэлчдээс л дэлхийн түүх эхтэй. Сүүлийн үед гангарч дэгжирхэх гэж дээл өмсч байна. Гэтэл дээлийн өнгийн олон бэлэгдэл бий. Настай хүний торго учиргүй тод биш, залуусыг бодвол хурц биш өнгөтэй байдаг. Орчин үед шинэ загварын үндэсний хувцас гаргаж байна гээд зарим дизайнер монгол хувцасны ёс заншлыг алдагдуулж байна.
Залуу дизайнерууд монгол хувцасны үндсэн элементийг зөв гаргаж урлах хэрэгтэй. Үүний тулд түүх соёлоо судлах хэрэгтэй юм.
– Ярилцсанд баярлалаа.

УЛС ТӨРИЙН НАМ ХАМААРАХГҮЙ ХЯМРАЛ
Монгол улсын нийгэм багагүй хугацааны үүсрэл хямралыг туулж, түүхэн үнэнийг эрж хайх цагт ирээд байна. Энэ бол аль нэг талцал нам бүлгийн үйл ажиллагаа зорилго чиглэл төрд үзүүлж буй нөлөөнөөс үл хамаараад монгол үндэстэн юуг эрхэмлэж, юуг цаашид эрж хайн эмхлэх цэгцлэх асуудлуудаа яаж тодорхойлж гаргах вэ. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэгчлэн түмэн олон өөрсдийн ухамсар, ухаандаа төвлөрсөн уламжлалаараа үнэлэн тээсэн болгоноо эрхэмлэн авч үлдэхийн тулд бид хэн бэ хэн байсан бэ хэн байх вэ, хэний судалгаанд итгэх вэ гэсэн суурь ойлголтуудаа дахин нэгтгэх үү, эсвэл энэ чигээрээ бусдыг даган дуурайсаар, өөрсдийгөө мартсаар байх уу
Ард түмнийг, өрх бүрийг судалгаа хий, ухаар, унш гэхэд хэтэрхий хэтийдсэн хэрэг болох биз. Харин гэр гэртээ ахмад буурал аав ээж нарынхаа үгийг сонсох үе тулгарсан байж мэдэх юм. Учир нь сүүлийн 30 жилд шинэ нийгэм тогтох үзэгдэл хөвөрсөн ч үүнд ямар хүчин зүйлс, хэн нөлөөлж яагаад доройтоод байгаагаа бид ойлгох цаг юу юунаас илүү чухал.
Энд хүн болгоны мэддэг нэгэн үлгэрийг иш татахад тахианы дунд өссөн бүргэд тахианаас ялгаагүй болдог. Гэхээр нийгмийг цогцлоохдоо бусдын бурантагт хөтлөгдөж, аль нэг улсын геополитикт автаж уугуул төрхөө алдах муу муухайн булингарт дасах шаардлага байна уу.
Монголчууд хүчирхэгжин мандаж явах үедээ бүх гүн ухааны тайлал эзэмшсэн шашин, тэдний зүтгэлтнүүдийг хааныхаа өмнө олон удаа хооронд нь уралдуулан, сорилго хийлгэж, аль нь хүчирхэг вэ аль нь чухал вэ гэдгийг аль хэдийн өөрсдөө мэдчихсэн суурь өгөгдөлтэй хүмүүс.
Харин ийм үед уугуул ухаан, үндэсний ёс заншил, зөв зүйтэйгээ авч үлдэх нь чухал.
Улс төрийн намаас дангаар хамаарахгүй ядуурал ажилгүйдэл, хямралын үндэс нь биднийг мөхөөх мөнхийн хүсэлд бийг хүн болгон мэдэж итгэл үнэмшилдээ өөрийн үндэсний ухамсар, сэтгэлгээгээ тэлж, цааш хөөж хөгжүүлж чадсан үндэстэн хүн хүмүүс хөгжиж ирсэн болохоос төрийн нэгдсэн уламжлалгүй шахам болж аюул учирсан нь үнэнийг хүн бүхэн ойлгодог ийм ээдрээт цаг үед үндэсний эв нэгдлийг алдагдуулах нь аюулаас илүү аймшиг болов уу.

зайран А.Алтангэрэл:
Би тэнгэр хийгээд тийрэнг ялгаж чадна
-Таныг манай уншигчид “Зөнбилгийн тулаан-6”-д амжилттай оролцсоноор тань сайн мэднэ. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Баярлалаа. Намайг Аюулгүйн Алтангэрэл гэдэг. Би айлын ууган хүү л дээ. Миний аав Гомбосүрэнгийн Аюулгүй нь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын иргэн, 9 хүүхэдтэй айлын ууган хүү. Миний ээж Пунцагдуламын Эрдэнэчимэг Сэлэнгэ аймгаас гаралтай боловч Хөвсгөлийн дархадын удмын хүн, мөн л 9 хүүхэдтэй айлын ууган охин. Би СБД-ийн улсын тэргүүний 58-р сургуулийг 1998 онд дүүргэсэн. Эхнэр, хүү, 2 охины хамт амьдардаг.
-Таны бөөгийн уг хүүхэд байхаас тань мэдрэгдсэн үү. Тэмцээнээс харахад нэлээд чадалтай бөө шиг санагдсан. Манай уншигчид ч таньтай уулзах хүсэлтийг их ирүүлэх болсон?
-Би хүүхэд байхдаа их даруу төлөв хүүхэд байлаа. Гэвч 17 наснаасаа хойш элдэв зодоон цохионд оролцоод, ээж аавынхаа чихийг их халууцуулж цагдаагийн үүд сахидаг хүүхэд болж хувирсан. Ер нь “болдоггүй” нөхөр болж догширсон гэх үү дээ /инээв/. Тэгэхэд ээжийнхээ ээжийнд нагац ах Хосбаяр, нагац эгч Отгончимэг нартай СБД-ийн 18-р хороо Бэлхийн 37-р гудамжинд амьдардаг байсан юм. Энэ үед манай хойд хашааны эмээ бурхан болж, нөгөө эмээгийн сүнс орж ирж байгаа нь надад харагддаг, бас байнга хамраас цус гарч ухаан алдаж ундаг, гэртээ орохоор л хий юм харагдаж орохоос дургүй хүрдэг болсон. Эмээдээ “-Хий юм харагдаад байна” гэж хэлсэн чинь “-Бузартчихаж” гээд бөөн юм боллоо. Цагдаагийн үүднээс салдаггүй сахилгагүй намайг Одбаяр ах Хосбаяр ах нар маань мөн ч их хөөцөлддөг байсан даа. Энэ далимаар хоёр ахдаа маш ихээр баярлаж явдгаа хэлье. Бөөгийн шинж тэмдгийн хувьд хүн бүрт өөрөөр илэрдэг юм билээ. Миний хувьд элдэв юм хараад, хэрэг төвөгт орооцолдохоор нь манай гэрийнхэн хүнээр үзүүлсэн чинь “Бөөгийн угтай” гэсэн. Тэр үеэс зан төлөв маань урьдын хэвэндээ орж, үнэхээр бөөгийн угтай эсэхээ мэдэх гэж олон хүнээс асууж, сурч үзлээ. Тухайн үед Багшийн дээд сургуулийн ойролцоо зоос татдаг, 70 гарсан настай өвөөгөөс асуусан чинь “Хүү минь чи тэнгэрийн 7 тамгаар тамгалуулсан эгэл биш хүн байна шүү дээ” гэсэн. Үнэхээр намайг 17 той байх үед гэнэт нуруун дээр минь 7 бурхан хэлбэртэй мэнгэ гарч, тодорч бүдгэрээд байдаг болсон. Тэгэхэд тэр өвөөд л маш их итгэж бөөгийн угтай гэдэг нь үнэн юм байна даа гэж бодох болсон. Төд удалгүй эхнэр хүүхүүдтэй болж, санасан ажил бүтээд ажил амьдрал минь сайхан болж байна.
-Таны удамд онгод шүтээнтэй хүн байсан уу?
-Миний өвөөгийн аавын ярьснаар, дээшээ тав дахь удамд том зайран хүн байсан юм билээ. Ээжийн талд ч том лам, тайж, ноёд байсан гэдэг. Одоо надад улааны, харын, цагааны сахиусууд буудаг. Улааны сахиус гэдэг нь манай эмээгийн өвөг дээдэс лам, хуварга хүмүүс байсан нь дээд тэнгэртээ морилоод улааны сахиус болж надад бууж ирдэг. Аавын талын дээдэс зайран, удган хүмүүс байсан учраас хар, цагааны сахиус болж энэ цаг үед үр хүүхэд бидэндээ ирж байгаа юм. Харын тэнгэрүүд улаач дээр олон буугаад ирэхээр үйл хийхдээ хүчирхэгждаг. Харин цагааны сахиусууд цөөн буувал толгой тэнгэр цагаан байлаа гэхэд харын тэнгэр 3 дараалан буувал толгой тэнгэрээ дийлдэггүй гэдэг юм билээ.
Үүнийг өөрийн сахиусны хийсэн үйлээс хараад л ойлгодог. Миний онгодууд олон хүнийг хэвтэрт байхад нь босгож, хэд хэдэн хүнийг архинаас гаргасан. Одоо тэд маань сайхан амьдарч байна.
-Толгой тэнгэр болон хар, цагааны тэнгэрийн учрыг тайлбарлахгүй юу?
-Эцгийн талыг ясан тал, эхий талыг цусан тал гэж үздэг. Эцгийн талаас буусан тэнгэр нэрээ хэлдэггүй жамтай. Өргөө гэртээ очиж улаачаа сорьж, өргөө гэрээ сонжиж, 3 жил буусны дараа 55 тэнгэрт байна уу, зууны 44 тэнгэрт суудалтай юу гэж өөрийнхөө нэр алдрыг хэлдэг учиртай. Бөөгийн шашин нь харын тэнгэр буюу цагааны тэнгэр гэж хосолдог. Тэднийг хянаж захирдаг 33 тэнгэр буюу улааны тэнгэр гэж бий. 99 тэнгэр гэж хамгийн дээд тэнгэрийг 13 ноёд захирагддаг. Энэ арын 13 ноёны эзэн гэж бас байдаг. Зарим бөө нар арын 13 ноёны нэг нь буудаг гэдэг. Тэгвэл түүнд хаан тэнгэр бууж байна гэж ойлгогдохоор байна. Тэр том тэнгэр бөөгийн ёс жаягыг дээдэлдэггүй хүмүүс бууж байна гэвэл бас л эндүүрэл болно шүү дээ.
-Онгод сахиусаа олон буулгахаар улам хүчтэй болж, энгийн үедээ ч зургаа дахь мэдэрхүйгээрээ хардаг юм билээ. Таны хувьд?
-Тэр үнэн. Миний хувьд өөрийн 6 дахь мэдэрхүйг ашиглаж, үзэх гэж байгаа хүнийхээ нүд рүү харж байгаад хариултыг мэдрэмжээрээ хэлж өгдөг. Мөн угтай хүнийг харахад л андашгүй байдаг болохоор шууд мэднэ. Сайн үзэж лавшруулахгүй бол хүний амьдралаар тоглох болно шүү дээ. Зарим нэг нь бузрын газар очиж бузартаад ухаан алдаж унадаг өвчин тусчихсан, сүнс хараад айчихсан хүнийг “Чи онгодоо харсан байна” гэж худлаа хэлж “Угаа ав” гэж хэдэн сая төгрөг авч албин тийрэн, сүнстэй нь холбочихоод хэнэгч үгүй байдаг хүмүүс нь их болжээ. Бүр Чингис хааны 9 өрлөгийн сүнс бууж ирлээ, тэр энэ хатад, хаадын сүнс буулаа гэж ярих юм. Үүнийг би эрс үгүйсгэдэг. Тэр тэнгэр заяатай хүмүүс удам судраа хараад бууж ирдэг байлаа гэхэд цаг хугацааны хувьд хэзээ ч таарахгүй. Ер нь бөө болсон хүн бүр тэр хаад, ноёд, тайж буулаа гэж ярьдагийг их гайхдаг. Бөөгийн онгод сахиус өмнө төрөлдөө 3 сайн буян хийж, тэнгэрийнхээ 3 шалгуураар шигшигдэж, дээд тэнгэртээ тэнгэр болж үлддэг юм гэсэн. Хүн төрөлдөө өөрөө хоосон хонож байхдаа өөрөөл бусдад хоолоо өгчихөөд, хоосон хонож, буян болсон хүнийг дээд тэнгэр харж, тэнгэр болгох шалгууртаа оруулдаг юм. Хар ухаанаар бодоод үзэхэд ч хүн төрөлдөө дутуу, хатууг үзээгүй ноёд, тайж нар харц ардаа зодож, занчихаас эхлээд нүгэл үйлдснийхээ хирээр дээд тэнгэртээ эрүү шүүлтэнд орж, нүгэл буянаа дэнслүүлж л таарна. Тэдний хүн насандаа буян үйлдсэн нь эргэлзээтэй л баймаар байгаа биз дээ. Тэр бүх дээд тэнгэрийн шүүлт шалгуурыг даваад энэ төрөлд ирэхэд 500-600 жилийн хугацаа орох байх гэж тооцож болно.
Миний тэнгэрүүдийн толгой тэнгэр нь бууж ирээд “Би хүн төрөлдөө гурван сайхан буян хийсэн” гэдэг. Нэгд нь “Би хундан цагаан хонь ээждээ хүргэж өгөх гээд явтал гурван өнчин хүүхэдтэй эх хүн таарахад нь жаахан борц өгч, ээж нь тэр борцыг гурван хүүхэддээ өгчихөөд өөрөө хоосон хоцорсон. Тэгээд тэр ээжийг өрөвдөөд нөгөө хонио тэдэнд өгсөн. Энэ нэг буян. Нөгөө нь холын зам туулж, өлөн зэлмүүн явсан бадарчин ирэхэд “Багахан ч гэсэн хоол өгөөч ээ” гээд ихээр үнэлэгдэх алт өгөөд гуйхад нь өөрийнхөө өлийг дөнгөж залгах үмх махаараа хоол хийж өгөөд, алтыг нь авалгүй явуулсан. “Эцсийн гурав дахь буяныг улаач хүү минь чи өөрөө олоорой” гэж хэлсэн. Би одоог хүртэл олоогүй л байна. Энэ бүхнээс судалж үзэхэд дайн дажин хийж явсан цэрэг жанжинууд, харц ардыг зарж, мөлжиж байсан ноёд тайжууд дээд тэнгэртээ тэнгэр болж үлддэггүй гэсэн үзэлд хүрсэн.
-Бөөгийн заслын зан үйлд галын тахилга гэж байдаг. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Галын тахилга нь 3 том үйлийн нэг. Уул ус, газар шороо, хангай дэлхийгээ тахиж, аргадах үйлийн дараа галын тахилга орно. Гал тахилга гэдэг нэгэн айлын бүх муу муухай үйлийг холдуулах засал хийхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл буян хишиг, ханийн заяа, үрийн заяа дуудах, хараал жатга, атаа жөтөөг ерөөлөөр хариулна гэсэн үг. Энэ заслыг тэр айлын эцэг эх гал голомтон дээрээ хийлгэхэд л тухайн айлаас гал үүсгэсэн бүх үр хүүхдэд нь хүрч үйлчилдэг сайн засал. Зарим бөө нар засал домыг буруу хийж, тухайн хүний амьдралд саар нөлөө үзүүлж байгаад миний сэтгэл их эмзэглэдэг. Хэдхэн төгрөгт шунаж, уг сахиустай нь биш албин тийрэнтэй холбож байна. Над дээр Б гэгч залуу өөрийнхөө амьдралыг үзүүлэх гэж ирсэн. Би үзэж байгаад “Чи нэг л болохгүй юмаар тоглож наадаад байна” гэхэд “Би нэг жилийн өмнө угаа авсан зайран байна” гэсэн. Миний онгодууд “Чи тоглох юмаараа тогло, чамд онгод сахиус алга, тийрэн зайлцан байна” гээд 3 өдөр бөөлж, бүх хуяг дуулгыг нь ууланд аваачиж шатаагаад засал домыг нь хийж өгсөн. Тэр залуу буруу уг авч бие нь өвдөж, ажил үйлс нь бүтэхгүй байсан. Одоо бүх үйлс нь бүтээд сайхан амьдарч явна. Ингээд бодохоор олноор төрж буй мөнгөний бөө нарт хандаж хэлэхэд “Битгий мөнгөний төлөө хүний амьдралаар тоглооч ээ” гэж гуймаар байна. Хэзээ нэгэн цагт та өөрөө болон тэр сайхан онгод сахиусаа дээд тэнгэрийн эрүү шүүлтэнд оруулах болно шүү дээ гэж хэлмээр байна.
-Тэнгэр, тийрэн хоёрын ялгааг сайн гаргаж хэлэхгүй юу?
-Хэнгэрэг, хэцийн дуунаар онгод сахиусаас гадна тэнэсэн олон тийрэн ороод ирэх тохиолдол их бий. Ер нь тэнгэр 100 хувь байлаа гэж бодоход тийрэн 99 хувь нь тэнэж явдаг. Тэгээд хэнгэрэг хэцийн дуунаар нөгөө тэнэсэн тийрэнгээс ирээд наалдчихдаг. Тийрэн чинь эхлээд бие олж буугаад тэнгэрийн аалиа гаргаж байгаад дараа нь тийрэнгийнхээ аалийг гаргаж, тухай хүний аж амьдралаар оролдож эхэлдэг. Тэнгэрийг хайна гэдэг чинь бухал өвсөн дотроос зүү хайхтай адил. Тэнгэр гэдэг чинь улаачаа сонгож сонжих, тамгалахаас эхлээд маш олон шалгуур тавина. Миний хувь тэдгээр тэнгэр хийгээд тийрэнг ялгаж чаддаг учраас “Зөнбилгийн тулаан” нэвтрүүлэгт оролцож байхдаа 22 настай охины сүнсийг дуудаж ээжтэй нь уулзуулсан. Тухайн үед улаач миний бие өөртөө итгэл муутай байхад, тэнгэрүүд маань итгэл дүүрэн байсан. Дараа нь миний тэнгэрүүд итгэл төгс байж чадсангүй гэж намайг манжигдсан /инээв/. Гэтэл нэврүүлгийн шүүгч болон тэр охины ээж нь талийгаачийн сүнс мөн байсан гэж баталсан. Ер нь би өөрт буудаг өвөг дээдсээ маш их хүндэлж явдаг. Онгод сахиусанд баатар жанжин, хаад, хатад бууж ирлээ гэж ярьдаг. Дахин хэлэхэд хүн төрөлдөө хүнийг захирч, ямбалж байсан хүмүүс энд буухдаа мөнөөх л эрх ямбийн зангаараа байгаад засал үйл хийж чадахгүй л болов уу. Эргэлзээтэй шүү.
-Энэ бүхнээс ялгаж салгахад бөөгийн шашинд залж оруулах багшийн үүрэг чухал нөлөөтэй. Таны өөрийн багш ямар хүн байдаг вэ. Та шавьтай юу?
-Миний багш бол ээжийн маань төрсөн дүү П.Туяа гэдэг удган бий. Багшийн маань хүү “Зөнбилгийн тулаан-5” тэмцээний шидэг 4-рт шалгарч байсан М.Төмөрчөдөр зайран. Ээжийн талын удамд том лам, ноёд, тайж нар байсан гэж өмнө нь би ярьсан даа. Тэгээхр бид нэг удмын бөө нар. Миний хувьд угтай гэдгээ мэдсэнээс хойш 10 гаруй жил болсон. Угаа аваад 6 жил болж байгаа ч өөрийгөө зайран гэх болсон нь сүүлийн 3 жилийг хэлнэ. Гарын 4 шавьтай. Босгосон бөө нараа нэг бүрчлэн тоочвол нилээд олон хүн бий. Шавь оруулахдаа сайн харж, тунгааж байж бөөгийн үйлийг зааж сургахгүй бол эргээд тухайн хүний удамд болон өөртөө муу үйлийг үлдээдэг. Миний сахиусууд үзсэн, үйлийг нь хийсэн хүмүүсээс гар хардаггүй. Харин 4 сайн шавиасаа хундан цагаан хонь нэг, мөнгөн аяга дөрвийг авч босгосон. Анх шавиасаа уг барьцийг авахад маш их бэлэгшээсэн. Маргаашнаас нь л миний ажил амьдрал цэгцэрч, хөөрхөн охин минь мэндэлж, амьдрал маань дээшилсэн. Тэр бүхэн хэдийгээр өргөл барьц болов ч миний хувьд өөдөлж дээшлэхийн бэлэг дэмбэрэл учраас маш их бэлэгшээсэн. Гэтэл уг авахуулж шавь босгож байна гээд хэдэн арван саяаар нь авдаг хүмүүс их байна. Тиймээс уг авах гэж байгаа хүмүүс багшаа зөв сонгоосой, үйлээ зөв хийгээсэй гэж хүсч явна.
“Зөнбилгийн тулаан-6” тэмцээнд оролцсноор өөрийнхөө чадварыг дээшилсэн гэж үздэг үү?
-Миний зөн билэг, бөөгийн чадвар 50 хувьтай байсан бол тэмцээнд оролцсоноор 90 гаруй хувьтай болж өөрчлөгдсөн гэж боддог. Тиймээс далд авьяас, зөн билэгтэй чадалтай олон өрсөлдөгчидтэй өрсөлдөж, төгсгөлийн шалгаруулалтанд шилдгээр тодорч чадсандаа баяртай байна. Дашрамд дурьдахад өөрсдийгөө үзмэрч, лам, бөө, зөн билэгтэн олноороо төрөх болсон цаг үед чадвартайг чадваргүйгээс нь ялгаж тодруулдаг “Зөнбилгийн академ”-ийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. Энэ тэмцээнд миний бусдаас ялгарсан гол онцлог бол сүнстэй холбогдож чаддагт байсан. Тэгээд эзэнгүй хэргүүд дээрх даалгавруудаа амжилттай биелүүлж, хамгийн хүчтэй өрсөлдөгч Намчин-Иш, Оюунчимэг, Хосбаяр, Дашдорж нартайгаа эн тэнцүү өрсөлдөж байлаа.
-Мэдээж хүн өөрийгөө сорьж, хөгжүүлдэг. Таны хувьд Оросын “Зөнбилгийн тулаан”-д оролцох уу?
-Өөрийгөө сорьж, чадвараа таниж мэдсэнээс хойш янз бүрийн тэр дундаа Оросын болон олон улсын тэмцээнд оролцох сонирхол байхгүй. Энэ удаад өвөг дээдсээ биш өөрийгөө сорих гэж, чадал чадвараа хэр хэмжээнд байгааг мэдлээ. Өөрийгөө бөө гэдгээ баталж, зөн билгийн мэдрэмжтэй гэдгээ нотолж чадлаа. Хүүхэд насандаа алдаж явсан бүхний учир шалтгааныг тайлсан учраас илүү их таниулах сонирхол байхгүй ээ. Харин Монголын ард түмэн надад итгэж, зориод ирвэл энэ биеийн өчүүхэн чадлыг зориулахад бэлэн байна.
-Сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

Зохиолч, СГЗ Чинагийн ГАЛСАН:
ЭХ /ӨГҮҮЛЛЭГ/
Бүжин дөчин еснийхээ жил дээр явчихлаа. Өнгөрөхийнхөө урдхан Дожидыг дуудуулжээ. Тэр нь олон жилийн өмнө нөхрийг нь салгаж суусан нэгэн. Хоёр бүсгүйн хооронд эхэндээ юм юм л болоод өнгөрчээ. Харин Сүнжидээс хойш нэг нэгнийхээ замаас зайлсхийж энд тэнд хааяа тааралдвал мэнд ус ч үгүй, хэн хэн нь хараагүй царайлдаг болжээ. Чингэхдээ нэг нь нөхрийн минь толгойг залгисан бузар эм! гэж бодож байхад нөгөө нь нөхрийг минь зовоож явсан өөдгүй эм! гэж бодох мэт. Тэгтэл одоо нэгнийх нь хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж, нөгөө нь, үхэх хүний гуйлга болсон хойно яая гэхэв, очиж уулзах болжээ.
Дожид эмнэлгийн хаалганы хүйтэн төмөр бариулд гар хүрэхдээ агзасхийтэл жихүүцэн, бас л ийм хатуу, цэвдэг үг дуулах байх даа гэж зүрх алдан бодсон нь оносонгүй, Бүжин түүнийг хонзон хорслын ул мөр ч үгүй ухаалаг талбиун харц, уянгалаг зөөлөн дуугаар угтжээ. Биеийнх нь байдлыг лавласан асуултад бэлгийг хичээсэн цөөн үгээр тойруулсхийн хариулснаа шууд л ярьж гарсныг бодоход үгээ эртнээс цэгцэлчихээд хадгалж байсан нь илт "Хоёр бие хоёр гэрийг маань холдуулавч бас холбож явсан хүнийг ядахдаа үгүй болсны дараа би чамтай уулзаж цайралцах хэрэгтэй байж. Даанч богино ухаантай төрсөн хойно яая гэхэв. Харин сая л ойлголоо. Үрийн маань эцэг, миний жаргааж чадаагүй тэр хүнийг жаргаасны чинь төлеө би чиний өртөн явжээ. Тэр өрөө чамд би төлөхөес одоо нэгэнт хожимджээ. Гэхдээ хүү минь л миний төлөөнөөс төлөхийг ч хэн байг гэхэв" гэхэд нь Дожидын нүүрнээс гал бутрах шиг боллоо. Хөлд нь нүүрээ нааж байгаад: "Үгүй дээ, Бүжин минь, үгүй! Би л чамд төлж баршгүй их өртэй. Харин хүүд чинь л төлөхийг хичээе" гэж хэлмээр байсан ч дуугаръя гэтэл хоолой нь тагларч, хөдөлье гэтэл бие нь хөшиж орхиод яаж ч болсонгүй.
Бүжин хүүгийнхээ тухай ярьсан нь, аашаараа ч эцгийгээ өвчсөн, гаднаасаа донгиодуу юм шиг харагдах атал цаанаа юм юмыг айхтар лав тусгаж авдаг, эмзэг эрх дураараа амьтан бололтой. Зун ч, өвөл ч, цайг халуунаар нь уудаггүй, заавал зайлж хөргөөд аль гэдэг, шүүрхийдүү чанасан булчин маханд дуртай, дэргүй, харин хелийнхөө уланд дэр шиг юм хийж унтдаг, бас хөмсөг Зумбын бага охинтой тоглож өссөн, хоорондоо ивээл жилтэй юмсан гэнэ. Энэ бүхнийг ярихад хэдхэн хором л оржээ. Дараа нь эмч ирж Дожидыг гаргав. Энэ бол хавар болсон хэрэг.
Намар нь Бүжингийн хүү Ангир цэргээс халагдав. Тэрээр ээжийнхээ өнгөрснийг дуулсан, хэдэн мал, гэр орныхоо учрыг олчихоод буцна гэсэн яриатай иржээ. Хаана; хэнийд байхаа ч мэдэхгүй, дотроо гайхазнавч "Танайд хэд хоноё' гэж цуг алба хаасан нөхөддөө хэлж нэг л зүрхлэхгүй шаналж явжээ. Харин сумын төвд буутал Дожид гуайн хүү: “Ангиа ахаа!" гэсээр тосон гүйгээд ирэв. Цэрэгт явахаас өмнө ах дүүсэх нь бүү хэл, хоёр биеэрээ тулан уулзаж явсан нь үгүй, ер нь нутаг нугын опонх айлын хүүхдүүдийн л адил зүс мэдэхээс цаашгүй явжээ. Гэтэл одоо тийнхүү ахайлж дуудсаар хүрээд ирсэнд тэвдэвч, ёсыг бодон ах настайгийн хувьд тосон золгож зулайгий нь үнэрлэжээ. Тэгээд өөрийг нь авахаар хөтөлгөө морьтой ирснийг дуулахдаа баярласан гэж тоймгүй.
Уяан дээр буутал Дожид гуай гэрээс гарч санд мэнд гүйсээр ирж хоёр хацрыг нь үнсэн угтав. Тэгээд гэрт орж аян замынхаа тоос, хөлсийг дөнгөж нимгэлтэл тэрээр тогоонд оргиж байсан цайнаасаа шанагыг тасалж саалийн хувинд хэд зайлснаа: "Ам нь цангаа биз, бяцхан зөөгтүүлчихлээ" гэсээр аягалан барив. Дараа нь дэргэдэх гол дээр очиж усанд орчихоод ирвэл ч хоол ч бэлэн болжээ. Тэр нь шаант, богтоос оролцсон хэдэн бүхэл мах, огтлоод орхивол бор шүүс урсаж байна. Үүнийг харсан дүү нь "Олигтойхон болгочихгүй дээ!" гээд ээж рүүгээ хяламхийсэнд цаадах нь "Шүдтэй таанууст шүүстэй нь дээр биз" гэсхийж өнгөрөв. Орой унтах цаг болоход Дожид; "Энэ пүрштэй оронд дэртэй хэвтвэл хүүхдийн сээр нуруу чилчихвий. Харин нойрондоо төмөр өшиглөчихөж мэдэшгүй, уланд нь жийрэг ивчихье" гэсээр орыг нь засч өгөв. Хзвтсэн хойноо бодоод үзвэл энэ өдрийн явдал Ангирт зүүд юм шиг санагджээ. Нутаг ус нь мөн атал гэр нь биш, гэтэл гэр нь биш атал ор нь мөн юм шиг бас ээж нь үгүй юм шиг атал, өөрийнх нь төлөө хэлж, хийдэг үг, үйлс нь үлдчихээ юу гэмээр Дожид гуайг ийм хүн гэж ер санасангүй. Ээж ч, бас энэ эгч ч хэн хэнээ чухам тийм хүн гэж мэдэхгүй байсан байх, эс тэгвэл хоёул хоорондоо сайн байх байсан бий. Аав л харин хоёулангий нь таньж мэдээд тэр хоёрын, хоёр гэрийнхээ, дүү бид хоёрын хооронд яваад байсан юм болов уу.
Өглөө босоод ирвэл цоо шинэ малгай, дээл, бүс, гутал орных нь өмнө байж байна. Дожидын хэлэхийг сонсвол эзгүйд нь хийж тавиад сүүлчийн хэдэн утас шидээсийг сая л гүйцээжээ.
"Үдээс хойш морь эмээллүүлж аваад нутгийнхаа айлуудаар орно уу даа, хүү минь. Энүүхэн дор Хайлантын цутгаланд хөмсөг Зумба гуайнх бий. Ээжийг чинь эргэж тойрч л байсан, дараа нь ажил явдалд нь ч явалцсан хүмүүсийн нэг дээ. Ганцаардвал дүүгээ дагуулж явна биз" гэнэ.
... Тэр намраас хойш хэдэн жил өнгөрчээ. Өчигдөрхөн зүүрмэг даан хөх ногооны униарт аниргүйхэн умбаж байсан Хээлэнт, Хайлант, Хүйлэнт гурван голын бэлчир өнөөдөр үхэр мал үзэгдэж, нэгэн гэр буув. Ангир ээжийнхийгээ нүүлгэн ирж зөөвөр тавьж байгаа нь тэр ажээ.

Ардын жүжигчин А.Энхтайван: Чингис хааны дүрийг бүтээсэн хүн бүхэн Их хааныхаа өмнө “өр”-тэй
Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Агваанцэрэнгийн Энхтайвантай уулзаж хөөрөлдлөө. Хэнтий аймгийн Баян-Адрага суманд 1958 онд төржээ. Тэрээр УБДС-ийн кино драмын ангийг 1980 онд, ЗХУ-ын Свердловск хотын Уралын хөгжмийн дээд сургуулийг 1985 онд дүүргэжээ. Сонгодог урлагийн академик театрт гоцлол дуучнаар ажиллажээ. Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг 1996 онд хүртсэн жүжигчин маань Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа”-гийн Төмөртөр хаан, Ц.Нацагдоржийн “Гэсэр”-ийн Гэсэр, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой”-н түвд худалдаачин, Ж.Вердийн “Риголетто”-гийн Герцог зэрэг үндэсний болон сонгодог дуурийн гол дүрүүдэд амжилттай дуулж жүжиглэжээ. Тэрээр дэлхийн сонгодог болон Монголын үндэсний олон дуурийн дүр бүтээснээс гадна “Балжийн гол”, “Ононы шугуй”, “Хан Хэнтий уул минь”, “Ээжийнхээ ачийг яалаа даа” зэрэг олон дууны аялгуу зохиосон уран бүтээлч билээ. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Чингис хааны дүрийг, дэлхийн кино урлагийн түүхэнд бүтээсэн анхны монгол хүн юм.
-Таны уран бүтээлд буриадуудын тухай их тусгадаг. Өөрөө буриад хүн үү?
-Би ч одоо буриадсаад байх ч юу байхав. Хүмүүс намайг “Чи буриад” л гэдэг юм. Би ч айхтар “Би буриад биш” гэж зүтгэдэггүй. Тэгэхдээ унаган удам угсаагаараа би цэвэр халх монгол хүн. Миний ус нутаг Хэнтий аймгийн Баян-Адарга, Биндэр сумын зааг.
Аав минь надад Баян-Адаргын Баян-Өлзийт багт төрсөн гэдэг. Сүүлд сонсох нь ээ, Биндэрийн Бор-Овоогийн Уртын эх газар төрсөн гээд байгаа. Миний бие бол Бор-Овоогийн Уртын эхийг л тоонотоо гэж бодох болсон. Биндэр гэхээр хүмүүс буриад гэж ойлгох нь бий. Аав ээж хоёр минь хоёулаа халх, бүр боржигон хүмүүс юм.
-Өө, та чинь тэгвэл ёстой цэвэр халх монгол хүн байна шүү дээ?
-Аав Шаравын Агваанцэрэн Хөвчийн Жонон вангийн нутаг Баян-Адаргын хүн. Хөвчийн Жонон вангийн хөх харчуулын нэг л гэж би өөрийгөө боддог. Ерэн нэгэн онд би удам угсаа, гарал үүслийнхээ талаар ааваасаа асууж байлаа. Тэгэхэд аав минь Хэнтийн Өндөрхаанд бие муу хэвтэрт байсан.
Би гэдэг хүн эзэн хааныхаа дүрд тоглоод байж байдаг. Балжинням найруулагчаас хоёр хоногийн чөлөө аваад Өндөрхаанд очиж байв. Тэр бол аавтайгаа уулзсан, үг яриаг нь сонссон сүүлчийн уулзалт байлаа даа. Би хөвч тайгаар нутаглаж байсан монголчуудын их дээд удам угсаатны нэг нь юм.
-Удам судраа хөөхөөр Чингис хаантайгаа холбоо сүлбээтэй болох нь уу, тэгээд?
-Мэдэхгүй, тэрийг би одоохондоо сайтар судлаагүй байна. Тэгэхдээ аавын маань аав Намсрайжав тайж гэж дөтгөөр зэргийн хохь тайж хүн байсан. Хөгшин ааваас маань дөрвөн сайхан хүү төрсний отгон нь миний аав. Аавыг хоёр настай байхад айлд өргүүлсэн юм билээ.
-Урлагийн хүн болох гэж багаасаа мөрөөдөж байв уу?
-Би эмч болох гэж зүтгэдэг, бүр бэлдэж байсан хүн. Аравдугаар анги төгсөхөд Анагаах ухааны их сургуулийн хуваарийг “Хармааны оноо илүү” гэдэг шалтгаар өөр хүн луйвардаад авчихаж байсан. Тухайн үед би “Очиж, очиж миний хуваарийг аваад байхдаа яахав дээ” гэж гомдож л байсан.
Зарим нэг хүн надад гай болох гээд тус болчихсон юм болов уу гэж боддог юм шүү. Хүүхэд байхдаа ганц нэг хүүхдийн дуу дуулдаг байсан л даа.
-Урлагийн сургуульд тэгээд яаж оров?
-Тэгээд хотод орж ирээд Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгуулж орсон. Том эгчийн маань нөхөр тэнд шалгуулах санал тавьсан л даа. Ээждээ хэлж, ээж намайг дагуулж очиж шалгуулж оруулсан. Хөгжим бүжигт байх дөрвөн жилийн хугацаанд хөгжмийнхөө суурь боловсролыг, урлагийн хөлөө олсон гэж боддог юм.
Хайдав багш дээрээ дөрвөн жил хичээллэж, Оросын мэргэжилтэн багш нараар хөгжмийн онолын хичээл заалгаад, Уралын Хөгжмийн дээд сургуульд явсан хүн шүү дээ. Тэндээс л урлагийн амьдрал эхэлсэн.
-Та хөгжмийн зохиолчийн хувьд дууны болоод хөгжмийн уран бүтээл аль хэр хийв дээ?
-Миний мэргэжлийн дуучдад зориулсан, симфони оркестртой дуулах хоёр зуугаад дуу бий. Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони хоёрын ноотны санд байгаа нь гэсэн үг шүү дээ.
Сүүлийн үеийн медиа хөгжимтэй хийсэн нийтийн дуу гурван зуугаад орчим юм байна. Нийтдээ таван зуугаад дуу хийсэн юм болов уу. “Хүн танаа”, “Тэмүжин Танаа” гэсэн хөөрхөн симфони удиртгал маягийн юмнууд бий. Бас таван киноны хөгжим бичсэн байдаг юм.
-Ямар ямар кинонуудын хөгжим билээ?
-Хамгийн эхлээд “Мойлхон” киноныхоо хөгжмийг дангаараа бичсэн. Энэ хөгжмийн симфони оркестрийн хөрвүүлгийг 2008 онд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, “Чингис хаан” одонт, төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав ах маань хийж өгч байсан.
Казах, Монголын хамтарсан “Хүмүчи мэргэн” киноны хөгжмийг бичсэн. Японд болсон олон улсын кино урлагийн наадмаас хөгжим нь гранпри шагнал хүртэж байлаа. “Үхэрт Хүйтэн” гэж киноны хөгжим байна. Үхэртийн нууранд Хүйтэний булаг нь цутгадаг. Энд 1915 оны үед амьдарч байсан хоёр сайхан залуу хосын тухай “Үхэрт Хүйтэн” хэмээх ЮНЕСКО-д бүртгэгдсэн дуу байдаг.
Энэ дуунаас домоглосон киног манай эхнэр Б.Баярмагнай бичиж, Өмнөд Монголын гурван баргынхантай хамтарч хийсэн юм. “Тэнгэрийн хүү” гэдэг түүхэн кино, Улаанбаатарын шар хантаазтнуудын тухай “Бардо” гэсэн кинонуудын хөгжмийг бичсэн юм байна. “Тэнгэр язгуур” хэмээх дуулалт киног 2016 онд хийлээ. Гоцлол, ари, романс, дуэт, квартет, найрал дуу гээд бүрэн хэмжээний төрлүүд багтсан дуулалт кино л доо.
-“Морин хуур” наадамд аялгууг нь зохиосон дуугаараа тэргүүн байр эзэлж байсан даа?
-Дуунд дуртай Монголын ард түмнийг баясгаж цэнгүүлдэг оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур” наадмыг 1987 оноос зохиох болсон байдаг. Би гучин нэгдэх удаагийн наадмын тэргүүн шагналыг хүртсэн. Өмнө нь бараг хорь гаруй наадамд нь ямар нэгэн байдлаар оролцсон байсан.
Оны шилдэг дуу, хөгжмийн зохиолч, шилдэг уран бүтээлч шалгаруулна гэдэг анхандаа тодорхой хүрээний ажил байснаа сүүлдээ нийтийг хамарсан зүйл боллоо. Энэ наадамд эхэндээ хөгжмийн зохиолчид л оролцдог байлаа.
-Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Ижийнхээ ачийг яалаа даа” шүлэгт та сайхан аялгуу зохиосон шүү…
-1989 онд “Залуучуудын үнэн” сонин дээрээс яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн “Ижийнхээ ачийг яалаа даа” хэмээх шүлгийг олж үзээд ая хийхээр шийдлээ. Гурван бадаг бүхий тэрхүү шүлэг миний сэтгэлийг их хөдөлгөсөн юм. Дэвтрийн гол цаас урж аваад харандаагаар шугамдаж нотоо тэмдэглэн төгөлдөр хуурын хэсгийг нь бичсэн.
Ингэж “Ижийнхээ ачийг яалаа даа” дууны хөгжим бүтсэн. Тэр оны намар Дуурийн театр улирлын нээлтээ хийхээр болж, “Учиртай гурван толгой” дуурийг тоглохоор бэлдэж байсан. Энэ тоглолтод Нансалмаагийн дүрд ардын жүжигчин Х.Уртнасан гуай хуваарилагдсан байлаа. Түүнд хийсэн дуугаа сонирхуултал “Сайхан болж. Эгч нь аваад дуулчихъя” гэсэн. Тэр оныхоо “Алтан намар” хөгжмийн наадамд би энэ дуугаараа оролцож хоёрдугаар байр эзэлсэн дээ.
-Дууны уран бүтээл сүүлийн үед нэг л ахицгүй санагддаг. Танд юу гэж бодогдох юм?
-Үнэн шүү. Найман настай балчраас наян настай буурал хүртлээ гэртээ “Найгал гол”-ыг найгатал нь найман түмнээ жаргатал нь дуулдаг байсан хоолойны чадал багтаамж сүүлийн хориод жил тун багасаж ирлээ.
Хөдөөгүүр явж байхдаа ажиглахад “Тэрний дуулдаг, энэний дуулдаг дуу” гэсэн үглэдэг муусайн дуу л сонсогдож байх юм. Том дуунуудыг дуулахад сонирхолтой болгох, “Дуулдаг хүн дуулаад явмаар, дуулдаггүй хүн сонсоод явмаар” дуунуудыг төрүүлэхэд “Морин хуур” наадам чухал нөлөөтэй. Айлын найран дээр очоод “Эр бор харцага”-ыг бөөнөөрөө дуулахад хэчнээн том багтаамжтай дуу билээ дээ. “Хэрлэнгийн баръяа” гэхэд аль хэр чадалтай хоолойг шаарддаг билээ.
Ардын бэсрэг дуунууд гэхэд л дээшээ, доошоо гүйсэн, үсэрсэн ямар мундаг дуунууд байдаг билээ дээ. “Өөрийн нутаг” гэсэн дуу байлаа гэхэд л тэр дээр цангинаж байснаа тэртээ доошоо унаад л ямар гайхамшигтай нугалаа, аязтай сан билээ. Монголчууд маань ийм сайхан дуунуудаараа хоолойгоо хөгжүүлж ирсэн байна.
Сүүлийн жилүүдэд алдагдсан хоолойн чадлыг нөхөхөд “Морин хуур” наадам маш их нөлөөлнө. Эл наадамд мэргэжлийн бүх төрлөөр нь шалгаруулах хэмжээнд оччихлоо. Мэргэжлийн, нийтийн, эстрадын дуу гэсэн төрлүүдээр шилдгүүдийг шалгаруулж эхэллээ. Энэ бол яах аргагүй дэвшил шүү.
-Та “Дангина” дууныхаа тухай яриач?
-Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ганболдын Сонинбаяр бид хоёр хамтарч хэд хэдэн дуу бүтээсэн. “Цэцэн ханы нутаг” гэсэн сайхан дуу хийж дуучид кино концерт маягийн юм хийж дууллаа.
Сонинбаяр найрагч “Дангина” хэмээх шүлгийг хоёр жилийн өмнө өгсөн юм. Бодож явсаар аялгууг нь хийж, найруулгыг нь “Анир” студийн Алтанхуяг 2016 оны өвөл хийсэн. Энэ дууг анх Хэнтий нутгийн хүү, дуучин Чулуунбаатар дуулсан юм. Дуучин Цэрэнчунт бас дуулж, цахимд ч тавьсан.
Хэнтийн Батширээтийн хүү, дуучин Нямдаваа маань “Дангина”-г дуулж “Морин хуур”-т оръё гэж гуйсан. Би өмнө нь Нямдаваад “Балжмаахан”, “Сэнхэр нутаг” гэсэн дуу хийж өгч байлаа. Буриад талын уран бүтээлийг хөгжүүлье гэсэн буриад сэтгэлгээтэй хүүхэд л дээ.
Нямдаваа “Дангина”-гаар нэгдүгээр шатнаас л өндөр оноо авсан. Хоёрдугаар шатанд тасархай оноо авч тэргүүлсэн. Сонинбаяр дууны үгээ бүгдийг буриад аялгад оруулъя гэхэд нь би “Хэрэггүй ээ, өнөөдөр халх талдаа үгтэй байж нийтийн хүртээл болно. Буриад тал нь цөөхөн. Тэгэхээр цөөнхөд зориулсан юм болчихно. Халхуудынхаа дунд амьдарч буй юм чинь халхууддаа зориулсан байх нь зөв юм уу” гэж учирлаж байж энэ дуу бүтсэн дээ.
Үнэндээ Монгол Улсад 48-49 мянган буриад байдаг юм шүү дээ. “Дангина” дууны нэртэй кино зохиолыг соёлын тэргүүний ажилтан Бямбаагийн Баярмагнай бичсэн дээ.
-“Дангина” юун тухай кино билээ?
-Дангина гэдэг чинь ерөөс дагина гэсэн үг л дээ. Дагина гэж гоо сайхан, үлгэрийн гүнжийг л хэлдэг шүү дээ. Үлгэрийн буюу Хурмастын хааны охиныг дагина гэдэг. Киноны гол санаа нь юу вэ гэвэл Асур тэнгэрийн долоон гүнж газар дэлхийд бууж цэнгэг усанд булхаад нисдэг. Газарт буухдаа гоо сайхан долоон охин болдог, нисэхдээ хун болон оддог.
Есдүгээр зууны дунд үед монгол нутагт аж төрж асан Хорь Түмэдийн ноён Хорилардай мэргэн долоон гүнжийг бууж ирэхийг ан хийж явахдаа хараад нэгнийх нь хунгийн өмсгөлийг нуугаад авчихаж байгаа юм. Энэ дагина энд үлдсэнээр киноны үйл явдал цааш өрнөдөг. Манай буриадуудын дунд Дангина гэдэг үг тэр домгоос улбаатай болов уу гэж би боддог юм.
-Ардын уран зохиолч С.Эрдэнэ, төрийн шагналт зохиолч Дарма Батбаяр, эрдэмтэн-зохиолч Дүгэржавын Маам нарын их туурвилчдын зохиолыг нь бичсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд Их хааныхаа дүрийг бүтээх их хувь заяа танд л тохиож дээ. Та энэ дүрээрээ дэлхийн монгол туургатны их хаан боллоо. Тантай уулзатлаа би “Их хаан”-аа хэмээн дотроо ихэд сүслэн хүлээж байлаа?
-(Инээв) Монголчуудын нандигнан хадгалж, өнөөг хүртэл шүтэн биширч, үр хүүхдэдээ үлгэр мэт ярьж өгдөг нэг том бүтээл бол “Монголын нууц товчоон” юм. “Монголын нууц товчоон” хэмээх энэ агуу бүтээлийг нэлээд хэдэн орон амьдруулах, дүрсжүүлж, кино болгохоор зориглосон байдаг юм билээ. Монголчуудын хувьд наян есөн оны өвөл Чингис хааныг мөнхжүүлэхийн тулд зүтгэсэн.
Тэр үед С.Эрдэнэ, Д.Батбаяр, Д.Маам нарын агуу их зохиолчид зориг шулуудан зохиолыг нь бичсэн. “Мандухай цэцэн хатан” Ш.Нацагдорж гуайн бичсэн зохиол шүү дээ. Хаалттай нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байсан түүх гээч юмаа их сайхан зохиомжилсон бүтээл шүү дээ. Дүрийг нь ч манай Сувдаа эгч сайхан гаргаж ирсэн.
“Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын хувьд бол хөдөлгөж болшгүй нэг зүйл “Монголын нууц товчоон” хэмээх судар байсан. Энэ судраар Өмнөд монголчууд маань кино хийчихсэн, Америк, Германчууд кино хийчихсэн үе шүү дээ. Миний хувьд төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ахад их талархаж явдаг.
-Жанцанноров гуай таныг “Мөнх тэнгэрийн хүчин дор” уран сайхны кинонд тогло гэсэн юм уу?
-Наян есөн оны арванхоёрдугаар сард төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Нацагдорж багшийн “Үүлэн заяа” дуурийн нээлтийг хийсэн. Би тэр үед ДБЭТ-таа ажиллаж байлаа. Эхний тоглолтыг үзэж гарч ирээд Жанцанноров гуай “Энхтайван чамд баяр хүргэе. Чи маргааш дуулах уу” гэсэн. “Дуулна аа” л гэлээ. Тэгсэн маргааш нь “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны багийг тэр чигээр нь авчирч үзүүлээд, надтай уулзан, Кино үйлдвэр дээр намайг аваачсан. Тэгэхэд Монголын урлагийн байгууллагуудаар хот хөдөөгүй яваад таван зуу гаруй проб хийчихсэн байсан шүү.
-Хөөх, ёстой олон хүн шалгаруулалтад орж байж дээ?
-Ерэн оны хоёрдугаар сар хүртэл видео проб хийгээд “Та тэнцлээ” л гэсэн. “Би тоглохгүй, Дуурьтаа ажиллана” гэлээ. Эрдэнэбулган ах намайг “Тэр кинонд тогло чи. Чи наад толгойгоо мэддэг юм уу. Наадах чинь төрийн мэдлийн улсын толгой. Чи юундаа хийж энд хоргодоод байгаа юм” гээд сандлын мод бариад хөөж байсан даа.
-Таны үнхэлцэг хагарахаа шахсан биз?
-Тэгснээ дараа нь намайг өрөөндөө дуудаад “Эзэн Богд Чингис хааны дүр гэдэг чинь хүнд тийм амархан олддог юм биш. Чи яв, тогло. Чиний 875 төгрөгийн цалинг 1250 төгрөг болгож Кино үйлдвэр рүү шилжүүллээ. Яамны сайдын цалин гэсэн үг. Хоёрхон жил шүү дээ. Завсарт нь Дуурьтаа дуулаад явж бай” гэсэн.
Би чинь Свердловскийн Уралын хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд дөнгөж тавхан жил дуулж байсан үе байхгүй юу. Би энэ таван жилд Дуурийн театртаа эрэгтэй хүний нарийн тенор хоолойны сонгодог бүх фактурыг хийчихсэн байсан юм. Тэрийгээ хаяад явна гэдэг надад их гунигтай байсан.
-Босгосон бүхнээ л нураана гэсэн үг байжээ дээ?
-Кинонд хоёр жил явчихаад ирээд дуулна гэдэг дахиад шинээр сурахтай адил юм болно шүү дээ. Хөгжим гэдэг чинь тийм нарийн, тэгж хүний ой тойнд шингээж байж, цэг таслалгүй гэдэг шиг бүх пауз энэ тэрийг цээжилж байж дуулдаг байхгүй юу. Булгаа ахыг учирлаад байхаар аргагүй Кино үйлдвэр рүү шилжиж очсон доо.
-Чингис хааны дүрд таны төрх л ойрхон байсан юм байх даа?
-Ер нь манай Балжинням багш ярьдаг юм. “Анх чамайг хааны 45 насны дүрд будуулаад ороод ирэхэд гол руу зураад л явчихсан” гэдэг юм. Би хэний дүрд тоглож буйгаа ч эхэндээ мэдээгүй. Төрийн соёрхолт зураач Пүрэвсүхээс асуухад “Яг шүү” гэж байсан. Эрдэнээ гуай, Батбаяр гуай, Маам гуай, Шаравдорж гуай нар намайг гарсны дараа “Ёстой сонин хүүхэд юм аа. Энэнтэй л ажиллая” гэцгээсэн байдаг юм.
-“Мөнх тэнгэрийн хүчин дор”-оос өөр ямар кинонд тоглолоо?
-Энэ кинонд тоглосноос хойш маш олон найруулагчид “Кинонд тоглооч” гэж урьж байсан. Төрийн шагналт найруулагч Балжинням багшдаа хэлтэл “Үгүй яахав дээ, Чингисээс илүү дүр бүтээнэ гэвэл тоглоод явахгүй юу” гэсэн. Тэгээд л би тэр саналуудыг хүлээж аваагүй дээ.
-Танаас хойш маш олон Чингис “төрсөн” дөө?
-Гаднахаа тоочихоо байг гэхэд дотооддоо маш олон Чингис төрсөн. “Хасар” Жагаа маань Чингист тоглолоо, Жамухад тоглосон Цагааны Төмөрбаатар маань Чингист тоглосон. Манай Шихихутагт тоглосон Батбаатар маань ч нэг Чингисийн дүр гаргасан. Махааны Оргил бас “BBC”-гийн ч бил үү, Чингист тоглосон гээд яриад байдаг.
Би мэргэжил нэгт урлагийнхан, жүжигчдээ Чингис хааны дүрд тоглохыг ер буруушаадаггүй. Монгол эр хүн болж төрснийхөө хувьд тоглох л ёстой, бүтээх л учиртай. Гагцхүү хэн нь ямар дүр бүтээж, яаж ард түмэнд хүрсэн бэ гэдгийг манай ард түмэн өөрснөө л шийднэ. Аль Чингисийг шүтэх нь тэдний л дур. Өнөөдрийн байдлаар Чингис хаанд тоглосон бүх найзууддаа би баяр хүргэе. “Атга нөж” жүжигт Догмидын Сосорбарам маань сайхан дүр бүтээлээ. Би харин эдэндээ нэгэн зүйл учирлах гэсэн юм.
-За юу учирлах нь вэ?
-Чингис хааны дүрийг бүтээсэн хүн бүхэн Их хааныхаа өмнө өртэй. Тиймээс энэ сайхан дүрийг бүтээсэн Монголын уран бүтээлчид минь ээ, бүгдээрээ нэгдэж нийлээд Бурхан Халдун уулан дээрээ очдоггүй юм гэхэд наад Цагаан арал дээрээс нь Бурхан Халдуныхаа оройг харж байгаад Их хааныхаа ариун цагаан сүнсэнд хүндэтгэл үзүүлсэн нэг юм зохион байгуулах юм сан.
Их хааныхаа хувцас хунаргүй ч байсан амьдралынхаа жирийн хувцастайгаа очоод үнэн сэтгэлээсээ өчил өчөөд сайхан тахилга тайлга хийчих юм сан гэж би боддог юм. Тэгвэл мөн ч сайхан аа. Үүнийг л дамжуулж өгөөч гэж гуйя даа.
Л.Батцэнгэл

zxc4571
zxc4571
zxc4572
zxc4572
zxc4573
zxc4573
Previous Next Play Pause
zxc4571 zxc4572 zxc4573

А.Очир: Тэмүжинд Чингис цол өргөмжилсөн нь туулийн баатар шиг тэнгэр язгууртай гэдгийг нотолж байна

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Тус хуралд “Чингис хаан” нэрийн учир сэдвээр илтгэл тавьсан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн тэргүүлэх профессор А.Очиртой ярилцлаа.

-Чингис хааны үйл хэргийн талаар гадаад, дотоодын 150 гаруй эрдэмтэн шилдэг илтгэл хэлэлцүүллээ. Их хааны гавьяа болоод үлдээсэн сургамжийг хэрхэн цэгнэж байна вэ?

-Чингис хааны гавьяаг Монголын төдийгүй дэлхийн түүхэнд өндрөөр үнэлж байна. Өөрийн төрсөн үндэстэн монголчуудаа дэлхийн түүхэнд эргэлт буцалтгүй оруулж өгсөн гэж үздэг. Үүнийг Монгол талаас нь харж хэлж байгаа. Харин дэлхийн түүх талаас нь харвал Чингис даяарчлалын эхлэлийг тавьж өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засаг, улс төр, соёлын харилцааг өргөн дэлгэр болгох үүд хаалгыг нээж өгсөн гавьяатай.

Хуучин цагт Чингис хааныг байлдан дагуулагч харгис хэрцгий гэж үздэг байсан. Гэхдээ хоёр талтай. Нэг нь Чингис хааны гавьяа үйлс бол нөгөөх нь сөрөг талаас нь харж ирсэн. Жингийн туухайн дээр тавьбал эерэг тал буюу түүхэнд оруулсан хувь нэмэр нь илүү жин дарж байна. Тиймээс зах зээлд шилжиж, Монгол орон нээлттэй болж, эрдэмтэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж эхэлсэн үеэс Чингис хаан судлал, Монгол судлал өргөжин дэлгэрч байна.

Их Монгол Улс, Эзэнт гүрнийг байгуулсан үйл явдал бол Чингис хаантай салшгүй холбоотой. Дэлхийн хуурай газрын тэн хагасыг эзэлсэн Эзэнт гүрнийг монголчууд байгуулсан. Тэр үед цэрэг, техник талаасаа ч хамгийн хүчирхэг байсан нь Чингис хааны гавьяатай холбоотой. Чингис хаан Монголын анхны нэгдсэн тулгуур төрийг байгуулж өгсөн. Энэ бол монгол үндэстэн, угсаатан бүрэлдэн тогтох, Монголын соёл төлөвшиж хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн. Урьд нь Татар, Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Онгуд, Ойрад гэсэн жижиг аймаг хоорондоо байлдсан тархай бутархай байсан бол бүгдийг нь нэгтгэж нэг төрийн жолоонд оруулснаар монголчуудын соёл, угсаатны нийтлэг зүйл бүрэлдсэн. Нэг аймгийн соёл нөгөөд дэлгэрч, олон аймаг нэгдэж соёлоо хөгжүүлж, дэлгэрүүлснээрээ Чингис хаан монгол угсаатан бүрэлдэх нөхцөлийг бий болгосон.

-Одоо ч гэсэн зарим үед Чингис хааныг тааруухан үнэлж, сөрөг талыг нь дөвийлгөдөг судлаачид байдаг л даа?

-Сөрөг талыг нь томруулдаг судлаачид мэр сэр байгааг үгүйсгэхгүй. Энэ бол дэлхийн судалгааны чиглэлийн хандлагын эсрэг гэж хэлж болохоор зүйл. Учир нь хуучны үзэл сурталжсан, улстөрждөг зүйлээс холдож салж чадаагүй байгаагийн илрэл. Мөн улс төр, үзэл суртлын бодлого нь үргэлжилж байгаа үзэгдэл байж мэднэ. Ийм цаг үед бид их хааныхаа алдар гавьяаг үнэн мөнөөр үнэлж дүгнэх нь чухал. Түүхийн сургамж гэж бий. Болсон түүхээсээ үлгэр жишээ аваад сайн талыг нь хөгжүүлэх, сургамжийг нь орхих хэрэгтэй. Өнөөдөр бидний өмнө нэн чухлаар тавигдаж буй зүйл бол Чингис хааны байгуулсан Их Монгол Улс болоод дэлхийн эзэнт гүрний түүхэн туршлагыг нэгтгэн дүгнэж урагшлах ирээдүйгээ харахдаа авах, гээхийн ухаанаар хандах учиртай.

-Бусад улс орны эрдэмтэд Чингисийн талаар их сонирхолтой сэдвээр илтгэл тавьж байна лээ. Үүнээс харвал Монголын түүх дэлхийд цар хүрээгээ тэлсэн, олон орны эрдэмтдийн анхаарлын төвд байна гэж ойлголоо?

-Дэлхийн дундад эртний буюу XIII, XIV зууны түүх судалдаг дэлхийн томоохон эрдэмтдийн дунд Чингис хааны талаар бичээгүй хүн бараг байхгүй. Өөрөөр хэлбэл, XIII, XIV зуун бол монголчуудын ертөнц байсан. Тухайн үеийн дэлхийн цэрэг, улс төрийн бодлогыг тодорхойлогч, гол тоглогч нь монголчууд байсан.Тиймээс дэлхийн түүхийг судлахын тулд Монголын түүхэн дээгүүр харайх аргагүй. Дундад эртний түүх судалдаг ихэнх эрдэмтэн Чингис хааны тухай бичсэн. Одоо ч өргөжүүлж судалсаар байна.

-Чингис хааны гавьяа, зүтгэлийг мэдэхээс биш нэрийнх нь учрыг төдийлөн уншиж судлаагүй мэт санагддаг. Таны судалгаагаар Чингис нэрийг хэрхэн тайлав?

-Чингис нэрийг яагаад Монголын хаан Тэмүжинд өгсөн бэ гэдэг сонирхол татдаг. Одоогийн илэрч мэдэгдээд байгаа баримтаас үзвэл Чингис гэдэг нэр бол монголчуудын бөөгийн догшин тэнгэрийн нэр юм байна. Хажир Чингис, Атаа тэнгэр, Тэнгэрийн тэнгэр Чингис, Чингис тэнгэр гэж хуучин монгол бөөгийн тахилгын сударт өгүүлээд цацал цацаж өчил өчиж байна. Энэ нь бөөгийн ёсоор Чингис тэнгэрийг тахиж байсан гэдэг ойлголт өгнө. Чингис нэртэй туулийн баатар бас Монголд байна. Жишээлбэл, 150 насыг насалсан халхын хөгшин луун мэргэн хаан гэдэгт Чингис нэртэй баатар гарч ирсэн. Мөн Алтай ноён галуу хүү гэдэгт Чингис нэртэй туулийн баатар байгаа. Ингэж Чингис бөөгийн тэнгэр, туулийн баатар хоёр давхардаж байгаа нь бас учиртай. Монгол тууль анх үүсэхдээ бөөгийн яруу найраг, домог, үзэл бодлын ойлголтод тулгуурлаж бий болсон. Тэгэхээр бөөгийн тэнгэр, монгол тууль хоёр хүйн холбоотой байж байгаад яваандаа тууль нь салж өгсөн.

Туулийн баатрууд нь бөөгийн тэнгэр болж дүрслэгдэж туульд үлдсэн тохиолдол их бий. Үүнээс гадна манай улсад Чингис нэртэй газар, ус олон байдаг. Ховд аймгийн Булган сумын нутагт Чингисийн гол мөн аймгийн Үенч, Архангай аймгийн Жаргалан суманд Чингист гол гэж бий. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд Чингис уул, Налайх дүүрэгт Туул голын Тэрэлжийн гүүрний дээхэн зүүн талд Туул гол руу хойноосоо шахаж тогтсон уулыг Чингис гэж одоо ч нэрлэдэг. Энэ мэтээр Чингис нэртэй газар, усыг олноор нь илрүүлж цуглуулж болно.

Монголчуудын бөөгийн ойлголтоор ертөнц гурван давхар гэж үздэг. Дээд тэнгэрт бөөгийн тэнгэрүүд, ихэс байдаг. Дунд ертөнцөд хүн амьтан, доод ертөнцөд тамын амьтад бий гэж ойлгодог байсан. Энэ бол монгол бөөгийн домог, баатарлагийн туульд өргөн өгүүлэгддэг. Дээд ертөнцөд суудаг бөөгийн тэнгэрүүд газарт бууж ирэхдээ заримыг нь гэсгээж, ивээн тэтгэдэг гэсэн ойлголт бий. Өөрөөр хэлбэл, Чингис тэнгэр газарт бууж ирэхдээ дээр дурдсан газруудад орогнон суудаг байсан гэдэг. Тиймээс Чингис гэсэн догшин тэнгэрийн нэрээр нэрлэсэн. Ийм үзэгдэл ганцхан Чингис тэнгэрт байгаа юм биш. Атаа буюу Атас, Хайртхаан гэх мэтээр өөр бусад тэнгэр ч газарт ирдэг. Баруун буриадын Түнхэн тосгоны зүүн хойхон Эрхүү гол руу хойноосоо шахаж тогтсон өндөр чулуун цохион дээр бух ноён заларч ирэхдээ суудаг байсан гэж бөөгийн домогт өгүүлдэг. Тэгэхээр монголчуудын бөөгийн домогт ийм ойлголт түгээмэл байдаг учраас бөөгийн тэнгэр, туулийн баатрын нэртэй газар, ус бий болоод байжээ.

-Тэгвэл Тэмүжинд яагаад Чингис нэр өгсөн юм бол?

-Бидний бодоход цэрэг, улс төрийн учир холбогдолтой. Тэмүжин 1189 онд Хамаг Монголын хаан суухад Чингис хэмээх цол өгсөн нь түүнийг бөөгийн догшин тэнгэрээр өргөмжилсөн. Тэмүжин монгол туургатныг нэгтгээд 1206 онд Их Монгол Улсын хаан суухад Чингис цолыг дахин өргөмжилсөн нь ердийн тохиолдол биш. Бөөгийн тэнгэр мөн гэдгийг лавшруулан дахин баталсан явдал. Тийнхүү Монголын хаан Тэмүжинг бөөгийн догшин тэнгэрээр дахин өргөмжилсөн нь зөвхөн монгол туургатан төдийгүй Төв болон Зүүн Азийн нүүдэлчид бөөгийн шүтлэгтэн байсныг харгалзан үзсэн монголчуудын улс төр, цэргийн бодлоготой холбоотой байсан юм болов уу. Нөгөө талаас Тэмүжинд Чингис цолыг өгсөн нь Их хааны, Их Монгол Улсын сүр хүчийг тэнгэрийн ивээлтэй хэмээн бадруулан тунхагласан хэрэг. Үүнтэй холбогдуулан Монголын нууц товчооны эхэнд “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно, Гоо марал ажгуу” гэдэг. Үүнд Тэмүжинг туулийн баатар шиг тэнгэр язгууртай хэмээн нотлон өгүүлсэн нь санамсаргүй зүйл биш. Тухайн үеийн үзэл суртлаар ер бусын тэнгэрлэг төрөлтөн гэдгийг цохон өгүүлсэн гэж үзэж байна. Монголчууд Тэмүжинг бөөгийн тэнгэрчлэн шүтэх үзэл санаа нь Монголд бурхны шашин дэлгэрэн нэвтэрсэн цагт өөрчлөгдөж, бурхны шашны бурхнаар өргөмжилдөг болсон. Очирваанийн хувилгаан Тэмүжин нэрт хан хөвгүүн төрж хамаг замба тивийг эрхэндээ оруулсан гэж өгүүлдэг. Хожим нь түүний удмын зарим хаад ноёд болох Халхын автай хан, Гомбодорж нарыг Очирваань хувилгаан гэх болсон. Очирваань бурхан төрд ивээлтэй учраас төр төвхнөн дээшилдэг гэж шүтэж ирсэн. Үүнтэй нэг адил Чингис тэнгэр ч төр төвхнүүлэхтэй холбоотой байж магадгүй гэж бодох үндэслэл бий.

-Сүүлийн үед Чингис нэрийг идэж уух, эдэлж хэрэглэхээс эхлээд олон зүйл дээр ашигладаг боллоо. Нэрийн утга учрыг судалж ирсний хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Чингис гэдэг үгийг хязгаартай хэрэглэх ёстой. Энэ бол төр ёс, их хаанаа хүндэтгэж байгаа хэрэг. Мон¬гол¬чуудын төрт ёстой холбоотой зүйл учраас хаа хамаагүй зүйлд хэрэглэж Чингис нэрийн утгыг дор¬дуулж бо¬лох¬гүй. 1990-ээд оны сүүлчээр Чингис архи гарахад нэрийг нь хязгаартай хэрэглэх талаар ярилцаж байсан. Чингис нэрийг хязгаартай хэрэглэхийг хууль, журмаар зохицуулж болно. Бөөгийн догшин тэнгэрээ өдөр бүр дуудаад байж болохгүй шүү дээ. Үүнтэй адил их хааныхаа алдрыг юунд ч хамаагүй ашиглаж байгаа нь монголчуудын ёс зүйтэй холбоотой юм. Дэлхийн жишгээр бол хүндтэй, сор болсон зүйлд Чингис нэрийг хэрэглэж болмоор. Ерөнхийлөгчийн зарлигаар айл гэр, албан байгууллагад Чингисийн хөргийг залахыг дэмжиж байгаа. Зөв, зүйтэй шийдвэр гэж харж байна. Чингис хаан бол монголчуудын эв нэгдэл, хүчирхэг байдлын бэлгэ тэмдэг учраас нандигнан дээдлэхээс гадна Чингисийн тахилгыг сэргээж болно. Тахилгыг төрсөн газар нь сэргээх бүрэн бололцоотой. Чингисийн тахилгын судар нь байгаа юм. Хуучин сүмүүдэд ч тахиж байсан юм билээ. Чингисийн онгоныг анх Хэрлэн голын хөвөөнд байгуулсан юм шүү дээ.

С.Уянга Зууны мэдээ

Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч, яруу найрагч Цогдоржийн Бавуудоржтой хөөрөлдлөө.
– Арлааны Эрдэнэ-Очир андтайгаа аясаараа л дулаахан нөхөрлөж явж дээ –
-Ойрд суурин байна уу. Өөрийг чинь Завхан аймгийн Шилүүстэй сумын уугуул хүн гэж бодож явсан юм. Тэгэхнээ, “Википедиа” нэвтэрхий тольд “Улаанбаатар хотод төрсөн” гэж бичсэн байх юм. Энэ чухам ямар учиртай зөрөө гараад ирэв?
-Өвөлжөө сайхан уу. Бүтээл арвин уу.

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан өдрийг тохиолдуулан зохиолч Б.Наминчимэдтэй уг гарвал, эх орон, тусгаар тогтнол болон түүний шинэхэн романы талаар ярилцсаныг сэргээн нийтэлье.
-Говь-Алтайнхан сайн бичдэг гэх яриа явдаг.
-За.
-Энэ нутгийнхан үгээр аливааг илэрхийлэхдээ ер илүү байх шиг, олон зохиолч, сэтгүүлч төрдөг шиг дүр зурагт та хэр үнэмшилтэй ханддаг вэ?

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/