http://www.zoofirma.ru/

Монголын төлөөлөгчид ийнхүү Орос улсад сэм одож, Чин улсаас салан тусгаарлахын тулд тусламж гуйсан нь төдхөн Чин улс даяар шуугиан болж байжээ.
Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх хэргийг шууд удирдан эрхлэх байгууллага Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар (XXБХТЕШГ) гэгчийг 1911 оны 11-р сарын 30-нд Түшээт хан аймгийн чуулганы дарга засаг, Цэрэнчимэд нарын 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Энэ байгууллага нь гүйцэтгэх үүргээрээ бүх Монгол даяар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж байгааг ашиглан, юуны урьд Их Хүрээн дэхь Манж Чин улсын захиргааг түлхэн унагаж, Монголын төр улсыг сэргээх явдлыг бэлтгэн зохион байгуулах түр засгийн газар шинжтэй байлаа.


Ийнхүү Монголын нийгмийн янз бүрийн анги давхаргын дэвшилтэд эх оронч хүчин Манжийн ноёрхолыг түлхэн унагааж, монголын үндэсний улсыг байгуулах эрх чөлөөний тэмцэлд нэгдэж боссоны дүнд XXБХТЕШГ мөн өдрийн оройн 7 цагт Их Хүрээн дэх Чин улсын сүүлчийн сайд Сань До-г гурав хоногийн дотор хилээс гаргах шаардлага тавьмагцаа, Монголын төрийг сэргээн мандуулах тунхаг гаргаж, гудамж, зах зээлийн газраар нааж зарласан байна.
Дараа нь Хүрээн дэхь бүх хятад цэргийн зэвсгийг хураан авч , улмаар Оросын консулын газар хоргодож буй Чин улсын сайд түшмэдүүдийг 12-р сарын 4-нд монгол түшмэд цэргүүдээр харгалзуулан, Хиагт хүртэл өртөөгөөр явуулж, Монгол нутгаас үлдэн зайлуулсан ажээ. Хүрээнд монголын тусгаар тогтнолыг тунхаглахаас өмнө XXБХТЕШГ баруун аймгуудын чуулганд орон нутгаас цэрэг дайчилж, уг газруудыг даруй чөлөөлөхийг тушаасан билээ. Тэр ёсоор баруун аймгийн чуулган хошууд харьяат нутгаасаа дайчилсан цэргийн хүчээр Улиастай хотыг чөлөөлөхөөр очиход, манж жанжин, сайд над нь гаднаас туслах хүчин авах найдваргүй байсан учраас 1912 оны 1 сарын 21-нд эсэргүүцэлгүй бууж өгснөөр Улиастай хот чөлөөлөгдсөн юм.
Ховдын Манж сайдын захиргаа Улиастайн адил бууж өгөөгүй, харин орон нутгаас хүрэлцэн очсон чөлөөлөх цэргийг эсэргүүцэн тулалдахаар шууд бэлтгэж эхэлсэн тул Монгол улсын Засгийн газар нийслэл Хүрээнээс гүн Магсаржав, Дамдинсүрэн нараар цэрэг удирдуулан 1912 оны зуны эхэн сарын шинэ дээр хөдөлгөхийн зэрэгцээгээр баруун хоёр аймгаас цэрэг нэмж дайчлан хөдөлгөх шийдвэр гаргаж, нутгийн хүн амд тусгаар тогтнолын учир холбогдлыг тайлбарлан таниулах ажлыг янз бүрийн арга хэлбэрээр өргөн зохиов.
1912 оны эхээр зэвсэглэгдсэн ардууд Улаангом болон түүний ойр газарт байсан хятад худалдаачдыг дайрч цохиход цөөн зарим нь Ховд руу зугтжээ.
Ар Монголтой залгаа оршдог Хөлөнбүйрт үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн Өвөр Монголын аль ч хошуу нутгаас илүү хүчтэй өрнөсөн юм. Хөлөнбүйрын Өөлд бүгдийн дарга Шэн Фу тэргүүтэй ноёд 1912 оны эхээр хуралдаж, Их Хүрээнд байгуулсан Монгол улсын засгийн газрыг зөвшөөрөн хүлээж, дагахаа илэрхийлсэн төлөөлөгчөөр Солон хошууны бүгдийн дарга Цэндийг явуулахаар тогтсон ажээ. Үүнээс гадна Баргын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний зарим удирдагч тухайлбал, сумын занги Дамдинсүрэн, бичээч Гайхасу нарын 7 хүн, Баргыг төлөөлөн Нийслэл Хүрээнд хүрэлцэн ирэв. Баргад гарсан зэвсэгт бослого Их Хүрээний шууд удирдлага заавраар гарсан ажээ.
1911 онд Ар Монгол ба Хөлөнбүйрт гарсан тусгаар тогнолын тэмцлийг дэмжсэн хөдөлгөөн Шилийн голын чуулганд өрнөв.
Шилийн голын чуулганы арван хошуу, Жирийн чуулганы 6 хошуу, Их зуугийн чуулганы таван хошуу, Зостын чуулганы хоёр хошуу, Улаан-цавын чуулганы 6 хошуу буюу дотоод монголын 49 хошууны 35 хошуу нь Монгол Улстай нэгдэж нэгэн улс болох саналаа илэрхийлэн албан бичиг баримт гаргаж өөрсдийн төлөөлөгчдөө Их Хүрээнд ирүүлсэн байна.
Монгол улсын хаан Жибзундамба хутагт ийнхүү дотоод монголын чуулганы 49 хошууны 45, Чахар найман хошуу, Хөлөнбүйрын баргын хошуу дагаар орохоор илэрхийлснийг талархан хүлээн авч, эл хэрэгт хүчин зүтгэж гавьяа байгуулсан хүмүүст Чин улсын үеийн ноёдын зэрэг дэвий нь шат ахиулан, харьяат чуулган, хошуугаа захирах тамга, захирлага шийтгэн олгож хөхүүлэхийн зэрэгцээгээр бичиг цэргийн чадвартай зарим ноёд түшмэдийг Монгол улсын Ерөнхийлөн захирах яам болон төрийн бусад яаманд дэвшүүлэн ажилуулав.
Гүшири мэргэн хан хутагт Лувсан-Одсэржамц, Чахар 8 хошууг удирдан дагаар иржээ. Тэгэхэд Монгол Улсын хаан, Гүшири мэргэн хутагтын шударга зүтгэлийг сайшаан хөхүүлж, Чахар аймгийн ерөнхийлэн захирах сайдаар томилжээ.