Уншиж байна...

XIII зуунд Төв Азид тухайн цаг үеийн хоёр их байлдан дагуулагч болох Чингис хаан, Мухамед шах хоёр халз тулж, нэг нь энэ ертөнц дээр илүүдсэн бол үүнээс 200 шахам жилийн дараа Бага Азид Төмөрийн улсын хил хязгаар Баяазитын Османы эзэнт гүрэнтэй хаяа хатган орших болов. Төмөрийг узбекууд өөрийн үндэсний баатар гэж өмчилдөг ч үнэн түүх нь арай өөр билээ.

Чингис хаан том хүү Цагадайд улсыг нь тасалж өгөхдөө монголын уугуул Барлас аймгийг хааныхаа хэвтүүл хорчин болж, шадарлан хамгаалж яваг хэмээн захиргаанд нь оруулсан байдаг.Хожим Цагадайн улс бутран бүхий үед энэ аймгийн овгийн ахлагч Тарагайд хүүтөрсөн нь дэлхийн түүхэнд "доголон" гэдэг хочоороо алдаршсан Төмөр байв.Тэрбээр Чингисийн угсааны эмир ноён Казганы охиныг хатан болгож авснаараа өөрийгөө монголчуудын төдийгүй Чингисийн үйл хэргийг шууд үргэлжлүүлэгч гэж зүй ёсоор үзэх эрхтэй болсон юм.

Төмөр бага залуу наснаасаа эхлэн цэрэг эрийн хатуу ширүүн, амь дүйсэн амьдрал дунд өндийхдөө энэ үед дараалан мөхөж асан Ил хаад, Юань зэрэг монголын эзэнт улсуудын уналтыг үзээд шүд зуун хорсож байсан гэдэг.Иймээс монголчуудын хүчийг дахин зангидаж, бутарсан эзэнт улсыг сэргээн тогтоохыг өөрийн амьдралын зорилгоо болгосон ажээ.Үүний тулд хожим олон төрлийн дипломат бодлого явуулж байсан нь Тохтамышийг Алтан Ордны, Буняширийг Монголын их хаанд тус тус өргөмжилж, дэмжин тэтгэж байсан зэргээс тодорхой харагддаг.Хэдий мусульманчлагдсан байсан ч Их Засаг хуулийг сэргээн мөрдүүлж, монголын цэргийн цөм зохион байгуулалтыг цогцлуулсан "Доголон" Төмөр хаан шилдэг армийг бий болгосон юм.Түүх сурвалжуудад Төмөрийг монгол хүн, армийг нь монголчууд гэж цөөнгүй дурьддаг нь жир хэрэг бус аа.

Харин энэ үед Чингисийн монголчуудаас бууруулан зугтсаар Бага Азид ирж суурынсан түрэг угсаатан, чадал самбаатай удирдагчдын дөрвөн үе улирч өнгөрөхөд Европ дахиныг айлгасан гүрэн улс болж хувирчээ.Османууд зүг бүрээс цутган ирсэн түрэг овог аймгуудаас морин цэрэг байгуулсан нь хатуу сахилга бат, хэтийдсэн итгэл үнэмшлийнхээ ачаар бүх хөршөөсөө давуу хүчтэй болсоор Бага Азийн улсуудыг дарангуйлан захирав.Мөн морин цэрэг дээрээ гаргууд хүчтэй явган цэргийг нэмэрлэсэн агаад тэднийг янычар буюу шинэ баг хэмээжээ.

Янычарууд нь түрэгүүдийн дайрч түйвээж асан христийн орнуудаас олзлон авчирсан залуу хөвгүүдээс голчлон бүрдэж байсан ба тэднийг лалын улайрсан үзлээр хүмүүжүүлэн, сонгомол цэрэгт оруулдаг байв.Тэднийг багаас нь Түрэгийн султан хаанд чин үнэнч, хатуу чанд хүмүүжилтэй, бас хэнийг ч үл хайрлах харгис, хэрцгий зан араншинтай болгон өсгөж, байлдааны урлагг сайтар сургажээ. Үүнтэй адил эртний спартууд эрэгтэй хүүхдүүдээ 7-8 настай нялх балчир байхад эхээс нь салган, тусгайхуаранд, бөөнөөрхатуучанд хүмүүжүүлж, шилдэгдайчин эрс болгож өсгөсний үрээр, грекийн хот улсуудын манлайллын төлөө тэмцэлд, тухайн үед хөгжлөөрөө хавьгүй өндөрлөгт байсан Афиныг буулгаж байсан түүхтэй байдаг. Гэхдээ сул дорой төрсөн эрэгтэй хүүхдийг эхээс нь хүчээр салган, хээр хаяж орхидог харгис заншлыг спартууд чанд мөрддөг байв.Түрэгүүд сонгомол цэргээ магад үүнээс ч хатуу хүмүүжүүлдэг байсан нь хэнийг ч үл хайрлах төмөр мэт сэтгэлтэй янычарууд, орон гэр үр хүүхэд гэсэн нийгмийн ойлголтоос хөндий өсч, эмэгтэй хүнд зөвхөн биологийн үүднээс хандах нэг ёсны зомби цэрэг болж хувирснаас тодорхой.Иймээс түрэгүүдтэй байлдаж асан өрнө, дорны хаад түрэгийн янычаруудыг олзолсон дор алж устгахыг илүүд үздэг байв.

Айж эмээх, алдаж хоргодох зүйл гэж байхгүй шийдсэн янычарууд түрэгүүдийг Балканы хойгт цөмрөн орох үед бүхий л тулалдаанд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, дийлдэж эзлэгдсэн ард түмнийг цөлмөн дээрэмдэж, дураараа авирлаж байв.Ялж дийлсэн янычар цэргийн уухайг дайснууд нь сүрэг чонын улиан, улангасан араатны дайралттай зүйрлэжүлдээсэн ньолонтой.Баяазитсултаныүед түрэгүүд Грек, Серб, Булгар, Албанийг булаан эзэлж Византи, Унгарт шууд заналхийлж, Европ дахиныг чичрүүлэв.1000 жил оршин тоггсон агуу их ромын эзэнт улсын сүүлчийн мөхлөг Византын нийслэл Константинополь тал талаасаа түрэгүүдэд хүрээлэгдэн сүүлчийнхээ цохилтыг хүлээж, арга ядсан авралын дуудлагаа Төмөрт илгээн, гүрэн улсыг минь аймшигт дайснаас аварч хайрлаач хэмээн наманчлан гуйв.

Тэдний итгэл найдвар болж, Европ дахинаас пап ламын хаман цуглуулсан, шашин гарвал нэгт загалмайтны 60 мянган цэрэг Дунай мөрний эрэг дээрх Никополийн толгодын дэргэд унгарын Сигизмунд вангийн удирдлаган дор түрэгүүдтэй нэгийгээ үзсэн боловч хиартал цохиулж, рыцариудын цог хийморь болсон өнгө өнгийн туг хиур, үнэтэй хуяг дуулга сэлт нь тулалдааны талбарт өстнийхөө өлмийд хөглөрөн хөнхийв. Дашрамд өгүүлэхэд рыцарь цэрэг бол Европ дахинаа хөлөг баатрууд гэж алдаршсан, феодолын хүнд морин цэрэг байв.Гэвч европын хөлөг баатрууд улайрсан янычарын довтолгоонд хүчин мөхөсджээ.Харгис хатуу Баяазит султан олзлогдогчцоос мөнгөн төлбөр авах хоёр мянган язгууртан дайчдыг амьд үлдээж, бусдыг хүйс тэмтрэн дуусгав.

Энэ үед Доголон Төмөр хуучин Алтан Орд, Ил хааны гүрэн, Дундад Ази, Энэтхэгийг эзлэн түрэмгийлж, хүч чадлынхаа ид хавтайд байлаа.Одоо хоёр байлдан дагуулагчийн хоорондын тэмцэлд саад болох зүйл нэгээхэн ч үлдсэнгүй.Тэд урд нь бие биений замд хөндөлдөж, тээр саад болж явсангүй.Түрэгийн байлдан дагуулах төлөвлөгөө өрнө зүг Европ руу чиглэж байсан бол Чингис хааны залгамжлагч Төмөр Бага Азийг сонирхож байсангүй.Гэвч Төмөрийн дайсан Ахмед султан, түүний хараат Юсуф хоёр Баяазитын өмөг түшгийг бараадсан нь анхны оч хаяжээ. Төмөр оргодлуудыг гаргаж өгөхийг шаардахад хариуд нь Баяазит: "Төмөр нэрт цуст нохой чи мэдтүгэй. Түрэгүүд анд нөхдөө дэргэдээ орогнуулж, өмгөөлж хамгаалахаас ухарч хойш сууж сураагүй, дайсантай тулалдахаас зүрхшээж үзээгүй улс" хэмээн бардамнажээ.Улмаар тэдний захидал бичгийн хэл хатуурсаар Төмөр Баяазитыг "туркмены орхидос" хэмээн хочилсон бол хариу илгээлт хувиа тавьсангүй.Хоёр байлдан дагуулагч зайлшгүй болох шийдвэрлэх тулалдаанд чамбайлан бэлтгэлээ.

Энэ тулалдаанд Баяазитын талаас 200 мянга, Төмөрийн талаас 250 мянган цэрэг оролцсон нь дундад зууны Европын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй нүсэр тулгаралт болсноор барахгүй дэлхий ертөнцийн цаашдын хувь заяаг ганцхан цохилтоор шийдвэрлэх болжээ. Чингис хаан 130 мянган цэрэгтэй агуу их байлдан дагуулаа эхэлсэнтэй энэ тоог харьцуулаад, үргэлжилсэн фронтоор биш ганц шийдвэрлэх тулалдаан болсныг тооцвол түүний цар хүрээ, сүр дуулиан төсөөлөгдөх биз.Хэн нь агуу их гэдгээ баталж түүхэнд үлдэх цаг иржээ.Баяазит, Төмөр хоёр харилцан хэд хэдэн удаа элч сольсон бөгөөд түрэгийн элч нарын өмнө Төмөр өөрийн цэргийн жагсаалыг үзүүлж сүрдүүлэхийг оролдсон бол, Төмөрийн элч Баяазиттай хэлэлцээ хийхээр очихдоо туркмений 18 мянган цэрэг "...хэрэв олгогдоогүй хөлсийг нь нугалж өгвөл урваж ороход бэлэн" гэсэн маш чухал тагнуулын мэдээ авчирчээ.Ялагдашгүй хэмээх янычаруудаас цөм бүрдэх Баяазитын их цэрэг Ангор буюу одоогийн Анкара хот дахь гол хүрээнээсээ хөдөлж, цэрэг явах цорын ганц их замаар Төмөрийн өөдөөс алгуурхан урагшлав.Замын хагас орчимд хүрээд Төмөрийн морьт цэрэгт тохиромж муутай доворхог ойтой газарт цэргээ буулгаж, давуу байдалтай болсон хэмээн итгэж хүлээв.Гэвч Төмөр довтлон ирсэнгүй.Баяазит турпгуул цэрэг зүг бүр илгээсэнд тэрбээр хаана ч байсангүй.Гэнэт Ангороос элч довтолгон ирэв.Гэтэл Төмөр Ангорын өмнө байсан ба хот сууринд гар хүрсэнгүй Баяазитээс зай барьж өрнө зүгт тойруу замаар сэм давшиж явсаар, морьт явган цэрэг, байлдааны заан, бэхлэлт эвдэх оньсон техник бүхий цэрэгтэйгээ Баяазитын ар талд зогсож байв.

Баяазит ул с орноо түйвээлгэхгүй, тусл амж авах замаа таслуулахгүйн тулд цэргээ яаравчлан ухрааж хөдөлгөв.Төмөр Ангорыг дайрахаар яаравчилсан боловч гадна хэрэмийг довтлон авахаас өмнөхөн Баяазитын цэрэг ойрхон байгаа тухай мэдээ ирсэн тул бүслэлтээ зогсоож цэргээ мөн сэм хөдөлгөж Баяазитын орхисон хүрээнд аваачив.Ингэхдээ өмнүүр нь урсаж буй голыг хүрээний араар нь урсгахаар голдрилыг нь өөрчлөөд дайсанд гүйцэгдэхээргүй болж, зам зуур бүх худгийг даруулав.Баяазитын их цэрэг 7 дугаар сарын ид халуунд олон хоног явж, Ангорын тэгш талд хүрэлцэн ирээд дайсан өөрийнх нь хүрээг эзэлчихээд байгааг харжээ.Ийнхүү өөрсдөө ч ундлах, морьдоо ч услах усгүй, ангаж цангаж ядарч туйлдсаны эцэст шийдвэрлэх тулалдаанд оров.

Түрэгийн цэрэг дэлхийн бүх үеийн түүхэн дэх шилдэг армиудын нэг байсан бөгөөд эрэлхэг баатарлагийн гайхамшгийг үзүүлж, өглөө эрт 6 цагт эхэлсэн тулалдаан шөнө дөл болтол үргэлжилсэн ч Баяазитын цэрэгт юу ч тус болсонгүй.Ван нь толгойлж байлдсан, ган хуяг дуулга бүхий сербийн хоёр түмэн цэрэг амь насаа түрэгийн төлөө өргөсөн ч нэмэр болсонгүй.Янычарууд байрнаасаа алхам ч ухралгүй цавчилдсаар амиа өгсөн ч байдлыг өөрчилж чадсангүй.Баяазитын цэрэгт хүчээр татагдсан Бага Азийн туркмен цэргүүд урьд тохирсон ёсоор Төмөрийн бараа бологсдын дунд харьяат захирагч ноёд нь байгааг үзмэгц тулалдааны дундуур нөгөө талд орсноор бүх зүйл нэгэнт өнгөрсөн нь тодорхой болов.Сүүлийн мөч хүртэл ялагдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй Баяазит янычаруудынхаа дунд алалдан тулалдсаар эцэст нь бууруулж зугтах цаг ирсэн ч хожимджээ.Түрэгийн их цэрэг өглөө болоход Ангорын их тал шугуйгаар таран бутарчээ.Ийнхүү буруулан зугтаж амжаагүй Баяазит султаныг амьдаар нь олзлон, Төмөрт хүргэж өгчээ.Түүхэнд өгүүлснээр Төмөр олзлогдсон их байлдан дагуулагчийг хараад учиргүй чангаар инээхэд, эвгүйцэж дургүйлхсэн Баяазит "Төмөр чи юунд инээнэм. Аллах бурхан хүсвэл чи ч миний өмнө ийн зогсох бус уу?" гэж өчихөд, Төмөр: "Би чамайг дооглож инээсэнгүй. Харин Аллах яагаад чи бид хоёр шиг ийм хүмүүст эрх мэдэл атгуулдаг л гайхалтай байна" хэмээн өгүүлжээ.Учир нь, Баяазит хараа муутай, Төмөр доголон байжээ.

Төмөр дийлдсэн дайсныхаа агуу их нэр сүрийг харгалзан, ихээхэн хүндлэл үзүүлж, хаЖуудаа суулган, чамин тансаг хувцас бэлэглэж, өөрийнхөө өргөөний хажууд түүнд тусгай орд гэр бариулж өгчээ.Гэвч өвгөн дайчин энэ хүнд ялагдлын гутамшгийг тэсвэрлэсэнгүй.Бага Азийн эрэг хавийн нутгийг хүртэл Төмөр довтлон эзэлж түйвээхэд, Европын Түрэг рүү зугтсан хүү Сүлейман нь Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрч шалдаа буухыг үзсэний эцэст Баяазит тэнгэр хальжээ.Төмөр ийнхүү түрэгүүдийг ялсан нь Константинополийг аварсан хэрэг байв.Өтөлж доройтсон Византи ийнхүү тавин жилийн хугацаагаар өршөөл амсав.Ангорт байгуулсан Төмөрийн ялалтыг Константинопольд өөрсдөө ялсан мэт сүр дуулиантай тэмдэглэж, Византийн эзэн хаан ялагчдад бэлэг сэлт илгээж, Төмөрийн эзэн эрхийг хүлээн зөвшөөрөв.Нэг талаар христийн ертөнцийн аврагч болсон Төмөрийн алдар суу Европын бүх нутаг оронд хүрсэн бөлгөө.

2013-06-13 16:21:16
Мэдээ оруулсан: undesten

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/