Уншиж байна...

Монгол Улс 1962 оны арваннэгдүгээр сарын 1-нд ЮНЕСКО-гийн 108 дахь гишүүнээр элсэж, гарын үсэг зуржээ. Энэ хугацаанд нийт 10 конвенцид нэгдэн орж, өдгөө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд Монгол Улсын 23 өв бүртгэгдсэн байдаг.
Хамгийн сүүлд Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит VIII хуралдаан Азербайжан улсын нийслэл Баку хотноо энэ сарын 2-7-нд болж, манай Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл, Монголын уран бичлэгийг ЮНЕСКО-д албан ёсоор бүртгэсэн.
Уг хуралд манай улсаас дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй комисс очиж ажиллав. Хурлын сонин, цаг үеийн асуудлаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхантай ярилцлаа.


-Энэ удаагийн хурлын онцлог, сонин хачнаас ярилцлагаа эхлэх үү?
-Энэ хуралд нийтдээ 110 гаруй орны 700 орчим төлөөлөгч оролцсон. Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын ээлжит хуралдаан нь 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн дагуу улс орнуудаас өгсөн мэдүүлгүүдийг бүртгэж, шийдвэр гаргадаг юм. Нийтдээ шийдвэр гаргадаг 24 орны төлөөлөгчдөөс бүрдсэн гишүүд хуралдаж, ямар орны соёлын биет бус өв ЮНЕСКО-гийн шаардлага, шалгуур хангаж байна вэ гэдгийг судалж, түүний дагуу хэлэлцэн баталдаг. Монгол Улсаас ЮНЕСКО-д нэр дэвшүүлсэн хоёр өв бүртгэгдлээ.
-Нэг орноос нэг л өв нэр дэвших эрхтэй байдаг гэсэн. Манайхаас хоёр өв бүртгэсэн нь ямар учиртай юм бэ?
-ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалт, Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт хэмээх хоёр ангиллаар бүртгэж авдаг. Яаралтай хамгаалах соёлын биет бус өвөөр нэр дэвшүүлсэн Монголын уран бичлэгийг гиш үүн 24 орон санал нэгтэй баталсан. Нөгөөх нь монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл юм. Устаж үгүй болох аюул нүүрлэсэн өвүүдийг энэ жагсаалтад бүртгэдэг. Ингэж гэмээнэ улс орнууд тухайн өвөө хамгаалах талаар яаралтай арга хэмжээ авах учиртай. Бид яаралтай гээд бүртгүүлчихдэг, гэтэл төр засаг ч тэр, иргэн нь ч тэр ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол энэ нь ямар ч үр дүнгүй ажил болж хувирна. Тиймээс төр засаг, холбогдох яамд, уран бүтээлчид, иргэд хаа хаанаа анхаарч ажиллах хэрэгтэй.
-ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хуралдаан ямар ямар улсад хэдий хугацаатай болдог вэ?
-Энэ хурал жил бүрийн арваннэг, арванхоёрдугаар сард, өөр өөр оронд болдог. Ихэвчлэн шийдвэр гаргагч гишүүн 24 оронд, бүс, тивээрээ гэхчлэн ээлжилдэг. Энэ шийдвэрийг Парис хотноо байрладаг ЮНЕСКО-гийн төв байранд жил бүрийн зургадугаар сард болдог Ерөнхий бага чуулганы сонгуулиар баталдаг. Монгол Улс ч гэсэн эдгээр 24 орны нэг болох бололцоотой. Үүнд багтахын тулд зорилт тавин ажиллаж байгаа. Эдгээр гишүүн орны нэг болчихвол дэлхийн олон улсын соёлын биет бус өвүүдийг судлах шинжлэх, дүгнэлт гаргах боломжтой. Иймээс бид боловсон хүчнийхээ асуудалд анхаарч ажиллаж байна. Учир нь манайд соёлын мэргэжилтэй, гадаад хэлний мэдлэг давхар эзэмшсэн хүн бараг байдаггүй учраас холбогдох байгууллагууд үүнд анхаарах хэрэгтэй. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр гадаад хэлний мэдлэгтэй хүн байхад соёлын талын мэдлэггүй байдаг ч юм уу. Тэгэхээр мэргэжилтнээ эртнээс бэлдэж, хүний нөөцөө илүү боловсронгуй болгох нь чухал юм.
-Хүн төрөлхтний соёлын өв энэ мөн байна хэмээн 24 гишүүн орон баталчихдаг. Хятадын өвийг хэлэлцэж байхад гишүүн орны тоонд БНХАУ байдаг шүү дээ. Үнэлгээ хэр шударга явдаг вэ?
-Шийдвэр гаргадаг 24 орны тоонд Хятад байгаа. Хүн төр өлхтний соёлын өв мөн эсэхийг хоёр жил гаруй судалж тогтоодог. Гэхдээ гишүүн орнууд судалгааны ажлыг нь хийдэгг үй. Өөрөөр хэлбэл, олон улсын шинжээч, экспертүүдээс бүрдсэн ЮНЕСКО-гоос хараат бус Ажлын хэсэг гэж бий. Тэд судалгаагаа хийж, хуралд өргөн барьсны дараа шийдвэр гаргах эрх бүхий гишүүн 24 орон саналаа хураана.
-ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвөөр бүртгүүлэхэд ямар шаардлага шалгуур тавьдаг юм бол оо?
-ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн таван шаардлага, шалгуурыг хангасан байж тухайн орон өвөө нэр дэвшүүлэх эрхтэй болдог. Нэгдүгээрт, тухайн өв үндэснийхээ өвийн жагсаалтад орсон байх ёстой. Түүнчлэн Засгийн газар нь энэ өвийг ингэж хадгалж, хамгаална гэсэн төлөвлөгөө гаргасан байх, мөн тухайн өвийг тээж байгаа Засгийн газар, орон нутгийн иргэд, хувь хүмүүс өргөдөл хүсэлтээ гаргасан байх зэрэг шалгуур бий.
-Бусад орны бүртгүүлсэн өвүүдийг харж байхад “Манайхан ийм юмаа бүртг үүлчихэж болмоор юм байна” гэдэг ч юм уу, санаа авмаар зүйл байсан уу?
-Туркчүүд үндэсний хоолоо, солонгосчууд кимчигээ бүртг үүллээ. Бусад улс орон жижиг үндэстнүүдтэй, тэднийхээ ёс заншил, өв соёлыг бүртгүүлж байна. Манай улсаас соёлын биет бус нийт 11 өв ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг. Энэ 11 өв бол бусад орныхыг бодвол Монголын гэх тодотголтой, ард түмний нийтлэг өв юм. Монгол гэрийн урлал гэхээр ихэвчлэн Өвөрхангай аймагт төвлөрдөг. Тодруулбал, Өвөрхангайн Уянгын хийц, Дарьгангын мөнгөн эдлэлүүд гэхчлэн манай ард түмэн өөр өөрсдийнхөө нутаг хошууны соёлын биет бус өвийг судлан шинжилж, бүртгүүлэх бололцоотой болж байгааг бусад орон харууллаа.
-Зарим улс орон ижил төстэй өвөө хамтарч бүртгүүлдэг болжээ. Манайх ч ялгаагүй. Саяны хурлаар тийм зүйл ажиглагдав уу?
- Нэг орон л гэхэд 10, 20-иор нь нэр дэвшүүлж байсан учир өнгөрсөн жилээс нэг улсаас нэг л өв бүртгэж авах шийдвэр ЮНЕСКО-гоос гаргасан. Өөрөөр хэлбэл, тухайн өвийг судлах хүн хүрэлцэхгүй байсан учир улс орнууд хамтарч нэр дэвшүүлэхээр болсон юм. Жишээлбэл, манай улс БНХАУ-тай хамтарч уртын дуугаа бүртгүүлсэн. Мөн Ази, Европ, Арабын 12 улстай хамтарч, бүргэдийн ан буюу шувуучлахуйг бүртг үүлсэн. Ялангуяа төв Азийн орнууд эдэлж хэрэглэж байгаа зүйлс нь ижилхэн байдаг болохоор нэгтгээд бүртгүүлчихэж байна. Саяны хурал дээр л гэхэд санал зөрөлдсөн зүйл гарсан л даа. Азербайжанууд морин спортоо бүртгүүлэхэд иранууд хэл ам болсон. Тэгэхээр гишүүн орнууд Азербайжаных гэдгийг нь тодотгоод хамтад нь бүртгэсэн. Хятадууд манайхаас өмнө хөөмийг бүртгүүлсэн байсан. Дараа нь бид хөөмийгөө арай өөр нэрээр бүртгүүлсэн. Ер нь төв Азийн орнууд бүгд хөөмийлдөг учраас Өвөрмонголынх ч гэдэг юм уу, өөр нэрээр бүртгэдэг юм билээ. Мөн тууль гэхэд л Монголоос гадна олон оронд бий. Манайх тууль хайлах гэж бүртгүүлсэн байхад киргизүүд арай өөрөөр бүртгүүлсэн байх жишээтэй. Үүнийг ЮНЕСКОгоос дэмжиж байгаа. Тус байгууллагын үндсэн зорилт нь улс орнуудын соёлоор дамжуулан, энх тайвныг бэхжүүлэх явдал учраас.
-Дараагийн хурлаар ямар ямар өв нэр дэвшүүлэхээр хэлэлцэж байна вэ?
-Манай соёлын өвийн үндэсний жагсаалтад маш олон өв бий. Түүнээс харж байгаад нэрийг нь дэвшүүлдэг. Ерөнхийдөө ССАЖЯ, Соёлын өвийн төвийнхөн судалгаа, шинжилгээгээ хийгээд эхэлчихсэн. Хамгийн гол нь өнөөх шалгуур шаардлагыг хангасан байх учиртай. Ер нь ямар өв нэр дэвшүүлэх гэж байгаагаа өмнө нь зарлаад байдаггүй л дээ. Тодорхой хэмжээгээр улсын нууцтай холбоотой асуудал учраас, хурал болохын өмнөхөн олон нийтэд мэдээлдэг.
-ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад манай улсын тав дахь өв бүртгэгдлээ. Хадгалж, хамгаалахад санхүүгийн асуудал хэр зэрэг хангалттай байдаг вэ?
-Манай төр засаг, яам, соёлын өвийг хамгаалагчид тусгай хөтөлбөр гаргаж ажилладаг. Яаралтай хамгаалах жагсаалтад багтсан өвүүдэд ЮНЕСКО болон олон улсын байгууллага хандив өгдөг. Тухайлбал, Монгол тууль бүртгэгдэхэд түүнийг хамгаалж авч үлдэхэд зориулан ЮНЕСКОгоос 100 мянган ам.доллар, манай улсын Засгийн газраас 100 гаруй сая төгрөг өгсөн. Уран бичлэгт ч ялгаагүй төсөв төлөвлөгөө, хөтөлбөр гаргана.
ЮНЕСКО-ГИЙН ДЭЛХИЙН ӨВД БҮРТГЭГДСЭН МОНГОЛ УЛСЫН ӨВҮҮД
Дэлхийн соёлын өвд
• Орхоны хөндийн дурсгалт газар (2004 он)
• Монгол Алтайн хадны зургийн цогцолбор (2011 он)
Дэлхийн байгалийн өвд
• Увс нуурын ай сав газар (2003 он) Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад
• Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
• Монгол ардын уртын дуу (2009 он)
• Монгол үндэстний баяр наадам (2010 он)
• Монгол үндэстний хөөмийн урлаг (2010 он)
• Бүргэдийн баяр буюу шувуучлахуй (2010 он, Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
• Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013 он)
Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад
• Монгол тууль (2009 он)
• Монгол ардын бүжгийн урлаг бий биелгээ (2009 он)
• Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009 он)
• Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011 он)
• Монгол уран бичлэг (2013 он) “Дэлхийн дурсамж” хөтөлбөрт
• Лу. Алтан Товч (2011 он)
• Монгол Шунхан Данжуур (2011 он)
• Есөн эрдэнийн Ганжуур (2013 он) “Хүн ба Шим мандал” хөтөлбөрт
• Монгол Дагуурын тал (2007 он)
• Дорнод Монголын тал газар (2007 он)
• Хустайн нурууны байгалийн цогцолборт газар (2002 он)
• Говийн их дархан цаазат газар (1997 он)
• Увс нуурын сав газар (1997 он)
• Богдхан уул (1997 он)

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/