Уншиж байна...

Түрэгжсэн монголын Барлас омгийн ноёны хүү болох Төмөр Бухар хотоос баруун өмнө зүгт орших Кеш хотод төржээ. Барлас болон Жалайр овгууд бол Цагаадай хааныг дагаж Туркестаны нутагт ирсэн монгол овгууд билээ. Тэрбээр өсөж том болох насандаа монголын эзэнт гүрнүүдийн дараалсан уналтыг үзэж байхдаа өөрийгөө монгол хүний хувьд Чингис хааны үйл хэргийг дахин үргэлжлүүлэхээр тангараг тавьсан гэдэг. Тэрбээр Чингисийн угсааны хатантай болсноор өөрийгөө тэдний өмнөөс захиран шийтгэх эрхтэй болсон гэж үзэж байв.

Багадаа зүүн хөлөө гэмтээж доголон болсноос түүхэнд энэ хочоороо мөнхөрчээ. Төмөр сайн сэлэмч, шилдэг анчин, үеийн нөхдөө хошуучлагч болж өсөв. Тэрбээр Дундад Азид ихээхэн газар нутаг эзэмшдэг, Чингис хааны удмын Тогтох ханы албанд орж улмаар мужийн захирагч болж, монголын барлас омгийн иргэдээс бүрдсэн цэргийн багтай болсон байна. Гэтэл эрэмгий зоригоороо цэргүүдийн төдийгүй харьяат иргэдийн дотор нэр хүндтэй болж байгаа Төмөрт Тогтоххан дургүйцэн, түүнийг гадуурхах болсноос өөрийн шадар жаран цэргийг дагуулан оргож Бадахшаны ууланд гарч нуугджээ. Тогтох хан түүний хойноос цэрэг илгээсэн авч отолтонд орж хүйс тэмтрүүлэв.

Эрх мэдлийн төлөөх тэмцэлд зориг шулуудан боссон Төмөр Балх омгийн захирагч, тэрчлэн Самаркандын эмир Хусейн нартай цэргийн холбоо байгуулж, Тогтох хан болон түүний хүүтэй байлдаж, төдөлгүй саяхны холбоотон Хусейнд дайн зарлан муудалцав. Удсангүй Дундад Азийн томоохон хотуудын нэг болох Самарканд хотыг эзэлж, нийтдээ 100 мянга орчим цэрэгтэйгээс 80 мянга орчим нь хот цайз хамгаалдаг Туглуг ханы эсрэг байлдааны ажиллагааг идэвхжүүлж, дайн байлдаанд хатуужсан 2 мянган морин цэргээ удирдан, Тогтох ханы цэрэгт хэд хэдэн удаа цохилт өгч, 1370 онд Сырдарьяа мөрний нөгөө эрэг хүртэл элдэн хөөжээ. Энэ үеэс эхлэн Төмөр дайн байлдаан хийхдээ хүний санаанд багтамгүй арга заль хэрэглэдэг болсон аж. Тэрбээр Тогтох ханы цэргийг удирдаж байгаа хүү Хожийн нэрийн өмнөөс цайзуудын захирагч нарт хариуцсан цайзаасаа цэргээ авч Сырдарьяа мөрний цаад эрэгт гарах хуурамч тушаал өгч, цайзуудыг эзгүйрсэн хойно нь бүгдийг нь дараалан булаан авчээ. Төмөр өөртөө чин үнэнч, байлдах ур чадвар төгс 313 дайчдынхаа хамт эрх мэдлийн төлөө тэмцлийг эхэлж, тэд нар дотроос 10-г аравтын дарга, 100-г зуутын дарга, сүүлчийн 100 хүнийг мянгатын даргаар томилж, бусдыг нь шадар жанжид болгожээ.

Аравтын дарга нарыг цэргүүдээр сонгуулж зуут, мянгатын дарга нарыг биечлэн тохоож, "Ташуур, бороохойноос захирах нэр хүнд, хувийн үлгэр жишээч байдал тун чухал" гэж тэднийг сургамжилж байв. Аравт, зууг, мянгатын цэргүүд нь морины өнгө зүс, өмсөж байгаа хуяг дуулга, туг, хувцасны өнгөөрөө хоорондоо ялгагдаж байв. Тэрбээр ийнхүү цэргийн хүчээ монголчуудаар бэхжүүлж, 1370 ондоо Сырдарьяа, Амударьяа мөрнүүдийн хооронд орших Мавренахр мужийн эмирээр өөрийгөө өргөмжилж, Самарканд хотыг нийслэлээр зарлан, нүүдэлчин омгуудын язгууртнууд, лалын шашны дээд лам нарын дэмжлэгтэйгээр Чингис хааны үр садын нэрийн өмнөөс бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлжээ. Тэрбээр байлдан дагуулалтаа 1371 онд эхэлж, 1380 он гэхэд есөн удаагийн аян дайнаар голдуу узбек иргэд оршин суудаг, өнөөгийн Афганистаны нутаг дэвсгэрийг эрхшээлдээ оруулав. 1386 онд Кавказ руу дайн хийж, Тиблис хотын ойролцоо болсон тулалдаанд гүржийн цэргийг хамх дохин, нийслэл хотыг нь түйвээн, зэргэлдээ орших Армен орныг явуут эзлэв. Энэ үед Амударьяа мөрний эрэг дагуух Памирын уул наас Арал тэнгис хүртэлх нутаг түүний мэдэлд оржээ. Нийслэл Самарканд хотоо үнэт эрдэнэсээр дүүргэж, эзлэн түрэмгийлсэн орнуудаас нийтдээ 150 мянга гаруй уран гартан авчирч, гоёмсог орд харш бариулж, тэдгээрийг монголын цэргийн байлдан дагууллыг харуулсан зургаар чимэглүүлдэг байв.


Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/