http://www.zoofirma.ru/

Монгол Улсын цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Олноо өргөгдсөний 2-р оны өвлийн сүүл сарын 18 ( 1913 оны 1-р сарын 24)-нд хаанд өргөсөн айлтгалдаа:<<газар орныг хамгаалан сэргийлэн бэлтгэх баатар мэргэн цэрэг, хурц зэвсэг олгуулахыг эрж бичиг захидал хүргэж ирсэн>> гээд Өвөр монголчууд тусламж гуйж байгааг дурдаад таван чиглэлд хэн хэний удирдлагаар цэрэг хөдөлгөх саналаа төлөвлөн тавьж зарлигаар батлуулсан байна.

Үүнд:
Нэгдүгээр зам нь: Егүзэрийн хийдийн чиглэлд бэйсийн зэрэг туслагч Чимидцэрэнгийн удирдсан цэрэг
Хоёрдугаар зам нь: Дарьгангын чиглэлд дэс түшмэл чин зүтгэлт гүн Хайсан, дэд сайд Бавуужав нарын цэрэг
Гуравдугаар зам нь: Сөнидийн хоёр хошуу, дөрвөд вангийн чиглэлд дэд сайд, бишрэлт байс Насан-Аривжихын цэрэг
Дөрөвдүгээр зам нь: Хөх хотын чиглэлд, сайд гүн Сономдоржийн цэрэг
Тавдугаар зам нь: Урадын гурван гүн, Хатан голын чиглэлд, дэд зэрэг түшмэл Зүтгэлийн цэрэг тус тус хөдлөх болсон ажээ. Мөн Ховдын хязгаарыг чөлөөлөх дайнд гавьяа байгуулж, үе улиран залгамжлах засаг, бэйл, цэргийн жанжин, манлай баатар цолоор шагнуулсан баргын Дамдинсүрэнгийн зүүн өмнө зүгийн цэргийг дайчлан захирах жанжнаар тохоон томилжээ.
1913 оны зун Өвөр Монголын нутагт байлдаж явсан монгол цэрэг Хятадын үлэмжхэн цэрэгтэй олон газар шаргуу тулалдаан хийж байжээ. Мөн тэр үед Ховд, Алтайн хязгаарын зааг Цагаан Түнгэний Улаанхайрхан гэдэг газар монгол, хятад цэргийн хооронд ширүүн тулалдаан болж байв. 1913 оны намар Шилийн гол, Чахарын нутаг чөлөөлөгдөж дууссан бөгөөд улмаар монгол цэрэг Цагаан хэрэмд зарим газраар тулж очоод ялангуяа Чуулалт хаалга хотын хэрмийн хаалганы араас эхлэн Монгол нутгийн хилийг хамгаалж байжээ.
1911 оны 12-р сарын 25-нд гадаадаас Шанхайд эргэж ирсэн Сун Ятсен (Сун Чжуншань)-ийг өмнөд Хятадад хувьсгалт хүчин тойрон нягтарч байлаа. Өмнөд мужуудын төлөөлөгчдийн бага хурал Нанжин хотноо болж 12-р сарын 29-нд Сун Ятсенийг Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын (БНДИУ) Ерөнхийлөгчөөр сонгосон ажээ. Ингэж Монгол, Хятад хоёр улс шинэ төрийн тэргүүнээ нэг өдөр өргөмжилсөн юм.
ДИУ-ын хурал хуралдаж 1912 оны 3-р сарын 10-нд ДИУ-ын түр үндсэн хуулийг баталжээ. Түүний 3 дугаар зүйлд <<Бүгд Найрамдах Дундад Иргэн Улсын нутаг дэвсгэр нь 22 муж, ар, Өвөр Монгол, Түвэд нь тус бүр таван төлөөлөгчийг үндэсний хуралд сонгоно гэж заажээ. Энэ бол ДИУ Монголын тусгаар тогтносон улсыг хүлээн зөвшөөрөхгүй, харин түүнийг Хятадын хэсэг гэж үзэж байгаагаа хуульчлан заасан баримт мөн.
Монгол садан тусгаарлах нь ашиггүй, харин тунхагласан тусгаар тогтнолоо цуцалж, Дундад Иргэн улсад нэгдэх хэрэгтэй, үүний тул хэлэлцээ хийлгэхээр Бээжингээс төлөөлөгчид явуулав гэж 1912 оны 6 сарын 7-нд Монголын засгийн газарт мэдэгджээ. Монгол улсын засгийн газар Хятадын төлөөлөгчдийг хүлээн авч, хэлэлцээ хийхээс эрс татгалзсаар хариу өгөв. Гэтэл ДИУ Нийслэл Хүрээнд 1912 оны VII сард Богдтой хэлэлцээр хийлгэхээр өөрийн төлөөлөгч хоёр хүнийг ирүүлж, Богдтой уулузуулсан боловч Богд хаан тэдний ятгалгыг хүлээн авалгүй, нийслэлээс нэн даруй гарч явахыг шаардсан ажээ2.
2 Б.Ширэндэв. Монгол ардын хувьсгалын түүх.УБ. 1969. Тал 38.
Ар, Өвөр Монгол нэгдэж нэгэн улс болох гэсэн байдал төлөв улам бүр илэрхий болж байхад, Алс Дорнодод ноёрхлоо тогтоох эрмэлзлэлтэй империалист Япон, Орос улстай Монгол дахь нөлөөнийхөө хүрээг 1907, 1910 онд тогтоосноо түүхэн шинэ нөхцөлд албан ёсоор дахин бататган тогтоож авах нь чухал гэж үзсэн учраас Орос улстай Монголын асуудлаар нууц хэлэлцээ хийж эхлэв.
1912 оны 6 сарын 25-нд Орос, Япон хоёр улсын байгуулсан энэхүү нууц гэрээний хоёрдугаар зүйлд заахдаа: “Өвөр Монголын Бээжингийн уртраг /Гринвичээс зүүн тийших өргөрөг 116 градус 27/-ийн зүүн баруун хоёр хэсэгт хуваагдана. Оросын эзэн. Хааны засгийн газар нь дээр дурдсан уртрагаас зүүн тийш орших Өвөр Монголын хэсэг дэх Японы тусгай ашиг сонирхлыг зөрчихгүй үүргийг хүлээнэ. Японы эзэн хааны засгийн газар нь дурдсан уртрагаас баруун тийш оршдог. Өвөр Монголын хэсэгт Оросын тусгай ашиг сонирхлыг зөрчихгүй үүргийг хүлээнэ”2 гэжээ.
2 Гримм Э.Сборник договоров и других документов...М.1927. стр.180.
-Хэрээд Л.Жамсран. Монголын төрийн тусгаар тогтноолын сэргэлт. УБ. 1997. Тал 66.